"Валютын ханшаас шууд хамааралтайгаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Энэ нь хувь хүн болон айл өрхийн амьжиргаанд шууд нөлөөлөх нь дамжиггүй. Манай улсад гадаадаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний 65-75 хувийг урд хөршийнх эзэлдэг болохоор юанийн ханш дээшээ цойлох хэрээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь арга ч үгүй биз. Гэхдээ "Үнэхээр үнийг 11 нь нэмэхээс өөр аргагүй бараа бүтээгдэхүүний хажуугаар зарим төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг наймаачид далимдуулан нэмж байна" гэх хардалт олны дунд бий. Олны үг ортой гэдэг. Бодит байдал дээр ямархуу байгааг харахаар "Баянзүрх" худалдааны төвөөр өнгөрсөн бямба гаригт очлоо.
Нэгэн танил маань "Үнэхээр барааны үнэ тэнгэрт хаджээ" хэмээн өгүүлсэн. Тэрбээр "Худалдааны төв рүү 90 мянган төгрөгтэй орсон ч төлөвлөж байснаасаа хамаагүй цөөн зүйл авлаа. Махны тасгаар эргэлдэж эргэлдэж жаахан үхрийн мах жин дээр тавиултал, гурван кг гаруйтай гээд 35 мянган төгрөг болчихлоо. Килограмм нь 9500 төгрөг юм байна. Түүнээс цаашилж, хүнсний ногооны хэсэгт очив. Монгол төмс кг нь 900, лууван 1000, байцаа 1300, сармис боодол нь 1500 төгрөгийн үнэтэй байна. Гурван кг төмс, нэг бөөрөнхий байцаа, 500 гр сонгино гэсээр ногооны худалдагчид 7300 төгрөгөө тушаачихлаа. Ээждээ ганц сүү, гэртээ ганцыг гэж тооцоолоод савласан сүү хоёрыг авав. Нэг нь 2200 учраас 4400 төгрөгөөр худалдан авлаа.
"Чанартай орос алим, шинээр ирсэн" гэхээр нь хүүдээ үнэтэйгээс нь шилж байгаад хоёр алим автал 3600 төгрөг болчихов. Ширхэг өндгийг 380 төгрөгөөр тооцож, 3800 төгрөгөөр 10 өндөг боолгож авлаа. Талх чихрийн баяжуулсан талхыг хүү маань амтархан ипдэг болохоор луувантайгаас нь нэгийг 1500 төгрөгөөр авч, хольц болгохоор 400 граммтай бяслаг 6000, "Траст" компанийн талхан хиамнаас 5000 төгрөгт тааруулан авлаа. Хаврын улиралд хүүхдийнхээ дархлааг сайжруулах зорилгоор UFС компанийн үйлдвэрлэсэн найруулдаг "Био чацаргана" нэгийг 5000 төгрөгөөр авав. Хэтэвчтэй хэд маань нимгэрч байсан учраас мөнгөө дуусахаас өмнө саван, угаалгын нунтаг аваад гарахаар шийдээд ариун цэврийн болон гоо сайхны бүтээгдэхүүн зардаг хэсэгт очиж, таван ширхгээр савласан "Сатау" саванг 3500, "Lining" 00 цаас 9000 төгрөгөөр худалдаж аваад бушуухан гарахын хүслэн болов. Барьж яваа зүйлдээ ч түүртэж эхлэв. Захын үүдэнд очтол нөхөр маань тамхи авав. Хайрцаг "Раrliament" 3500 төгрөг. Ингээд л зогсоолд тавьчихсан байсан машиндаа орж хэтэвчээ үзтэл хэдхэн ширхэг зуутын дэвсгэрт л үлдсэн байсан" гэв.
Энэ бол ядуу ч биш, баян ч биш дундаж нэгэн өрхийн хэрэглээ. Түүнээс цуглуулсан хүнсээ хэдэн өдөр идэх вэ хэмээн асуувал, "Энэ хэр удаа аж. Сайндаа л хоёр гурван өдөр иднэ биз. Үүнээс илүүгээр нь цуглуулах чадал алга байна шүү дээ. Саяхан гурил будаагаа харин ахиухан авсан. Тийм болохоор юутай ч хэд хоногтоо санаа амар байж болох байх. Гэхдээ л мөнгө үнэхээр юу ч биш болжээ, цаас л гэсэн үг. Үүнийг мэдрэх аймаар байна шүү" хэмээж байлаа.
М.УЯНГА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих