Dornod.NET Сайт "Дорнодын 7 өнцөг” нэртэй шинэ булан нээж байна. Бид даваа гараг бүр энэхүү буландаа Дорнод нутгийн зон олон, байгаль цаг уур, соёл түүхийн сонирхолтой баримтуудаас түүвэрлэн танилцуулж байх болно. Ингээд "Дорнодын 7 өнцөг” булангийн анхны зочин – Дөнгөж саяхан Ази тивийн аварга шалгаруулах боксын XXVIII дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 60кг-ын жинд Алтан медаль хүртээд буй ОУХМ Доржнямбуугийн Отгондалайн талаарх сонирхолтой 7 баримтыг танилцуулъя.
1. Д.Отгондалай 15 настайдаа бокст хөл тавьсан
Тэрээр 15 настай байхдаа буюу 2003 онд ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГД Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсчээ. Гэхдээ энэ тухайгаа гэрийнхнээсээ нууцалж байж. Харин сарын 1500 төгрөгийн төлбөрөө олохын тулд аргагүйн эрхэнд ээждээ хэлсэн байна. Айлын бага хүүхэд учраас яггүй хөдөлгөөнтөй, саваагүй хүүгээ боксоор тоглож эхэлсэнд санаа зовсон ээж Д.Чимэдцэеэ нь Ё.Төмөрбатаа багштай уулзахад "Хүүг чинь би шалгаж үзлээ. Их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө ч их сонирхолтой байгаа учраас та хичээллүүлээд үз” гэж хэлснээр санаа нь амарч тайвширчээ. Ингээд Д.Отгондалай тэр жилээ "Олимпийн гараа” хэмээх хүүхдийн боксын тэмцээнд амжилттай оролцож, амжилтын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Сахилгагүй жаалхүү боксоор хичээллэснээс хойш буурь сууж, нэг үгээр хэлбэл их л даруухан болсон гэдэг.
2. Д.Отгондалай 60 кг-ын жинд тасралтгүй 10 жил тоглож байна
Оки 2005 онд Залуучуудын УАШТ-ий амжилтаараа Боксын шигшээ багт элссэн цагаасаа хойш өнөөг хүртэл 60 кг-ын жинд тоглож байгаа. Олон жил жингээ барих, жин хэлбэлзсэн үед хасч, нэмж тохируулна гэдэг тамирчин хүнээс асар их хөдөлмөр шаарддаг. Энэ жиндээ Монголд төдийгүй тивдээ тэргүүлж буй тэрээр цаашид ч мөн 60 кг-ын жингээрээ тоглох бодолтой явдаг.
3. Монголын нэрийг дэлхийд дуурсгаж буй боксчин Д.Отгондалай хилчин, Бас гадаад худалдаа-гаалийн мэргэжилтэй
Д.Отгондалай Гадаад худалдаа болон гаалийн удирдлага гэсэн мэргэжлээр Зохиомж дээд сургуулийг төгссөн. Гэхдээ 2008 оноос Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангид ажиллах болсон. Дэслэгч цолтой. Харин спортын замналаа өндөрлүүлж, зодог тайлсныхаа дараа Дорнод нутагтаа хил хамгаалах албанд ажиллах хүсэлтэй.
4. Д.Отгондалайн гэргий мөн л Дорнодынх
Түүний эхнэрийг Г.Хулан гэдэг бөгөөд инженер мэргэжилтэй, ШУТИС-д Геодизийн багшаар ажилладаг. Дорнод аймагт төрж өссөн тэрээр Окитой айл хөршүүд байжээ. Харин оюутан цагаасаа үерхэж эхэлсэн аж. Д.Отгондалайнх нэг охинтой бөгөөд одоо 5 настай.
5. Д.Отгондалайн биед БОКС хэмээх үгийг босоо Монгол бичгээр бичсэн шивээс бий.
Түүний мөрөн дээрх шивээсийг зарим хүн могой юм уу гэж асуух нь бий. Энэ шивээсийг 2008 онд боксын Ж.Отгонбаяртай хамт ижилхэн шивээс хийлгэе гэж ярилцаад каталоги харж байгаад уйгаржин монгол бичгээр бокс гэдэг үгийг бээлийний хэлбэртэйгээр шивүүлж байжээ.
6. Д.Отгондалай зөөлөн зангаасаа болж ялагдаж үзсэн
Түүнийг өрөвч, зөөлөн сэтгэлтэй гэж ойр дотныхон нь хэлдэг. Тэрээр Казакстаны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцохдоо Филиппин улсын тамирчинд 2:1-ээр хожигдож байжээ. Энэхүү тоглолтын шүүгч буруу шүүсэн гэж Монголын баг тамирчид үзэж байсан. Гэвч Оки би өөрөө л сэтгэлзүйн байдлаасаа болоод шүүгчийн өгсөн ялагдлыг хүлээн зөвшөөрчихсөн гэж ярьсан байдаг. Учир нь тоглолт эхлэхийн өмнө Филиппин тамирчин рингэн дээр гармагцаа түүнийг тун ч хүндэтгэлтэй үнсэж, өргөөд байсан нь манай хүнийг уяраачихсан гэдэг. Энэ үеэс Д.Отгондалай сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш сайн бэлтгэх болсноор Азийн наадамд өнөөх Филиппин тамирчинтай ахин учраа таарахдаа илт давуу ялалт байгуулсан билээ. Одоо тэрбээр "Сэтгэлзүйгээр би хэнд ч ялагдахгүй” хэмээн бардам хэлж байна.
7. Тэрээр Олимпийн аварга Э.Бадар-Ууганы тоглолтыг үзэх дуртай
Тэрээр Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууганы тоглолтыг маш их үздэг бөгөөд ижилхэн тоглохыг хичээдэг аж. Олимпийн аварга ч Окид маань байнга зөвлөж дэмждэг байна. Д.Отгондалай өнгөрсөн жил Азийн их наадамд Японы тамирчинтай тоглоход үзэгчдийн суудлаас Э.Бадар-Ууган зөвлөгөө өгч хашгирахыг сонсох гэж байгаад өрсөлдөгчдөө цохиулах шахсан тухай нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
Олимпийн анхны аваргаас үлгэр жишээ авч, амжилтын төлөө алхам алхмаар урагшилж буй Дорнод нутгийн залуу тамирчин, Азий тивийн аварга, ОУХМ Доржнямбуугийн Отгондалайдаа дараачийн олимпийн аварга болохын ерөөл дэвшүүлье!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих