Монгол Улсын мөнхийн хөрш нь Оросын
Холбоот Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс. Айл хүний амь нэг,
саахалт хүний санаа нэг гэсэн ардын сургамж үгийг ямагт санаж хоёр хөрш
улстайгаа найрсаг харилцаатай, бүх талаар хамтарч ажилладаг байх нь
Монгол Улс энх тайвнаар оршин тогтнож, дэлхийн хөгжлөөс хоцрохгүй
тогтвортой хөгжиж байхын чухал нөхцөл. Энэ бол Монгол төрийн, монголын
ард түмний эрхэмлэх асуудал.
Ардчилсан хувьсгалын 1990 оноос хойш
хэсэг хугацаанд Оросын Холбооны Улстай улс төр эдийн засгийн харилцаа
суларсан. Монгол Улсаас ОХУ-д гаргадаг экспортын бараа манай нийт
экспортод дөнгөж таван хувь эзлэх хүртэл бага болсон байна. Манай улсын
импортод эзэлдэг ОХУ-аас авдаг бараа 60 орчим хувийг эзэлдэг боловч
түүний ихэнх нь зөвхөн нефть бүтээгдэхүүн.
Ойрын хугацаанд манайх нефть
бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоод эх үүсвэрээсээ хангадаг болсон
нөхцөлд Монгол Орос хоёр хөрш улсын хооронд худалдааны хэмжээ хамгийн
бага түвшинд хүрч болзошгүй. Иргэдийг визтэй зорчуулдаг болсноор хоёр
улсын хооронд иргэдийн харилцан айлчлал бараг хумигдсан байсан. Гэвч энэ
өнгөрсөн 25 жилийн хугацаанд ах дүүгийн гэсэн тодотголтой байсан Орос
Монголын төр, засаг, ард түмний найрамдалт харилцааг эрхэмлэдэг байсан
санаа сэтгэл түмэн олон, ялангуяа ахмад үеийнхэнд хадгалагдсаар.
Ардчилсан хувьсгалаас хойш, зах зээлийн
эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор иргэд, бизнес эрхлэгчдийн
санаачилгаар Монгол Хятад хоёр улсын хоорондын худалдааны харилцаа
хөгжсөн. Монголын гадаад худалдаанд зонхилох байрыг БНХАУ-тай хийж буй
худалдаа эзэлдэг болжээ. Хятадын талаас Монголд оруулах хөрөнгө оруулалт
нэмэгдсэн. Энэ бүхэнтэй холбоотойгоор иргэдийн хоорондын харилцаа эрс
өргөжсөн.
Миний бодлоор Монгол Улсын Орос Хятад
гэх хөрш хоёр улстай харилцах харилцаа урсгалаараа хорь гаруй жил явсан.
Одоо харилцан зөвшилцсөн буюу уялдуулсан бодлогоор хамтдаа хөгжих
асуудалд анхаарах цаг хэдийнэ болсон.
Дэлхийн улс төр эдийн засгийн амьдралд
шийдвэрлэх нөлөө үзүүлэх чадвартай, өндөр хурдацтай хөгжлийг хангаж буюу
түүний төлөө бодлогоо уялдуулж байгаа хүчирхэг хоёр хөрш улстай
жижигхэн Монгол Улс амь, санаа нэг байх ардынхаа сургаалийг санаж,
хамгийн найрсаг бөгөөд харилцан ашигтай харилцааг тогтоож амьдрах, энэ
үүднээс улсынхаа хөгжлийн бодлогыг хоёр хөрш улсын хөгжпийн бодлоготой
ухаалгаар уялдуулж чадсан байх нь эрхэм юм.
Сүүлийн жилүүдэд хөрш улсуудтай
харилцаа идэвхжиж эхэллээ. Өнгөрсөн 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин,
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчиллаа. Манай улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол, Орос, Хятад улсын төрийн
тэргүүн нар тогтмол уулзаж гурван улсын хамтын хүчээр хэрэгжүүлж болох
асуудлаар санал солилцож, санал нэгдсэн асуудлаар шийдвэр гаргадаг болж
байна.
Гурван улсын төрийн тэргүүн нар ийнхүү
тогтмол уулзаж байгаа нь харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг улам
бэхжүүлэх, улс тус бүрийн болон гурван улсын нэгдмэл ашиг сонирхлын
үүднээс хамтын хүчин чармайлтаар шийдвэл зохих асуудлыг оновчтой сонгож,
харилцан уялдсан бодлогоор хэрэгжүүлэх зорилго бүхий асар их ач тустай
шинэлэг харилцаа гэж бодож байна.
Гурван улсын хэлэлцээр болж байсан түүх
бий. Орос улсын Хиагт хотод 1915 онд болж байсан хэлэлцээрт Монгол Улс
тусгаар тогтносон улс байх эсэх асуудлыг ярьж байсан юм билээ. Одоогийн
гурван улсын төрийн тэргүүн нар тусгаар тогтносон улс болох нь даян
дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, НҮБ-ын гишүүн, Хил газар нутгийн ямар ч
маргаантай асуудалгүй Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах
Хятад Ард Улсын тус бүрийн бүрэн эрх, ёс заншил, ашиг сонирхлыг
хүндэтгэж, хамтдаа хөгжих асуудлыг тэгш эрхтэйгээр тогтмол уулзан
хэлэлцдэг болж байгаа нь сонин бөгөөд асар ач холбогдолтой.
Төрийн тэргүүн нарын гурвалсан анхны
уулзалт өнгөрсөн оны есдүгээр сард Душанбе хотод болж Монгол Улсын
Ерөнхийлөгчөөс Гурван улсын дээд хэмжээний уулзалтыг тогтмол хийж байх,
Уулзалтыг олон нийтэд нээлттэй, хамтын ажиллагааны нийтлэг зарчимд
нийцүүлж байх, уулзалтаар талуудын сонирхсон асуудал, юуны түрүүнд
гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон
бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж шийдвэрлэж байх санал
дэвшүүлснийг ноён Путин, ноён Си Зиньпин дэмжсэн байна.
Тэдгээр Төрийн тэргүүн нарын уулзалт
Гурван талын харилцан итгэлцлийг нягт болгох, Харилцан ашигтай хамтын
ажиллагаа явуулж хамтдаа хөгжих, Дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн
хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ талаар байнгын нягт хамтын ажиллагааг
хөгжүүлэх боломж олгох, Бүс нутгийн хамтын ажиллагаанд тус болох зэрэг
ач холбогдолтойг цохон тэмдэглэсэн нь мэдээлэгдсэн билээ.
Төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалт
энэ 2015 оны долдугаар сард Уфа хотод болж гурван улсын ашиг сонирхолд
нийцсэн хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх зарим тодорхой
асуудлыг тохиролцсон байна.
Тухайлбал: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын
хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал гэсэн баримт
бичгийг баталж, түүндээ гурван улсын хооронд улс төр, эдийн засаг, соёл,
хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиглэлээр хөгжүүлэх
хамтын ажиллагааны чиг хандлагыг тохиролцон тодорхойлсон мөн гурван
улсын хооронд Эдийн засгийн коридор байгуулах тухай санамж бичиг,
худалдааны хөгжлийг дэмжсэн таатай нөхцөл бүрдүүлэх зорилготой гаалийн
болон хилийн асуудал хариуцсан байгууллагуудын хамтран ажиллах
хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Улс орнууд хоёр талаар харилцаж хамтын
ажиллагааны асуудлыг шийдэж л байдаг. Гэвч гурав дахь улстай буюу гурван
талаар тохиролцож байж шийдэх шаардлагатай асуудал ялангуяа хөрш
улсуудын хувьд гардаг. Энэ нь юуны өмнө гурван улсын нутаг дэвсгэрийг
хамарсан дэд бүтцийг хөгжүүлэх асуудалтай холбогддог.
Орчин үед ОХУ, БНХАУ-ын хооронд эдийн
засгийн харилцааг өргөтгөх, ялангуяа дэд бүтцийг бий болгох, гадаад
худалдааг эрс нэмэгдүүлэх зорилгоор том том төслүүдийг хэрэгжүүлж эхэлж
байна. Ийм агшинд Монгол Улс газар нутгийн хувьд энэ хоёр улсын дунд
байгаа байршлынхаа давуу талыг ашиглаж гурван улсад ашигтай том
төслүүдийг санаачлах, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох замаар Монгол Улсын
хөгжилд онцгой ач холбогдолтой зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбараа
хөгжүүлж авахад хамтын ажиллагааг ашиглах нь маш чухал.
Эдийн засгийн өсөлт, хамтын хөгжлийг
хангах зорилгоор "Талын зам”, "Торгоны зам", "Евроазийн холбоо” гэсэн
гурван төслийг уялдуулж Монгол - Орос -Хятадын эдийн засгийн коридор
байгуулахаар тохиролцож байгаатай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч
дэд бүтцийн хөгжлийн асуудалд тэргүүн зэргийн ач холбогдол өгч
дэвшүүлсэн тодорхой саналд дараах арга хэмжээ тусгагдсан юм болов уу гэж
ойлгосон:
-Улаанбаатар төмөр замын
Сүхбаатар-Замын үүдийн төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх одоогийн
хүчий чадлыг бүрэн ашиглахын зэрэгцээ замыг хоёр урсгалтай болгон
өргөтгөх, цахилгаанжуулах.
-Дээрх чиглэлээр дамжин өнгөрөх ачаа
тээвэрлэх гол зориулалтын өндөр чанарын авто зам барих. Дээрх хоёр
төслийг амжилттай хэрэгжүүлж үр ашигтай ашиглаж байх үндсэн нөхцөл нь
гурван улсын нэгдсэн бодлого, хамтын хүчин чармайлт байх явдал. Дээрх
замууд үр ашигтай ашиглагдах эсэх нь хоёр хөрш улсын хооронд хийх
худалдааны хэмжээ болон дээрх замаар тээвэрлэх хэмжээнээс хамаарна. Мөн
Монгол Улсад баригдах авто зам, өргөтгөх төмөр замын үргэлжлэл нь хоёр
хөршийн нутагт хийгдэх ажилтай холбогдох ёстой учраас гурван талын
тохиролцоо байх нь чухал гэж үзсэн биз.
-Хөрш улсууд Монгол Улсын нутгаар,
Монгол Улс хөрш улсуудын нутгаар худалдааны ачааг шуурхай тээвэрлэж байх
нөхцөл бүрдүүлэх зорилгоор төмөр зам, авто замын дамжин өнгөрөх
тээврийн тухай Гурван улсын хэлэлцээр байгуулах шаардлагатай гэж үзсэн
бололтой. Уг хэлэлцээрийг байгуулахдаа далайд гарцгүй Монгол Улсад
үзүүлэх хөнгөлөлттэй нөхцөлийг тусгаж шийдэх нь зүйтэй юм.
Өнгөрсөн зууны 50-иад оны сүүлчээр
Социалист гэж байсан улсууд Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны
байгууллагыг (Организация сотрудничества железных доро) байгуулаад,
Дамжуулан өнгөрүүлэх ачааны тээврийн нэгдсэн тариф (Единый транзитный
тариф), Вагон ашиглах журам (Правила пользования вагонов) гэсэн баримт
бичиг гаргаж олон арван жил мөрдөж байсан. Би тэдгээр тариф, журмыг
тохиролцох хэлэлцээрт оролцож байсан учир тэдгээрээс үлгэр авч ашиглах
юм байгаа гэж бодлоо.
-ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд Монгол Улсын
нутгаар дамжуулан байгалийн хий дамжуулах хоолой барих саналыг хоёр хөрш
улс зөвшөөрвөл гурван талд эдийн засгийн үр ашигтай. Нутгаараа хийн
хоолой бариулсан бусад улсууд ямар нөхцөл баримталдгийг судалж гурван
улсын аль алины ашиг сонирхлыг зохистой хослуулж чадах нөхцөлийн
хувилбарыг гаргаж санал дэвшүүлбэл уг асуудал нааштай шийдэгдэж магад.
Экологийн асуудлыг онц анхаарах хэрэгтэй.
Төрийн тэргүүн нарын уулзалтуудыг
цаашид улам үр дүнтэй болгож байх үүднээс гурван улсын Гадаад хэргийн
дэд сайд нарын уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцсон, том
төсөл арга хэмжээг сонгох, сонгосон төслүүдийн техник эдийн засгийн
үндэслэл боловсруулах ажлыг хариуцсан гурван улсын хамтарсан ажлын хэсэг
буюу судалгааны төв байгуулах асуудал яригдаж байгаа нь сайн хэрэг
болно.
Манай гурван улсын төрийн тэргүүн нар
тогтмол уулзаж хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байх энэ
сайхан арга хэмжээ цаашид тасралтгүй үргэлжилж үр ашгаа өгч байх,
тохиролцсон арга хэмжээ хэрэгжиж байх, ялангуяа Монголын талын хүлээсэн
үүрэг амлалтыг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг, итгэл даадаг байхад
манай төр засгийн байгууллагууд, эрх баригч нөхөд онцгой анхаарч
байгаасай билээ.
Манай төр засгийн зүгээс онц анхаарч
шийдэх шаардлагатай асуудлын нэг бол хөрш улсуудын төр засаг нь, улс
төрийн болоод хөгжлийн алсыг харсан бодлого нь тогтвортой байдагтай бид
хэрхэн зохицох вэ гэсэн асуудал баймаар санагддаг.
Жишээлбэл: ОХУ-ын Ерөнхийлөгч долоон
жилийн хугацаагаар сонгогдож, дахин сонгогдвол 14 жил тогтвортой ажиллах
журамтай. БНХАУ-ын удирдагчийн баг арван жилээс доошгүй хугацаанд
тогтвортой ажиллана. Гэтэл манай УИХ, Засгийн газар дөрвөн жил тутам
заавал солигдох хуультай, Ерөнхийлөгч мөн адил, одоогийн Ерөнхийлөгч
жилийн дараа өөрчлөгдөнө.
Төр засгийн удирдлага, төрийн ажилтан
нарыг тогтвортой ажиллуулдаг, гаргасан шийдвэр, гадаад улстай байгуулсан
хэлэлцээр нь уламжлагдан хэрэгжиж байхад чиглэсэн өөрчлөлтийг
санаачлаасай билээ гэж би хүсч явдаг. Төрийн тогтолцоог боловсронгуй
болгох, тэр зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах зарим
өөрчлөлтийн талаар миний хэлсэн бичсэн санал бодол олон удаа хэвлэлд
нийтлэгдсэн. Төрийн албаны тухай. мөн Улс төрийй намын тухай хуульд
оруулах өөрчлөлт ч дээрх шаардлагад зохицож гараасай билээ.
Ухаант ардын сургаальд "Айл хүний амь
нэг, саахалт хүний санаа нэг" гэсэн нь нүүгээд явчихдаггүй хөрш улсын
хувьд баримтлах бодлогод илүү ач холбогдолтойг, "Уулын буга хараад
унасан морио хаяж болохгүй"-г анхааруулсан байдгийг бодож амьдарцгаая
гэж хэлмээр санагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч Думаагийн СОДНОМ
2015-08-11.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10928
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих