Манай гаригийн хаана ч хүүхдийн номын баяр хийдэг нэгэн билэгт сайн өдөр бий. Тэр нь жил бүрийн дөрөв^үгээр сарын хоёрон билээ. Тухайлж яагаад тэр өдрийг сонгон авсан юм бол? Номын хорхойтон бяцхан уншигчдад азтай тохиол болж, 1805 оны 4-р сарын 2-нд аугаа их үлгэрч Ханс Христаин Андерсон хорвоод мэндэлсэн юмсанжээ. Дани улсын иргэн эдүгээ даян дэлхийн хүн болжээ. Аль ч улс оронд түүний гайхамшигт үлгэрийг өөрийн зохиолчийн бүтээл мэт сонирхоно.
Зохиолч нь ч өөрөө үлгэрийнхээ ид шидэт баатрууд мэт номынхоо хуудаснаас амилан босч мөнхийн насан хутгийголжээ. Эдүгээ түүний нас сүүдэр 200 гарсан ч, бидний дунд алхалсан хэвээр явна. Хүүхэд л байгаа цагт тэр ямагт тэдэнтэй хамт аж төрж, нас сүүдэр нь улам улам уртассаар л байх болно. Андерсений үлгэрийг 8-н настай балчираас 80 настай өтгөс хүртэл шимтэн уншмой. Гагцхүү хүүхдийн шилдэг зохиолд л тийм хувь тавилан оногддог ажээ. Андерсон өөрөө үлгэрийнхээ баатрууд шиг амьдралын хатуу хүтүүг туулсан билээ. Эцэг нь ядуу гуталчин, эх нь хувцас угаагч байж.Тэд амьдралаараа ядуу ч үлгэрээр яривал хамгийн баян хүмүүсийн нэгэн.
Эцэг эх нь бяцхан хүүгээ эд агуурсаар биш эрдэм билгээр, олон зоосоор биш оюун ухаанаар баян болгож, хожмоо дэлхийн үлгэрийн хаан ширээнд залрах эх суурийг нь засчээ. Ядуусын хүүхэд сургах сургуульд орсон боловч, талийгаач эцгээсээ хойш амин зуулгын эрхээр бага балчраасаа хар бор ажил хийж эхэлсэн байна. 1818 онд бүжгэн жүжигчин юмуу, дуучин болох санаатай нийслэл Копенгаген орсон авч их хотын борчуудын урсгалд нийлэн аар саар ажил хийхээс хэтэрсэнгүй. Бараг дунд сургууль төгсөх насандаа сургуулийн босго алхан орж буй бяцхан хүүхдүүдтэй нэг ширээнд сууж суралцсаар 1828 онд Копенгагений их сургуульд оржээ. Андерсон 1820-оод оноос эхлэн уянгын шүлэг, роман, жүжиг, аян замын найруулал намтарчилсан зураглал зэрэгутга зохиолын олон төрөл зүйлээр авъяас билгээ сорьж эхэлсэн байна.
Франц, Швейцарь, Итали, Грек, Испани зэрэг орноор аялж, Данийн хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцлийн нийгэмлэгийн гишүүн болсон зэрэг нь зохиолчийн ертөнцийг үзэх үзэл төлөвшин тогтоход онцгой нөлөө үзүүлжээ. Түүний бичсэн роман, жүжгүүдэд Дани улсын хүнд суртлын нийгэм, колонийн бодлогыг эсэргүүцэж эрх чөлөөний төлөө тэмцэх үзэл санааг хурцаар гаргажээ. Андерсон олон төрөл зүйлээр туурвисан боловч үлгэрүүд нь он цагийн шалгалтыг даван туулж, өөрийнх нь нэрийг мөнхөлжээ."Хүүхдэд ярьсан үлгэр", "Шинэ үлгэрүүд", "Паян" зэрэг удаа дарааллан гаргасан түүврүүд нь хүн төрөлхтний соёлын эрдэнэсийн их санд гялалзан үлдэж, олон үеийнхний оюуныг гийгүүлэх шидэт дэнлүү болсон нь гайхамшиг. Андерсон үлгэрүүддээ өөрийнхөө аж төрж байсан бурангуй нийгмийн үнэн байдлыг уншигчиддаа нээн харуулж хурцаар шүүмжилжээ.
"Хааны шинэ хувцас", "Том бага Клаус", "Алтан гургалдай", "Нугасны муухай дэгдээхий" зэрэг олон үлгэртээ цаг үеийнхээ нийгмийн тулгамдсан хурц асуудлыг хөнджээ."Лусын охин", "Эрэлхэг тулгаган цэрэг", "Ямх охин", "Зэрлэг хун", "Хамба шарилж цэцэг" зэрэг олон үлгэртээ хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлийг алдаршуулан дуулсан юм. Андерсоний үлгэрээс зохиолчийн нүдээр үзсэн амьдрал, өөртэй нь хамт аж төрж байсан хүмүүс харагддаг ажээ. Түүний үлгэрийн мөнх амьдрах хүчин чадал нь нэг талаас ардын үлгэр, домгийн баян тансаг аялгууг буулгаж, нөгөө талаас цаг үеийнхээ нийгмийн эсрэг тэсрэг зөрчил тэмцлийг урнаар тусгасанд болой. Андерсоний үлгэрүүд эдүгээ дэлхийн хүүхдийн ширээний ном болжээ. Их үлгэрч маань өндөр шагнал хүртээгүй боловч, өөрөө шагнал болон түүний дүрт алтан медаль манай гаригийн хүүхдийн шилдэг зохиолчдын энгэрт гялалздаг болжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1055
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих