Чивчирсэн дэвүүрийн сэвэлтээр цэцгийн охийг хураах мэт
Чинэрсэн цээжний төглөөс үнэр анхилам намуу сэвшихүй нь
Чимээ аниргүй цэцгийн мандал буюу
Чангарсан нумны эвшээлтээр цахлай шувуу дэвэх мэт
Чандалсан нууцлаг инээдээс нь танан гэгээ гийхүй нь
Чагра мэлмийн гэрлэн бүрхүүл буюу
Чавхдаст босоо ятгаар уран хуруу таалан бүжих мэт
Чамин гоёмсог сарнайн уруулаар амрагийн дуу аялахуй нь
Чандаган цагаан сарны сонат буюу
Тосон будгийн тэврэлтээр хүрэхүйн хязгаарт
умбах мэт
Танхил хүзүү эгэм тааз бэлхүүсний галбир тодрохуй нь
Таашаан харахуйн амьд зохирол буюу
Татарсан борооны солонгоор өнгө өнгөтэйгээ үнсэлцэх мэт
Тансагхан зүсээр наадан харц харцаа олзлохуй нь
Талст болор тольны дурлал буюу
Өдөн бийрийн үзүүрээр гүнжийн нулимс дусаах мэт
Үүлэн хээт үсний ширхэгээр салхи хөгжимдөхүй нь
Үлэмжийн чанарын хоосон аялгуу буюу
Найрагчийн халамцуу үзгээр улаан дарс хундагалах мэт
Нанчид согтоом янаг зүрхний балаар шүлгээ ундаалахуй нь
Наалинхай хонгор бүсгүйн хөрөг буюу
А.Сүглэгмаа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11194
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих