Хал үзэж халуун чулуу долоосон улсын сануулаад байгаа тэрхүү "хэцүү нэрт” маань хаяанд ирчихжээ. Намрын хяруу цагаасаа эрт унахад гайхах ч юм алга. Хэзээ байтлаа есдүгээр сар гараагүй байхад нойтон хяруу хаяж байлаа даа. Гэтэл энэ жил өөр шүү. Хөдөө нутгаар хур тунадас бууж, цасны түрүүч өнгөө үзүүлж байх шиг.
Харин бид мичин жилдээ бэлэн билүү. Төр засгаас энэ асуултыг асуухаасаа өмнө өөрсдөөсөө нэхвэл ямар вэ. Манайх гэхэд, тагтны хаалганыхаа резинэн жийргэвчийг солиогүй л байгаа. Гэнэдэж цас унавал нэвт салхилахаар шинжтэй. Хонины мах 5500 төгрөгийн үнэтэй байгаа энэ үеийг ашиглаад томхон хөлдөөгчтэй айл бол овоолоод хадгалчихмаар санагдах. Гурил үнэд орно гээд л зурагтаар айлгаад байх юм. Тэгж үнэд орох гээд байгаа юм бол 50 кг-аар нь аваад үүцэлчих юм сан гэсэн бодол толгойноос салдаггүй. Айл хүний хувьд үүнээс илүүг сэтгэж амжихгүй л явна.
Тэгвэл улс орны минь хэмжээнд монголчуудаа өвлийг өнөтэй давуулахад ямар бэлтгэлтэй байгаа бол. Ажаад байхнаа сайд нарын томилгоо, Өршөөлийн хууль, томчуудын найр наадам гээд "өвөл” гэдэг үгээр эхэлсэн яриа чихэнд лав торсонгүй ээ. Зургаан сайдыг томилчихвол өвлийг давчихна гэж томчууд маань шийдээ юм болов уу. Тэр зургаан хүний үгээр иргэд бид чинь хоол хийх үү.
Бас нэг зүйл толгой өвтгөөд ер салахгүй нь. Өнөөх алдартай сайхан Тавдугаар цахилгаан станц маань яачихав аа. Сайд нарыг ингэж хурдан томилж болдог юм бол ганц цахилгаан станц барих ажлаа яагаад хэдэн арван дамнуулаад байгааг бас л ойлгохгүй нь. Тэр эрчим хүчний ундарга нэмэгдэж орж ирэхгүй бол энэ өвлийг авахгүй гэж учир мэдэх улс уулга алдаад л байх юм. Харин манай дарга нарын наадам дуусахгүй, сайд нарын томилгоо дундрахгүй яалтай ч билээ.
Мичин жилийн өвөл үүдний гадаа хүлээгээд л байна шүү, та минь. Нэг л мэдэхэд босго даваад хойморт залрах вий. Тэр үед хотоо хөлдөөчихгүй л юм сан даа...
Ж.Цогзолмаа
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих