Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийг есдүгээр сарын 21-нд солилцсон. Гэхдээ ноот бичиг солилцсон өдрөөс хойш30 хоногийн дараа иргэд харилцан визгүй зорчих эрх үүсдэг байна. Тиймээс визийн нөхцлөөс харилцан чөлөөлөх тухай баримт ирэх сарын 20-ноос хүчин төгөлдөр болох нь. Ингэснээр хоёр орны иргэд аялал жуулчлал зэрэг ашгийн бус зорилгоор 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих, мөн ижил хугацаанд түр оршин суух эрхээ сунгах буюу нэг жилд 180 хүртэлх хоног харилцан визгүй зорчих эрхтэй болно. Дээрх ноот бичгээс гадна Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ч.Сосормаа, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны сайд ноён Мауро Виейра нар боловсролын салбарт хамтран ажиллах, хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичгийг баталгаажуулжээ. Боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд багш, судлаач, мэргэжилтнийг харилцан солилцох боломжтой юм байна. Мөн Бразилийн тал өөрийн Дипломат академидаа Монголоос эхний ээлжид нэг дипломатчийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаа илэрхийлжээ.
unen.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11623
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих