2015 оны 6-р сард ХХААЯ-ны санаачилгаар Дорнод аймгийн Халхгол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан билээ. Уг чөлөөт бүс 500 мянган га газрыг хамарч, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой аж. Чөлөөт бүсийн асуудалтай холбоотойгоор нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж магадгүй гэсэн яриа газар авах болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас дараахь тодруулгыг авлаа.
Сүүлийн үед Халхголд байгуулагдах гэж буй чөлөөт бүсийн асуудал олон нийтийн анхаарлыг маш их татаж байна. Халхголын тэр онгон дагшин байгалийг гадныханд өгч, эзэмшүүлэх гэж байна гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг УИХ анхааралдаа авч ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
Халхголд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулагдаад байна. Бид энэ тогтоол дээр судалгаа дүгнэлт хийн ажиллахаар болсон. Гадаад улс орнуудын туршлагаас харахад Халхгол чөлөөт бүс шиг ийм том талбай хамарсан чөлөөт бүс гэж байдаггүй. Чөлөөт бүсийг хот хэлбэрээр, эсвэл багахан хэмжээний газар нутагтай байгуулан хөгжүүлдэг. Хятадын Тяньжин, Шанхайд л гэхэд манайхаас 40-50 дахин бага буюу 10-12 мянган га байна. Казакстанд 6 мянган га талбайтай чөлөөт бүс байна. 500 мянган га гэдэг бол багахан улсын дайтай, томоохон улсын нэг мужийн дайтай болчихож байгаа юм. Тэгэхээр ийм зүйл байж таарахгүй ээ. Чөлөөт бүсийн тухай хууль гэнэтхэн л гэрлийн хурдаар ороод ирсэн. Үүний цаана лобби явагдсан гэж үзэж байгаа юм.
Халхголын хязгаар бол Монголын үүц байх ёстой, хөрс шороо нь үржил шим сайтай, байгалийн баялагтай, ийм газар. Энэ газраа Монголчууд цусаараа хамгаалан тэмцэж ирсэн түүхтэй. Гэтэл зэр зэвсгийн хүчээр булаалгаагүй юмыг одоо хуйвалдааны журмаар, эдийн засгийн замаар алдчих вий гэдэгт сэтгэл зовж байна. Тэгэхээр Халхголын чөлөөт бүсийн асуудлаар тооцоо судалгааг нь дахин нарийвчлан хийж, УИХ-ын тогтоолыг эргэж харах ёстой гэсэн байр суурьтай байна. Үүнийг сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй.
Орон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл их явж байгаа. Энэ үнэн үү?
УИХ, Засгийн газраас тийм шийдвэр гараагүй шүү дээ. Гарах ч ёсгүй. Янз бүрийн мэдээлэл гарсантай холбоотойгоор өдөр бүр хүмүүс надаас асууж лавлаж байна. Энэ сарын 18-нд УИХ-ын 5 гишүүн Халхголд, газар дээр нь очиж ажиллана. Хэсэгхэн хүмүүсийн лобби чухал уу, эсвэл үеийн үед нутаг орондоо тааваарааа сайхан ажиллаж амьдарч ирсэн орон нутгийн иргэдийн эрх ашиг чухал уу, цаашлаад Монгол улсын эрх ашиг чухал уу гэдгийг бид бодох ёстой.
2016 онд Монгол улсын нийт төсвийн тал хувь гэж хэлж болох 3,1 их наяд төгрөгийг бондын хүүгийн төлбөр, үндсэн зээлийн болон бусад зээлийн төлбөрт төлж эхлэх гэж байна. Эдийн засаг хүндэрснээс болж энэхүү чөлөөт бүсийн асуудлыг урагшуулан, орлогоор нь өр зээлээ нөхье гэсэн байдлаар асуудалд хандаад байгаа юм болов уу?
Чөлөөт бүс байгуулснаар төсөвт тийм их орлого төвлөрдаггүй юм. Яагаад гэвэл тэнд гадаад орны иргэд 30 хоног визгүй зорчих эрхтэй. Оруулсан аливаа импортын бараа нь татваргүй. Тэнд боловсруулж, үйлдвэрлээд гаргасан бараанд экспортын татвар ногдуулахгүй. Экспорт импортын татвар нь ноль. Чөлөөт бүс нэрийн дор хөрөнгөө оруулчихсан хүмүүсийг хөөгөөд гаргах ямар ч боломжгүй. Нөгөө талаар Халхголд чөлөөт бүс байгуулна гэдэг нь хөрсөө экспортолно гэсэн үг юм. Бидний хөрсийг биднээс өөр хэн ч хайрлахгүй шүү дээ. Аль болох л богино хугацаанд ашиг олохын төлөө янз бүрийн технологи, химийн бордоо ашиглах нь мэдээж. ОХУ л гэхэд чөлөөт бүс гэж зарлаагүй ч Хабаровск зэрэг газруудад Хятадуудыг маш ихээр оруулаад сүүлдээ гаргаж чадахгүй бөөн юм болсныг та бүгд сонссон байх. Тэгэхээр энэ асуудалд болгоомжтой хандах ёстой гэсэн байр суурьтай байна.
Манай улсын эдийн засаг маш хэврэг байна шүү дээ. Яагаад гэвэл 2016 онд улсын төсвийнхөө 50 хувьтай тэнцэх хэмжээний өр зээл төлөх гэж байна. 2017 онд Монгол улсын төсвийн 90-100 хувьтай тэнцэх хэмжээний өр зээл төлнө. Төлж чадахгүй бол яах вэ? Магадгүй Тажикстан газар нутгийнхаа зарим хэсгийг Хятадад зээлийнхээ өрөнд өгчихсөн шиг явдал манайд давтагдаж, авлагатай улсууд энэ хэсгийг чинь тасдаад авъя гэж хэлэхэд байг гэхгүй нөхцөл үүсчихлээ шүү дээ. Тэгэхээр чөлөөт бүсийн асуудалд сэтгэлийн хөөрлөөр ч юмуу, дутуу дулимаг судалгаатай хандаж болохгүй нь ээ. Халхгол гэхийн оронд арван жилийн өмнө байгуулсан Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсээ л сайн ажиллуулъя л даа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих