Аян замын тэмдэглэл
Д.ЦЭРЭННАДМИД
Xаврын урь унажээ. Бүлээн салхи сэвэлзэж алсад зэрэглээ мяралзах янзтай. Малчид хэлэх нь шороо шуурч яндан хонгинуулсан өдрүүд энэ хавар ер байсангүй, тун эрт дулаарлаа. Өвөл ч өнжсөн юм шиг өнтэй өнгөрсөн дөө гэж сэтгэл өег яриатай байна.
Энэ үеэр нутгийн зүг хөлгийн жолоо заллаа. Манай Дэрэнгийнхэн энэ зун сумын 90 жилийн ойтой гээд их л урамтай байх шиг. Эхлээд Дэрэнгийн овоон дээр гарлаа. Орон нутагт тахилгатай энэ дүнхгэр хайрхан дээрээс их холыг харж болдог юм даа. Могойт, Гашуун хар, их бага Эрээний ухаа, Шорнойн дов, Алаг, Хөшөөгийн хэц цаашлаад Түрүүгийн харнууд, Их ухаа гээд аав, ээжийн минь нутаглаж байсан, маний хурга ишиг хариулж явсан тэр л дэлгэр нутаг яг алган дээр байгаа мэт үзэгдэнэ. Танил нутаг минь бие биедээ уусаагүй өөр өөрийн өнгөтэй. Алслаад харвал Ерлөг, Баянзүрхийн уулс цэнхэртэж, урдуур нь Их газрын чулуу сэрвэлзэж харагдана. Говьд үзэмж нэмсэн Хур харцагын домогт хэн нэгний хэлснээр газрын босоо ятга гэмээр тэр их хадан уул зэрэглээн дунд ботго, тором тоглож байгаа мэтээ. Айл айлын хотонд нялх төлийн дуу цангинаж урин цагийг зарласан тийм л цаг дор хөдөө дэндүү сайхан байна. Гүнзгий амьсгаа авахад цээж цэлсхийгээд. Агаар нь хүртэл амттай мэт. Бидний эхний буусан хот айл Шаргалын гашуунд хаваржиж буй А.Нэргүйнхэн. Саахалт хаваржин буй хэдэн гэр бүгд ах дүүсээрээ. Тэднийхэн малаа ид төллүүлж байна. Мал онд тарган орсон болоод ихэр олонтой гэцгээж байна. Тэвэр дүүрэн ишиг барьсан хүмүүс хашааны гадаахь ямаанд тавьж өгч байна. Ямаа бүр л хоёр ишиг хөхүүлж харагдав. Тавин ямаа ишиглэхэд гуч нь ихэр байнаа гэж А.Нэргүйн эхнэр хэлж байлаа. Тэдний гадаа олон ботго уяа тойрон эргэлдэх. Эх тэмээд нь ирж байна. Ингэ гэхэд ат гэмээр ханагар юм. Тэнд унамал бөхтэй тэмээ харсангүй. Сүүлийн өдрүүдэд эдний хот бүлэрхэг аж. Сумаас 5-6 хүн ирж ямаа самнаж байна. Нэг ямаа самнах хөлс 5000 төгрөг. Өдөрт арван ямаа самнасан хүн тавин мянган төгрөг авна. Энэ л сумын төвийн тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүсийг татжээ. Малчиндаа ч ноолуур үнэтэй цагаар ажлаа амжуулахад хэрэг. Самнагчид ч орлоготой байгаа юм байна. Малчид ярьж байнаа. Самнасан ноолуураа өдөрт нь сум руу аваачин тушаадаг. Нэг кг-ыг нь 84 мянгаар өглөө л гэнэ. Энэ өндөр үнэ тогтвортой биш. Иймээс ямаагаа хурдхан самнахыг хичээж байна гэж байлаа.
Сүүлийн гурван жил цаг сайхан мал өсч байна. Тэр жилийн зуднаар (2010 оны зудыг хэлж байна) ч тавьж туусан шүү дээ гэж хэлэх хүн тааралдаж л байлаа. Үнэхээр тэр зудын жил энэ нутагт мал, хүнгүй хойшоо урагшаа нүүж одсон байж билээ. Тэгвэл одоо айлууд ноднингийн авсан идээ цагаагаа таваглачихсан, сайхан шаргал уураг тогоо дүүрэн чаначихсан мөн ч таатай байна. Гоц идээ цагаа сайтай айл гэж байдаг. Тэдний нэг нь Ж.Одонпүрэвийнх. Гэргий нь Ч.Наранцэцэг гэж ёстой л гав шув хийсэн ажилсаг нэгэн бололтой. Түүний хийсэн ааруул идээ аймагт болсон үзэсгэлэнгээс брэнд бүтээгдэхүүнээр нэг биш шалгарчээ. Яриа хөөрөө ч гэж задгайхан бүсгүй юм. Миний өвөг дээдэс Пунцагбанди гэдэг тайж хүн байсан. Буд-Од гэж хүн улсад сайн малчин болж Бумцэнд гуайгаас энэ шагналыг гардан авч байсан энээ тэрээ гээд л тэр урсгах.
-За цаг сайхан, Ноднингийн идээ цагаагаа бараагүй байтал энэ жилийнх залгах нь. Алив, ааруул тос ид, хотынхонд уураг сонин биз гээд л шахаж байналээ.
Удмаараа малчин заяандаа үнэнч яваа нэгэн бол Дагвын Доржпаламынхан. Жинхэнэ малч айлын хүргэн болсноос хойш тэднийх нутаг усандаа нэртэй явна. Хүүхдүүд нь ч бас удмаа дагаад малчин болсон. Эргэн тойрон өнөр өтгөн айл байх. Д.Доржпаламын эхнэр нь хонхортоо малч гэгдэж улмаар Ардын Их Хурлын депутатаар хоёр ч удаа сонгогдож байсан. Дамдинжав агсны охин
-Манай хадам өвгөн улсын сайн малчны шагналын гэрийг энэ л хаваржаанд барьж байсан юм шүү дээ гэж Д.Доржпалам хэлэв. Эднийх 500 гаруй малтай. Тэр дотроос тэмээ үржүүлэхийг нэлээд анхаарч ирж. Уг нь тэмээний фермэрхүү юм байгуулах санаа байдаг. Сачий хүрэхгүй л өдий хүрлээ. Өнөөдөр гэхэд найман ингэ ботголчихсон байгаа гэж байсан. Бас Д.Доржпалам адуундаа их сэтгэлтэй ханддаг хүн юм. Морь уяж бүсэндээ хусууртай нэг хэсэг явж. Дорнод, Сүхбаатараас, Төв аймгийн Баяндэлгэрээс азарга авч сүргийн бүтцээ сэлбэж байж. Харин сүүлийн жилүүдэд морь уяж чадсангүй гэж байна лээ. Тайлбар нь ган зуд ч тохиолдлоо. Бас овьёос өгөөгүй, тариа хийгээгүй морь уралдах нь хэцүү болсон дуулдах юм даа гэж сууналээ. Энэ үгийг сонссон хүнд өнөөгийн уяачид тарга тээвэргээ гүйцэд аваагүй, чөмөг суугаагүй морьдыг элдэв тэжээлээр бордож өвөл, зунгүй уралдуулж зугаацдаг хүмүүсийн хажууд малч хүний малаа хайрлах ухаан энэ мөн дөө гэсэн бодол аяндаа төрнө.
Доржпаламын хувьд малаа таньж хайрлахгүй юм бол мал дагахын хэрэг юун гэсэн далд бодол байх агаад үр хүүхдээ ч тэр санаагаараа сургаж иржээ. Тиймээс хүүхдүүд нь малчин заяандаа үнэнч элэг бүтэн өсч Хөшөөгийн ар, Хужирын бор толгой хавьд олон айл гал голомт бадраажээ. Ер нь нутгийн сайхан өвгө дээдсийн тухай ярина гэдэг домог мэт. Энэ нутагт "данхар” Шийрэв, "бөгөөн” Гэцэл, шар Базар гээд тухайн үеийн эрдэм номтой сайхан өвгөчүүл байсныг мэдэх юм. Тэдний нэг нь Цэнд гуай гэж өгөөмөр өвгөн байсан даа. Одоо байсан бол ганданд хамба байх л хүн. Тэдний хүү Ц.Нямдоржийнх бас багийн дарга хүний жинхэнэ нь байсан Лувсандагдангийн хүү Санжаагийнх гээд олон айлд буулаа. Тэдэнтэй хэдийгээр бүр хуучин юм ярьсан ч гэлээ хэн хэнийхээ сэтгэлийг дэврээж байсансан.
-Миний аав адуучин байсан гэж ярих нэгэн бол тус сумын Бумбат багийн малчин, Монгол Улсын аварга малчин Д.Батгэрэл байлаа. Энэ хүн жинхэнэ удамтай хүний үр аж. Өвгө эцэг Цэлхээжав нь 1943 онд улсын сайн малчин болж байж. Тэгвэл Батгэрэлийн аав Ц.Доржпалам гэж бараг насаараа адуу малласан улаа бутарсан сайхан эр байсныг мэднэ. Аймгийн сайн малчин болж хурал, зөвлөгөөнд уригдаж ч байв даа. Энэ уламжлалыг хүү Батгэрэл нь үргэлжлүүлж явна. 2005 онд улсын сайн малчин болжээ. Түүнтэй адуугаа усалж байхад нь таарч төсөрхөн ярилцлаа.
-Миний мэдэхээр манайхан лав дөрвөн үеэрээ л малч гэгдэж явна даа. Бид нэг эцгийн 5-6 хүн. Нэг дүү мянгат, нэг нь аймгийн сайн малчин болсон доо. Би 1990 он хүртэл аавынхаа уургыг барьж нэгдлийн адуу малласан. Адуу ч сайхан мал шүү гэж онгоцонд усаа дүүргэж байхдаа ярив. Мал хувьчлагдахад цөөн мал авч төлөөр нь өсгөсөөр 2000 гаруй малтай болсон цөөн айлын нэг нь Жадамбын хонхортоо эднийх юм. Одоо 1700 гаруй малтай, 700-гаад мал төллөнө. Бодын хувьд 170-180 адуутай. Мал малын захтай шүү гэж Батгэрэл хэлэхдээ бас л адуундаа арай анхаарал тавьдгаа бас нууж чадаагүй.
-Энэ жил 480 хонь хургална. Одоо 30-аад хувь нь хургалаад байна. Урьд шөнө 20 гаруй хонь хургалсан дотор гурван ихэр хурга гарлаа.
-Олон мал төллүүлэхэд хүн хүчийг яаж хуваарилдаг юм бэ гэхэд
-Манайх 7-8 туслах малчинтай. Зуу зуугаар нь түрээсээр малладаг айл ч бий. Малчид бид чинь улсдаа дараа болохгүйгээр малынхаа ашиг шимээр амьдарч байдаг юм даа.
-Жилдээ ямар ашиг орлоготой байдаг вэ гэвэл
-20-30 сая төгрөгийн орлого олдог. Гэхдээ малчдаа цалинжуулна. Энээ тэрээ гээд зарлага мундахгүй. Малжуулах ажил ч бас цалин урамшуулалд багтдаг. Ингэхээр малчидтайгаа гэрээтэй нэг компанийнх шиг аж ахуйн тооцоо надад эргэлдэж байдаг юм даа гэж байна.
Эднийх зун намартаа Билгэхэд, өвөлжөө, хаваржаа нь одоо байгаа Өрхтийн гашуунд юм. Сүүлийн хэдэн жил зуд зурхнаас дайжиж хойшоо Сэлэнгийн Орхонтуул, Төв аймгийн Баян, Дорноговийн хойд тал руу нүүж тэрнийхээ хэрээр хохирол бага амссан тухайгаа аварга малчин маань дурсаж ярив. Хөдөө нутагт ийм л сайхан хавар болж, малчин, мал хоёр жаргалаараа байгаа нь Дэрэнгийн хөдөөгийн дүр зураг.
-Өвөл өнжсөн, хавар нь бас зуныг далласан дэлгэр сайхан болж байна гэж малчид сэтгэл өег байнаа. Хөдөөд соёлжжээ гэж болно. Айл бүрийн гадаа машин, мотоцикл алаглаад, телевиз үзэж хот хүрээний сонин сайхныг өдөр нь үзэж мэдэрч байнам. Энэ тухай танил малчин ярихдаа:
-Дээхнэ үед газрын эвийг харж байж гэрээ барьдаг байсан бол одоо гар утас холбогдож байгаа буйр сонгон буудаг боллоо гэж байлаа. Энэ бол үнэхээр соёл л доо. Хэн хүнд ажиглагддаг нэг гаждуу соёл нь малчид морь мал унах нь ховордож голдуу мотоцикл хөлөглөх болсон явдал. Үүнийг техникийн дэвшил гэх хүн ч байх юм. Харин хашир малчид хүн мал хоёрын харьцаа холдож байна гэж шүүмжилдэг. Энэ оносон үг байх л даа. Бас хөдөөд өвөлжөө, хаваржаа, худаг усны асуудал нэлээд байгаа гэнэ. Малчин Д.Доржпаламын
-Өөр сумын айл манайхны бүр гэрчилгээтэй хаваржаанд хүртэл хашаа барина гэж байх юм хэлсэн үг нэгийг бодогдуулав. Гэтэл энэ газар нутгийн маргаантай асуудалд сум, баг төдийлэн анхаарахгүй байгаа нь бас ажиглагдав. Бас багийн тов гэж ичмээр газар байх юм. Балгас л даа ер нь. Энэ буйдхан сууринг төр засгийнхан байтугай аймаг орон нутгийн дарга нар нь хүртэл мартсан шиг. Нэгдлийн үед бригадын төв гэж улаанбулантай, халуун устай, агент худалдаатай тун догь байсныг энд дурсъя. Зуныг далласан хөдөөгийн өнгө төрх ийм л.
Дэлхий дэлэгнэсэн
Дэрэнгийн хавар аа гэж.
Зууны мэдээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих