Монгол Улсын уул уурхайн зевлөх инженер, техникийн ухааны доктор Д.Галсандоржтой ярилцлаа.
-Зэсийн үнэ уруудаад бүр 4900 ам.доллар руу орчихлоо. Металлын зах зээл дээр яг юу болоод байна вэ, зэсийн үнэ буурсан шалтгаанаар яриагаа эхэлье?
-Дэлхийн эдийн засаг саарч байгаа учраас ганц зэс ч биш нүүрс, төмрийн зах зээлийн үнэ унаад их хүнд байна. Эрдсийн гол хэрэглэгч Хятадын хэрэглээ саарч байгаа. Хөрөнгийн биржүүдэд өнгөрсөн даваа гаригт огцом уналт боллоо. Хятадын бирж дээр алдагдал гарсан. Ялангуяа томоохон биржид тооцогдох Шанхайн бирж дээр том алдагдал боллоо. Хятад Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Энэ байгууллагын өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Зэсийн үнийг Лондон, Нью-Иоркийн металлын бирж зарладаг. Европын үйлдвэрлэгч, худалдан авагчид Лондонгийн биржийн зарласан үнийг хэрэглэдэг бол Нью-Иоркийн металлын биржийн үнийг хойд, өмнөд Америкийнхан ашигладаг.
Шанхайн биржийн үнийг Хятад, Азийн худалдан авагчид хэрэглэдэг. Тэр дундаа Шанхайн металлын бирж дээр зарагдаж байгаа алт, мөнгө, бусад эрдсийг Хятадын дотоодын худалдан авагч гэхээс илүү бусад бүс нутгийнхан нь авдаг. Дэлхийн худалдааны байгууллага болон бусад улсууд Хятадын юань, дотоодын ханш нь хэтэрхий өндөр гэж шүүмжилж байсан. Эдийн засгийн байдалтай уялдаж байгаа эсэхийг анхаарах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн л дээ. Тэгээд Хятадын төв банк юанийн ханшаа сулрууллаа. Ингэж сулруулсан нь Хятадын экспорт, импортын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлсөн. Ялангуяа металлын бирж дээр. Лондонгийн металлын бирж дээр зарагддаг цэвэр зэсийн үнээс Шанхайн металлын бирж 100-300 ам.доллараар өндөр байдаг.
Учир нь хятадууд зэсийг стратегийн түүхий эд гэж их хэмжээгээр нөөцөлдөг. Их хэмжээний худалдан авалт хийж зэсийн нөөц гэж байгуулдаг байсан. Хэрэглээ өндөр, бас юаниар үнийг нь тогтоодог учраас валют руу шилжүүлэхээр өндөр гардаг байсан юм. Харин сүүлд үнийг нь тэгшитгэх арга хэмжээ авсан. Хятадын эдийн засгийн өсөлт зургаа, долоон хувьтай, бодит байдал дээр түүнээс ч доошоо явж байна. Санхүүгийн хүндрэлд орсон учраас өнгөрсен оны сүүлээс ганц зэс ч биш нүүрс, төмрийн салбарын худалдан авагчид багасчихлаа.
Зэсийн нөөц их байсан нь ч бас нөлөөлчих шиг боловуу?
-Сүүлийн хоёр, гурван жилд зэсийн нийлүүлэлт хэрэглээнээсээ ихээхэн өндөр байсан талтай. Ялангуяа Лондон, Нью-Иорк, Шанхайн металлын биржийн агуулахуудын нөөц байнга өсч байсан. Одоо нөөцийн хэмжээ дээд цэгтээ хүрлээ. Нөөц өссөн нь зэсийн үнэ уруудах бас нэг шалтгаан болсон.
-Монгол Улсын төсөвт зэсийг бараг долоон мянга дөхүүлээд тавьчихсан. Төсөвт том дарамт ирэх нь тодорхой боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?
-Өнгөрсөн жил Сангийн яам зэсийн үнийг 6900 ам.доллараар төлөвлөж улсын төсөвт оруулаад батлуулсан. Эрдэнэт үйлдвэр арай бодитойгоор 5900 ам.доллараар төлөвлөсөн юм. Харамсалтай нь сүүлийн хоёр, гурван сард цэвэр зэсийн үнэ зах зээл дээр нэг тонн нь 5000, одоо 4900 болчихлоо. Эрдэнэтийн төлөвлөгөөнөөс тонн тутамд 1000 ам.доллараар, улсын төсвийнхөөс бүр 2000 ам.доллараар доошоо орчихоод байна. Ийм том зөрүү гарчихаар төсөв яах нь тодорхой л доо.
-Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспорт анх төлөвлөснөөсөө 60 хувьтай, орлого бол бүр эрс буурчихлаа. Тэгэхээр төлөвлөгөөний үндэслэл хэр сайн байв аа, үндэслэлгүй баахан тоо тавьчихсан юм биш үү?
-Өнгөрсөн онд төсөв хэлэлцэхийн өмнөхөн Засгийн газрын асуудал яригдаж байсан шүү дээ. Уг нь Эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөгөө хийдэг. Сайд нь яах нь мэдэгдэхгүй байж байгаад төлөвлөгөөгөө хийж чадаагүй. Ийм шалтгаанаар Эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, орлогын төлөвлөгөөг Сангийн яам хийчихсэн л дээ. Монголын зэсийн баяжмалын экспорт 2014 оны гүйцэтгэлээр нэг сая 380 мянган тонн болсон юм. Харин 2015 онд нэг сая 250 мянган тонноор төлөвлөсөн. 120 мянган тонноор бага төлөвлөсөн. Ганц зэс ч биш, нүурсийг бас буулгаж төлөвлөсөн. Сангийн яам зах зээлээ мэдэрсэн үү, экспортын төлөвлөгөөг бага авсан. Харамсалтай нь экспортын үнийг өндөр авсан.
6900 бол том тоо. Гэтэл энэ оны эхний долоон сарын дундаж 5000 орчим ам.доллар байна. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспортын төлөвлөгөө тоо хэмжээгээр бол биелнэ. Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Ганц зэсийн баяжмалаар ч биш алтаар нэмэгдэж байна. Энэ жил 20 тонн алт гаргана. Экспортоос олсон зэсийн баяжмалын орлого, нөөц ашигласны төлбөрийг эхний найман сарын байдлаар аваад үзвэл ойролцоогоор 90 сая ам.доллар орсон байгаа. Үүний 60 хувь нь Эрдэнэт, 40 хувь нь Оюутолгойгоос орсон.
-Эрдэнэт үйлдвэрийн хүнд байдалд орсон шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?
-Эрдэнэт үйлдвэр үндсэн нөөц ашигласны төлбөр таван хувь дээр нэмээд 11-12 хувийн татвар төлж байгаа. 16-17 хувийн татвар төлж байгаа гэсэн үг. Харин Оюу толгой таван хувийн татвар төлдөг. Татварын хувь ачаалал болж байгаа. Бас Эрдэнэт үйлдвэрийн нэг тонн цэвэр зэс гаргах зардал нь маш өндөр.
- 3 э с и й н үнийн одоогийн бууралт Эрдэнэт үйлдвэрийн зэс үйлдвэрлэх зардлаас уруудчихсан. Үйлдвэрийн хувьд одоохондоо зардлаа хэмнээд ажиллаж байна. Зэсийн үнэ дахиад мэдрэгдэхээр уруудвал Эрдэнэт яах бол?
-Эрдэнэт нэг тонн цэвэр зэс гаргахад 5300- 5600 ам.долларын зардал гаргадаг. Гэтэл өнөөдөр 4900 болсон гэхээр дор хаяж 400 ам.долларын алдагдалтай болчихсон. Гэхдээ зардлаа бууруулах талаар ажиллаж байгаа. Энэ тал дээр Эрдэнэтийн удирдлагын баг бас ч гэж сайн ажиллаж байна. 2012 онд нэг тонн цэвэр зэс гаргах зардал 6000 ам.доллар гарч байсныг бууруулаад байгаа нь энэ. Импортын худалдан авалтын, үйлдвэрлэлийн бус зориулалттай нэгжүүдийн, гадаад томилолтын, эрчим хүчний гэх мэт зардлуудаа хасч байна. Цалингаа нэмэхгүй тогтвортой барьж байгаа. Гэхдээ дэлхийн зах зээл дэх зэсийн үнийг харахаар зардпаа дахиад ч буулгах ёстой. Эрдэнэтийнхэн зах зээл дээр үнэ унаж байгаатай тэмцэх төлөвлөгөөгөө гаргачихсан. 4500 ам.доллар хүртэл унасан ч ажиллана гэсэн төлөвлөгөө хийсэн. Нэг сайн мэдээ бий. Өнгөрсөн долдугаар сард Эрдэнэт үйлдвэр зэсийн хүчин чадлаа нэмсэн. 26 сая тонн баяжмалын хэмжээгээ жилд 32 сая тонн хүргэе гэж байгаа. Шинэ үйлдвэрийн туршилт тохируулгыг хийж байна. Тэгэхээр энэ ондоо нэмэгдэх баяжмалын хүчин чадал сайндаа л 15 мянган тонноор нэмэгдэх байх.
-Эрдэнэтийнхэн 4500 ам.доллар хүртэл тэсч ажиллана гэж ойлголоо. Зэсийн үнэ энэ хэмжээнээс буувал ямар байдал үүсэх бол?
-Төлөвлөгөө хийсэн учраас зэсийн үнэ 4500 ам.доллар хүртэл уруудвал ажиллах нь тодорхой. 4000 ам.доллараас ч доошилж магадгүй гэсэн үнэ яригдаж байгаа. Дэлхийн зах зээлийн томоохон шинжээчид, банк, хүрээлэнгүүд нарийн прогнозоо гаргахын завдалгүй сүүлийн хэдэн долоо хоногт л ийм шокболлоо. 5500-гаасзуу зуугаар буусаар байгаад 4900 рүү орчихлоо. Ингэж огцом буурна гэж хэн ч хэлээгүй байхад 4500 руу буурвал ингэнэ, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг түр хугацаагаар багасгана гэсэн арга хэмжээг Эрдэнэтийнхэн аваад эхэлчихсэн нь сайн тал. Би эрдэс баялгийн эдийн засагчийн хувьд Эрдэнэтийн татварын асуудал дээр нь анхаарч, санхүүгийн туслалцаа үзүүлэх цаг болсон гэж бодож байна. Тэртэй тэргүй алдагдалтай ажиллаад ирвэл татвараа төлж чадахгүй нь тодорхой. Алдагдалтай ажиллавал найман жилийн турш ч татвараа төлөхгүй байж болохыг ашигт малтмалын хуулиараа зөвшөөрчихсөн. Монгол Улсын төсвийн орлогын бараг 60 хувийг зэс хийж байгаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл төсвийн орлого тасарна гэсэн үг.
-Зэсийн үнэ огцом уруудаж эхэлсэн ийм үед Эрдэнэтийн авч байгаа арга хэмжээ хэр зөв бэ?
-Цэвэр зэс гаргаж байгаа олон улсын томоохон компаниудын авдаг арга хэмжээг л авч байна. Зардпаа бууруулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь зөв. Зардлаа бууруулаад байгаа ерөнхий аргыг нь харахаар хэлэх зүйл бий. Импортын тоног төхөөрөмжийг хасч байна. Томилолтынхоо зардлыг хасч байна. Энэ мэтээр өнгөц хараад байна л даа. Сайн ажиллаж байгаа ч олон улсын өрсөлдөх чадвар тааруу гэж хэлнэ. Нэгдүгээрт зардал 6 өндөр байна. Хоёрдугаарт технологийн шинэчлэл тааруу. Уг нь технологийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх ёстой. Эрдэнэт бол 1978 оноос ажиллаж байгаа хуучин үйлдвэр. Баяжуулах үйлдвэрийнх нь шинэчлэлтийг олон удаа хийсэн. Өнөөдөр Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт Америк, Финлянд, Хятад, Орос зэрэг арав гаруй орны тоног төхөөрөмж байдаг.
Секц тус бүрд нь янз бүрийн орны үйлдвэрийн баяжуулах тоног төхөөрөмж ажиллаж байгаа.Технологийн бодлогоо оновчтой болгох, үр ашгийг нь дээшлүүлэх цаг болсон. Зэсийн баяжмалын агуулга 26-28 хувь байх ёстой. Гэтэл Эрдэнэтийнх 22 хувь байх жишээний. Баяжуулах үйлдвэрийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт бол металл авалт өөрөөр хэлбэл зэс авалт. Эрдэнэт үйлдвэр дээр 86 хувьтай, Оюу толгой дээр 88-90 хувьтай байна. Дэлхийн шилдэг үйлдвэрийнх Оюу толгой хавьцаа байдаг. Тийм учраас зэс авалтыг нэмэгдүүлэххэрэгтэй. Метапл авалтыг нэмэгдүүлж байж баяжуулах үйлдвэрийн зардлыг ихээхэн бууруулах боломжтой.
-Эрдэнэтийн баяжмал хэр үнэтэй зарагддаг вэ, дэлхийн зах зээлийн дундажтай харьцуулбал...?
-Ний нуугүй хэлэхэд Эрдэнэт баяжмалаа дэлхийн зах зээлийн дунджаас бага үнээр зарж байгаа. Тийм учраас түрүүн ярьсан хоёр асуудлыг л ажил болгомоор байгаа юм. Технологио цогцоор нь шийдэхээс гадна зэсийн баяжмалын экспортын маркетинг дээр ажиллах хэрэгтэй. Орлого мөнгөн урсгалын менежмэнтийг цогцоор нь удирдах учиртай. Түүнээс биш зүгээр нэг зарим төрлийн зардал хасаад шийдэх асуудал биш. Импортоо хасакын зэрэгцээ баяжмалын экспортынхоо үнэлгээг нэмэххэрэгтэй. Тийм боломжууд бий. Энэ дашрамд нэг зүйл хэлмээр байна. Ернь Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийг удирдах асуудал дээр анхаарах зүйл бий. "Эрдэнэт”, "Монросцветмет"- ийн удирдах зөвлөлийн хурал сүүлийн хоёр жилд болсонгүй. Шалтгаан нь төрийн яамдын бүтцэд орсон өөрчлөлт. ТӨХ, "Эрдэнэс МГЛ”-ын уялдаа холбоо гэсэн том шалтгаан бас байгаа. Оросын талтай ажлынхаа уялдаа холбоог идэвхжүүлэхгүй байгаа тал бий. Зах зээлийн өөрчлөлттэй холбоотой үйлдвэрлэл, санхүүгийн зэрэг маш олон асуудал байна. Энэ асуудлуудыг шийдэхгүй, төлөвлөгөөг нь албан ёсоор баталж өгөхгүй яваад байна л даа. Хамтарсан үйлдвэрүүдийг удирдах асуудлаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй.
-Ирэх онд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ гэсэн хүлээлт бий. Хүлээлт ажил болбол зэсийнсалбар ирэх жилүүдэд дажгүй өнгөтэй байх болов уу. Та юу гэж бодож байна?
-Далд уурхайг ашиглах төлөвлөгөө гэж хийсэн байгаа. Төлөвлөгөө цаашдаа хэрэгжиж, хөрөнгө оруулалт нь орж ирж, Оюу толгойн далд уурхай 2018 оноос ажиллаад эхэлбэл Монголын зэсийн' салбар өөр болно л доо. Эрдэнэтийн үйлдвэрлэлийн буурч байгаа хэсгийг Оюу толгойгоор нөхөх боломж гарч ирнэ. Цаашлаад Цагаан суваргын орд газрыг ашиглалтад оруулах асуудлыг шийдвэл Монголын зэсийн салбар өнөөгийн түвшнээ хадгалаад цаашаа явах найдлага бий.
-Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал дээр таны байр суурийг сонсъё?
-Аж үйлдвэрийн яамнаас аж үйлдвэрийн салбар, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлье гээд концепци баталсан. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудалтай холбогдуулаад нэгж байгуулчихсан. Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт байгуулах Засгийн газрын шийд гарсан байгаа. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Өнөөдөр 22 хувийн агуулгатай зэсийн баяжмал гаргаж байна. Үүнийг 99.99 хувийн агуулгатай болгочихвол экспортын орлого дөрөв дахин нэмэгдэнэ. Олон арван жил ярьсан. Өнөөдөр ажил болгох тал руу хандах цаг болсон. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж ирж байж л зах зээлийн уналтад өртөхгүй амьдарч чадна.
-Манай гол зах зээл Хятадын хувьд баяжмалаар нь авах сонирхолтой. Зэс хайлуулах үйлдвэр дээр энэ асуудлыг харгалзаж үзэж таарах байх...?
-Хятадад баяжмалаар авах сонирхол байгаа гэдэг нь үнэн. Үүнтэй уялдуулаад зэс хайлуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг бодох хэрэгтэй. Үндэсний үйлдвэр байх уу, гадаадын компанитай хамтрах уу гэдгээ ч ярих учиртай.
-Бидний бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл дээр Оюутолгойтой өрсөлдөхөөр, ойрын хугацаанд ашиглалтад орох том орд байна уу?
-Ойрын хугацаанд ашиглалтад орох ордууд бий. Сибирьт байгаа Удоканы орд газар. Нөөц нь цэвэр зэсээр 25 сая тонн. Оюу толгойтой бараг ойролцоо. Эрдэнэтээс гурав дахин их. Энэ ордыг ашиглах асуудал олон жил яригдсан. Саяхан сэргээд, Хятадтай хамтарч ажиллая гэсэн яриа хэлэлцээ явж байгаа. Хятадын хилтэй их ойрхон л доо. Удоканы ордын хувьд технологи, хөрөнгө оруулалтын асуудал бий. Энэ асуудал нь шийдэгдчихвэл удахгүй ашиглалтад орно. Манай Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суваргатай өрсөлдөх томоохон орд гараад ирнэ гэсэн үг. Удокан ажиллаад эхэлбэл манай зэсийн экспортын үнэлгээ буурах, хятадууд Монголоосхудалдан авах баяжмалын хэмжээгээ багасгах эрсдэлтэй» Үгүйсгэх аргагүй болгоомжлол. Ганцхан Оросын орд ч биш, Чили, Аргентин, Өмнөд Африкийнх ч байна. Олон орд газрууд хөрөнгө оруулалтаа хайж, зах зээлээ хүлээгээд байж байгаа.
-Дэлхийн зах дээр зэсийн үнэ цаашид яах бол, шинжээчдийн таамгийг багцлаад харахаар ямар чиг харагдаж байх юм?
-Зэсийн үнэ энэ жил өсөх найдлага байхгүй. Ирэх онд ч ялгаагүй. Зэсийн бараг 50 хувийг хэрэглэж байгаа Хятадын эдийн засаг доошиллоо. Худалдан авалт багасчихлаа. Зах зээл дээр илүүдэл гарчихсан, үнэ өсөхгүй бодитой хандлага харагдаад байхад үнэ өснө гэж таамаглах аргагүй л дээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих