Ахмад дипломатч, Уранхан Б.Жаргалсайханы дурдатгалаас…
Нэг удаа Маршал дуудав. Тэрээр манай Монгол чинь өөрийн гэсэн цаг тоололтой юм шүү дээ. Түүнийгээ сэргээх хэрэгтэй байна. Бид Сар шинээ ч мэдэхээ байх нь. Тэр чинь бидэнд хамаагүй юмаа гэхэд малчдад маань хэрэгтэй. Би нэг хүн оллоо, чи нэг өрөө гаргаж, туслах барих хүн гаргаж хуанли хийлгүүл гэв. Чингээд хуучин зурхайч явсан Даваасамбуу гэдэг Цагдан сэргийлэхийн нэгэн дарга Хүрээлэн дээр хоёр сар сууж анхны малчны календарыг хийж билээ. Би хааяа тэдний өрөөгөөр орж, хийж байгаа юмыг нь сонирхож, хэрэгтэй хэрэггүй юм асууна. Тэрээр бид одон зурхайн аргаар ажиллаж байна. Тасалдаад удаж байгаа болохоор хөөж бодох юм нэлээд байна. Эцсийн эцэст энэ маань сар мичдийнхээ орчилтой яг тохирч байх ёстой юм шүү дээ гэж байсан сан. 40 жилийн дараа би нэг удаа Бүрэн суман дээр зурхайч Дашдамбатай таараад энэ өдөр чинь сарныхаа тэргэлтэй зөрөөд байгаа юм биш үү гэхэд тэрээр харин тийм ээ, бид мэдэж байгаа мөртлөө засахгүй л яваад байгаа юм гэж байж билээ. Энэ бол яахав, зурхай мэдэхгүй хүнд л зориулсан үг л дээ.
Манай малчны анхны цаг тооны бичиг Маршалын санаачилгаар тэгж гарсан түүхтэй юм аа. Түүнийг сайн мэдэхгүй хүмүүс сүүлийн үед янзбүрийн л юм ярьж, бичээд байх шиг. Яг тэр цаг тооны бичгийг хийж байх үеэр улсын их сургуулийн тооны багш Баранова надтай уулзаж танайд нэг зурхайч байдаг гэнэ, намайг тэр хүнтэйгээ уулзуулж өгөхгүй юу гэж хүсэхэд нь би түүнийг дагуулан очиж тэр зурхайчтай нь танилцуулж билээ. "Тэр авгай чинь хоёр том хар дэвтэр дүүрэн тэмдэглэл хийж аваад явсан гэнэ билээ” гэж сүүлд Цэвэл гуай ярьж байсан сан. Тэр цагаас хойш л манайхан цагаан сараа их бага, ил далдаар тэмдэглэж эхэлсэн байх. Эгэл жирийн хүн бол хаврын эхэн сарын шинийн нэгнийг сайн бүхний учрал бүрдсэн өдөр гэж боддог байх, хэрэг дээрээ тийм биш юм гэнэ билээ. Нэгэн цагт бид чинь цагаан сараа намар тэмдэглэдэг байсан юм гэсэн. Тэгэхээр түүнийгээ Чингисийн цаглабар, хятад, төвдийн шар, хар зурхай гэж маргалдахгүй, зүгээр л хаврын урь орох үеэр 2 дугаар сарын 5-д тэмдэглээд байхад болохгүй хэмээх газаргүй мэт санагдах юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11396
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих