Түүх соёлоо мэддэг байх, мэддэггүй байхын тухайд багш хүний хувьд та юу хэлэх вэ ?
Хүний өдөр тутмын аж амьдралын хэрэгцээ идэж уух, өмсөж зүүх
нь хүний байнгын хэрэгцээ болохоор хүн сонирхох нь их байдаг. Гэтэл өдөр
тутамдаа хүнд мэдрэгдэхгүй мөртлөө тодорхой хугацааны дараа магадгүй
заримдаа тодорхой үе өнгөрсөний хойно айхтар гүн харуусалд унагах эсвэл
эмгэнэл учруулах зүйл бол соёлын тухай асуудал байдаг. Мэдээж өглөө бүр
босоод соёлоо бодож, соёлын өвөө хамгаалъя гэж бодохгүй. Нэг тодорхой
жишээ хэлэхэд хэдэн жилийн өмнө ЮНЕСКО – ийн биет бус соёлын өвийн
жагсаалтанд БНХАУ хөөмэйг хоолойн цуур нэрээр бүртгүүлэхэд хүмүүс маш их
цочирдож гэнэтхэн бид өөрсдийнхөө соёлын өвийг алдчихлаа, яадаг билээ
гээд их юм болсон. Тэрнээс хойш хүмүүс соёл, уламжлалаа анхаардаг
болсон. Магадгүй тодорхой хугацааны дараа өөсдийнхөө хэл соёлыг, соёлын
тодорхой өв дурсгалыг алдах, үгүй болгох, өөрсдийн хариуцлага
анхааралгүйгээсээ болоод хагацах цаг ирвэл бид их гүн харуусалд унаж,
гэнэт их эрж хайж явдаг. Дээр нь Монгол хүний анзаарагагүй, заримдаа
хэнэггүй гэдэг юмуу тийм сэтгэлгээ муу нөлөөтэй байдаг. Гэтэл дэлхийн
бүх улс үндэстнүүд ялангуяа төр нь өөрөө соёлынхоо өвийг хамгаалах
талаар хууль, бодлого гаргаад, хөтөлбөр төлөвлөгөөтэй ажиллаж байдаг
учраас тийм харамсал , эмгэнэл гэнэт үүсэх явдал байдаггүй. Монголд
гэнэт юм үгүй болсон, устсан хойно нь хашхиралдаж давхиж харайдаг
үзэгдэл зөндөө байна.
Мэддэг байхын ач тусын тухайд нэг жишээ ярьвал ?
Тэгэхээр төрөөс эхлээд хувь хүн хүртэл өөртөө байгаа үнэт
зүйлийг мэдэрч амьдрах хэрэгтэй. Энэ бол ганц улс төрийн тухай ч асуудал
биш. Гэр бүлийн эрхэм уламжлалт соёл гэж бас байна. Айл гэр болгонд
удам судраараа бахархаж уламжилж дамжуулсан эсвэл хойч үедээ
уламжлуулсаар ирсэн соёл ч, уламжлал ч байна. Түүнийгээ гэнэт үгүйлдэг,
мартагнаснаа эргэж хайж давхидаг ийм тохиолдлууд жишээ нь над дээр
зөндөө хүрч ирдэг. Жишээлбэл, Манайхан нэг ийм уламжлалтай байсан байх
юм. Юмыг яаж мэдэх вэ ? таны судалгаанд үлдсэн юм биш байгаа даа. Та
энийг судалдаг хүн бидэнд сэргээгээд хэлээд өгвөл тун сайн байна гэсэн
тохиолдол их олон гардаг. Тэгэхээр би хувь ганц хүн учраас Монголын бүх
гэр бүлийн, бүх нутаг орны бүх юмыг судалж амжихгүй. Гэхдээ зарим нь бол
байж л байдаг. Жишээ нь би 1983 онд Германы их сургуулийн профессор
Ярослав Ватск гэдэг эрдэмтэнтэй хамтарч Чех улсад "Галбын говийн үлгэр”
гэдэг их том домог туулийг Англи, Монгол хоёр хэлээр хэвлүүлсэн юм. Энэ
бол угтаа Хорчины "Мангасын үлгэр” гэдэг төрөл зүйлтэй яг адилхан тэгсэн
мөртлөө яг энэ миний олсон хувилбар одоог хүртэл Хорчиноос дахиж
олдохгүй байгаа. Гэтэл яг үүнийг мэддэг Баярын Чувраа гэдэг хүн Монгол
нутагт 1944 онд орж ирсэн байгаа юм. Энэ хүнтэй би санаадгүй байдлаар
танилцсан.
Яаж?
Би аав, ээжийнхээ хашаа байшинг барьж байхдаа тэнд бас нэг өвгөн
хашаа байшин барьж байгаатай тааралдаад тэр хүнд тусалсан. Гэтэл
тэрбээр надаас - Чи юу хийдэг хүн бэ ? гэж асуусан. Би Монголынхоо
уламжлалт соёл, үлгэр , домог туульсийг судалж, сурвалжилж сонирхдог хүн
гэсэн. Тэгсэн чинь "өө би чамд нэг тус хүргэж чадах юм байна, би
Монголд ирсэнээс хойш ганцхан Архангайн нэг амралтан дээр ярьсан тэрнээс
хойш ерөөсөө хүнд яриагүй. Нэг сонин сайхан юм чамд хэлж өгье" гэсэн
юм. Тэгээд 1977 оны үед нилээн урт хэмжээтэй, нэг ном болохоор дайны
домог туульсыг бичиж авсан юм. 1983 онд Чех улсад хэвлүүлснээс хойш
Монголч эрдэмтэдийн анхаарлыг их татсан. Оросын эрдэмтэн Раднаев, тууль
судлаач Неклюдев, Германы алдартай Монгол судлаач В.Хайссинг нар тэр
номын тухай том том өгүүлэл судалгаа хэвлүүлсэн. Гэтэл гэв гэнэтхэн
миний хэвлүүлсэн тэр домог туульсийг би Орос хэлээр диссертацийнхаа
хавсралтанд оруулсан байсныг хараад Оросууд дахиж орчуулаад интернэтэд
тавьчихсан байсан. Тэгэнгүүт Монголд байдаг өнөөх үлгэр туульс ярьсан
өвгөний үр, ач нар нь интернэтээс олж үзээд , намайг Англи , Монголоор
хэвлүүлсэн байдаг гэж мэдээд надтай ирж уулзаж өвөөгийнхөө ярьсан үлгэр
түүхийг надаас олж авч, Монгол хэл дээрх эхийг нь үзэж дахиж өөрсдөө
хэвлүүлсэн байгаа. Хэрэв тэр үед би тэр туулийг тэмдэглэн авч
хэвлүүлээгүй бол үүрд тэр хүнтэйгээ цуг алга болох байсан. Одоо энэ үнэт
өв уг нутаг нь болох Хорчинд огт байхгүй, үр ач нар нь мэдэхгүй тийм
зүйл болсон. Энэ бол нэг л жишээ. Тухайн үедээ бол манай өвөө сонин юм
ярьдаг хүн байсан, тэрнээс цааш байхгүй. Юу ярьж байсан нь бүү мэд.
Гэтэл тэр нь Монгол домог зүй, баатарлаг туулийн бараг эхэн үеийн тухай
хамгийн сонин мэдээ агуулсан тийм зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр
үүнтэй ялгаагүй Монголын бүх залуучууд, хүүхдүүд өөрийн аав, ээж, өвөө,
эмээтэй байгаа тийм болохоор манай гэр бүлд ер нь ямар гээчийн олон үе
дамжсан эрхэм уламжлал байдаг билээ гэдгээ сайн анзаарч, сэхээрч,
өөсрдөө тэрийгээ судалж сурвалжилж , ямар үнэ цэнэтэй зүйл болохыг нь
мэдэж авах ёстой.
Соёл, зан заншил ахуйтайгаа хамт байдаг. Монгол
нүүдэлчин ахуйгаасаа холдчихсон учраас авч үлдэхэд хэцүү. Зүгээр тийм юм
байсан гэж ярихаас цаашгүй болсон гэж ойлгох хүн байсан байна. Энэ тал
дээр та юу хэлэх вэ ?
Нүүдэлчин ахуй чинь бүрэн алга болчихоогүй байгаа. Хөдөө
сууж байгаа хүн амын ихэнх нь нүүдэлчин ахуй соёлтойгоо хэвээрээ
байгаа. Тэгэхээр энэ бол хувиа бодсон хүнд тийм байж болно. Өөрийнхөө
соёлд элэгтэй, ивээлтэй хүний хувьд цагийн цагт үнэ цэнэтэй зүйл
хэвээрээ байдаг. Тэрийг хүн сэхээрч боддоггүй. Өв соёлоо авч үлдэхийг
боддог хүнийг сэхээтэн гэдэг. Боддогүй хүмүүсийг буруутгаж байгаа юм
биш. Тэгээд л өдөр тутмын хэрэглээндээ баригдаад л амьдарна биз. Юмаар
дутаагүй сайхан амьдарч байна гэж бодох байх. Гэвч хүний амьдралын утга
учир бол энэ биш. Амьдралын утга учир гэдэг чинь өөрийнхөө хэдэн үе
уламжилж, залгамжилж ирсэн соёл уламжлалаа хойч үедээ дамжуулах,
тэрнийхээ төлөө тодорхой алхам хийх , тэрнийхээ төлөө амьдрах гэдэг нэг
ийм утга дэлхийн соёлт орнуудад байдаг. Дараа нь бол ирээдүй цагийн
нэгэн улиралд энэ маань үнэ цэнэ ороод ирэхээр сая хүн ойлгож эхэлдэг.
Гэвч үнэ цэнийг нь ойлгож эхэлсэн үед хүн өөрийгөө мэдэхээ больчихсон
байдаг. Өөрөө эргэж холбогдох боломжгүй болчихсон байдаг. Тэгэхээр яг
одоо амьд байгаа цагтаа энийг хайж олж, үнэ цэнийг нь тодруулж байхгүй
бол за би өндөр настай болоод эсвэл миний үр хүүхэд хийнэ гэж ярьвал бүх
юм өнгөрнө. Ялангуяа монголын соёлын нэг онцлог бол нүүдэлчний соёл
учраас цээж эрдэм, биет бус соёл маш ихтэй. Биет бус зүйл чинь үрэгдэх,
мартагдах, эргэж буцалтгүйгээр алга болох аюултай байдаг. Үүнийг л
мэдэрч ойлговол их сайхан байна.
Сүүлийн үед соёлын өв, өвлөгчдийг судлах, бүртгэх талаар
тодорхой ажлууд хийж байна. Гэхдээ миний бодлоор зөвхөн бүртгэж
баримтжуулахаас биш цааш нь залуу үед өвлүүлэн авч үлдсэн өв их ховор
байгаа юм шиг санагддаг. Таны бодлоор ?
Би яриа эхлэхээс өмнө чамд нэг зүйлийг хальт ярьсан. Одоо
удахгүй УИХ – ын нэгдсэн хуралдаанаар соёлын өвийг хамгаалах тухай
хуулийн эцсийн хэлэлцүүлэг болох гэж байна. Тэр хуулинд энэ асуудлыг
зохицуулсан заалтууд байгаа. Өөрөөр хэлбэл соёлын өвийг уламжлан тээгч
хүнийг соёлын өв уламжлан тээж байгаагийнх нь төлөө цалин , урамшуулал
өгөөд хойч үе, шавь нартаа уламжлуулан үлдээх төрийн бодлого хэрэгжих
юм. Одоо бол зүгээр сайн дурын маягтай байна. Тэр хүнд ямар ч урамшуулал
байхгүй, амьдралд нь ямар ч нэмэр алга байна. Тэгэхээр энэ хуулиар бол
тууль мэддэг хүн туулиа шавь нартаа зааж үлдээсний төлөө тэр хүнд улсаас
мөнгө төлж байх нь байна. Энэ тохиолдолд одоогийнхоос илүү эрчимтэйгээр
өвлөн уламжлагч нарын шавь сургууль хөгжих байх. Ер нь бусад газруудыг
хараад байхад ямар нэгэн эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байдаг юм
байна.
Соёл, урлагийн ажилтнуудтай уулзах
бүрт ийм тийм сайхан зүйл хийх гэсэн юм. Даанч хөрөнгө санхүүгийн
дэмжлэг алга гэх болсон?
Тийм. Энэ гарах гэж байгаа хуулийн нэг хэсэгт гэрээт харуулын
тухай заалт байгаа. Тэр заалт ямар учиртай гэхээр хөдөө орон нутагт аль
нэг газар маш үнэ цэнэтэй хадны сүг зураг, булш бунхан, хөшөө чулуу
байна. Тэрийг бол хуучин хуулиар байгаль хамгаалагч хамгаалах ёстой.
Гэтэл тэр байгаль хамгаалагчдын нь ихэнх нь аймгийн төв, сумын төв дээр
цохиж явна. Тэр өв, дурсгал байгаа газар очдог ч юм уу үгүй ч юм уу.
Хадны сүг зургийг өмлөөд, царилдаад аваад явахад тэр байгаль хамгаалагч
мэдэх ч үгүй. Булш бунханыг ухаад дороос нь юу аваад явж байгааг аймгийн
төв дээр байгаа хүн мэдэхгүй. Энэ шинэ хуулиар бол яг өв байгаа газар
оронд нутагладаг малчин айл өрхийн хүмүүсийг гэрээт харуулаар
урамшуулал, цалин өгөөд ажиллуулахаар болсон. Нутаг усандаа байгаа хүн
хэн нэгэн хүн ирээд өв соёлын дурсгалд нь халдах гэвэл гэрээт
харуулынхаа үнэмлэхээ үзүүлээд би энийг харж хамгаалдаг хүн та нар ямар
учиртай улсууд вэ ? гэж хэлэх бүрэн эрхтэй болж байгаа юм. Тэгвэл соёлын
өвийг дуртай болгон нь очоод өмлөөд , ухаад сүйтгээд байж чадахгүй байх
Бөө мөргөл, зан заншил гээд ярихаар зэрэг мухар
сүсэг, мунхарал гэж ойлгох хүмүүс цөөнгүй бий. Тэгэхээр энэ хоёрыг чухам
яаж ялгаж, салгаж ойлгох ёстой юм бол ?
Соёл судалдаг над шиг хүний хувьд энэ бол монголын соёлын нэг
бүрэлдэхүүн хэсэг. Үүнийг судлахгүйгээр монголын соёлыг ойлгох
боломжгүй. Тийм учраас монголын соёлыг судалж байгаа хүн бол энэ тухай
тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн ойлголттой байж учир начирыг нь олох
хэрэгтэй. Энэ маань ихэнхдээ удам дамжиж явдаг. Бас л нөгөө миний яриад
байдаг гэр бүлийн уламжлалт соёлын нэг зүйл. Уламжлалаа аваад явж
байгаа, цэвэр ариунаар хадгалж байгаа хүмүүс байгаа. Тэрнээс гадна өөрөө
ч энэ тухай ойлголтгүй, хүмүүсийг ч гэсэн ойлголтгүйгээр нь
далимдуулаад мөнгө олох хэрэгсэл, хүмүүсийг өөрийн эрхшээлдээ байлгах,
айлгаж ичээж байх арга гэж боддог бас нэг хэсэг хүн байгаа. Тиймээс энэ
хоёрыг ялгаж , салгаж ойлгох ёстой. Судлаач нарт тов тодорхой байдаг.
Энэ бол үнэхээр гэр бүлийн уламжлал, ёсоо аваад явж байна гэдгийг мэдэж
байгаа.
"Зөв монгол хүүхэд” гэж хөтөлбөрт
уламжлал, хэл соёлоо мэддэг хүн болгож төлөвшүүлнэ гэж байгаа. Тэгэхээр
үүнээс өмнө хэдий хэр хугацаанд зөв биш хүүхэд бэлдсэн гэсэн үг вэ ?
Таны бодлоор зөв монгол хүүхэд гэж ямар хүүхэд вэ ?
Хэдий хэр хугацаанд гэдгийг нь боловсрол судлаач нарын хариулах
хариулт байна даа. Боловсрол судлаач нар үүнийг юу гэж судалж , дүгнэсэн
байдаг юм тэрийг нь мэдэх хэрэгтэй байх. Зүгээр би нэг зүйлийг хэлье.
Дэлхийн бүх соёлт улс үндэстэн жишээлбэл италичууд итали хүүхдийг
хүмүүжүүлэхийн тулд Дантегийн "Тэнгэрлэг туульс” гэдэг зохиолыг уран
зохиолын хичээлдээ заавал оруулдаг. "Тэнгэрлэг туульс” нь эртний грек,
ром, италийн домог зүйгээр бүтсэн. Уран сэтгэмж маш ихтэй туурвил
байдаг. Ромын их сургуулийн профессор хүн хүртэл надад ч гэсэн өнөөдөр
"Тэнгэрлэг туульсаас ойлгохгүй юм зөндөө байдаг гэж хэлж байгаа юм.
Гэхдээ миний ойлгох, ойлгохгүй хамаагүй. Үүнийг Италийн бүх сургуульд
уран зохиолын хичээлийн заавал үзэх хөтөлбөрт оруулах ёстой гэсэн
байдаг. Нэг үгээр хэлбэл бараг албаар заадаг. Яагаад гэвэл итали соёл,
оюуны дархлаатай хүнийг бүтээхийн тулд үүнийг заадаг. Ер нь бүх улс
үндэстэн ийм байдаг. Францын Франсуа Рабле гэж хүний зохиол дандаа уран
сэтгэмж, эртний францын домог, эртний францын хэл найруулгаар биччихсэн
"Гаргантьюа Фантагрюэль” гэж зохиолыг бүх сургуульд заавал заадаг.
Яагаад гэхээр гэхээр Франсуа Рабле гэж хүн энэ зохиолоороо францын утга
зохиолын хэлийг бүтээсэн. Тиймээс албаар үзнэ. Ойлгох, ойлгохгүй юм
зөндөө гарна. Тэр нь бол багшийн заах ур чадварын асуудал. Өөрийн гэсэн
соёл түүхтэй улс гүрэн болгон өв соёлоо ингэж хойч үедээ уламжлуулдаг.
Ийм жамтай. Манайх харин "Ертөнцийн үүсэлийн домог” энэ тэр гээд нэг
жаахан юм ороод ирэхээр энэ чинь одоо юу вэ? Миний хүүхдэд мухар сүсгийн
юм заагаад байна уу үгүй гээд эхэлдэг. Гэтэл тэр домог зүй гэдэг
зүйлийн гадаад хэлбэр нь уран сэтгэмж болохоос цаанаа бол бодит үнэн
байдаг. Жишээлбэл : Ертөнцийн гурав дотор лууны сүүл нэг хурдан гээд
гарахаар зарим хүн луу гэдэг нь хаана байсан юм, хэзээ байсан юм, ямар
амьтан юм, сүүл нь яагаад хурдан юм гэж асууна. Гэтэл энэ бол аянга
цахилгааны адилтгал, зүйрлэл байхгүй юу. Аянга цахилгааны зурсхийх
гэрлийн хурд чинь энэ ертөнцийн хамгийн хурдан юм мөн биз дээ. Ингээд
цаагуураа үнэн байдаг. Гэтэл үүнийг уран сэтгэмжээр ярьчихаар зэрэг эд
нар одоо миний хүүхдэд луу яриад мунхаруулаад уналаа гэж боддог. За
жишээлбэл одоо монголчууд уул, усны тахилга гэж нэг юм ярьж байна.
Төрийн тахилгатай уул ямар хэрэгтэй юм, бас нэг мухар сүсэг гээд байдаг.
Гэтэл яг энэ тахилгын чинь хүчээр монголчууд хэдэн мянган жил усныхаа
эх сурвалжийг ургамал амьтныхаа ген фондтой хамт хадгалж хамгаалж чадсан
байхгүй юу. Маш идэвхитэй хамгаалдаг гол механизм нь энэ. Хэрвээ энэ
тахидаг зан үйл байгаагүй бол бид нар өдийд ийм сайхан зэрлэг онгон
байгальд амьдрах ч үгүй. Энд тэндгүй уул ус тахилаа гээд уурладаг хүн
зөндөө. Гэтэл ингэж байгалиа, соёлоо үлдээсэн нь тэгээд буруу юм уу гээд
учрыг нь ойлгуулаад ирэхээр зэрэг өө за уучлаарай даа гээд нилээн том
сэхээтэн УИХ – ын гишүүн хүн хүртэл тэгэж л байна. Соёлын өвийн тухай
хуулийг оруулахад та нар тэр төрийн тахилгаа л больж үзээрэй гээд
байдаг. Тэгэхээр нь за больчихьё л доо яахав. Урсаж байгаа гол мөрний
чинь бүх эх сурвалж тэр ууланд байгаа, ургамал амьтны чинь хамгийн
үнэтэй генн фонд нь тэр ууланд байгаа. Тэгвэл тийм юмгүй болчихъё тэгээд
сайхан амьдарвал болно биз гэхээр зэрэг сая ойлгодог. Ийм холын
ухаантай юмыг хүн ойлгодоггүй.
Яагаад ойлгодоггүй гэж
?
Би нэг зүйл хэлчихье. Өнөөдөр хүн төрлөхтөн тэнэг болж байгаа
тухай Стэнфордын их сургуулийн проффессоруудын судалгаа байгаа.
Уучлаарай, бүгдээрэнг нь хэлж байгаа юм биш. Зарим нь ухаантай байх, та
өөрөө ухаантай байх. Гэхдээ цаана чинь тэнэг хүн зөндөө байна. Юманд маш
их гэнэн хуурмаг, осол цалгай ханддаг хүмүүс байхгүй юу. Ганцхан
монголчууд биш. Ерөөсөө дэлхий дахинаараа тийм. Компьютерын мангуунууд,
роботын мангуунууд, PC тоглоомын мангуунууд цаана чинь үй түмээрээ байж
байна. Хүн сүрэг бий болж байна. Энэ хүн сүргийн дунд хамгийн эрүүл
ухаантай амьдарсан хүмүүс бол явж явж манай монголчууд байна. Би сая
дэлхийн санхүүгийн хамаг будлианыг зохиомжилж хэрэгжүүлдэг байсан Жорж
Сорос гэдэг хүн Лондонгийн алсыг харагч дээр гараад ярилцлага өгч
байхдаа нэг юм хэлэхийг нь сонслоо. Сүүлийн 200 жилийн туршид бид эрүүл
ухаантай болох гэж их оролдлоо. Гэвч бид одоог хүртэл эрүүл ухаантай
болж чадаагүй байна гэдгийг хамгийн сүүлийнхээ номонд бичсэн гэж байна
лээ. Тэр хүн юу гэж хэлж байсан гэхээр бидний нэг том алдаа байна. Одоо
энэ эдийн засгийн онолуудыг бүгдийг нь дахиж хянах хэрэгтэй байна.
Яагаад гэвэл эдийн засгийн асуудлыг бид зохицуулчихна. Төр битгий оролц,
нууц далд гар оролцох хэрэггүй. Бид өөрсдөө балансаа барьж, тэнцвэртэй
болж чаддаг юм ингээд байсан нь худлаа байсан. Хамаг хэрэг тарьсан хүн
чинь энэ хүн өөрөө шүү дээ. Одоо 80 гарсан хойноо л ухаан орж байгаа юм
байлгүй. Тэгээд юу гэж хэлж байна гэхээр эдийн засагт төрийн зохицуулалт
хэрэгтэй юм байна, тэгэхгүй бол энэ зах зээл чинь ийм аймшигтай хөөсрөл
үүсгэдэг юм байна. 2008, 2009 оны эдийн засгийн хямралаар тодорхой болж
байна гэж өөрөө сая хүлээн зөвшөөрч байна.
Тэгвэл одоог хүртэл бид
юу гэж бодож явдаг вэ гэхээр төр минь л хол бай гэдэг. Гэтэл бид төрийг
эрхэмлэдэг уламжлалтай ард түмэн. Юмыг өнгөрсөн хойно нь гэнэтхэн бид
нарын зөв байсан байна гэдэг. Миний бодлоор бол Жорж Соросын хайгаад
байгаа тэр эрүүл ухаан миний өвөг дээдэст байсан. Тэгээд тэр хүн
мэдэхгүй юм чинь яахав дээ. Ийм эрүүл ухаантай байхын гол үндэс нь чиний
яриад байгаа миний яриад байгаа монголын өв соёл уламжлалын гүнд бүх
түлхүүр бий.
Бэлгэдэлийн тухай ярихад энэ ямар утгатай юм гэсэн тайлбар
үргэлж хэрэгтэй болдог. Тиймээс утга учрыг нь заавал тайлбарлах хэрэгтэй
юм биш үү ?
Дэлхий дахинаараа бэлгэдэлийг хэрэглэдэг. Заримдаа ухамсартай,
заримдаа ухамсаргүйгээр дандаа л хэрэглэдэг. Их хүндрүүлж ойлгоод
хэрэггүй. Бэлгэдэл гэдгийг зүгээр нэг утга гээд ойлгочихож болно. Бид
нар юм ярихдаа наад чинь утгагүй юм байна гэж нэг хэлдэг тийм үү. Эсвэл
энэ ч их утгатай юм байна гэж хэлдэг. Утгатай юм байна гэж хэлж байгаа
чинь бэлгэдэл. Хамгийн энгийнээр юманд утга оруулах, утга учиртай
болгохыг л бэлгэдэл гэж байгаа юм. Утга учиргүй бол хэнд ч хэрэггүй.
Утга гэдэг үгтэй холбоод ойлгочих. Үүнийг өнөөдөр дэлхийн бүх улс төрчид
хэрэглэдэг. Хоёр улсын ерөнхийлөгч хоорондоо уулзаад гар барихдаа
үзэгчид рүү харж байгаа талдаа гар барьж байгаа нь би их хүчирхэг гэж
илэрхийлэхийг эрмэлздэг. Тэрний төлөө энэ хүнтэй очоод яаж гар барих вэ
гэдгээ заавал боддог. Тэгтэл нөгөө хүн нь би ч чамаас дутахгүй шүү гэж
тохойг нь барьдаг. Энэ бол дохио зангааны бэлгэдэл. Гэвч энийг хүн
мэдэхгүй. Зүгээр сайхан гар барьж байна даа л гэж бодно. Жишээ нь H2O
бол усны бэлгэдэл. Гэхдээ ус гээд чи H2O уухгүй биз дээ. Гэтэл энэ
тэмдэггүйгээр усыг мэдэж, мэдрэх боломжгүй.
Т.Түвшинсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих