Н.ГЭРЭЛ
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын их хурал энэ сард болох сураг байна.
Тов нь тодорхой болоогүй ч энэ хурлыг хүсч хүлээсэн хүн олон. Ялангуяа
бизнесийнхэн дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа байгууллагынхаа
цаашдын ирээдүйг хэлэлцэхээс гадна танхимыг удирдаж буй толгойдоо
салхи оруулах тухай ч ярилцаж буй юм. Учир нь Монгол Улсын хувийн
хэвшлийн хөгжилд тэргүүлэгч, идэвхитэй хувь оруулагч байх, бизнес болон
хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд гол дэмжигч, урагшлуулан
чиглүүлэгч байх гэсэн эрхэм зорилготой Үндэсний худалдаа аж үйлдвэрийн
танхимын үйл ажиллагаанд бизнесийнхэн сүүлийн үед тун ч таагүй хандах
болсон. Төртэй харилцаж байна уу, өөрсдийнх нь эрх ашгийн төлөө үйлчлэх
үүрэгтэй байгууллагатай харилцаж байна уу гэдгээ ч ойлгохоо больжээ.
Танхимыг бүхэл бүтэн 16 жилийн турш толгойлж байгаа С.Дэмбэрэл дарга нь
УИХ-ын гишүүн болсноор сахил хүртээд шал дордохын үлгэрийг жинхэнээр
нь үзүүлж байгаа.
Хамгийн наад зах нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийнхээ төлөө ажиллана хэмээн ам гарч татвар нэрээр компаниудаас татаас авч амьдардаг МҮХАҮТ гишүүдийнхээ эрх ашгийн төлөө чухам юу хийж байгаа нь огт ойлгомжгүй. Сайхан том ордонтойгоос цаашгүй, нозоорч нойрмоглосон нэг газар л байдаг болсон гэх шүүмжлэлийг бизнесийнхэн хэлдэг ч үүнд нь цочоо авч сэрдэггүй юм гэхэд сэрэх янз үзүүлэх ч үгүй нам тайван суусаар ямартай ч хоёр оныг үдэв. Улстөрч, хууль тогтоогч даргатай учир хамаагүй чанга дуугарч болдоггүй юм болов уу хэмээн гайхахаар байгаа. Харин тэгтэл сүүлийн хэдхэн хоногт С.Дэмбэрэл гэж эрхэм гишүүний тэргүүлдэг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим гэнэт сэрж элдэв мэдэгдлээр ээлж дараалан "бөмбөгдөх” болов. Валютын ханш өсч байгаад, хууль хэрэгжихгүй байгаад санаа зовж байгаагаа ойлгомжгүй огцом илэрхийлжээ. Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр ч УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл салбар чиглэл тус бүрээр нь бизнес эрхлэгчидтэй уулзалтуудыг бараг долоо хоног болгон хийх болсон байна.
Гэхдээ Худалдаа аж үйлдвэрийн танхимын энэ цочир мэдэгдлүүд үнэхээр цагаа олов уу, ямар бай онох гээд байна вэ гэдэг нь олны анхаарал татаад эхэлжээ. Учир нь МАН-аас улс орны эдийн засгийн байдлын талаар зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр тус намын дарга М.Энхболд "Валютын ханш таван жилийн турш 1300 орчим төгрөгт тогтмол байснаа сүүлийн ганцхан жилийн дотор 1800 болтол огцом өссөн” хэмээн онцолж байсан. Жил гэдэг дээр нь ч бас тодотгол хэрэгтэй байх. Энэ 1800 гэдэг тоо үндсэндээ өнгөрсөн зунаас л гарч ирсэн гэдгийг мартаж болохгүй. Бодит байдал ийм байхад бизнесийн өнөө маргаашийг тольдож суух ёстой Худалдаа аж үйлдвэрийн танхим үйл явдал эхэлснээс хагас жил гаруйгийн хойно дөнгөж мэдэгдэл гаргаж байгаа нь гайхал төрүүлэхээс ч аргагүй юм. Бас дээрээс нь Иргэний хуулийн 218.1-д заасан "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасныг хэрэгжүүлэхийг уриалжээ. Ханш өсдөгөөрөө өсөөд, түүнээс улбаалсан сөрөг нөлөө жижиг, дунд шатныхныг нэрвэдгээ аль хэдийнэ нэрвэчихээд одоо томоохон компаниуд руу цомхотгол болж орчихоод байхад хэзээ хойно дуугарч байгаа нь ёстой нөгөө өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил болж байна хэмээн бизнес эрхлэгчид, дургүйцлээ илэрхийлж байгааг ч дуулгахад илүүдэхгүй биз ээ.
Иргэний хуулийн дээр
дурдсан заалтыг хэрэгжүүлэхийн төлөө өнгөрсөн жилүүдэд Монголын
худалдаа аж үйлдвэрийн танхим юу хийсэн юм бэ. Хуулийн энэ заалт зөвхөн
мөнгө зээл дээр гэхэд л авсан талаа ханшийн өсөлтөөс, өгсөн талаа
ханшийн уналтаас хамгаалах агуулгатай. Хэрвээ өнөөдөр долларын ханш
гэнэт уналаа гэхэд тухайн зээл олгосон банк, эсвэл зээлдүүлэгч тал нь
зээл өгч байсан үеийнхээ ханшаар тооцох тул уналтаас үүдсэн алдагдал
хүлээхгүй гэсэн үг. Зээл авч байгаа талдаа гэвэл, ханшийн өсөлтөөс
үүдсэн алдагдал хүлээх эрсдлийг нь бууруулах гэсэн сайн талтай.
Гэхдээ ийм заалт бүхий хуулийг Их хурлын гишүүд С.Дэмбэрэлийг Төрийн ордонд залрахаас хамаагүй өмнө батлачихсан байсан. Зээл өгч байгаа, авч байгаа хоёр тал хоёулаа бизнес эрхлэгчид. Бизнес эрхлэгчдэд, хувийн хэвшлийнхэнд үнэнхүү хэрэгтэй Иргэний хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхийг өнөөдөр уриалж мэдэгдэл гаргаж байгаа нь ёстой л нөгөө матрын нулимс юм уу даа.
Гэтэл ийн матрын нулимс унагаж буйн учир нь бизнес эрхлэгчдийг
хямралын сүүдэрт дайруулж даарах вий гэсэндээ биш харин удахгүй
болохоор товлосон МҮХАҮТ-ын их хурлын чимээтэй хамаатай юм билээ.
Эрхэм гишүүн С.Дэмбэрэл энэ газрын толгойд бүхэл бүтэн 16 жил буюу
дүрэмд нь зааснаар дөрөв дэх бүрэн эрхийн хугацаандаа заларч буй.
Цаашдаа ч энэ суудлаасаа ховхрох бодолгүй байгаа бололтой. Ингэж хэлэх
шалтгаан ч бас байгаа юм. Учир нь С.Дэмбэрэл улс төрд хөл тавьж буйгаа
зарлан ИЗНН-ын өмнөөс парламентад суудал эзэлсэн ч МҮХАҮТ-ын даргынхаа
албыг өгөөгүй. Өгөх талаар ч ярьдаггүй юм. Тэр ч бүү хэл түүнийг давхар
дээл хөдөрчихөөд байна шүү дээ хэмээн анхааруулан Үндсэн хуулийн цэцэд
хандахад ч огт сонсоогүй мэт өнгөрөөж байсан нэгэн.
Хуулийнхаа
дагуу бол УИХ-ын гишүүнийг давхар ямар нэг албан тушаал хашихыг
хориглодог. Гэтэл С.Дэмбэрэл 2012 оноос хойш УИХ-ын гишүүн, Үндэсний
худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга гэсэн хоёр албан тушаалыг хамтад
нь хашиж ирсэн. Энэ нь хууль зөрчиж байна хэмээн үзсэн МЗХ-ны
ерөнхийлөгч А.Мөнхбат ҮХЦ-д хандсан. Харин Цэцээс МҮХАҮТ нь төрийн бус
байгууллага учраас маргаан үүсгээд шалгаж нягтлаад байх шаардлагагүй
гэсэн шийдвэрийг Дунд суудлын хуралдаанаасаа гаргачихсан юм. Гэтэл
Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг байгууллага тусгайлсан
хуультай. 1995 онд УИХ-аас Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай гэсэн
хууль баталсан байдаг. Уг хуулийн дагуу үйл ажиллагаа нь явдаг гэхээр
МҮХАҮТ-ыг Ц.Мөнхбаярын "Гал үндэстэн” маягийн төрийн бус
байгууллагатай адилтгаж болмооргүй санагдана.
С.Дэмбэрэл энэ албаа
өгөх хүсэлгүй байгаагийн цаана тун ч хувийн сонирхол бий хэмээх юм
билээ. Хан-Уулд танхимын хачин сайхан барилга бариулсан. Хажууд нь
хамаатан дүүдээ газар өгч тансаг зочид буудал босгосон. Бас энэ хавьд
солонгосчуудтай газрын наймааны тухай яриа хөөрөө хийсэн тухай ч
дуулддаг. Хэдийгээр тэр өөрийгөө хувьдаа бизнесгүй, ах дүүсийнхээ хийж
буйд хошуу нэмэрлэхээс хэтэрдэггүй хэмээдэг ч амьдрал дээр арай л өөр
зүйлс дуулдах юм билээ.
Хамгийн сүүлд л гэхэд танхимын мэдлийн
газраас өгч "Корпрайт-2” зочид буудал бариулсан дүү Т.Ганболдыг нь
цагдаагийнхан баривчилж том дуулиан дэгдэв.
Дарханы Төмөрлөгийн
үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий захирал асан түүнийг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтсийнхэн саатуулсан үндэслэл нь албан тушаалаа урвуулан
ашиглаж, бусдад давуу байдал олгон 2004 оны есдүгээр сард хүнд даацын
автомашин худалдан авах тендерийн ялагчийг хууль бусаар шалгаруулахдаа
хуучин 30 машиныг тус бүрийг нь 133,6 сая төгрөгөөр тооцон зах зээлийн
үнээс147 сая төгрөгөөр илүү өртгөөр худалдан авч, төсөвт онц хэмжээний
хохирол учруулсан гэдгийг шалгаж тогтоосонтой холбоотой гэнэ. Мөн
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ган бөмбөлгийн бэлдцийг "Эрдэнэт”
үйлдвэрт шууд нийлүүлэх бололцоотой байтал үеэл дүү Д.Ирмүүний нэр дээр
Хонгконгод бүртгэлтэй "Стандарт металс лимитед" компанитай өндөр үнийн
дүн бүхий гэрээ хийж хувьдаа ашиг олсон.
Зөвхөн энэ гэрээнээс л
гэхэд 3.0 сая ам.доллар халаасалсан гэдгийг хуулийнхан тогтоожээ. Үүн
дээр "Жаст”-ын Ш.Батхүү, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нартай хамтран
Төмөрлөгийн үйлдвэрийг барьцаалан их хэмжээний зээл авсан гэхчилэн
олон олон асуудал дагуулж буй гэнэ. Энэ бүхэнд нагац ах МҮХАҮТ-ын дарга
С.Дэмбэрэлийн хаялга их байдаг гэдэг юм. Чухам энэ мэт олон учир
шалтгааны улмаас Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимын "мөнхийн”
дарга хаялгатай албанаасаа ховхорч халаагаа өгөх хүсэлгүй байдаг юм биш
байгаа даа.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих