2015 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр Бразил улсын Салвадор-да-Бахиа хотын "Pan-American Judo Center” спортын ордонд 6 өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Өчигдөр эрэгтэй чөлөөт бөхийн 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн барилдаан болж тэмцээн дууслаа. 55 кг-ын жинд З.Занабазар хоёр өрсөлдөгчөө төвөггүй хожиж энэтхэгийн бөх К.Кумартай мөнгөн медалийн төлөө барилдаан хийхдээ зүүн хөлд нь алдлан орж дэвжээтэй шахан эргүүлэх мэх хийж эхний үед 8:0 онооны харьцаагаар ялсан ч хоёрдугаар үед давхар хамуулж дэвжээнээс түрж гаргуулж барилдаан дуусахад 8 секунд дутуу байхад 1 оноо алдаж 9:9 оноогоор ялагдаж хүзүүндээ зүүлттэй байсан мөнгөн медалийг алдлаа. Өрсөлдөгч нь чацаар өндөр, урт гартай, хоёр хөлд зайнаас явдаг, зуурсан барилдаанд сайн, их уян хатан бөх байлаа. Тэгээд ч манай бөхийг өрсөлдөгчийнхөө зүүн хөлд нь явж бөгсөөр нь суулгаж лавтай 2 оноо авах үед нь шүүгч шүгэл үлээж барилдааныг зогсоосон нь барилдааны эцсийн дүнд нөлөөлсөн. З.Занабазар хүрэл медалийн төлөө барилдаанд сэтгэлээр унасан байсан уу, идэвхгүй барилдсан. Ур чадвар нь эрс өсч хөгжөөн дэмжигчдийн хараанд өртөөд байгаа залуу бөхийн хувьд энэ тэмцээн гашуун сургамж болсон байх.
Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд азербайжаны бөхчүүд 4, Ираны бөхчүүд 2, АНУ, ОХУ-ын бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртжээ. Багийн дүнгээр Азербайжан, Иран, ОХУ-ын багууд эхний гурван байранд оржээ.
Манай бөхчүүд түр завсарлаад залуучуудын ДАШТ-нд 2007 оноос хойш завсаргүй оролцож ирэхдээ дандаа медальтай ирж байсан, гэтэл энэ жил медалийн буухиа тасарлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10942
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих