Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжлэн явагдана. Башёг озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Тэрээр өчигдрийг хүртэл нэг ч унаагүй тэргүүлж байсан бөгөөд зүүний сэкиваке Точиозанд өвдөг шороодсоноор 11 даваа нэг унаатай болсон юм.
Точиозаны хувьд өнгөрсөн башёд япончуудын итгэл найдварыг даан сайн барилдаж байсан бөгөөд энэ сарын башёг долоон даваа таван унаатай үргэлжлүүлж байна.
Харин тэргүүлэгчийн араас хоёр унаатай нэхэж яваа их аварга Какүрюү М.Ананд учраа бөхөө давснаар 10 даваа хоёр унаатай өнөөдөр барилдаанаа үргэлжлүүлэх юм.
Манай их аварга Какүрюү М.Анандын хувьд озеки Котошогикүтэй хүч үзэж хурдтай шийдэмгий барилдаан үзүүлж уватэнаге мэхээр ээлжит даваагаа авсан юм. Ийнхүү их аварга 10 даваатай болж тэргүүлэгч озэки Тэрүнофүжитэй энэ башёд түрүүлэхийн төлөө өрсөлдөх боломж гарч байгаа юм.
Өнөөдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Кисеносатотой барилдах бол Какүрюү М.Ананд озэки Гойдотой барилдах ба мэдээж хэрэг түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд унаж үл болох чухал барилдаанууд болох юм.
Манай бусад бөхчүүдээс Таканоива Баасандорж дээд зиндаанд барилдан Асасекирюүг давсан бол өнөөдөр Сэйро, Араваши нар хоорондоо барилдана.
Энэ сард япон бөхчүүдээс маэгашира Икиой маш сайн барилдаж 10-1 амжилттайгаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан ч өчигдрийн барилдаанд Ёшиказед унаж хоёр дахь унаагаа авсан юм.
Аки башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдэж үзэгчид, сүмогийн хорхойтнуудыг догдлуулж байна.
Мэдээж хэрэг энэ башёд хоёр их аварга барилдаагүй тул их аварга Какарюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын дунд гол өрсөлдөөн явагдана хэмээн таамаглаж байсан ба энэ ч ёсоор болж байна.
Хоёр бөхийн даваа унааны харьцаа хоёр унаагаар зааглагдаж байсан бол нэг болж ойртлоо.
Сүүлийн өдрүүдийн барилдаан тул өрсөлдөгч бүр нь хүчтэй өндөр цолтой бөхчүүд байх болно. Тиймээс манай бөхчүүд хичээж барилдах нь тодорхой бөгөөд 15 дахь өдрийн барилдаанд хоорондоо таарах болов уу.
Тэр үед одоогийн даваа унааны харьцаанд өөрчлөлт орохгүй бол Какарюү М.Ананд давсан тохиолдолд нэмэлт барилдаан хийнэ, эсхүл Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давсан тохиолдолд шууд түрүүлж эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа өргөх юм.
Хоёр бөхийн хувьд хоёул дээд зиндаанд нэг нэг удаа түрүүлсэн байгаа. Мөн сүүлийн өдрүүдэд Японы хэвлэлээр Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг түрүүлсэн тохиолдолд их аварга - ёкозүна цол олгох болзол яригдаж эхэлсэн хэмээн бичих болсон гэнэ.
Какарюү М.Анандын хувьд дээд зиндаанд нэг удаа түрүүлэхдээ шууд их аварга - ёкозүна цол хүртсэн ба одоо Г.Ган-Эрдэнийг хоёр дахиа түрүүлчихээд байхад нь их аварга цол өгөхгүй байж болохгүй, шинээр гарч ирж байгаа хүчтэнүүдийг дэмжих хэрэгтэй хэмээн бичиж байгаа аж.
Тиймээс Какарюү М.Анандын хувьд энэ башёд хоёр дахь удаагаа эзэн хааны цомыг өргөж их аварга цолоо хамгаалах, Тэрүнофүжигийн хувьд хоёр дахь удаагаа түрүүлж их аварга цолыг гуядаж авах эрмэлзэлтэй барилдаан болж байна гэхэд буруудахгүй бизээ. Ямартай ч хоёр их аварга маань барилдаагүй боловч үзүүр түрүүний өрсөлдөөн монгол бөхчүүдийн дунд өрнөсөн хэвээр байна.
Ёкозүна Какарюү М.Ананд 10-2
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-1
Маэгашира Ичиножёо А.Ичинноров 6-6
Маэгашира Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 7-5
Маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил 3-9
Маэгашира Токитэнкү Хүчитбаатар 6-6
Маэгашира Асасекирюү Б.Дашням 5-7
Маэгашира 14 Кагамио Б.Нанжид 3-9
Маэгашира 15 Сейро А.Өнөболд 6-6
Н.Төгс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих