Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл Чөлөөлөх дайнд оролцох бэлтгэлийг
БНМАУ-ын төр засаг 1945 оны долдугаар сараас хангаж эхэлсэн байна. Энэ
МАХЦ-ийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах, анги нэгтгэлүүдийг
хилийн районд шилжүүлэн байрлуулж, зэвсэгт техник, агт уналга, шатахуун,
хувцас, хоол хүнсээр хангах зэргээр байлдааны бэлтгэлийг хангахын
зэрэгцээгээр улс ардын аж ахуйг дайны байдалд шилжүүлэх ажлыг
гүйцэтгэжээ.
Монгол орон даяар 1944 оны зун ихээхэн гантай байсан төдийгүй өвөл,
хавар нь цас их орж, ихэнх нутгаар зуд болсон байна. Үүний улмаас мал
сүргийн тоо толгой ихээхэн хорогдож, 1944 онд 24 сая байсан малын тоо
толгой 1945 онд 19.7 сая болжээ.
Энэ нь улс орны эдийн засаг, ард түмний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж,
дайны бэлтгэлийг хангахад ихээхэн хүндрэл учруулсан байна. Гэвч Монголын
ард түмэн энхийн төлөө тэмцэлд өөрсдийн хувь нэмрээ оруулах эрмэлзэл
төгс байв.
БНМАУ-ын Бага Хурал, Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн хамтарсан онц
хурал 1945 оны наймдугаар сарйн 10-нд боллоо. Хурлыг Улсын Бага Хурлын
Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд нээж, Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан үг
хэлж, БНМАУ-аас Японд дайн зарлах болсон шалтгаан, ач холбогддыг
тайлбарлан, дараа нь ДЯЯ-ны сайд Шагдаржав, Ерөнхий сайдын орлогч сайд
Ламжав, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ширэндэв, Ерөнхий сайдын
нэгдүгээр орлогч сайд Лувсан нарын 21 хүн үг хэлсэн байна.
Тус хурлаас БНМАУ-аас Японд дайн зарлах тухай тунхаглал баталжээ. Энэ
тунхаглалд тус улсаас Японы эсрэг дайнд оролцох болсон бодлого, зорилт,
үндэслэлийг,
-Монголын ард түмэн өөртөө бүрэн эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс
болохын төлөө тэмцэж, монгол овогтон нэгэн улс гэр болж, айл зэргэлдээ
ардчилсан улсуудтай найртай сайхнаар оршин суухыг хүсэж ирснийг
үндэслэж, ЗХУ-тай 1936 оны гуравдугаар сарын 13-ны өдөр байгуулсан
харилцан туслалцах гэрээнд заасан үүргээ үнэнчээр биелүүлэх,
-Нийтийн дайсныг бүрмөсөн цохиж устгах гэсэн эрх чөлөөг эрхэмлэгч
дэлхийн ард түмэн, Нэгдсэн үндэстний үйлсэд өөрийн тус нэмрийг оруулах
явдал хэмээн заажээ.
Гэвч БНМАУ-ын зүгээс Чөлөөлөх дайнд оролцохдоо баримталсан бодлогыг
энэхүү тунхаглалд тусгаснаар хязгаарлаж болохгүй юм. БНМАУ нь Чөлөөлөх
дайнд оролцохдоо дээр дурдсан үндсэн бодлого, зорилтын зэрэгцээгээр Өвөр
монголд амгалан тайван байдал тогтоох, ая эв нь таарвал Өвөр монголыг
нэгтгэх, нийтийн дайсан Японы булаан эзлэгчдийн талд ажиллаж янз бүрийн
үүрэг гүйцэтгэж байсан монголчуудыг илрүүлэн баривчлах,
1930-аад оны эхээр Өвөр монголд дүрвэн гарсан олон зуун айл өрхийг
буцаан авчрах, мөн үед эх орноосоо урвасан "хувьсгалын эсэргүү” нарыг
илрүүлэн баривчилж авчран хувьсгалт хууль ёсны шийтгэл оногдуулах зэрэг
ил, далд олон талын бодлого баримталсан байна.
Эдгээр бодлого зорилт нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, улс
орныхоо аюулгүй байддыг хангах эрх ашигт захирагдаж байсныг онцлон
тэмдэглэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, БНМАУ Чөлөөлөх дайнд оролцохдоо Японы цэрэгтэй байлдах
цэргийн бодлогын зэрэгцээгээр улс орныхоо аюулгүй байдлыг хангах улс
төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлсэн байна. Үүнтэй уялдан МАХЦ-ийн
байлдааны анги салбараас гадна тус тусдаа үүрэг, зориулалт бүхий хэд
хэдэн бүлэг хүчийг Чөлөөлөх дайнд оролцуулж тусгай үүрэг гүйцэтгүүлжээ.
Чөлөөлөх дайнд оролцсон БНМАУ-ын зэвсэгт хүчийг Цэргийн явдлын яамны
сайд, Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсан ерөнхийд нь удирдсан бөгөөд
МАХЦ-ийн Өмнөд группийн командлагч бөгөөд маршал Х.Чойбалсангийн
орлогчоор дэслэгч генерал И.А.Плиев, мөнхүү командлагчийн монгол цэрэг
хариуцсан орлогчоор дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар томилогджээ.
Энэ дайнд Зөвлөлтийн улаан армитай хамт МАХЦ-ийн дөрвөн морьт дивиз,
танк, их буу, холбооны хороо, хуягт бригад зэрэг байлдааны анги нэгтгэл
оролцсон байна.
Мөн Монгол, Зөвлөлтийн цэргийн давшилтыг хангах, хилийн ойролцоо
суурьшсан Японы заставуудыг устгах, чөлөөлөгдсөн нутгуудад тусгай
бүлгийг томилон дайснаас үлдсэн хорлон сүйтгэх бүлэг, тагнуулчдыг
устгах, чөлөөлөгдсөн нутгийн ард олны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй
Хилийн цэргийн 2100 орчим хүнтэй найман отряд энэ дайнд оролцсон байна.
Дайнд оролцсон гурав дахь бүлэг хүч бол ДЯЯ-ны Улсыг аюулаас хамгаалах
байгууллагын тусгай бүлгүүд юм. Тэд Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөгдсөн
нутгийн ард олны аюулгүй байдлыг хамгаалах, Японы тагнуул, хорлон
сүйтгэгчдийг илрүүлэн устгах зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэжээ.
Чөлөөлөх дайнд Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд оролцсон
бөгөөд тэдний эгнээнд 1000 гаруй хүн багтаж байв. Морьт отрядын дайчид
Өвөр монголын ард түмэнд БНМАУ-ын хөгжил, ард түмний амьдралыг
сурталчлах, чөлөөлөгдсөн хошуу нутгийг хамгаалах, дүрвэн гарсан айл
өрхийг эргүүлэн авчрах зэрэг үүрэг гүйцэтгэжээ.
Үүнээс гадна МАХЦ-ийн дайчид болон чөлөөлөгдсөн нутгийн ард олонд
үйлчлэх зорилготой цэргийн эмнэлэг, цэргийн ансамбль, ухуулга
сурталчилгааны бүлгүүд ажилласан бөгөөд тэд Өвөр монголын ард түмэнд
хүмүүнлэгийн болон сэтгэл санааны тусламж дэмжчэг үзүүлж, БНМАУ-ын
хөгжил бэхжилт, ард түмний амьдрал, Монгол, Хятадын ард түмний
найрамдлын талаар сурталчилсан аж.
Чөлөөлөх дайнд БНМАУ-ын зэвсэгт хүчнээс нийтдээ 20 гаруй мянган цэрэг,
дарга оролцсон мэдээ байна. Монгол-Зөвлөлтийн цэргийн морьт
механикжуулсан групп нь фронтын гол цохилтын бүлэглэлээс 200 км зайтай
тусгай чиглэлүүдээр давшиж, дайсны зүгээс учруулж болзошгүй эсрэг
цохилтыг сэрэмжилж Чуулалт хаалга, Долнуур, Жэхэгийн чиглэлд өндөр
хурдтай давшилт явуулах үүрэгтэй байв.
Группийн давших зурвасын өргөн нь 200-250 км, ойрын үүргийн гүн нь 400
км байв. Тус группийн баруун гар талаар давших анги салбар байхгүй,
харин зүүн гар талаар дэслэгч генерал А.И.Даниловык командалсан
Зөвлөлтийн 17 дугаар арми БНМАУ-ын зүүн өмнөд хил болох Егүзэрийн
хийдийн районоос Дабаньшаны чигт давшжээ.
Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан группийн командлал байлдааны
үүргийг богино хугацаанд амжилттай биелүүлэхийн тулд хүч хэрэгслээ хоёр
хэсэг болгож, эхний гол хүч нь Дарьганга Байшинтын райотоос Доллуур,
Жэхэгийн чиглэлд 950 гаруй км, хоёр дахь нь Сайншандаас Чуулалт хаалганы
чиглэлд 500 гаруй км хол замд давшин байлдахаар төлөвлөжээ.
МАХЦ-ийн анги салбарууд 1945 оны наймдугаар сарын 7-ны шөнө хүч
хуралдуулах байрлалаасаа хөдөлж, маргааш нь улсын хилийн ойролцоо эхлэх
байранд очсон байна.
Үүнд, Долнуур-Жэхэгийн чиглэлд давших анги нэгтгэлүүд Сүхбаатар аймгийн
Дарьганга сумын нутаг Цагаан овоо, Богд уулын районд, Чуулалт хаалганы
чиглэлд давших ангиуд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Гашуун худаг,
Хашаатын худгийн районд байрлажээ.
Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан групп командлагч И.А.Плиевээс
МАХЦ-ийн анги салбаруудыг 1945 оны наймдугаар сарын 9-ний өглөөний 4.00
цагт эх орныхоо дархан хилийг давж байлдаанд орох тушаалыг наймдугаар
сарын 8-нд өгсөн байна.
Байлдааны тушаал авсны дараа МАХЦ-ийн анги салбаруудад цуглаан болж,
цэрэг, дарга нар ах дүү Өвөр монголын ард түмнийг Японы түрэмгийлэгчдээс
чөлөөлөх дайнд баатарлаг тулалдахаа илэрхийлэв.
Маршал Х.Чойбалсангаас 1945 оны наймдугаар сарын 9-нд МАХЦ-ийн
байлдагч, түрүүч, офицер, генералуудад хандаж гаргасан уриалгад,
МАХЦ-ийн дарга цэргүүд нь Нэгдсэн үндэстний талд ах дүү баатарлаг Улаан
армитай мөр зэрэгцэн байлдаж, дэлхийн ардчилсан улсуудын амгалан тайван
байдлын төлөө Японы эзэрхэг түрэмгий нарыг устгах шударга дайнд орж
байгааг онцлон тэмдэглэжээ.
Түүхийн ухааны доктор, профессор Г.Мягмарсамбуу
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10897
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих