УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлсэндээ хүрсэн. Уг хоригийг УИХ хүлээж авснаар авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөлд хамруулахгүй болж байгаа юм.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл юуны учир энэхүү хоригийг хүлээж авахгүй хэмээн эсэргүүцэв гэх асуулт ургаж байна. Өмнө нь баталсан хуулийн дагуу авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа 174 хүн өршөөгдөх учиртай байсан. Үүнээс 2 нь УИХ-д сууж байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат задалсан. Энэ нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Болд нар юм.
Саяхан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болдыг АТГ-аас авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж дуусаад, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн тухай мэдээлсэн.
УИХ-ын гишүүн Л.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч "Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаж ял авсан. АТГ-ынхны мэдээлснээр Л.Болд уг хэрэгт холбоотой байсан нь тогтоогдсон гэсэн үг юм.
Ц.Оюунгэрэл гишүүний хувьд Л.Болд гишүүнтэй хамт Хан-Уул, Багануур дүүргээс УИХ-д сонгогдсон андууд. Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн Л.Болдыг "Ц.Оюунгэрэл гишүүний халаас” хэмээх хэлц улс төрийнхний хүрээнд байдаг. Тэгэхээр Ц.Оюунгэрэл гишүүний Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ямар учраас эсэргүүцэж байсан нь тодорхой болж байх шиг.
У.Жанцан
ЦЕНЦУРГҮЙ.МН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих