Хүн төрөлхтний түүхэнд олон тэмдэглэлт баяр байдаг. Харин баяр, гуниг хоёул давхацсан, эргэн дурсахгүй байхын аргагүй нэгэн түүх нь дэлхийн дайн. Дэлхийн I, II дугаар дайны уршгаар олон сая хүн амиа алдсан ч энэ нь манай гарагийн цаашид энх тайвнаар хөгжих нэг том алхам болсон юм.
Герман тэргүүтэй фашистууд 1939 оны есдүгээр сарын 1-нд Польш улсад халдан довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг. Харин дэлхий нийтийг хамарсан дайн байсан учир яг нэгэн зэрэг дайныг зогсоогоогүй. Иймд дайн дууссан хугацааг газар бүрт өөр бичиж үлдээжээ.
Тухайлбал 1945 оны наймдугаар сарын 14-нд Номхон далайд Японы армид сүйрлийн цохилт өгснөөр Японтой байлдах дайн дууссан, 1945 оны тавдугаа сарын 8-нд Германы тал болзолгүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Германтай байлдах дайн зогссон гэж үздэг аж.
Ямартай ч өнөөдрийг хүртэл тавдугаар сарын 9-нд ялалтын баяр тэмдэглэсээр ирсэн. Харин есдүгээр сарын 2-нд дэлхий нийтээр дайн дууссан гэж бүгд энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Энэхүү дайнд ЗХУ-ын удирдагч И.В.Сталин, Английн ерөнхий сайд У.Черчилль, АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузьвелт, Германы канцлер А.Гитлер, Италийн ерөнхий сайд Б.Муссолини, Японы ерөнхий сайд Т.Хидэки нар голлох үүрэг гүйцэтгэсэн. Мөн галын шугамд буюу дайны талбарт Зөвлөлтийн олон шилдэг офицерууд өөрсдийн гайхалтай цэргийг удирдах чадварыг гарган улс орноо дэлхийн дайнд ялахад хүргэсэн.
Тэдгээр олон цэргийн зүтгэлтнүүдийн нэг нь ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Г.К.Жуков байлаа. Ялалтын баярын өдөр чадварлаг цэргийн удирдагч Г.К.Жуковыг дурсахгүй өнгөрч болохгүй.
Цэргийн улс төр судлаач, эрдэмтэд Г.К.Жуковын дэлхийн хоёрдугаар дайн болон Халхын голын тулалдааны үед хэрэглэж байсан цэрэг стратегийн тактикийг судалж үзээд дэлхийд эхний гуравт орох цэргийн удирдагч байсан гэж дүгнэжээ. Тэд дэлхийн цэргийн гурван шилдэг удирдагч нь Наполеон, Их Александр хаан, Г.К.Жуков байсан гэсэн аж. Мөн Г.К.Жуковын боловсруулан хэрэглэж байсан байлдааны тактикийг одоо ч Уэст Пойнт, Сандхурст болон ОХУ-ын Цэргийн академи, АНУ-ын явган цэргийн корпус зэрэг газруудад судалсаар байгаа билээ.
Г.К.Жуков дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Халхын голд түр байлдаж байсан. Монгол орны алс зүүн хязгаар нутагт Японы арми халдан довтлоход Г.К.Жуков ЗХУ-Монголын армийг удирдаж, самурайнуудыг бут цохисон.
ЗХУ-ын Маршал, дөрвөн удаагийн баатар цолоор шагнагдсан Г.К.Жуков 1930-аад оны үед И.В.Сталины явуулсан их хядлагын үед нэр цэвэр үлдсэн цөөхөн цэргийн командлагч нарын нэг байлаа.
Үүний дараа аугаа их Орос орны тусгаар тогтнолын төлөө хийсэн олон дайнд командлагчаар ажилласан. Тухайлбал Сталинград, Курскийн цүлхэн, Москвагийн хамгаалалтыг хийж, Берлин хотыг эзлэх төлөвлөгөөг боловсруулан Гитлерийн дэглэмийг нураасан их гавьяатай аж.
Гэвч дэлхийн дайны дараа Г.К.Жуков, И.В.Сталин хоёрын харилцаанд сэв суулаа. ЗХУ-ын армийг удирдаж, фашистуудыг бут цохисон маршалын нэр хүнд өдрөөс өдөрт нэмэгдэж байсанд нь И.В.Сталин атаархдаг байв. Сталины нууц цагдаагийн газрын дарга Л.Берия, Жуковын эсрэг зохиомол хэргүүд үүсгэхээр ажиллаж байжээ. Үүнийг гадарласан Жуков тэр бүх өрнөсөн үйл явдлаас хол байж, 1953 оны гуравдугаар сарын 5-нд Сталин бурхан болсны дараа Москвад эргэн ирсэн гэдэг.
Гэтэл Сталинаас гадна Н.С.Хрущев, маршал Жуковыг үгүй хийх санаатай байжээ. Энэ нь ЗХУ-ын удирдагч Н.С.Хрущевын үед Батлан хамгаалах яамны сайдаар хэсэг хугацаанд ажиллахад нь илт мэдрэгдэж байсан тул тэрээр өөрийн нэрийг цэвэр үлдээхээр Москваг дахин орхин явсан. Дээрх үйл явдлын дараа Г.К.Жуков өөрийн дурсамж номондоо бүгдийг бичсэн байна.
1957 онд Москвад Энэтхэгийн элчин сайдаар сууж байсан Кришна Менан нэгэнтээ хэлэхдээ "Тэд Жуковыг олон түмнээс тусгаарлаж чадаж байсан ч Зөвлөлтийн ард түмний зүрхэн дэх түүний тухай сайхан сэтгэгдлийг нь салгаж чадаагүй юм” гэж бичиж үлдээжээ.
Мөн нэрт зохиолч Аксел, Г.К.Жуковын тухай "ЗХУ-ын ихэнх цэргийн жанжинтай адил коммунизмд итгэж байсан. Хүмүүс Жуковыг нам, төрийн зүтгэлтэн байсан мэтээр хүлээж авахад тэр өөрийгөө жинхэнэ цэргийн удирдагч гэж харьцахад нь дуртай байсан. Мөн гайхалтай цэргийн тактикч, дайснаа хууран төөрөгдүүлэх тал дээр түүнийг гүйцэх цэргийн командлагчийг би мэдэхгүй юм” гэж өөрийн дурсамжиндаа бичсэн юм.
Өнөөдөр И.В.Сталин харгис, хатуу коммунист удирдагчийн дүрээр түүхэнд үлдсэн бол Г.К.Жуков өөрийн баатарлаг, эх оронч үйлсээрээ Орос хүн бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн. Мөн Г.К.Жуков дэлхийн олон сая хүний зүрх сэтгэлд чадварлаг армийн командлагч, цэргийн тактикч гэдгээрээ алдаршасан билээ.
1945 оны долоодугаар сарын 24-ны өдөр болсон ялалтын баярын жагсаалд армийн командлагч, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуков, ЗХУ-ын хошой баатар, маршал К.К.Рокоссовский нар
Э.Гүнтөмөр
mongolcom.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих