Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АН-аас сайдууд нь чөлөөлөгдсөн яамдын Дэд сайдад нэр дэшигчдийг зарласан. Тэдний нэг нь Хүнс, хөдөө Аж Ахуйн Дэд сайдад санал болгосон Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг юм. Тэгвэл Д.Цэрэнчимэгийг Дэд сайдаар томилохыг Дорнод аймгийн намын нөхөд нь эсэргүүцэж буйгаа албан ёсоор зарлалаа.
Дорнод аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд, Сумдын ИТХ-ын төлөөлөгч нар, Аймгийн АН-ын хорооны гишүүд санал нийлүүлэн Д.Цэрэнчимэгийг намын нэрийн өмнөөс Дэд сайдын суудалд суух эрхгүй хүн хэмээх бичгийг гаргажээ.
Тэд сонордуулга бичгээ УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт хүргүүлсэн байна.
Дорнод аймгийн АН-ын төлөөлөгч нарын албан бичигт тэмдэглэснээр Д.Цэрэнчимэг нь аймгийнхаа АН-ын даргаар сонгогдсоноос хойш намаа хагалан бутаргасан, 60-аад хүнийг хууль бусаар халсан, намынхаа гишүүдийг гүтгэн доромжилж, хагарал үүсгэсэн үл бүтэх нөхөр гэжээ.
Дэд сайдын суудлын хуваарилсан АН-ын удирдлагуудад хүрч буй Дорнодын АН-ын төлөөлөгчдийн сонордуулгыг бүрэн эхээр нь хүргье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З. ЭНХБОЛД,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч. САЙХАНБИЛЭГ,
АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л. ЭРХЭМБАЯР ТАНАА
2015.08.24 Чойбалсан хот
Сонордуулах нь:
Дорнод аймгийн Ардчилсан нам болон орон нутгийн улстөрд үүсээд удаж байгаа нөхцөл байдлын талаар таны сонорт дахин хүргэе.
Нэг. Дорнод аймгийн ардчилсан намын даргаар Д.Цэрэнчимэг нь сонгогдон ажилласнаас хойш намын дотоод эв нэгдлийг хангахгүйгээр үл барам гишүүдийг өвөр хооронд нь талцуулж хуваан намд итгэх итгэлийг алдагдуулж байна.
Энэ нь өөрийг нь тойрон хүрээлсэн нэр хүндгүй цөөн хэдэн хүмүүстэй нийлж шударга гишүүдийг илтэд бүдүүлгээр гүтгэн доромжлох, хавчих, гадуурхах, худал цуурхал тараах зэргээр жигшээн холдуулж Дорнод аймгийн иргэдийн дунд намын нэр хүндийг унагааж итгэлийг байнга хөсөрдүүлж байна.
Мөн намын өмнөх удирдлагын зарим хүмүүстэй өөрт таалагдахгүй хүн бүрийг холбон гутаах, энэ зохиомол зүйлээ та бүхэнд шударга тэмцэгчийн дүрээр бодит биш, хуурамч мэдээлэл хүргэх ажлыг тасралтгүй улайран хийж байна.
Намын удирдлагын зүгээс Дорнод аймагт ирж бодит байдалтай газар дээр нь танилцаж шийдвэртэй арга хэмжээ авахыг хүсье.
Хоёр. Аймгийн Ардчилсан намын хорооны гишүүдээс 60-аад хүнийг шударга байсных нь төлөө татвар төлөөгүй нэрийдлээр сонгуульт гишүүний үүргээс нь хасч оронд нь Ардчилсан намын дүрэм журмыг илтэд зөрчин сэлгээ, дотоод сонгууль явуулалгүйгээр нэр хүндгүй тоо бөглөсөн найз нөхөд, хамаатан саднаараа дүүргэсэн нь намын хувь заяанд уршиг авчрах үйлдэл болж байна.
Дүрмийн бусаар оруулж ирсэн нөхдүүдийн ихэнх нь нам улстөрийн ямар ч ойлголтгүй, намын бодлого шийдвэр гаргахад оролцох мэдлэг, туршлагагүй, нэр хүндгүй хүмүүсийн цуглуулга болсон. Энэ дотроос орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшин суудал аваад ирэх хүн нэн ховор байна.
Харин намын хорооноос хууль бусаар хасагдсан хүмүүст, аймгийн ИТХурлын төлөөлөгч 9, сумын ИТХ-ын төлөөлөгч 20, аймгийн АН-ын дэд дарга 2, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн 7, сумын намын дарга, дэд дарга 8, орон нутгийн томоохон бизнес эрхлэгч 20, банкны салбарын захирал 4, иргэний нийгмийн байгууллагын удирдлага 8 хүн байна.
Дээрх хүмүүс нь ардчиллын үйл хэргийн төлөө 10-25 жил тасралтгүй амьдрал зүтгэлээ зориулсан орон нутагтаа нэр хүндтэй, ард иргэдийн итгэлийг даахуйц, 2016 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх чадвартай, бүх шатны сонгуулийн компанит ажлыг зохион байгуулах, оролцох туршлагатай намын шилдэг боловсон хүчин юм.
Гурав. Д. Цэрэнчимэг нь намынхаа гишүүдийг гүтгэн доромжлохоос гадна улстөрд олон жил зүтгэн үр бүтээл гарган ажиллаж байгаа гишүүдийг цагдаагийн байгууллагад гүтгэн шалгуулж дарамтлуулах ажлыг байнга хийж, олон түмний өмнө намын нэр хүндийг унагаагаад зогсохгүй сумдын намын дарга нараас намын тамга тэмдгийг хуулийн байгууллагаар хураалган авах хууль бус аргыг хэрэглэн цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын ажлыг хүндрүүлж хэрүүл тэмцлийн талбар болгон хувиргаж байна.
Дөрөв. Мөн Д. Цэрэнчимэг нь нам улстөрөөр олон жил зүтгэн одоогоор төрийн алба хашиж байгаа ардчилсан үзэл санаатай намын гишүүд, боловсон хүчнүүдийг хуулийн байгууллагад гүтгэн шалгуулах, ажлаас нь халуулах, чөлөөлүүлэхээр байнга хөөцөлдөж дарамтлах ажлыг хийхээс гадна төрийн ажлын хэвийн нөхцлийг алдагдуулан төрийн алба хаагчдын зэвүүцэл дургүйг байнга хүргэн нам төрд итгэх итгэлийг бууруулан, намыг муу муухай бүхний жишээ болгож байна.
Тав. Ардчилсан намын ИТХ дахь бүлгээс нэр дэвшин аймгийн Засаг дарга болсон С. Ганбатын эсрэг үйлдлүүдийг байнга хийж гүтгэлэг, жагсаал цуглаан хийж, түүгээр ч үл барам огцруулах санал дээр өөрийн нөлөөний гэх намын жагсаалтанд орж төлөөлөгч болсон Ч. Энхболд, С. Базаргүр, Н. Алтаншагай нарын гарыг өргүүлэн огцруулж намын гишүүн болон намынхаа бодлого шийдвэрийн эсрэг ажилласан.
Зургаа. Намын дотоод эв нэгдлийг хангадаггүй, элдэв муу бүхнийг сэдэн хуурамч мэдээллийг намын удирдлага, болон олон нийтэд хүргэн нэр хүндээ алдсан, зальхай, хуурамч, ичих нүүргүй Д.Цэрэнчимэгээр удирдуулан 2016 оны бүх шатны сонгуульд амжилт гаргах боломж байхгүй ба Д.Цэрэнчимэг нь ямар нэгэн улс төрийн томоохон албыг залгуулаад явах ёс суртахууны болоод ажлын чадвар хомс гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд бүрнээ харагдаж танигдсаныг таньд сонордуулья.
Төв намын зүгэээс Дорнодын Ардчилсан намд нүүрлээд буй дээрх асуудлуудыг цаг алдалгүй газар дээр нь шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх, дараагийн улс төрийн сонгуульд эмх цэгцтэй, нэгэн хүч, эв нэгдэлтэйгээр оролцон амжилт үзүүлэх, ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд санаа зовнил, зоримог шийдэл юу юунаас чухал байгааг уламжилья.
Сайн үйлс дэлгэрч, саар бүхэн ард үлдэг.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ГИШҮҮД
СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР
АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ХОРООНЫ ГИШҮҮД
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих