Өлзийтийн Бадам Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт 1933 онд төрсөн. Бага залуу насаа мал маллаж 1959 онд тус сумын "Социализм” нэгдэлд анхны тулгын чулууг нь тавилцаж нэгдлийн анхны жолооч.Ө.Бадам тээвэрчдийн дунд газрын "Гагарин” нэрээр алдаршжээ.
Учир нь 1962 онд тавдугаар сарын 15 нд анх Ховд аймаг, сумын удирдлагын шийдвэрээр Монгол Алтайн Улаан давааны замын ажилд түүнд хүн тээвэрлэх даалгавар өгчээ.Тэр 18 залуучуудын хамт очиж, 20-оод морьтой хүмүүсийн хамт Улаан давааны зам засварт 20-оод хоног ажиллажээ. Тэр үед техник хэрэгсэл одоогийнх шиг байгаагүй бүх зүйл гараар гүйцэтгэдэг байсан.
Бүх сумаас морьтой, машинтай 300 гаад хүн 20-иод хоног ажиллажээ. 1962 оны 6 дугаар сарын 8-нд замын ажил дуусаж аймгийн дарга Б.Дүрвээ хурал хийж ”Одоо зам бэлэн боллоо маргааш даваанд гарч хүчит техникийнхээ мөрийг гаргаж хийсэн ажил анхны үр дүнг үзнэ шүү” гэдгийг нийт жолооч нарт онцлон хэлжээ.
Маргааш нь Ө.Бадам "Зис-5 "машиндаа 18 залуугаа суулгаад даваа өөд зүтгүүлэхэд түүний урд явсан хэд хэдэн "Зис-5”, "Зил-164" машинууд хальтарч гулгаад хий эргүүлээд явж чадахгүй байв. Шөнө нь цасаар шуурч боронго тавьсан тэр өдөр Ө.Бадам хүнээ тээвэрлэж ямар ч саадгүй 11 цаг гэхэд давааны оройд гарч овоог нь нар зөв тойрчээ.
Тэгэхэд бүх хүмүүс ирчихсэн дарга цэргүүд түүнд баяр хүргээд аймгийн дарга Дүрвээ намын хорооны дарга Гончигдорж хоёр гар барьж, жижиг улаан дарцаг машины кабинд хатгаж өгчээ. Ямар ч зам харгуй байгаагүй онгон догшин өндөр даваанд анхны ачааны авто машины мөр гаргаж, их ирээдүйн алтан шар замын үүдийг нээжээ.
Аймгийн дарга Б.Дүрвээ цугласан олонд хандаж "Эрдэнэбүрэн сумын жолооч Ө.Бадамыг газрын "Гагарин” гэж нэрлэхэд болох уу гэж хэлээд гараа өргөхөд бүх хүмүүс уриа хашгирч байсан гэдэг. Ө.Бадам алдарт Алтайн улаан даваанд анх удаа "Зис-5” машинтай гарч буухдаа кабин дээрээ улаан туг мандуулаад баяр хөөртэй бууж байжээ.
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих