Монголын нутаг Монгол хүндээ үнэгүйдээд, ад болоо юу? Өвөг дээдсийн минь алтан амиа өгч, цусаа урсган байж авч үлдсэн Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө шинэ цагийн урвагч булхай төрийн түшээдийн үзэгний үзүүрээр шийдэгдэх болоо юу?
Дорнод аймаг газар нутгийн хэмжээгээр (123,600 хавтгай кв.) Монгол улсдаа 3 дахь том аймаг боловч хүн ам хамгийн бага суурьшсан 4 аймгийн нэг. Халх, буриад, барга, үзэмчин, хамниган зэрэг угсаатны бүлгүүд зонхилон амьдардаг. Цэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу буй өнөөгийн Дорнод аймгийн Халх гол сум 3,200 хүн амтай Монгол улсын хамгийн том нутаг дэвсгэртэй сумын нэг.
Монгол улсын халдашгүй дархан байдал, тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхаглаж, хүлээн зөвшөөрүүлсэн 1939 оны Халх голын дайн хүн ам цөөн, байгалийн нөөц баялаг асар их, Монгол газарт санаархсан харийн түрэмгийлэлийг халуун амь, бүлээн цусаараа зогсоосон түүхэн үйл явдал байсан. Халх голын дайны талаарх олон зөрүүтэй мэдээлэлийг судлаад Батлан хамгаалах их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн түүхийн секторын эрхлэгч хурандаа Д.Ганболд тоон үзүүлэлтүүд нэгтгэж чадсан байна. Тэрээр Монгол ардын хувьсгалт цэргээс 237, Хязгаарын цэргээс 43, ЗХУ-ын армийн 8931 цэрэг эрс Халх голын дайнд алтан амиа алдсан гэжээ.
Монгол улсын хосгүй нандин өвийн нэг "Их бурхант” чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат- Очирын Тогтохтөрийн /То ван 1797- 1868/ санаачлага удирдлагаар 1859- 1864 онуудад бүтээсэн бөгөөд дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурхан гэж нэрлэх нь бий.
Халх голын баруун эрэг дээр 35 градусын налуугаар, 90 тохой буюу 30 метр бурханыг хоёр бага хүрээн дотор гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгуулан дүрсэлжээ. Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалах, Монгол газрын асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг зогсоох, энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьсан гэж ярьдаг.
Дээрх хоёр жишээнээс харахад Монгол улсын газар шороонд харийн гүрний шунал цагийн цагт байжээ. Яагаад Халх голын бүс нутаг гэж?
Дорнод Монголын нутаг нь Монгол нутгийн төв, баруун бүстэй харьцуулахад байгалийн нөөц, баялагаас гадна ашиглалтын талбай их, цаг уурын хэлбэлзэл бага, хүн бага суурьшсан гэх мэт олон шалтгаанаар харийн сонирхолыг соронзон мэт татдаг.
Дорнод Монголын нутаг Монголчуудын хувьд хэр үнэ цэнтэй нутаг вэ?
Монгол угсаатны зүүн талын нүүдлийн гол зангилаа болсон Дорнод Монголын тал нутаг археологи, палентлогийн судалгааны чухал талбар болохоос гадна Монголын түүхийг бүрэн судлахад зайлшгүй шаардлагатай.
1980- аад онд археологич Д.Баяр асан Дорнод Монголын хүний чулууны судалгаагаа дүгнэн "... Дорнод Монголын хүн чулуу нь ХIII‐ХIV зууны үеийн алтан ургийн их хаадын угсааныхныг дүрслэн гаргасан биет хүний хөргүүд бөгөөд эдгээрийг өвөг дээдсийн тахилгын онгон шүтээний газруудад байрлуулж үеийн үед хүндлэн тахисаар ирсэн ..”. гэжээ. Монгол улсын соёлын өвийн хамгаалалтад байдаг, Их Монголын томоохон дурсгалын нэг Шонх таван толгойн хүн чулууны дурсгал Халх гол сумын төвөөс 7км-т байдаг.
Түүнээс гадна түүх судлаач Д.Сэрдарам Монгол язгуурын нэр нэршил Дорнод Монгол илүү түлхүү таардаг бөгөөд үүнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай гэсэн Монгол түүх, соёлын өлгийн нутаг мөн гэдгийг дахин батлах мэт.
Халх гол сумын Ялалт музейн дарга Л.Мягмарсүрэн " ... Эх орон гэдэг хоёрхон үгийг хэн ч цээжээ дэлдээд чанга дуугаар хэлж чадна .... чухам ямар үнэ цэнэтэй, хэрэгтэй, ач тустай юм бэ гэдэгт тэр бүр хариулж чаддаггүй. Эх орныг баталгаажуулж, хамгаалах гэж бидний өвөг дээдэс үеийн үед тэмцсэн ... " гэж хэлсэн байна.
Алаг дэлхийн магнайд, алс хойчдоо хэдэн үеэрээ идэх хоолтой үлдээсэн өвгөдийн саруул ухаанаар аварч бидний үед залгасан Дорнод Монголын нутгийг үнэгүйдүүлэх эрх хэнд ч үгүй. Монгол улсын Соёлын өвийг хамгаалах хуулийн 27.8 мөн 27.10 заалтууд УИХ-ын 2015 оны 75-р тогтоол хууль болохыг баталсан. Ард иргэдийн хуулиа мөрд гэж шаарддаг төрийн эрх баригчдад хуулиас ангид аяглах эрх үгүй. Л.Мягмарсүрэн гуай ...
Монгол эх орны өглөө Халхголоос эхэлдэг
Алтан нарны шижиртэх туяа
Нөмрөг, Соёлж уулс, Модот хамрын мөнгөн оргил дээр тусч
Халх гол, Буйрын мөнгөн давалгааг дамжин
Мэнэнгийн уудам талын хурдыг сорьж
Монгол эх орны өглөөг эхлүүлдэг
Монгол эх орны өглөө Халх голоос эхэлдэг .... гэж шүлэглэсэн байдаг.
Халх голын бүс нутгийг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болговол хараа үл гүйцэх Мэнэнгийн тал үгүй бол Монголын өглөө хаанаас эхлэх вэ? 9000 эрсийн амь, 67000 га газрыг золин байж авч үлдсэн нутгаа энх цагт үнэгүйдүүлж үгүй хийх үү?
Хөгжил хүн бодлогын хүрээлэнгийн гишүүн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих