Тоост их говийн Тортогт хөх асар Сэгс цагаан Богддоо Сэтгэл хоргодоод болохгүй нь.
("Сэгс цагаан Богд" найраглалаас)
Хур бороо элбэгтэй байсан 2013 оны Усан могой жилийн өвлийн гурван
сарын дэл сүүэн дээр дөрөөлж яваад Сэгс цагаан Богд уулын барааг ойрхон
зуур хоёр дахин харчихаад хүрч ирлээ. Тэр нь миний сүүхээтэйнх биш.
"Таны зүтгэлийн төлөө" ТББ, янз бүрийн телевиз, сэтгүүлчдийн урилга,
шахалтаас үүдсэн аялал, томилолтууд байв.
Хаврын налгар тогтуун өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хаяа
жийсэн цэлгэр их говиос Сэгс цагаан Богд уулын бараа үл мэдэг
сүүмэлзэхийн төдий харагддаг ажээ. Манантай өдөр бол юу ч үзэгдэхгүй.
Хол сунгуу найман өртөө газрын тэртээд заларч суугаа их хайрхан бас ч
гэж хааяа тэргүүнээ бидэнд харуулж байгаа нь их юм даа гэж бодогдохоор
юм билээ.
Өөр хоорондоо ийм хол зайтай ч гэсэн их говийн тэмээчин бүсгүй Надмидын
Сүхбатыг "Сэгс цагаан Богдын хүүхэн" гэж нэрлээд олон он жил улирчээ.
Энэ нутагт хөл тавьсан сэтгүүлч, зохиолч, аян замын хүмүүс "Сэгс цагаан
Богдын хүүхнийг" сураглахгүй гарах нь ховор байсан аж. Болж өгвөл
түүнтэй нүүр учрахыг хүснэ.
Баяртай найз минь Хариу бичээрэй, Байнгын минь хаяг Сэгс цагаан Богд...
гэчихээд нутгаасаа хөдөлдөггүй тэр "айхтар" хүүхнийг харахсан гэж
зүггүйтэх нь ч бас аргагүй. Тийм маягаар манай Ш.Сүрэнжав, П.Бадарч,
Ц.Базаррагчаа, Л.Пүрэвдорж, Г.Аким зэрэг үзэг нэгт олон нөхөд маань
тэднийхээр дөрөө мулталсан сурагтай байдаг.
Тэр хэмжээгээр сонин хэвлэлд ч Сүхбатын нэр үе үе дурсагдаж, бичигдэж
байдаг юм. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав "Тэмээ багширтал хураасан нэгэн
хот айлд очлоо. Энэ гэрийн эзэгтэйг Монгол даяар мэднэ гэхэд
хилсдэхгүй.
Хөх торгон дээлтэй, нүдэнд дулаахан, тос даасан бор бүсгүйн аялагхан
царай, дөлгөөн занг ажихад найргийн баатрын буян даах хүн мөн юм даа
гэсэн бодол төрнө. Энэ бол бидний нийтээр мэдэх "Сэгс цагаан Богд"
найраглалын эх дүр тэмээчин бүсгүй Сүхбат юм" ("Утга зохиол, урлаг"
сонин. 1988.08.12 №33) гэсэн нь тэр бүхний нэгэн жишээ билээ.
Сүхбатыг сурагласан хүмүүс ийнхүү уулзаж учраад байсан ч "Сэгс цагаан
Богдын" гол баатрууд гэж сүрхий юм болоод байгаа бид хоёр хоорондоо
уулзаж чадалгүй дөчин дөрвөн жилийг ардаа орхижээ. Тэр жил төрсөн манай
нэг хүү 44-тэй эр болчихоод цахилж яваа ... гэхчилэн бодвол багтаамжтай
цаг хугацаа гэхээр байна.
Могой жилийн намрын адаг сарын хорьдоор Шинэжинстэд очиход нүүрс шиг
хар чулуудтай толгодын дунд Хоёр худаг хэмээх газар тэднийх намаржиж
байв. Очиход Сүхбат маань гэртээ байсангүй, хонинд яваа гэлээ. Хүлээгээд
байвал нар шингэчих юун магад гээд бид машинаа асааж хөдөллөө.
Хонь яваа газрын чиг баримжааг хүүхэд тэвэрсэн бэр нь гэрийнхээ гаднаас
зааж өглөө. Хар толгодын дунд хонь улам тод цагаан харагддаг юм санж.
Гэтэл хонь гээд байсны бараг дийлэнх нь цагаан ямаад ажээ. "Галбын улаан
тэмээд" гэдэг шиг "Залаа жинстийн цагаан" гэж улс даяар алдартай цагаан
ямаа энэ нутагт өсч үрждэг юм байна.
Өнөөгийн хэлээр бол Шинэжинстийн брэнд нь энэхүү цагаан ямаад болчихоод
байна. Анх 1985 онд Л.Түдэвийн "Цагаан ямаа" хэмээх асуудал дэвшүүлсэн
өгүүлэл "Шинэ хөдөө" сонинд гарч байсан гээд бод л доо. Цагаан ямааны
тухай анх дэгдсэн ярианы "Цагаан мод шидсэн" газар нь Шинэжинстийн нутаг
байж уу дээ гэж санагдахаар байв.
Гэхдээ цагаан ямаад эндээс Өмнөговийн баруун чиглэлийн Сэврээ,
Гурвантэс, Ноён сумдаар дамжаад Өвөр Монголын нутагт бүр ч их харагдах
юм билээ. Үүнийг цагаан ямааны бүс нутаг гэж болно байх.
Ямаа хонь дээгүүр нь бүрхсэн хар толгодын чанадаас тэмээтэй хүн гэнэт
гарч ирэх нь санамсаргүй явсан бол цочихоор санагдлаа. Бурантаг хөдөлгөн
алхуулсаар наашаа дөтөлж ирсэн тэр хүн нь "Сэгс цагаан Богдын хүүхэн"
гэж олноо алдаршсан мөнөөх Сүхбат байв.
Үндэсний телевизийн нөхөд намайг "Тосоод яв" гэж дохиж даллаад сүйд. Би
нэг л бишүүрхээд болж өгөхгүй байв. Гэсэн ч яая гэхэв, явлаа даа. Тэр
бүсгүй хавар намрын пальтотой хотын хүнийг тэмээн дээрээс гайхсан янзтай
харж зогсоно.
-Таньж байна уу гэсэнд тэрбээр
-Танихгүй байна... гэлээ
-Буугаад ир, хоёулаа золгоё гэлээ. Тэмээнээсээ босоо буугаад хүрч ирэхээр нь золгож үнсээд
-Яруу найрагч Нямаа гэдэг хүн байна гэсэнд тэрбээр танимхайрч "Даанч
үзсэн хүн харагдаад байсан юм. Телевизээр гарахыг тань уг нь бишгүй
хардаг л даа" гэв.
Ийнхүү "Сэгс цагаан Богд" найраглалын гол баатрууд болж уран зохиолоор
"нэр холбогдсон" бид хоёр 2013 оны аравдугаар сарын 23-ны үдээс хойш
Шинэжинстийн аглаг буйд говьд анх удаа хээр нүүр учирлаа.
Дэргэдүүр минь "Хулан жороо" хэмээх хөөрхөн шувууд гүйлдэж заг
барааддаг говь цөлийн энэ хул халтар шувууд хурдан гэж жигтэйхэн. Түүнээ
хүнд гайхуулах гэсэн шиг нүд эрээлжилтэл гүйдгийг нь би хар багаасаа
мэдэх юм.
Элдэв хэл мэдээ хүргэдэг гэсэн яриатай говийн энэ шувууд Сүхбатыг ч
яахав таних биз. Харин Сүхбатыг минь нэг танихгүй хүн ирж хонины бэлчээр
дээрээс хөтлөөд явчихлаа хэмээн "хов" хүргэвэл яалтай.
Тэр үед бидэнтэй хамт явсан Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дүгэрийн
Амбасэлмаа хотод ирээд телевизийн нэвтрүүлэг хийж, сонинд бас бичсэн
байв. "Сэгс цагаан Богдын" баатрууд уулзсан нь" гэсэн тэрхүү бичлэгт
өгүүлснээр бол "Арван тав, зургаахан настайгаасаа Сүхбат "Сэгс цагаан
Богдын охин" нэртэй" болчихоод нэгдэл түмэндээ хэдэн зуун тэмээ өсгөн
өгч, одоо ч гэсэн тэмээгээ хариулж өглөг буяныг нь хүртсээр явна.
Тэр үед гучин насны дөрөөнд ч гишгээгүй явсан залуу яруу найрагч
Долгорын Нямаа Монгол Улсын төрийн шагнал, Соёлын гавьяат цол хүртсэн
нэрт зохиолч болжээ. Цаг хугацаа надтай ч нөхөрлөсөн, чамтай ч бас
нөхөрлөсөн (Гэхдээ сайхан нөхөрлөж яваад өнөөдөр энд уулзлаа гэсэн
санааг хэлж байгаа юм л даа. Д.Н) гэж Нямаа хэлж сууна.
Намрын өдөр урт ч гэсэн зэрэгцээд ярьж суухад нар баруунаа улам хурдан
тонгойж байх шиг. Тэр сайхан найраглалын эзэд найраглал шигээ л эрхэм
байлаа" ("Өнөөдөр" сонин. 2014.01.13) хэмээн дурсчээ.
Миний хувьд гэвэл Сүхбатыг сайн танихгүй хэрнээ нэг л сэтгэл догдолж, хоолой зангирах шиг болоод байгааг бодож үзэхүл
-Сайхан залуу бага насандаа бид хоёр анх уулзаж явж дээ,
-Хагас зуу шахам жил өнгөрөхөд хэн хэн нь энх тунх сайн сайхан аж төрж яваад өнөөдөр энд уулзлаа,
-Хожмын өдөр дахин уулзах тохиол гарах болов уу, яах бол гэсэн маягийн
эргэлзээ, хэд хэдэн эмзэг бодол сэтгэлд минь эргэлдсэнийх бололтой.
-"Сэгс цагаан Богд" найраглал болоод түүний бүтсэн түүхийг олон жилийн
дараа бид бараг мартчихаад харайлгаж явснаа их зохиолчийн 80 жилийн
ойгоор сая эргэн санах шиг боллоо.
Яруу найрагчийн энэ бүтээл хэрхэн төрсөн талаар анх 1999 онд би "Өдрийн
сонин"-д бичиж байсан. Телевизээр ч бас ярьсан гэдэг юм билээ. Тийм
болохоор энэ удаа зохиогчийн өөрийнх нь баттай ярианаас иш татвал яасан
юм бэ гэж надад бодогдлоо.
Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржтой ярилцлага хийсэн (1999) сэтгүүлч
Б.Ганчимэг "Таны бичсэн "Сэгс цагаан богд" найраглалын тухай өнөө хэр
яригдсаар л байх юм?" гэж дурсахад зохиогч өөрөө "Тэр чинь 1969 оны
аравдугаар сарын 15 байсан. Бид Баянхонгор аймагт явж байгаад тэмээчин
Надмид гэдэг айлынд 30-аад минут саатсан юм. Тэнд Сүхбат гэдэг тэмээчин
охин байсан. Манай Д.Нямаа хамт явж байлаа. Тэднийх нэг хулангийн унага
бариад тэжээчихсэн байв. Түүнийг нь "Соотон адуу" гэнэ. Нямаа энгэртээ
зүүж явсан тэмдгээ Сүхбатын энгэрт зүүж өгөх санаа байсан боловч биднээс
жийрхээд тэр унаганы ногтон дээр зүүгээд өгчихдөг юм байна. Тэрнээс
болж сайхан хотын хөөрхөн хархүү гэдэг мөр гарсан юм. Цаана нь Нямаа
байгаа гэсэн үг" хэмээн хариулжээ. (Өдрийн сонин. 1999.№241)
Тэр тэмдэг нь Эрхүү мужид 1917 онд анхны дугаар нь хэвлэгдсэн
"Восточно-Сибирская правда" гэдэг сонины нэр хаягтай алтан шармал тэмдэг
байсан юм. Хориодхон хоногийн өмнө Халх голын ялалтын 30 жилийн ойг
хоёр оронд зэрэг тэмдэглэж байсан үед Д.Тарва тэргүүтэй Монголын
зохиолчдын элч төлөөлөгчид Сибирь, Алс Дорнодоор аялахдаа Эрхүүгийн
сонины газар зочлоход тэрхүү тэмдгийг надад зүүж өгсөн байв. Бодвол 1967
онд тус сонины 50 жилийн ойг тэмдэглэхэд зориулж тийм тэмдэг хийлгэсэн
үе байсан байх.
Сэгс цагаан Богдоос буцаж ирээд би радиогийн сурвалжлагчийн хувьд
"Зохиолчид Баянхонгор аймагт" гэсэн 30 минутын нэвтрүүлэг бичиж 1969 оны
аравдугаар сарын 31-нд Монголын радиогоор нэвтрүүлсэн юм билээ. Энэ
бичлэгтээ би Эхийн голд алим, чинжүү, өргөст хэмх, тарвас, амтат гуа,
төмс, байцаа зэрэг 23 сортын 16 нэр төрлийн жимс ургамал тарьсан
мэргэжилтэн Мөнх-Очирын Дорж гэдэг хүний тухай бахархан өгүүлжээ.
Аравдугаар сарын 30-ны өдөр бичлэгт орсон тэр нэвтрүүлгийг Ичинхорлоо,
Жанцан нар уншиж гарын үсгээ зурсан байх юм. Гэтэл энэ намар Сүхбатынд
бидэнтэй хамт очсон Үндэсний телевизийн найруулагч Р.Аля маань
нэвтрүүлэгч Ичинхорлоогийн охин байсныг би сүүлд л мэдэв шүү.
Мөн "Утга зохиол, урлаг" сонины 1969 оны аравдугаар сарын 31-ний
дугаарт (№43) Баянхонгорын тухай бүтэн нүүр боолт материал бэлтгэж
гаргасны дотор зохиолч эмэгтэй Д.Лхасамбуугийн бяцхан сурвалжлага
нийтлэгдсэнийг саяхан бас анзаарч харлаа.
Тэнд бичсэнээр "Шинэжинст сумын Дэлгэрэх" нэгдлийн тэмээчин Сүхбат хоёр
бяцхан дүү болон ээжийнхээ хамт 75 ингэ ботголуулж айл өрх толгойлон
алс газар ганц гэрээрээ оторт явж байна" гэсэн нь өөрийн эрхгүй анхаарал
татлаа.
Баянхонгороос буцаж ирээд нэвтрүүлэг хийж, сонинд тусгай нүүр бэлтгэж
ийнхүү "бужигналдан" байх үеэр Шинэжинстийн нутгаас Сүхбат надад захидал
илгээжээ. Тэр захидлыг яг хэвээр нь уншигчдадаа томилуулъя.
"1969.10.29. Хүндэт Д.Нямаа таны амрыг эрье. Та нараар дамжуулан манайд
ирсэн ах эгч нарын амрыг эрье. Та бүхэн сайн явж хүрсэн үү. Одоо
биесүүд сайн уу? Манай нутгаар дулаан урт намар болж байна. Би тэмээгээ
хариулж та нарын явсан мөрөөр Бүгийн хоолой хааяа орох юм даа.
Та бүхэн миний нүдэнд харагдаж байх юм. Хулангийн унага надаас өвс сүү
нэхээд л явж байна. Авах гээд хүн хүрээд ирдэг ч юм уу гээд л бодох юм,
харах юм. Та нарын өгсөн хүлээн авагч манай гэрт хотын сонин сайхныг
сонсгож байна. Таны соотонд зүүсэн "50" тоотой тэмдгийг би аваад
зүүчихсэн. Намайг манай дарга "захиа бич" гэсэн ёсоор би бичлээ.
Уучлаарай
Танд эрүүл энхийг ерөөе. Ажлын амжилт хүсье. Ёсолсон Сүхбат" гэжээ.
Тэмээчин бүсгүй Сүхбатын захидал надад хүрч ирснээс хойш хэдхэн хоногийн
дараа Д.Пүрэвдорж гуай нэг өдөр үдийн цайны цагаар намайг гэртээ
дуудлаа. Одоогийн "Мөнгөн завъяа" хэмээх дэлгүүртэй орон сууцны байшинд
суудаг байсан сан. Намайг очиход сая дөнгөж гараас гаргаад байгаа "Сэгс
цагаан Богд" найраглалаа уншлаа.
Үргэлжлэл бий...
Төрийн шагналт зохиолч Д.Нямаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих