Спорт сонирхогчид есдүгээр сард жүдо, чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс амьсгалсан бол ирэх сард ширэн бээлийтнүүдийн ширүүн тулааныг сонирхон харах нь ээ. Монголчуудын хамгийн ихээр дэмждэг топ төрлүүдийн ДАШТ-үүдийн сүүлийнх нь боксчдын дэлхийн өрсөлдөөн болж байна. Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 5-18-нд Катарын Доха хотод болно. Тэмцээнд оролцох Монголын тамирчид ирэх баасан гаригт буюу аравдугаар сарын 2-нд тэмцээн болох хотыг зорино.
AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага тавьж, ДАШТ-д өрсөлдөхийн тулд эхлээд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг сонсгосон байгаа.
Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 5-18-нд Катарын Доха хотод болно. Тэмцээнд оролцох Монголын тамирчид ирэх баасан гаригт буюу аравдугаар сарын 2-нд тэмцээн болох хотыг зорино.
Тайландын нийслэл Бангкок хотноо есдүгээр сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 66 тамирчин ДАШТ-д оролцох эрхээ авч, түүн дунд Монголоос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин багтсан. Гэтэл энэ сарын эхээр ДАШТ-ийг зохион байгуулагч Катараас Монголын боксын холбоонд ирүүлсэн урилгад Э.Идэрхүүгийн нэр байгаагүй бөгөөд энэ нь зохион байгуулагч орон бүх жинд тамирчнаа оролцуулах давуу эрхээ эдэлбэл ААШТ-д үзүүлсэн амжилтаас хамаараад манай тамирчин ДАШТ-д оролцох боломжоос мултарч мэдэхээр байдал үүсгээд байсан юм.
Сайн мэдээ дуулгахад, энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрх хүртсэн манай дөрвөн боксчин дөрвүүлээ ДАШТ-д оролцох боломжтой болж, нэрс ирсэн байна. Зохион байгуулагч орон 56 кг-д тамирчнаа оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн тул ийнхүү манай тамирчин боломжоо хадгалж үлдлээ.
Харин Монголын боксын холбооны зүгээс AIBA-д тавьсан хүсэлтэд буюу бэртлийн улмаас Ази тивийн аваргад оролцож чадаагүй Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг ДАШТ-д оролцох эрхээр хангаж өгөөч гэсэн саналд "Боломжгүй” гэсэн хариу ирүүлжээ.
Монголын боксчид хамгийн анх 1978 оны ДАШТ-ий рингэнд гарсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй оролцож байгаа юм. Анхны медалийг Гавьяат тамирчин Р.Отгонбаяр 1982 оны ДАШТ-ээс хүртэж, мөнгөн медалийн эзэн болж байжээ.
БОКСЫН ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД:
Алтан медаль:
- П.Сэрдамба /2009 он/
Мөнгөн медаль:
- Р.Отгонбаяр /1982 он/
- Т.Үйтүмэн /1997он/
- Э.Бадар-Ууган /2007 он/
- Н.Төгсцогт /2009 он/
Хүрэл медаль:
- Э.Цогтжаргал /1993 он/
- У.Мөнх-Эрдэнэ /2009 он/
- П.Сэрдамба /2011/
- У.Мөнх-Эрдэнэ /2013/
Б.БАЯСАХ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих