Дорнодын ИТХ доголон чоно олонтой болжээ. Сав л хийвэл хална, солино, огцруулна гэж орилохдоо сурамгай Дорнодын удирдлагууд энэ удаа ИТХ-ын даргаа албан тушаалаас нь буулгах гэнэ. Өмнө нь засаг даргаа унагаж, түүний оронд М.Бадамсүрэнг хэдэнтээ өргөн барьж, Н.Алтанхуягт адлагдан эцэстээ Ч.Сайханбилэг МАН-тай гар барьсан тулдаа түүнийг томилуулсан. Тэгвэл энэ удаа асуудлыг өргөн барьсан хоёр эрхмийг ИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татах шүүхийн шийдвэр гармагц асуудлаа бүдгэрүүлэхийн тулд дажин үүсгэж явна. Тодруулбал, аймгийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид болох Г.Болдбаатар, Д.Ганцогт нар намын нэрийн жагсаалтаар эрэмбэлэгдэж, ногоон гэрлээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нөхдүүд. Гэвч тэднийг хууль бусаар ИТХ-ын төлөөлөгч болсон тул эрхийг нь түдгэлзүүлэх ёстой хэмээн АН-ын дарга Д.Цэрэнчимэг шүүхийн байгууллагад хандсан байдаг.
Маргаан шүүхээс шүүхэд шилжин явсаар, эцэст нь давж заалдах шатны шүүхээс Г.Болдбаатар, Д.Ганцогт нарын эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзжээ. Улмаар шүүхийн шийдвэрийг ИТХ-ын хуралдаанд танилцуулж тогтоол гаргахаар болсон нь Р.Зоригтбаатарыг огцруулах шалтгааны эхлэл болж хувирав.
Зүй нь дээрх шүүхийн шийдвэрийг Дорнод аймгийн ИТХ-ын 14-р хуралдаанаар төлөөлөгчдөд танилцуулж, ИТХ-ын тогтоол гаргуулахаар болоход Г.Болдбаатар, Д.Ганцогт нар хурал үймүүлсэн байдаг. Түүнчлэн энэ хоёр нөхөртөй холбоотой таагүй мэдээлэл олон. Жишээ нь Г.Болдбаатар хятадуудаас 30 сая төгрөгийн авлига авч, 10 га газар худалдахыг завдсан гэлцдэг. Мөн хүн зодож танхайрсан тухай яриа ч бий.
Хамгийн гол нь эл үйл ажиллагаанд МАН-ынхан хүн хавсрахаар болсон нь олон хардлага дагуулна. Тэр дундаа аймгийн засаг дарга М.Бадамсүрэн АН-ын хоёр эсэргүүг эргүүлэн татахыг буруушааж, тэр ч байтугай нам нэгт ИТХ-ын даргын эсрэг зогссон байна. М.Бадамсүрэнгийн тухайд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн гэх тодотголтой. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг М.Бадамсүрэнг батламжлахгүй буцаах бүрт Н.Номтойбаяр ширээ шааж, бухимдлаа олонтаа илэрхийлж байлаа. Тухайн үед М.Бадамсүрэнг төрд гурван жил ажиллаагүй гэсэн шалтгаанаар Н.Алтанхуяг эсэргүүцсэн. Гэвч М.Бадамсүрэн үүнийг эсэргүүцэж, Н.Алтанхуягийг шүүхэд өгч, 2012 оноос эхлэлтэй энэ маргаан бүтэн жил үргэлжилсэн. Эцэст нь Төрийн албаны зөвлөл М.Бадамсүрэнг төрд гурав байтугай зургаан жил есөн сар ажилласан гэсэн тодорхойлолт гаргаж өгснөөр асуудал намжсан юм. Гэтэл эл асуудал дахин сөхөгдөж, аймгийн Аудитын газар М.Бадамсүрэн болон Халхгол сумын засаг дарга В.Мөнхтайван нар нь өмнө нь хувийн байгууллагад ажиллаж байсныг гаргаж тавьжээ. Тодруулбал Аудитын явцад Нийгмийн даатгалын хэлтсээс авсан лавлагаагаар Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын засаг дарга В.Мөнхтайван нар өмнө нь хувийн аж ахуйн нэгжид ажиллаж байсан нь батлагдсан байна. Иймд эдгээр нөхдийг хууль зөрчин томилсон тухай ч дурьджээ.
Иймээс энэ тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нарт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26-р зүйлийн 26.5.2 дахь "төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” гэж заасныг мөрдөн ажиллах зөвлөмж хүргүүлжээ. Мөн Төрийн албаны зөвлөлд ч энэ тухай хүргүүлсэн байна. Магадгүй энэ нь М.Бадамсүрэн Р.Зоригтбаатарын эсрэг хөдлөхөд хүргэсэн байж мэднэ.
Хатуухан хэлэхэд М.Бадамсүрэн өөрийнх нь эрх ашигтай харшилдвал хэнийг ч уландаа дэвсэлж чадах нэгэн. Ямартаа л өөрийг нь анх улс төрд хөтлөн оруулж, А үсэг заасан экс засаг дарга Ц.Жанлавыг албан тушаалаас нь буулгасан. Өмнөх засаг дарга С.Ганбатыг хамтран ажиллана хэмээн томилчихоод удалгүй огцруулж хулхидсан. Өдгөө засаг ноён болоход нь багагүй дэмжиж тусласан намын нөхөр Р.Зоригтбаатарыг унагаахаар алга хавсран талархаж суугаа нь энэ. Ямартаа л М.Бадамсүрэн шинэ цагийн "Түгжил”-ээр тодроод байхав дээ.
Юутай ч МАН-ынхан орон нутгийн зүг анхаарлаа хандуулахгүй бол бусдын шидсэн чулуунд намынхан чинь алалцаад сүйд. Өөрийнхөө асуудлыг өөр тийш нь чиглүүлэхээр шидсэн ганц чулуунд нь гуяа алгадан баярлацгааж, хэзээний шударга зарчимч гэгддэг ИТХ-ын даргаа огцруулах саналыг уухайлан дэмжиж сууна. Иймд алсын хараагаа аймаг руу шилжүүлж, асуудлыг голыг тунгаахгүй бол үүрээ эвдэж, үндсээ тасалж мэдэх нөхцөл байдал Дорнодод үүсчээ.
Улстөрийн тойм
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих