Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгийн иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд өнгөрсөн долоо хоногт болсон шийдлийн цаг уулзалтын үеэр Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийж Таван толгойн асуудлыг ярихдаа, бие дааж нэр дэвшиж, ялалт байгуулсан С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гэсэн гишүүдийг хоточ нохой шиг үзсэнд бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд уул уурхайн томоохон ордуудын хувь заяаг эдгээр гишүүдтэй хэлэлцэхгүй, асуухгүйгээр шийднэ гэж мэдэгдсэн юм. Энэ нь ард иргэдийн дунд ийнхүү бухимдал үүсгэжээ. Тиймээс ард иргэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг нэн даруй уучлалт гуйхыг шаардаж байна. Дархан уул аймгийн төлөөлөгч Б.Оюунчулуун "С.Ганбаатар гишүүнийг хууль бус гэсэнд бухимдалтай байна. Тэрээр 65000 хүний дуу хоолой болж, УИХ-д суусан. Гэтэл манай тойргийн гишүүний үгийг сонсохгүй байна гэдэг дарханчууд биднийг доромжилж байна гэсэн үг” гэв. Харин Хөвсгөл аймгийн төлөөлөгч Б.Баянбаатар "Монгол Улсын Ерөнхий сайд ингэж хүн доромжлох эрхгүй, эдгээр гишүүдийг доромжлох нь ард нь буй сонгогчдыг доромжилсонтой утга нэг юм” гэлээ. Мөн Дорнод аймгийн төлөөлөгч Г.Алимаа "Х.Болорчулуун гишүүнд бид итгэл өгч УИХ-д суулгасан. Тиймээс ч манай гишүүн аймгийнхандаа нэр хүндтэй. Тойргийнхоо хөгжил цэцэглэлтийн төлөө их зүйл хийж байгаа. Ард түмний төлөөллөөс гарсан гишүүн ард түмнийхээ төлөө л ажилладаг. Оюу толгой, Таван толгой зэрэг Монголын баялагийг харийн улсад өгөх гэж байгаа нь зүй бус хэрэг юм. Энэ бол Монголын хойч үеийн ирээдүйн нэг хэсэг. Тиймээс энэ хэлэлцээр, яриаг дэмжихгүй байгаа нь бие даагч гурван гишүүний зөв гэж бид бодож байна. Учир нь Монголын баялаг эх орондоо үлдэх ёстой. Н.Алтанхуягийн засгийн газар Ч.Сайханбилэгийнхээс илүү байж. Өнөөдрийн Ерөнхий сайд өөрөө засаг унагаах, ард иргэдээ хоосруулах бодлого баримталж байна. Бид ийм улстөрийг хүсэхгүй байна. Тиймээс бие дааж нэр дэвшсэн гурван гишүүнийг, ард нь байгаа 200 мянган сонгогчдыг доромжилсныхоо төлөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уучлалт гуй гэж шаардаж байна” гэв. Мөн ард иргэд өнөөгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын жагсаалтын ард нуугдаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон явдлыг Үндсэн хууль зөрчсөн хэрэг хэмээн үздэг гэдгээ илэрхийлээд цаашид намын жагсаалт гэх хууль бус тогтолцоог арилгах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа уламжиллаа.
Б.ЯнжиндуламТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих