"Төрийн том албан тушаалтай нэг хүн Зэн мастер дээр ирээд,"Энэ
хүмүүсийн яриад байдаг Эго гэж юу юм бэ?Та надад тайлбарлаад өгч
болохсон болов уу?"
Зэн мастер түүнд, "'Ямар тэнэг асуулт гэхээр ийм
байдаг байнаа. Яагаад надаас ийм утгагүй, элий балай юм асуугаад байгаа
юм бэ?'" гэхэд нөгөө хүн тэр даруйд нь "Чи яаж надтай ингэж харьцаж
зүрхэлж байнаа?!! Намайг хэн болoхыг чи мэдэхгүй юу?" гэж ууртай хэлэхэд
нь мастер түүнд "Наадхыг чинь Эго гээд байгаан." гэв"
"Эго гэдгийг бид ихэвчлэн аминч үзэл, биеэ тоосон бардам зан гэж ойлгодог. Гэвч Эго гэдэг дан ганц хэт хөөрсөн "өөрийн би" мэдрэхүйг хэлдэггүй.Тэрээр өөрийгөө бусдаас дорд үзэх, өөрийгөө үзэн ядах мэдрэмжийн цаана ч бас нуугдаж байдаг. Учир нь Эго гэж өөрийгөө тодорхойлоход нөлөөлдөг, таны өөртөө өгдөг дурын дүрслэл, төсөөлөл юм. Энэхүү өөрийн тань талаарх төсөөлөл та өөртөө хэлж ярьдаг болон бусад хүмүүсийн таны талаар хэлж, ярьсан зүйлсээс сонгож, итгэснээр бүрэлддэг.
Эго-г яст мэлхий эсвэл том цох хорхой гэх мэт зарим амьтдад байдаг нэгэн төрлийн хамгаалттай, зузаан хуяг, бамбайтай харьцуулан ойлгож болно. Энэ хуяг, бамбай таныг бусад хүмүүсээс болон гадаад ертөнцөөс тасалдаг. Хуяг гэж би "энд" байна, харин бусад хүмүүс, орчлон ертөнц "тэнд" байна гэсэн таны бусдаас өөрийгөө салангид авч үздэг мэдрэхүй, ойлгоцыг хэлээд байгаа юм. Эго нь бусдын "бусад" гэсэн саланги ойлголтонд хэт ач холбогдол өгч, онцлох дуртай.
Өөрийгөө бусдаас салангид авч үздэг энэ байдал нь Эго-ны нэн чухал, салшгүй хэсэг нь. Эго нь өөрийнхөө төдийгүй бусад хүмүүсийн талаар, эсвэл одоо өөрийн байгаа нөхцөл байдлын талаар үг яриагаар илэрхийлж, эсвэл бодол дотроо гомдоллож, дургүйцэн өөрийгөө бататгаж, бэхжүүлэх маш дуртай. Жишээ нь та дэлгүүрийн оочер ихтэй кассан дээр зогсож байхад оюун ухаан тань кассчин хүнийг хэт удаан байна, ингэж ажиллаж, тэгж уутлах ёстой байсан юм, эсвэл ерөөсөө юу ч хийхгүй байна гэж танд гомдолж магад.
Энэ нь Эго таныг гартаа оруулсаны шинж. Та бодлынхоо эзэн нь бус бодол таны эзэн байгаагийнх. Үүнээс чөлөөлөгдөхийн тулд та эхлээд толгой доторх дуу хоолой тань тэдгээрийг бий болгодог гэдгийг ухаарах хэрэгтэй. Таны мэдэрч буй бухимдал, хямрал нь таны сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл. Тэгж чадсанаар та өөрийгөө хүрээлэх бодит ертөнцөд жинхэнээсээ байж, кассан дээр гаргаж тавьж байгаа өнгө өнгийн гялтганасан, элдэв амьтны дүрстэй чихэр, түүнийг идэхийн хүслэн болсон баяр хөөртэй, тэсч ядан хүлээж байгаа ээжтэйгээ, эсвэл эгчтэйгээ зогсож байгаа хүүхдийг анзаарч, харж чадна. Мэдээж үүний тулд эхлээд та өөрөө өөртэйгөө ажиллаж, ажиглаж, таны оршин тогтнох байдлыг тушааж, захирдаг тэр толгой доторх дуу хоолойноосоо, нөгөө хуяг, бамбайнаас өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй.
Өөрийнхөө оюун ухааныг ажигла.
Таны хамгийн чухал, анхны хийх ёстой алхам бол өөрийнхөө олон давтагддаг, зуршил болсон бодлуудаа анзаарч харах. Ялангуяа сөрөг бодлуудаа: уур, бухимдал, тэвчээргүй зан болон цаашлаад уйтгар гунигаа хүртэл. Жишээлбэл та өөрөө өөртөө "би ёстой хэнд ч хэрэггүй амьтан" гэж гомдоллож байж магадгүй. Та эдгээр олон давтагдах бодлуудаа сонсож, анзаарч эхэлснээр "Би эдгээр нэг л төрлийн бодлуудыг өөрийн мэдэлгүй, өдөр болгон боддог байсан байна" гэдгээ гэнэт ухаарах болно.
Эго-ны дуу хоолой, бодит нөхцөл байдлын хоорондын заагийг ялгаж салгах.
Анзаарал(awareness) бол Эго-гоос чөлөөлөгдөх эхний алхам юм. Анзаарлын тусламжтай та өөрийн бодол, түүнээс үүсэх сөрөг сэтгэл хөдлөлийг ямар ч шаардлагагүй, буруу ажиллагаа гэдгийг ухаарна. Супермаркетад дугаарлах талаарх жишээг ахин авч үзье л дээ. Та тэнд дугаарлах явцдаа тухайн үеийн бодит нөхцөл байдал болох оочер удаж байгаад бус харин нөхцөл байдлын талаар таны оюун санааны танд хэлж буй "удаан хүлээх нь буруу төдийгүй цагийн гарз" гэсэн бодлоос болж ундууцдаг. Үүний оронд та тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, "Одоо энийг яалтай билээ. Нэгэнт л хүлээж зогсохоос хойш. Тэгэхээр зүгээр л гүнзгий амьсгаа аваад эргэн тойрноо харж, ажиглан, таашаал авъя даа" гэсэн хандлагатай болж болно.
Өөрийнхөө алдаа дутагдалтай, худал үзлээсээ хагац.
Зарим нөхцөлд жинхэнэ аюул гутранги бодол биш байдаг. Жишээлбэл, та ажлаасаа халагдлаа гэж бодъё. Энэ үед та сөрөг бодол агуулахгүйн тулд "Ажлаа алдсан нь харин ч сайн юм боллоо" гэж хэллээ гэж бодъё. Энэ мэт хүчилсэн эерэг бодол танд хэрэггүй. Бид аз жаргалын талаар "би ямар ч байсан аз жаргалтай байх ёстой" гэсэн үлгэрт итгэснээс болж энэ нь таныг одоо байгаа газар тань дөнгөлөн хоридог. Түүний оронд болж буй нөхцөл байдлыг аливаа нэгэн шүүмжгүй, бодитоор харахыг хичээх хэрэгтэй. "Нэгэнт би ажилгүй болсон тул дараагийн ажлаа хайж эхлэе дээ" гэх мэт.
Анзаарлаа авч ир.
Та өөрийн доторх дуу хоолой, бодит нөхцөл байдал хоёрын хоорондох ялгаа,заагийг ажиглаж, анзаарснаар сэрч, гэгээрч эхэлнэ. Энэ нь ихэвчлэн гэрэл гэнэт цацраад алга болох бүхий хором байдаг. Гэвч эцэст нь та өөрийгөө буцааж алдсаар, хуучин бодлууд үүссээр байх боловч аажимдаа таны анзаарал сайжирч, хэрэгтэй хэрэггүй бодлууд тань сарнина. Эго өөрчлөлтийг хүсдэггүй тул анзаарал бий болох үйл явц аажим явагддаг. Эго алга болох хүсэлгүй байдаг тул та яагаад одоодоо байж чадахгүй талаарх түм буман шалтгааныг танд өгнө.
Зэвсгээ буулга
Танд тулгарах бэрхшээл нь дотооддоо, яг одоо байгаа хоромтойгоо зэрэгцэн орших байх болно. Эго-тойгоо зориудаар тэмцэлдэх нь түүнийг харин ч улам хүчирхэгжүүлдэг. Эго-той дайн зарласнаар өөртөө дайсан бэлдэнэ. Энгийн нэгэн жишээ авч үзье: Таныг өглөө сэрэх үед гадаа тэнгэр бүрхэг, бороо орж, сааралтаж энэ үед таны оюун бодол "ямар гачлантай өдөр вэ" гэж хэлсэн гэж бодъё. Энэ нь тийм ч таатай бодол биш нь мэдээж. Үүнээс болж магадгүй та сэтгэл түгшсэн, сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй мэдрэмжийг мэдэрнэ. Харин тухайн өдөр ямар байх вэ гэдэг үнэлэлт, дүгнэлт нь оюун санааны зуршил, ухамсаргүй хийгддэг үйлдэл болохыг та удалгүй ухаарна. Энэхүү дан ганц анзаарал нь шинэ бодол үүсэх орон зайг бий болгоно. Урьдаас хэвшсэн бодолгүйгээр цонхоор ахин харвал та саарал өнгөтэй тэнгэрийг олж харахаас гадна үүлний цаанаас бага зэрэг тусах нарыг, зөөлөн шивэрч орж буй бороог ч бас олж харна. Энэ бүхэнд гачлантай, хэцүү зүйл огт байхгүй, харин ч эд өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй болохыг мэдэрснээр гэнэт та чөлөөлөгдөх болно. Та бодит нөхцөл байдлаас ямар нэгэн зүйл тулгаж шаардахаа больсноор өмнө нь өөрийн голдог байсан тэр зүйлсийг таашаан харах эрх чөлөөтэй болно."
E.Tolle
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих