Монголын улс төрд "Энх”-үүдийн хоршил гэсэн томъёолол бий болов. "Энх”-үүд гэсэн нь АН-ын дарга З.Энхболд,МАН-ын М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг хэлж байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл, тэдний үйлдлээр л өнөөдрийн Монголын улс төрийн зураг зурагдаж, өнгө төрх тодорхойлогдож байна. Гэвч хоршил гэхээсээ ээдрээ, талцал дунд өрнөх болсон энэхүү улс төрөөс хамгийн сүүлд нэгнийгээ хөөж, нөгөөхтэйгөө хамтрах шийдвэр гарлаа. УИХ-д олуулаа болсон ч олонхийг бүрдүүлж чадаагүй АН-ынхан Н.Энхбаяр даргатай МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвслийг тулах цэгээрээ сонгож байсан нь гурван жилийн өмнөхөн.
Гэвч АН-ын түүхэнд хамгийн удаан эрх барьсан Н.Алтанхуягийнхаа засгийн газрыг гишгэх хөлтэй нь хамт огцруулсан АН өөрсдөө байв. Шалтгаан нь АН-ын дарга асан Н. Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай урт хугацааны турш хамтран ажиллах гэрээ үзэглэсэн нь олон фракцдаа хүрээлүүлсэн АН-ын лидерүүдийн эгдүүцлийг хүргэж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах МАН-ын тогтоолын төсөлд мутраа хайрлаж товчлуур дарсан нь саяхан.
Улмаар олон жижиг фракцуудаа албан тушаал, мөнгөний хуваарлилтаар хүлж байсан Н.Алтанхуягаас Ерөнхий сайдын сэнтийг нь Ч.Сайханбилэг, намын даргын албан тушаалыг УИХ-ын дарга З.Энхболд нар хуваан авч өмссөн нь саяхан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо УИХ-д суудалтай улс төрийн нам, эвсэлд хамтран ажиллах санал тавьсныг эс тооцвол эндээс л хоёр Энхболдын хоршил эхэлсэн юмдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрынхаа гишгэх хөл нь болж явсан "Шударга ёс” эвсэл тэр дундаа Н.Энхбаярыг гурван сайдын суудалтай хаалганы цаана үлдээж, З.Энхболд, М.Энхболд гэсэн хоёр намын дарга Улс төрийн намуудын, Сонгуулийн, Үндсэн хууль зэрэг томоохон хуулийн төсөлд өөрлөлт оруулахаар тохиролцож, алга хавсарсан билээ. Басчхүү нөлөө бүхий зургаан сайдын квотыг Засгийн газартаа гарган өгч эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг батлалцсан. Гэвч АНМАН-ын Засгийн газар найман сарын турш хамтрах хугацаандаа томоохон төслүүдээ хөдөлгөж чадалгүй нэгнийгээ хөөж туухдаа туллаа. Хоёр "Энх”-ийн хоршихдоо тохиролцсон асуудлыг ч парламентаар шийдвэрлэж чадсангүй.
Нялх хүүхдээр ой ч хүрч чадаагүй тэд байнд ч үгүй, банзанд ч үгүй явсаар ийм шийдэлд хүрсэн нь энэ. Нөгөө талаас саяхан л гэрээ байгуулсан Н.Энхбаярыгаа эрүүгийн гэмт хэрэгтнээр дуудан байж засгаас хөөсөн АН-ынхан эргээд "Шударга ёс” эвслийнхэнд тал засч эхлэв. Улс төрд ой санамж байдаггүй гэдгийн илрэл ч энэ байж болох. УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ хэд хэдэн хүлээлттэй хуулийн төслийг МАН-ын бойкотоо болж баталж чадсангүй. Мөн Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу МАН-ын зургаан сайдыг огцруулж, орных нь хүмүүсийг томилох асуудлыг ирэх сарын 3-нд зарлах ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэдгээ илэрхийлсэн. УИХ-ын даргын хэлсэн эдгээр үгс найр наадмын хөлд дарагдсаныг эс тооцвол саяхныг хүртэл ээлжит бус чуулганы чимээ таамаг төдий байв. Харин зургаан сайдыг огцруулах мэдэгдлээ УИХ-ын дарга энэ сарын 28-нд албан ёсоор баталгаажууллаа.
Тодорхой хэлбэл, ирэх сарын 3-нд зарласан ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт, Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/ томилохоор заажээ. Өнөөх Ерөнхийлөгчийн улс төрийн намуудын дарга нарыг дуудаж уулзахдаа хэлсэн улс төрийн тогтвортой байдал ч үүнд нөлөөлсөнгүй.
Эрхэм "Энх”-үүдийн энэхүү толхилцолтой зэрэгцэн Засгийн газарт салхи оруулах зургаан сайдын тухай таамаг улс төрийн хүрээнийхэн дунд хэдийнэ тархаад байна. Өөр нэг сонирхолтой зүйл нь ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж батлуулахаар оруулсан нь МАН-ыг засгаас гаргах "Шударга ёс" эвслийн квотыг өмнөх шиг нь өргөжүүлэх хөшигний ар дахь хоёр "Энх”-ийн тохироог ил биш ч бага хэмжээгээр цухуйлгаж орхив. Цухуйлгав гэхээсээ улам баталгаажуулчих шиг боллоо. Нийгэмд хүлээлттэй гэх хуулийн төслүүдээр халхавчилж, МАН-ын зургаан сайдыг хөөх /АН-ынхны тогтоосноор/ УИХ-ын даргын захирамжтай холбоотойгоор орыг нь залгах хүмүүсийн нэр түрүүчээсээ саарал ордноор сонсогдож эхлэв.
Хамгийн түрүүнд Шадар сайдын суудалд хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлжээ. Өмнөх Засгийн газрын үед "Шударга ёс” эвсэлд хуваарилагдаж байсан энэ албан тушаалыг МАХН-ынхан авахаа илэрхийлж байгаа юм байна. Ингэхдээ МАХН-ын даргын хүү Э.Батшугарыг зарим нь дэвшүүлэхээр ярилцжээ. Аавынхаа нөлөө, засагт хамтарсан намынхаа квотоор өдгөө тэр Монголбанкны дэд ерөнхийлөгчийн алба хашиж буй. Мөн Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн долоон гишүүний нэгээр томилох асуудлыг УИХ-аар хэлэлцээд өнгөрсөн онд ёсоор болгосон. Түүнийг энэ албанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлсэн юм. Мөн Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр давхар ажилладаг билээ. Гэхдээ Ерөнхий сайдыг орлох хэмжээний энэхүү албан тушаал Э.Батшугарт хэтэрхий ахадсан гэж хэлэх хүн байгаа учир тэрбээр тийм ч амар болчихгүй нь лав.
Харин МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг энэ албанд хамгийн тохиромжтой гэж үзэх нэгэн ч байгаа аж. Өмнө нь УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий. Мөн бусдыгаа бодвол басчхүү улс төрийн арвин туршлагатай нэгэн. Өмнө нь Ч.Сайханбилэг намуудад засагт хамтрах санал тавихад МАХН-ын Ц.Шаравдоржийг Шадар сайдад хэдийнээ нэрийг нь дэвшүүлчихсэн явж байсан удаатай. Тэгэхээр энэ удаад Э.Батшугараас илүүтэй Ц.Шаравдорж Шадар сайдын албан тушаалд томилогдох магадлал нь өндөр байна.
Өөр нэг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Албан тушаалаасаа бууснаасаа хойш хууль хяналтынхантай сөргөөцөлдөх болсон түүнийг МАН-ыг Засгаас гаргах Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсны дараагаас л Шадар сайдын албан тушаалд очно гэсэн яриа нэг биш удаа гарсан. Өмнө нь ч тэрбээр Тэргүүн Шадар сайдын албан тушаалыг хашиж байсан нь давуу тал байж болох ч "Шударга ёс” эвслийнхэн байр суурь дээрээ хатуу зогссон тохиолдол энэ нь бараг бүтэхгүй зүйл мэт.
Дараагийн сайдын суудал нь Сангийн сайд. Эдийн засаг хямралтай байгаа ч Ерөнхий сайдынх нь дараалсан айлчлалуудаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ хэмээн найдлага төрүүлэх болсон энэ үед аль аль нь улсын сангаа барих сонирхолтой байгаа аж. Дээрээс нь намын даргад нь зориулж гурван жил хав дарсан Өршөөлийн хуулийг гэнэтхэн ээлжит бус чуулганд оруулж, батлахаар зэхэж байгаа нь чиг үүргийн яамдаа зүгээр тавиад туучихгүйгээр тохиролцсоныг илтгэх мэт. Өөрөөр хэлбэл, томоохон хөрөнгө оруулалт хийх яамдаа АН-ынхан өөрсдөө авч, "Шударга ёс” эвслийнхэнд өмнөх шиг нь дөрвөн сайдын суудлыг өгөхөөр тохирчээ. Нэг үгээр хэлбэл, одоо байгаа МАХН-д буй Эрүүл мэнд, спорт, Батлан хамгаалах яам нь хэвээр үлдэх учир Шадар сайд+нэг яам гэсэн сонголтыг хийх бололтой. Учир нь, Монгол Улсын сайд М.Энхсайхан МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргавал албан тушаалаасаа татгалзахаа мэдэгдсэн нь зарим хүнийг хэдийнэ хөдөлгөөнд оруулжээ. Сүүлд авсан мэдээллээр М.Энхсайхан сайд албан тушаалаасаа татгалзсан тохиолдолд УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх орыг нь залгах яриа саарал ордонд хэсүүчилж явна. Энэ нь Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойн төслийгсудлах Дэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан түүнийг мега төслүүдийг хөдөлгөнө хэмээн үзсэнтэй холбоотой байж болох юм.
Гэхдээ олон жижиг фракцуудынхаа хоёрдугаар ээлжийг албан тушаалгүй үлдээх нь Ч.Сайханбилэгт өөрт нь халтай учир үлдэж байгаа таван сайдын суудал дээр тэгш хуваарилалт хийхийг эрмэлзэх нь мэдээж. Үүгээр бол МСДН, МоАХ, МҮДН, "Шонхор”, "Алтангадас”, МоАН зэрэг фракцад сайдын суудлын төлөө марафон өрнүүлэх нь тодорхой. Нөгөөтэйгүүр, МАН-ын зургаан сайдыг УИХ-аас чөлөөлөх асуудлыг дэмжвэл зургаан дэд сайд, төдий хэмжээний Төрийн нарийн бичгийн даргын суудал эзгүйрнэ. Үүн дээр^ нэмээд найман сарын хугацаанд томилсон МАН-ын мандаттай яам, агентлагийн албан хаагчид халагдана. Тэр хэмжээгээрээ АН, "Шударга ёс” эвслийнхэн өөрсдийн хүмүүсээ томилсоор байтал намрын чуулгантай золгох биз ээ. Хамгийн гол нь, ээлжит бус чуулганы эхний хэлэлцэх асуудал болтлоо даамжирсан гурван "Энх”-ийн ээдрээтэй хоршлоос үүдэлтэй албан тушаалын өөрчлөлтөөс Монголчууд ямар үр дүн хүлээх вэ. Өнөөх л тулга тойрсон хэрүүл, албан тушаалын наймаа, шүүх тойрсон маргаан л явна.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих