УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Ийнхүү парламент сар гаруйхны дотор хоёр удаа ээлжит бусаар хуралдах гэж байна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай болон Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэнэ. Өнгөрсөн наймдугаар сарын 3-14-нд хуралдсан өмнөх ээлжит бус чуулганаар хэлэлцсэн авлига, албан тушаал, томилгоотой холбоотой хоёр асуудал хуулийн дагуу, цаг хугацааны шахалтаар ийнхүү УИХ-ын гишүүдийг намрын чуулганаас өмнө хуралдуулахаас аргагүй нөхцөл байдал үүсгэсэн нь энэ юм. Юутай ч өнөөдөр эхлэх ээлжит бус чуулганы оршил улс төрийн хүрээнд халуухан өрнөх нь.
УИХ Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээж авах эсэхээс Засгийн газрын хувь заяа шалтгаалж магадгүй байдал үүсээд байна. Тиймээс хэлэлцэх асуудлын дараалал нь хүртэл улс төрийн нарийн тооцоо, тактик болж хувирав. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын зарим гишүүн "Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайд нарыг томилохын өмнө буюу ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцье” гэж олон нийтийн сүлжээгээр бичсэн нь учиртай. Энэ нь "Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээж авахгүй бол сайд нарыг томилохгүй” гэж бойкот хийх төлөвлөгөө. Сөрөг хүчний хувьд энэ бол яах аргагүй санадаг л санаа.
Ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэхээр эрэмбэлсэн сайд нарыг томилох асуудлаар Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт байр сууриа илэрхийлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан тоот илгээжээ. Төрийн тэргүүний хувьд "Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” гэсэн байна. Ийнхүү өнөөдөр эхлэх ээлжит бус чуулганаар хэлэлцэх хоёр асуудал аль аль нь төрийн тэргүүний хоригтой тулгараад байна. Ээлжит бусаар хэлэлцэх хоёр асуудал хоёулаа но-той, бас ноцтой. Хоорондоо ч холбоотой. Тиймээс нэгийг нь нөгөөгөөр барьцаалах, наймаалцах, эрх мэдэл, албан тушаалын бялуу хуваах "цахилгаан дайны төлөвлөгөө” улс төрийн хөшигний цаана өрнөж байна.
Засгийн томилгоо, завсрын хонжоо
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нартай нэг кабинетэд хамтарч ажиллах боломжгүй гэж мэдэгдэж байсан Ч.Сайханбилэг энэ удаа ёстой л "чөтгөртэй ч нөхцөхөд” бэлэн байгаа ажээ. Ор нь гарсан зургаан сайдын суудалд нэр дэвшүүлсэн байдлаас үүнийг харж болно. Хамтран ажилласан МАН- ын зургаан сайдыг танхимаасаа "хөөсөн” биш тэрбээр Засгийн газрыг Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын "зодооны талбар” болгож орхив. Нөгөө талаар Тавантолгойн үнэтэй байх ёстой Засгийн газраа З.Баянсэлэнгийн үнэтэй болгож шалдаа буув. Тэр яагаад ийм алхам хийх болов.
АН дахь Ерөнхийлөгчийн фракц болон бусад бүлэглэлийн хувьд Ч.Сайханбилэгийн саналыг хүлээн авч зургаан сайдыг нь томилох эсэх нэг их сонин биш. Тэдний хувьд Ц.Элбэгдоржийнхны хувьд Н.Энхбаяр өршөөгдөж, дахин "Их удирдагч”-аар өргөмжлөхөөс ихэд болгоомжилж байгаа. Харин МоАХ тэргүүтэй зарим бүлэглэлийнхний хувьд Тавантолгой, төмөр зам гэх мэт макро төслүүд дээр завсрын хонжоо хайсан эдийн засгийн ашиг сонирхол давамгайлж байгаа нь ойлгомжтой. Тиймээс тэд Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг засагт шахалт үзүүлэх хөшүүрэг болгон ашиглахаар зэхэж суугаа. Ч.Сайханбилэг хэрвээ тэдэнд "Үгүй” гэвэл танхимаар нь огцруулах асуудлыг ч хөндөж мэднэ. Ерөнхий сайд ийнхүү нам доторхи фракциуддаа тэлүүлж, дээр нь намын даргадаа чичлүүлэн нуман тулгуурт ороод байна. УИХ дээр ч тэрбээр давхар нуман тулгуурт ороод буй. Энэ нь Өршөөлийн хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ- ын ээлжит бус чуулган дээр намууд дэмжих эсэхтэй шууд холбоотой.
Эвсэл Н.Энхбаярыгаа, "Алтангадас” Л.Гансүхийгээ аварна
МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт улс төрийн намуудын дарга нарын уулзалтын үеэр "Манай нам Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Энэ бол намын шийдвэр” хэмээн мэдэгдсэн. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун ч мөн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихээ илэрхийлсэн. Харин МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвслийнхэн хоригийг дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаа. Түүнчлэн УИХ дахь Ерөнхийлөгчийн фракцийнхан хоригийг дэмжиж, байр сууриа илэрхийлсэн.
Ийм хайчин галын дунд Өршөөлийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэх гэж байна. МАН парламентад 26 суудалтай. ИЗНН хоёр суудалтай. Тэгэхээр 28 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь тодорхой. Үүн дээр АН-ын зарим гишүүн нэмэгдэнэ. Мөн М.Батчимэг, Г.Баярсайхан, Ж.Батзандан тэр- гүүтэй Ерөнхийлөгчийн фрак цийн- хан, Ч.Сайханбилэгт "гологдсон” МоАХ-ынхон зэрэг бүлэглэлүүд хүч хавсрах нь тодорхой.
МоАХ фракцийн захиалгаар "Тавантолгой” төслийн гэрээнд дүгнэлт гаргах УИХ-ын ажлын хэсэг байгуулан ахлагчаар нь Л.Эрдэнэчимэг ажилласан. Эмийн санчаар уул уурхайн олон улсын гэрээг хянуулна гэж юу байх вэ. Энэ бол зүгээр л шантааж байв. Тиймээс Ч.Сайханбилэг сайд нарын томилгоогоороо МоАХ-ынхонд ха- риу барьсан. Л.Эрдэнэчимэг гишүүн ч зүгээр суусангүй. "Тавантолгой төслийг гацаасандаа баяртай байна” гэсэн утгатай зүйл ярьж, өнгөрсөн долоо хоногт твиттерт "Тавантолгойг "Шинхуа”-д өгөхөөр бүрмөсөн шийдлээ л дээ” хэмээн жиргэсэн байв. Үүнтэй зэрэгцээд О.Баасанхүү гишүүн өнгөрсөн долоо хоногт "С.Баярцогтыг огцруулна” гэж мэдэгдэн даарин дээр нь давс нэ млээ. "Шударга ёс” эвсэлд дахиад гурван сайдын суудал бэлэглэж байхад шүү дээ. Эндээс харвал, эвсэл ч бас байр суурь нь хуваагдсан байж мэдэх юм. О.Баасанхүүгийн С.Баярцогт сайдыг огцруулах саналд дурдсан зүйл нэг их том асуудал биш ч цаанаа "Ц.Элбэгдоржийн хэсэгчилсэн хоригийг хүлээж авбал энэ нөхрийг чинь огцруулна” гэсэн бас нэг шантааж. Ер нь Ч.Сайханбилэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг уур- луулан байж эвслийнхэнд яагаад найр тавиад байгаа юм бол гэдэг нь дээрхтэй холбоотой. "Алтангадас” АН-д хамгийн эрх мэдэлтэй, өнгөтэй, мөнгөтэй фракци. Уг фракцийг намнахын тулд З.Энхболд тэргүүтэн "Ав хоморго” өрнүүлсэн. "Алтангадас”- ын тэргүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод тэдэнд албан тушаалын бялуу хүртээсэн ч сэтгэл нь ханасангүй. Улам л ширүүсэв. Бүр Н.Алтанхуягийг огцруулж, намын даргынх нь тамгыг З.Энхболддоо авч өгөөд ч АН доторх улангассан фракциудын санаа амарсангүй. Ч.Сайханбилэг ч З.Энхболдоос намын даргын суудлыг нь авна гэж нэг үзэж, сая түүнийг гадаадад томилолтоор явах хойгуур нь огцруулахаар ҮЗХ- ны гишүүдийнхээ гарын үсгийг хүртэл цуглуулсан сурагтай. Зуунги, шазруун З.Энхболд үүнийг зүгээр өнгөрүүлэхгүй. Тэрбээр ээлжит бус чуулган дээр ямар хөзөр атгаж орж ирэх нь анхаарал татаж байна. Нөгөө талд Ерөнхийлөгч Ц.Элбэг дорж Прокурорын байгууллагын баярын хурал дээр "Өршөөгдөхгүй, цагаадна ч гэх шиг” гэж Л.Гансүх нарыг "загнахдаа” Н.Алтанхуягийг ч бас дайруулж хэлсэн. "Алтангадас”-ынхан ч гандан буурахгүй. Л.Гансүх нарыгаа аврахын тулд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжихгүй нь тодорхой. Үүгээрээ тэд "Шударга ёс” эвслийнхэнтэй нэг талд байгаа. Тиймээс л хамгийн их айдаг хүнийх нь тэргүүлдэг эвслийнхэнтэй ашиг сонирхол нэгдэн, хоригийнх нь эсрэг зогсоод байгаад Ц.Элбэгдорж бачимдан "Алтангадас”-ынхныг хавт гайд нь загнасан.
Авлигачдыг өршөөхийг олон улс эсэргүүцэв
Засгийн газраар барьцаалсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хориг Монголын өнөөгийн улс төрийн эмгэнэл болж байна. Үүнийг нийгэм тэр аяараа шүүмжилж байгаа. Түүнчлэн Өршөөлийн тухай хууль түүнээс ч илүү эмгэнэл болоод байгаа юм. Уг хуулийг олон улсын түвшинд ч хатуу эсэргүүцэж байна. Тухайлбал, "Транспэрэнси Интернэшнл” байгууллагын 115 гишүүн орон Монгол Улсыг авлигачдыг ял шийтгэлгүй өршөөс- нийг буруушаав. Энэ бол үндсэндээ дэлхий нийт манай улсын эрх баригчдыг буруутгаж байгаа хэрэг. "Транспэрэнси Интернэшнл” бол дэлхий нийтийн авлигын эсрэг хөдөлгөөнийг тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллага. Тус байгууллагын гишүүн орнууд есдүгээр сарын 1-нд Малайзад болсон чуулганаараа манай өршөөлийн хуулийг хэлэлцээд дуу нэгтэйгээр эсэргүүцэл илэрхийлнэ гэдэг Монгол Улс авлигын түвшингээр ямар хэмжээнд очсоныг харуулж байна. Юун нөгөө авлигын индексыг бууруулах. Анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ойд зориулан сарын өмнө УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд "Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал” гэдэгт агаарын хөлөг авч зугтаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг манай улсад огт үйлддэггүй гэмт хэргийг оруулсан атлаа авлига, албан тушаалаа урвуулан ашигласан ноцтой хэргүүдийг оруулаагүй орхигдуулсан байдаг. Үүний "ач”-аар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн нарын, мөн "Цэвэр агаар сан”-гийнхны, татварын албан тушаалтнуудын зэрэг эрүү- гийн дуулиант таван хэргийг хамруулахаар байгаа. Эдгээр хэр- гийн нийт хохирол нь 32 тэрбум 415 сая төгрөг болж байгааг АТГ-ын эх сурвалж дурдсан. Ийнхүү авлига, албан тушаалын хэрэгтнүүдээ хуульчлан өршөөгөөд байх юм бол эрх зүйт төрийн үнэ цэн алдагдаж, Монгол Улс авлигын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж мэдэхээр болов. Өршөөлийн хуульд "Цагаан захтны хэрэг” гэгддэг авлига, хээл хахуулийн хэргийг хамруулдаггүй нь олон улсад тогтсон жишиг. Гэтэл манай парламент энэ жишгийн эсрэг үйлчлэлтэй Өршөөлийн хууль батлаад байгаа юм. Тиймээс олон улсын "Транспэрэнси Интер- нэшнл” байгууллага уг хуульд хориг тавихыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, уг хоригийг дэм- жихийг УИХ-ын гишүүдэд уриалжээ. Тэгэхээр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих гэхээс илүүтэй олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудын уриалгыг дэмжих үү, үгүй юү гэдэг сонголтыг УИХ ээлжит бус чуулганаараа хийх гэж байна. Авлигачдыг өршөөсөн хуульд тавьсан хоригоор албан тушаалын томилгоог барьцаалж суугаа парламент, Засгийн газар өөрсдийн нэр хүндээ аврах сүүлчийн боломжийн өмнө ирлээ.
У.Сарангэрэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих