Өнөөдөр Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан хуралдахаар төлөөлөгчид цугларсан ч тодорхойгүй хугацаагаар түр завсарлаад байна. Байсгээд л хална, солино, хасна, түдгэлзүүлнэ хэмээн хөөцөлдөж тэмцэлдэх дуртай манай аймгийн эрх баригч хоёр нам өнгөрсөн хавар засаг даргаа сольсон бол энэ удаа ИТХ-ын даргаа түлхэн унагаж магадгүй нөхцөл үүсээд байгаа аж.
Аймгийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид болох Г.Болдбаатар, Д.Ганцогт нар ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг албан тушаалаас нь огцруулах тухай санал бэлтгэсэн гэнэ. Харин тэдний санал албажиж амжаагүй байхад нь хурал завсарлага авчихжээ. Даргаа зайлуулъя хэмээн гар өргөөд буй хоёр эрхэм ч бас л асуудалтай улсууд аж. Аймгийн хуралд намын жагсаалтаар эрэмбэлэгдэж ногоон гэрлээр орж ирсэн тэдний эрхийг түдгэлзүүлж, оронд нь төлөөлөгчөөр сууна хэмээн АН-ын дарга Д.Цэрэнчимэг гомдол тэмцэл хийсээр багагүй хугацаа өнгөрч буй. Энэ хэрэг явдал шүүхээс шүүхэд шилжин явсаар, Давж заалдах шатны шүүхээс Г.Болдбаатар, Д.Ганцогт нарын эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэсэн шийдвэр гарчээ. Эл шийдвэрийг ИТХ-ын дарга хүлээн авахаар болсон нь мөнөөх хоёр эрхмийн уурыг хүргэсэн байж тун болзошгүй.
Ямар учраас хурлын даргаа "авч хаях”-аар шийдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа энэ саналыг Р.Зоригтбаатарын намын нөхөд болох засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй төлөөлөгчид дэмжсэн тухай мэдээлэл бас сонирхол татна. Үүнээс гадна МАН-ынхан Г.Болдбаатар, Д.Ганцогт нарыг хуралдаа үлдэх ёстой гэсэн байр сууртай байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Нэг үгээр хэлбэл "Аймгийн МАНАН” хэмээн нэрлэж болохоор нам дамжсан эрх ашгийн нэгдэл бий болжээ.
Р.Зоригтбаатарыг огцруулах тухай санал орлоо гэж бодоход даргынхаа үгээр "багцлагдаж” чаддаг олонхийн суудалтай МАН юу гэж бодохоос бүх зүйл шалтгаална. Засаг дарга М.Бадамсүрэн улс төрийн А үсэг заасан хэмээгддэг экс засаг дарга Ц.Жанлавтаа хуншгүй загнаж, замын дундаас баяртай хэмээн үдсэн тухай хүн бүр л ярьдаг. Аймаг орон нутгаа арваад жил удирдсан, намын томоохон кадруудын нэг гэгдэж явсан Ц.Жанлавыгаа 2012 оны сонгуулиар листэнд оруулчихгүй яагаав дээ хэмээн халаглах хүн ч байсан. Ц.Жанлав даргын асуудал ч яахав гэхэд "Дөрвөн жил хамтдаа шүү” гээд мөр мөрөө алгадан ханилж явсан экс засаг дарга С.Ганбатыг огцруулах тухай асуудал гэнэт босгож аваад өөрөө оронд нь суучихсаныг Дорнодчууд андахгүй. Харин одоо хурлын даргадаа мөн л баяртай гэж хэлж магадгүй байна.
Аймаг орны эрх ашгийн төлөө юу, амин хувийн амбицдаа хөтлөгдсөн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа ийм нэгэн нөхөд юм л болбол сандал суудлын хойноос үхэн хатан тэмцэлдэж, бужигнуулж, тэрүүхэн тэндээ "кайф” авч бие биесээ хөгжөөсөөр 2016 онтой золгох нь бололтой. Сонгуулийн бүрэн эрхийн хугацааныхаа дөрөвний гурвыг туулчихсан тэд үлдсэн ганц жилдээ ИТХ-ын даргаа солих эсэх нь хурлын завсарлагаан дундуур "Аймгийн МАНАН”-гийн яриа хөөрөө, наймаа арилжаа хэрхэн явагдахаас шалтгаалахаар болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих