УИХ-ын чуулганаар 2015 оны 07 сарын 09-ны өдөр "Хөдөө аж ахуйн "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай" 75 дугаар тогтоол батлагдсан. Гэвч уг тогтоол нь эцэг өвгөдийн бүлээн цус халуун амиараа халхлан үлдээсэн Халх голыг гадныханд эзэмшүүлэх, газар тариалан эрхлэх 500 мянган га газрыг шилжүүлэх шийдвэр байсан гэдэг илэрч ард түмнийг булгилуулж байна.
Тэгвэл уг шийдвэрийг эсэргүүцэж өнөөдөр "Халхын гол миний нутаг” ТББ, "Сэцэн үйлс” ТББ, Монголын хуульч өмгөөлөгчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Сэцэн Үйлс” ТББ-ын тэргүүн Б.Бат-Орших "Халх голын чөлөөт бүс нь нэгдүгээрт хэт том газар нутаг буюу дэлхийн нийт улс гүрний дөрөвний нэгээс том газар нутгийг эзэлж байна, хоёрдугаарт дэлхийд цор ганц үлдээд байгаа хялганат хээр талыг гадныханд эзэмшүүлэх гэж байна. Гуравдугаарт, сум орон нутгийн иргэдийн гол амин зуулга болсон малын бэлчээрийг хамарч байж, иргэдээс огт санал асуулга аваагүй, өнөө хэр мэдээлэл өгөхгүй байгаа” хэмээснээр эхлэв.
Тэгвэл УИХ-аар баталсан Халх голын чөлөөт бүс нь Дорнод нутгийн гол цэвэр усны нөөц болсон Буйр нуурыг хамраад байгаа бөгөөд газар тариалан эрхлэх усжуулах системээ дан ганц Буйр нуурт даатгасан байгаа нь цаашид экологийн хувьд бүрэн сүйтэх, мал аж ахуй устах, хүн зон харангадах аюулыг дагуулж байгаа юм байна.
Иймд хуульч Г.Батбаяр "Саяхнаас Чөлөөт бүс байгуулах яриа иргэдийн дунд тархаад байна. Гэсэн хэдий ч төрийн эрх мэдэлтнүүд мэдээллийг огт задруулахгүй байгаа нь нууц биш. Угтаа Үндсэн хуулийн 16.17-р хэсэгт зааснаар "Төр түүний байгууллагаас нууцад хамааруулбаас зохих асуудлаас бусад асуудлаар иргэд мэдээлэл хүлээн авах эрхтэй” гээд заачихсан байдаг бөгөөд Үндсэн хуулийн 15.26 дугаар зүйлд "Ард түмнээс санал асуулга явуулж, тухайн газрыг өгөх эсэх дээр сонгууль явуулсны дүнд УИХ шийднэ” хэмээн заасан байдаг.
Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.2 дахь хэсэгт "Экологи, газар түүний хэвлийтэй холбоотой асуудлаар бие даан шийдвэр гаргасан этгээдийг аюултай этгээдэд тооцно” гэсэн байдаг юм.
Иймд эдгээр заалтуудын дагуу өчигдөр ТЕГ-т тухайн тогтоолыг гаргасан УИХ-ын дарга З.Энхболд, төсөл санаачлаг Р.Бурмаа нарыг шалгуулахаар өглөө. Мөн АТГ-т "Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна” гэдэг үндэслэлээр, Үндсэн хуулийн цэцэд "ҮХ-ийн 6.1-д байх Монгол Улсад байх газар, түүний хэвлийд байх баялаг, ан амьтан, ургамал ард түмний мэдэлд байна” гэж заасны дагуу тогтоолыг цуцлуулахаар тус тус хүсэлт илгээлээ” хэмээсэн юм.
Гэвч өнөөдөр УИХ-аас таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, Халх голын уугуул оршин суугч 3000 гаруй иргэнийг, мал хуйтай нь албадан нүүлгэхээр болсон гэдгийг ч дуулгалаа. Тэгэхээр "Тэд хийнэ л гэсэн бол хийдэг” гэдэг шиг УИХ-ын гишүүд Монгол Улсын газар нутгийг харийханд өгнө л гэсэн бол өгөхөөр тун яаравчилж байгаа бололтой.
Энэ үеэр хуульч Г.Батбаяраас зарим зүйлийг тодруулав. - Та 75 дугаар тогтоолыг олж үзсэн үү? Тэнд үнэхээр 100 мянган гадны иргэдийг Монгол Улсад суурших, амьдарч, өсч үржих нөхцлийг бүрдүүлсэн байна гэж үү?
- Тогтоол нь байна. Чөлөөт бүсийн тухай хуулийнд зааснаар "тухайн улсын хүн амын 3 хувь хүртэлх гадаадын иргэд Чөлөөт бүсэд амьдарч болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын гурван сая хүн амын 3 хувьтай тэмцэх 100 мянган гадны иргэд хууль ёсоор орж ирэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хууль бусаар төдий хэмжээний хүмүүс амьдарна гэсэн үг. Улмаар тэнд бүхэл бүтэн аймаг үүснэ гэсэн үг.
- Бүхэл бүтэн аймаг гэхээр тэнд Монгол Улсын иргэд чөлөөтэй нэвтэрч болохгүй гэсэн үг үү?
- Нэвтрэхийг хориглоно. Ер нь чөлөөт бүс гэдэг гадаад оронтой ялгаагүй, онцгой бүрэн эрхт улстай адилхан статус үйлчилнэ. Тэгэхээр тэнд Монголын иргэд виз авч байж нэвтэрнэ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл тэнд бүхэл бүтэн тусдаа улс бий болж, манайханд хаалттай болж байгаа хэрэг.
- Халх голыг чөлөөт бүс болгочихвол гадны иргэдэд 5-10 жил газар үнэгүй өмчлүүлж, татвараас чөлөөлнө гэж байсан?
- Гадаадын компаниудад үйлчилдэг татварын тухай хуулинд заасанчлан 5-10 жилийн хугацаанд бүх татвараас чөлөөлж байгаа юм. Харин арван жилийн дараагаас тухайн газар нутгийн захирагч гэгч этгээд томилогдоод хуулийг өөрөө тогтоон хэрэгжүүлэх эрхтэй болчихно.
Өөрөөр хэлбэл биеэ даасан тусгаар улс болж байгаагийнхаа хувьд эрүүгийн болоод захиргааны бүх хуулийг өөрөө хэрэгжүүлнэ гэсэн үг. Харин Р.Бурмаа сайд тэргүүтний яриад байгаа жишиг сангийн аж ахуй байгуулна гэдэг бол ердөө л өнгөлөн далдлалт.
- Түүнчлэн Мэнэнгийн талыг ухаад эхэллээ. Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу?
- Мэнэнгийн талд "Петро Чайна Дачин Тамсаг” гэдэг хятадын компани олборлолт явуулж, нефьтээ өдөр шөнөгүй шууд урагш нь зөөж байгаа. Үүнээс аль болох бага ашиг өгөхийн тулд БНХАУ-д шинжлүүлээд 60 хувийг нь ус, 40 хувийг нь нефьт гэж үнэлээд манайд ердөө 30 хувийн ашиг ноогдуулах үйл ажиллагаа явагдаж байна.
Энэ бол зөвхөн хятадын ашиг сонирхлын дагуу хийгдэж байгаа ажил гэхэд болно. Үнэндээ тэнд нефьтийн үйлдвэр барья, хөрөнгө мөнгийг нь өөрсдөө шийдье, гаднаас импортлохын оронд өөрсдөө нефьтээ үйлдвэрлэе гэсэн маш олон дотоодын компаниуд байна. Харамсалтай нь УИХ түүнийг зөвшөөрдөггүй, урагшаа л зөөхөө урьтал болгоод байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Хишигдэлгэр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих