Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр "МТЗ” Төрийн өмчит компанийг "Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл дуулиан тариад амралтын өдрүүдтэй золгосон. Дээрх мэдээллийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн таамаглал дэвшүүлж "МТЗ-г "Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь” гэцгээсэн юм. Харин албаны эх сурвалжуудын мэдээлснээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээр дурдсан асуудлыг хэлэлцэх боломжгүй. Учир нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийн тулд эхлээд яамдын саналыг авах ёстой. Гэтэл нэг ч яаманд дээрх асуудлаар санал авах бичиг ирээгүй аж. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй гэлээ.
Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдэг таамаглал батлагдахгүй байна. Энэ тохиолдолд Ерөнхий сайд Дубайн гэрээний нэгэн адил өөрийн захирамжийг гэнэт гаргаад шийдэж мэдэх юм. Гэвч энэ нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж таарна.
Энэ талаар сошиал медиагаар "МТЗ”-ыг Эрдэнэс МГЛ руу шилжүүлж байгаа нь Хүний хөгжил сангийн тухай хуулийг зөрчсөн хэрэг болно”, "Монголын Засгийн газрыг төлөөлж Шиньхуатай гэрээ хийх эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийм арга ядсан алхам хийхэд хүрлээ” гэсэн шүүмжлэлтэй үгс хөвөрч байна.
Өнгөрсөн хавар буюу 2014 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Төмөр зам барихад зориулж "Чингис” бондоос 450 сая ам.доллар гаргасан. Газар шорооны ажил нь хийгдэж байгаа гэдэг. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замаа барьж чадаагүйтэй холбоотой", УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Төмөр зам төслийн 50 гаруй тэрбум төгрөгөөр ажил хийгээгүй, шороонд булаад хаячихсан” гэхчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд хариуцлагагүй мэдэгдэл хийж байсныг тод санаж байна. Яг ийм өнцгөөр Шинэ төмөр замын төсөлд ашиг сонирхлын бүлэглэлийн байр суурийг илэрхийлэх байдал үргэлжилсээр одоо бүр албажиж,Засгийн газрын шийдвэр болон батлагдах магадлалтай байгаа аж. Энэ талаарх мэдээллүүдээс харахад "Ерөнхий сайдын шийдвэрээр...” хэмээн тодотгосон нь ч "Энержи ресурс”, "MCS”-ийн бүлэглэл хэрхэн улайрч буйг анзаарч болгоомжлох цаг болжээ. Тиймээс ч холбогдох эрх зүйн баримт бичгийн талаар эргэн сануулах нь зүйтэй болов уу.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2012 оны 121 тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам буюу Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах зорилгоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон байдаг. Мөн 2013 оны ЗГ-ын 22 дугаар тогтоолоор төмөр замын суурь бүтцийг "Барих-Ашиглах-Шилжүүлэх” концессын эрхийг МТЗ-д олгосны дагуу МТЗ нь Төмөр замын тээврийн тухай хуульд заасан Суурь бүтэц эзэмшигчийн эрх үүргээ төрийн өмнөөс хэрэгжүүлэх ёстой байгууллага нь юм. Үндэсний баялаг болсон уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий том ордыг ашиглахдаа хөрөнгө оруулалт, уул уурхайн ашиглалт, тээврийн дэд бүтцийг нь төрийн бодлогоор цогцоор нь шийдэж чадвал улс орны эрх ашигт нийцнэ гэдэгт итгэдэг монгол хүн олон бий. Харамсалтай нь үүнийг эсэргүүцдэг монголчууд нэмэгдэх боллоо. Тухайлбал, энэ бүх цогц асуудлыг нэг л компани буюу консорциумын мэдэлд бүгдийг нь шилжүүлнэ гэж зүтгэж, тэмцэж, улайрч байгаа нь хэрэв үнэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төмөр замыг барих, ашиглах, тээвэрлэх эрхийг "Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд шилжүүлэх гэж буйгаар бүр тод илрэх юм. Б.Бямбасайхан сайн менежер байж болно. Гэхдээ Оюутолгой төсөлд Энержи ресурс, MCS-ийн талд хэрхэн үйлчилснийг бид мартаагүй. Яагаад Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан гэдэг хоёр "Сайхан” Оюутолгой, Тавантолгой гэдэг хоёр "Толгойн” асуудлыг шийдэх ёстой юм бэ. Тэднээс гадна С.Баяр, С.Баярцогт гээд хоёр "Баяр”-ын эрх ашиг, гар нийлэн ажилласан шийдвэр, хамтын эрх ашиг хүртэл энд хамаатай юм бэ гэдгийг сайн хараарай.
Дашрамд дурьдахад Б.Бямбасайхан нь Н.Алтанхуягийн Засгийн газар солигдох үед Уул уурхайн сайд, эсвэл Эрчим хүчний сайдад нэр дэвших байх гэсэн таамаг, хөөцөлдөлгөө байсан ч, "ЭЗЭН-100”-гийн зохицуулагч байсан гэдгээр УИХ дээр дэмжлэг авахгүйг нь мэдрээд "ЭрдэнэсМонгол”-ыг хариуцуулсан нь сайдын энтэй "шагнал” биш гэж үү. Харин одоо тэрбээр шагналынхаа "төлбөрийг” хийх цаг болжээ.
Дубайн "төлөвлөгөө” нь Дубайн гэрээ болж хувирсныг "төлөвлөгөө батлалцсан” талынхан илчилж орхисон. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр энэ талаар тайлбарлахдаа "Энэхүү төлөвлөгөө нь эрхзүйн үндэслэлийн хувьд УИХ-ын тогтоолуудыг баримталж ажиллах бөгөөд УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, 2015 оны 41 дүгээр тогтоолоор Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах,Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Монгол Улсын Ерөнхий сайд 2015 оны 25 дугаар захирамжаараа Оюутолгой төслийн хэрэгжилт, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар яриа хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, 94 дүгээр захирамжаар тус ажлын хэсгийн удирдамжийг баталсан юм. Ажлын хэсэг удирдамжийн дагуу хэлэлцээний явцыг тухай бүр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд танилцуулж байсан бөгөөд Засгийн газрын хуралдааны шийдвэрийн үндэслэн Ерөнхий сайдын 2015 оны 99 дүгээр захирамжаар хувь нийлүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирлуудад олгосон. Удирдамжийн биелэлтийг нягтлан үзсэний үндсэн дээр Ерөнхий сайд 123 тоот захирамж гаргаж, төлөвлөгөөг эцэслэн албажуулж, гарын үсэг зурахыг зөвшөөрсөн юм” гэсэн байдаг.
Энэ удаад ч Ерөнхий сайд ээлжит захирамжаа гаргаж Тавантолгойн төмөр замын асуудлыг бие даан шийдэх гэж буй бололтой. Нэг компанид уурхайн олборлолт, боловсруулалт, борлуулалтыг хариуцуулж болох ч төмөр зам барьж дангаараа ашиглах, оператор хийх, тариф тогтоох, тээврийн үйлчилгээ үзүүлэх зэрэг онцгой эрхийг нэмж олгох нь манай улсын хувьд яаж ч бодсон сайн хувилбар биш.
Уурхай авсан компанид дэд бүтцийг эзэмшүүлж ашиглуулах монополь эрх олговол ямар сөрөг үр дүнд хүрч болдгийг хэлэх хол ойрын жишээ олон бий. Ойрын жишээ гэвэл Тавантолгойгоос боомт руу нүүрс зөөдөг авто замыг Энержи ресурс барьж ашиглаж байсан. Барьж байхад нь бол байгаль орчинд ээлтэй тоос босохооргүй сайхан болно гээд ярьж л байлаа. Гэтэл ашиглалтад ороод зөвхөн өөрийн компаний машинуудыг явуулаад өөр компаний тээвэрлэлтийг хийлгээгүй, бусад нь нөгөө тоос шороогоо манаргасаар өчнөөн хэрүүл уруул болж байж төр мөнгө гаргаж өөртөө авсан. Холын жишээ гэвэл 2010 онд Дэлхийн банкнаас "Тээврийн стратеги” бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хүрээнд Монгол улсын уул уурхай, тээвэр болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан 10 гаруй удирдах төвшний, мэргэжлийн хүмүүсийг Австрали улсад урьж уул уурхайн тээвэр, дэд бүтцийг яаж зохион байгуулвал илүү зүйтэй байх талаар сайн муу тодорхой жишээн дээр газар дээр нь танилцуулж байсан. Тэнд уурхайг нь төмөр замтай нь нэг компанид өгчихсөн байж. Гэтэл тэр бүс нутгийн бусад уурхай, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг өнөөх компани нь өөрийн замаараа явуулахаа болиод Засгийн газар нь аргагүйдэж барьсан замтайгаа 400 гаруй км урт зэрэгцээ төмөр зам тавьж байж асуудлыг нь шийдсэн байдаг.
Өнөөдөр бид уул уурхайгаа хөгжүүлж байгаа нь энэ гээд бусдаас хараат болчихсон, эсвэл хөгжүүлээд ард олныхоо амьдрал ахуйг сайжруулаад цаашид эдийн засгаа төрөлжүүлээд явж байгаа олон орны алдаа онооноос сурч, үзэж харж байна. Энэ бүхнийг мэдсээр байгаад алдаа хийвэл хойч үедээ, үр хүүхэддээ юу хэлэх вэ? Энэ тухай ч саяхан З. Энхболд дарга ярьсан удаатай. Харин "Женко” Х.Баттулгын хувьд түүнийг хувьдаа харамлаад байгаа мэтээр ярьдаг болохоос үнэн хэрэгтээ энэ л үндэстний нийтлэг эрх ашиг, айсуй аюулын тухай ярьсаар залхаж буй шинжтэй.
МТЗ Шинэ төмөр зам төслөө хэрэгжүүлэхдээ Төмөр замын тухай хуулинд заасан Суурь бүтэц эзэмшигчийн үүрэг буюу суурь бүтцийн нэвтрүүлэх хүчин чадлыг харгалзан тээвэрлэгч, түүний дотор өөрийн харъяаллын буюу өөрийн хөрөнгө оруулалттай тээвэрлэгчтэй суурь бүтэц ашиглалтын гэрээг ижил нөхцөлөөр байгуулж, тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн үүргээ биелүүлэх нь тодорхой.
Төмөр замыг хамтад нь Консорциумд шилжүүлэх нь одоо Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомж, зөвлөмж эрх зүйн актуудтай зөрчилдөж байна.
Аливаа том төслийг гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай боловч хамгийн гол нь хоёр тал харилцан ашигтай, эрх тэгш байдлын үндсэн дээр аливаа гэрээ хийгдвэл тэр нь цаашдаа бодитоор хэрэгжих боломжтой болдог. Харин хөрөнгө оруулагчаа сонсож, ойлголцох нь зүйтэй гээд Монгол Улсынхаа эрх ашиг, хууль тогтоомжийг цаад талын саналд зохицуулаад явна гэвэл зүйд үл нийцнэ. Төмөр замын тээврээ төр өөрийн мэдэлд байлгах нь хамгийн чухал асуудал.
Одоо улайрч байгаачлан "Төмөр замаа 30 жилээр өгөөд дараа нь 51 хувийг төр авна” гэдэг бол хамгийн муу тохироо. Өмнө нь энэ чиглэлийн замыг төрд нэмэлт дарамт үүсгэхгүй гээд үндэсний компанид өгөх оролдлого хийгдэж байсан. Тэр үед хийж байснаас дордуулсан нөхцөл болох нь гэж салбарынхны халаглаад байгаа нь ч үнэний хувьтай.
Тухайлбал, 2012 оны 5 сард тухайн үеийн Засгийн газар энэ чиглэлийн төмөр замыг "MCS”-д концессоор өгсөн байсан. Тэр үед 18 жилийн дараа 100 хувь төрд авахаар гэрээлсэн байсан. Одоо болохоор 30 жилийн дараа 51 хувиа төр авна гэхээр дордуулсан нөхцөл мөн байгаа биз. 30 жил ашиглагдсан замын үлдэх хувийг хэзээ бүрэн хэмжээгээр төрийн мэдэлдээ авах юм бэ, хэн оператор байх юм, дараа нь ямар ашиг орлого олох юм бэ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол 10 жилд өртгөө нөхөх тооцоотой хамгийн ашигтай зам. Төмөр замын тээвэрлэлт эхэлсэнээс хойш 25 жилийн дотор хөрөнгө оруулалт зардлаа нөхөн улмаар 1,9 тэрбум долларын ашиг олох тооцоог олон улсын санхүүгийн зөвлөхүүд гаргасан байдаг. Энэ бол зүгээр нэг тооцоо биш олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахад үндэслэл болох тооцоо. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид маш сайн мэдэж байгаа учраас "Шинэ төмөр зам төслийн” чиглэлүүд дотроос IRR буюу хөрөнгө оруулалтын өөрийн өгөөж нь хамгийн өндөр байгаа энэ чиглэлийг онцгой сонирхох болсон.
Цаашдаа "МТЗ” компани олсон ашгаараа бусад чиглэлийн төмөр замаа барих боломж нээгдэх юм. Өнгөрсөн онд БНХАУ-тай байгуулсан транзит тээврийн гэрээгээр Монгол улс төмөр замын тээврийн хөнгөлттэй тариф авахаар тохирсон. Энэ хөнгөлөлтөө Монгол улс ашиглах ёстой. Гэтэл төмөр замаа консорцимд шилжүүлчихвэл Монгол улс энэ боломжоо бүрэн утгаар нь хүртэх нь эргэлзээтэй болчихно.
Нэг жишээ дурьдахад Төрийн өмчит "МТЗ” компанийн байранд өнгөрсөн хоёрдугаар сард Шиньхуагийн ажилчид шалгалт хийж байна, эрхийг нь авах гэж байна гэсэн мэдээг сонсоод монгол хүн бүр дургүйцэж байсан. Харин одоо энэ шалгалт үр дүнгээ өгч эхлэх нь үү, гэхдээ эрхийг нь авах ажлыг монголчуудын дургүйцлийг төрүүлэхгүй байх, тойруу замаар хийх нь гэсэн сэжиг энэ мөчид төрж байна. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох, хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавих нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байлтай. МТЗ ТӨХК бол хууль тогтоомжийнхоо хүрээнд олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлээд явж байгаа төрийн өмчит компани. Нөгөөтэйгүүр, "МТЗ” бол Хятадын компаниудтай хамтрахгүй гэсэн байр суурийг огт баримталдаггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л "Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой холбох төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын ажлыг санхүүжүүлэх, төмөр замын суурь бүтэц барих, шилжүүлэх ажиллагаатай холбогдсон хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэхөнгөрсөн долдугаар сарын 21-нд "Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Мөн энэ өдөр "Шинэ төмөр зам” төслийн ажилд хөрөнгө оруулалт хийх асуудлаар БНХАУ-ын Хятадын харилцаа холбоо, барилга угсралтын компанийн Дэд ерөнхийлөгч Пэн Дапэнг нар хэлэлцээ хийж "Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан.
Тэгэхээр "МТЗ”ТӨХК удирдлага нь хэн байна вэ гэдгээс эс шалтгаалан төрийн нэрийн өмнөөс албан үүргээ гүйцэтгэсээр байгаа. Харин Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох, хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавих нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байтал Ерөнхий сайд захирамж гаргаад асуудлыг шийднэ гэвэл Дубайн гэрээний л араас орсон асуудал болж таарах нь.
С.Лантуу /ZALUU.COM/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих