Өчигдөр УИХ Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авлаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авах саналыг гишүүдийн 81.1 хувь нь дэмжсэн. Мөн хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг 83.1 хувийн саналаар хүлээж авав. Эцэст нь тогтоолыг гишүүдийн 83.1 хувийн саналаар баталлаа.
Ийнхүү хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, түүний Засгийн газрыг огцруулах ажиллагаа эхлээд байна. Олон улсын хэвлэлийнхэнд улс төрийн хөдөлгөөнтэй залуу хэмээн үнэлэгдэж байсан Ч.Сайханбилэг Монголдоо бол модон лидер гэвэл болно. Уул уурхайн томоохон төслүүд нь хөдөлгөөнгүй, дээрээс нь өөрөө гурван "Э”-гийн дунд хавчуулагдчихаад хаашаа ч хөдөлж чадахгүй хэсэг удлаа. УИХ хоригийг хүлээгээд авчихвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уурлачихна,хүлээж авахгүй бол Н.Энхбаяр кабинетийг нь самрах гээд байдаг. Мөн энэ хажуугаар гурав дахь "Э” түүнийг унагаачих гээд оролдоод байв.
Гурван "Э”-гийн дунд хаашаа нь харахаа бодож байх зуур хугацаа нь ч тулж, УИХ-ын дарга З.Энхболд хоригийг гялс хэлэлцүүлээд авлаа.Одоо нэгэнт хоригийг хүлээгээд авчихсан тул МАХН-ын дарга Н.Энхбаяр "илд”-ээ далайх ээлж ирлээ.
Төрийн ордны эх сурвалжийн мэдээлж буйгаарН.Энхбаяр "авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залилан зэргийг өршөөлд хамруулахгүй” болсныг сонсоод маш ихээр бухимдсан гэнэ.
Хориг дэмжигдэхээс өмнө Н.Энхбаяр "АН”-ынхан болон "Шонхор”-ынхонтой уулзаад Өршөөлийн хуулиар завсарлага авахгүй бол засгаас гарна гэдгээ мэдэгдээд байжээ. Тэрээр завсарлага авах юм бол хугацаа хожиж, тэр хооронд нь МАН-ынхантай учраа олж, гишүүдийг нь өөрийн талд татах зорилготой байсан биз.
Гэвч АН Н.Энхбаярын сануулгыг эс тоов. Бүлэг дээрээ ярилцаад хоригийг хүлээн авахаар шийдэж, үүнийгээ ч батлаад авлаа. АН Н.Энхбаярын сүрдүүлгийг тоогоогүй нь З.Энхболд засгийн газрыг огцруулахад дуртай байгаатай холбоотой. Тиймээс ч УИХ-ын дарга Өршөөл үзүүлэх хуулийн хоригийг хүлээн авч, дүн батлагдах үеэр их л таатай сууж харагдана лээ.
Тэгэхээр өчигдөр дэлбэртлээ уурласан Н.Энхбаяр "бусад”-тайгаа нийлээд АН-ын засгийн газрыг унагаах ажилдаа орох нь цаг хугацааны л асуудал. Түүнчлэн дараагийн засгийн газрыг байгуулахад МАХН оролцохгүй бол УИХ тарахад хүрнэ. Энэ хөшүүргээр Н.Энхбаяр АН-ынхныг их дарамтлаж байгаа юм.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар төсөв батлагдахаас өмнө огцоруулна гэсэн шум байна.
Д.Идэр
www.24tsag.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих