Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат "Өглөөний сонин”-д ярилцлага өгчээ.
-2012 оны орон нутгийн сонгуулиас хойш намчирхан талцаж, жил гаруй Засаг даргаа томилж чадахгүй явсан цөөн аймгийн нэг нь Дорнод. Та Засаг даргаар томилогдоод хоёр сар болох гэж байна. Энэ хугацаанд юу амжуулав?
-Юуны өмнө Монголын Үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл "Өглөөний сонин”-ы олон мянган уншигчид, эх орны өнцөг булан бүрт суугаа дорнодчууддаа тал нутгийнхаа элгэн түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Аймгийн засаг даргаар нэр дэвшин, Ерөнхий сайдаар батламжлагдаж, ажлаа аваад хоёр сар болж байна. Хоёр сар бага хугацаа боловч нэлээд ажил амжуулсан гэж хэлж болно. Ер нь манай аймгийн хувьд өнгөрсөн жил улстөрийн нөхцөл байдал хүнд, өөрийн тань асууснаар Засаг даргаа томилж чадахгүй элдэв гацаа үүсч, үүний улмаас 2013 оны төсвийн тодотголоо хэлэлцэж, 2014 оны төсвөө ч өргөн барьж чадахгүй цаг хугацаа алдсан тал бий.
Гэхдээ бид энэ асуудлуудыг шуурхай шийдсэн төдийгүй аймгийн Засаг даргын 2016 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2014 оны үндсэн чиглэл, төсвийг богино хугацаанд боловсруулж, ИТХ-ын ээлжит хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.
Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг зүгээр ч нэг цаасан дээр буулгаад хэлэлцээд баталчихаагүй. Үүний өмнө салбар салбарын түвшинд олон нийтийн хэлэлцүүлэг явуулж, дараа нь ИТХ-ын бодлогын хороодоор хэлэлцүүлж үндсэндээ иргэд олон нийтийнхээ санаа бодлыг гүнзгий тусгасан, аймаг орны хөгжлийн тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж чадсан, нэлээн чамбай бодлогын бичиг баримттай боллоо.
-Архидалт маш их тухай өөрөө ярилаа. Аймгийн төвд эрчүүдийн ажилгүйдэл улсын хэмжээнээс өндөр үзүүлэлттэй гарсан мэдээлэл байна. Эдгээрийг холбон үзэж болно биз?
-Монгол улсын Засгийн газрын Ажилтай монгол хөтөлбөрийн хүрээнд, ажилгүйдлийг бууруулахад ахиц гарсан гэж үздэг. Энэ хүрээнд 2013 онд аймгийн хөдөлмөрийн байгууллагын мэдээллээр, 2600 шинэ ажлын байр бий болсон. 2014 он гараад 53 шинэ ажлын байр гарчээ. Ажлын байрны захиалга, ажил идэвхтэй хайж байгаа тоо өссөн эерэг үр дүн байна.
Харин эрэгтэйчүүдын ажилгүйдэл их байна гэдэг харьцангүй ойлголт. Магадгүй энэ нь архидалттай холбогдохыг үгүйсгэхгүй. Архидаад ирэхээр ажил амьдрал нь тааруу болох нь ойлгомжтой. Архидаад ар гэрээ хайхрахгүй эмэгтэйчүүд нь ар гэрээ авч яваа байдал түгээмэл ажиглагддаг. Гэхдээ 40 гарсан хүмүүст ажлын байр ховор. Тэд ар гэр, үр хүүхдээ хараад гэртээ суудаг байж болно. Тийм болохоор архидалтыг дагаад биш юм гэхэд эрчүүд ажил хөдөлмөр эрхлэхгүй байна гэж нэг талаас нь үзэж болох л юм.
-Та Засаг дарга болохоосоо өмнө томоохон эмнэлгийн даргаар ажиллаж байсан эмч хүн. Ер нь Дорнод аймгийн иргэдийн дунд ямар өвчин зонхилдог вэ. Хүн амаа эрүүлжүүлэх талаар Засаг даргын мөрийн хөтөлбөрт ямар зорилтууд тусгагдсан бол?
-Аймгийн засаг даргын албыг хашихын өмнө Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байсан. Ер нь эрүүл мэндийн салбарт 30 гаран жил ажилласан эмчийн хувьд хүн амаа эрүүлжүүлэх талаар хийж ирсэн, бодож төлөвлөсөн зүйл бий. Эрүүл мэндийн суурь судалгаагаар зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгийн насжилт 70 байдаг.
Харин Дорнод аймгийн хүн амын дундач насжилт 65 байдаг. Яагаад вэ гэхээр аваар осол, ердийн өвчлөл, халдварт өвчин, архидалт, хүнсний аюулгүй хэрэглээтэй холбоотой гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ нарийвчилсан судалгаа хийх ёстой. Засаг даргын хөтөлбөрт, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтдийн хүчээр Дорнод аймгийн хүн амын насжилтыг уртасгах талаар нарийвчилсан судалгаа явуулахаар тусгасан. Үүний мөрөөр дэс дараатай ажлуудыг хэрэгжүүлнэ.
-Шинэчлэлийн Засгийн газраас 2014 оныг Их бүтээн байгуулалтын жил болгосон. Танай аймаг энэ онд Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдохоор төлөвлөгдсөн. Энэ ажлын явц ямар байна?
-Дорнод аймаг Улаанбаатар хоттой 665 км хатуу хучилттай замаар холбогдохоос тэн хагас нь буюу Улаанбаатар-Өндөрхааны чиглэл холбогдсон. Харин үлдсэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 335 км-ийн замаас 2013 оны жилийн эцсийн байдлаар дундаа завсартайгаар 100 км зам ашиглаж байгаа. Түүнээс нааш 143 км-ийг замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр "Насны зам” ХХК барьж байгаа. Ажлын гүйцэтгэл 70 хувьтай гэсэн мэдээлэл байгаа.
2013 онд үлдсэн 95.4 км ийн замын ажлыг "Насны зам” ХХК 30 км-ээр, "Хансум зам” ХХК 27 км-ээр, "Гашууны зам ”ХХК 27,5 км-ээр, "ЗЗБ” ХХК 10,6 км-ээр тус тус хувааж гүйцэтгэхээр Зам тээврийн яамтай гэрээтэй ажиллаж байгаа юм.
Эдгээр компаниуд газар шорооны ажлаа дуусган зарим хэсэгт асфальт хучилтаа хийж эхэлсэн ч 2013 оны арваннэгдүгээр сард цаг агаараас шалтгаалан ажлаа зогсоосон. Замын зөвлөх багаар "Ар си эс си” ХХК ажилладаг бөгөөд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, ЗДТГ-т ажлаа танилцуулан хамтарч ажиллаж байна. Энэ багаар дамжуулан замын ажлын чанар, технологийн горимд хяналт тавьж ажиллах учиртай. Зөвлөх багийн мэдээлснээр, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс замын компаниуд ажлаа эхлэж, 2014 онд Улаанбаатар хоттой дорнодчууд бид удаан хүлээсэн замаараа холбогдох юм.
-Нийслэл болон зарим аймагт гэр хорооллын дахин төлөвлөлт гээд нэлээд ажил өрнөж байгаа. Чойбалсан хотод энэ ажлыг хийх боломж, нөхцөл аль хэр байгаа вэ?
-Гэр хорооллын айл өрхүүдийн гудамж, хашаа хороог цэгцлэх талаар жил бүр багагүй ажил өрнөдөг. Үр дүн төдийлэн харагддаггүй нь өсөн нэмэгдсээр байгаа тооноосоо болдог байж болох юм. Манайх утаатай найман аймгийн тоонд багтаж байгаа. Энэ асуудлыг одооноос авч ярихгүй бол болохгүй. Бусад аймгийн адил гэр хороолол нь салхиныхаа дээд талд байдаг гэхчлэн адил төстэй олон бэрхшээл байна. Энэ ажлыг аймгийн төвийн гэр хорооллыг дахин төлөвлөхөөс эхлэх ёстой.
Ер нь хотын ерөнхий төлөвлөлтийг шийдэх гэж өмнөх үе үеийн удирдлагууд санал санаачилга гарган оролдлого хийж, санаагаа зовоодог ажлын нэг байж.
Гэвч сүүлийн үед урсгалаараа нэг хэсэг явсан. Улсын хэмжээнд хот төлөвлөлтийг орон нутгийн дөрвөн хотод хийхээр яригдсан. Бид олон талаар хөөцөлдсөөр тав дах аймагт нь багтаад байгаа. Хотыг дахин төлөвлөх ажлын тендер шалгаруулалт хийгдсэн. Энэ оноос хотын ерөнхий төлөвлөлтийн ажил эхлэнэ.
-Уг нь Дорнод аймаг уран, газрын тос зэрэг ашигт малтмалын арвин их нөөцтэй. Одоогоор ураны асуудал ихээхэн хэл ам дагуулсаар байгаа. Энэ асуудалд аймаг орон нутгийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Дорнод, Мардайн гол, Гурван булаг гээд ураны гурван орд бий. Эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тонн гэсэн тооцоо байдаг. Дорнод ордод АНУ, ОХУ, Монголын хамтарсан "Төв Азиийн уран” компани байгуулсан боловч үйл ажиллагаа явуулаагүй. Энэ хамтарсан компанийн 58 хувийг худалдаж авсан "Хан ресорсис” компани уг ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Мардайн гол, Гурван булгийн ордуудын тусгай зөвшөөрлийг "Вестерн проспектор” компани эзэмшдэг. Ураны ашигт малтмалын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь, Засгийн газрын тодорхой бодлого бий. Үүнийг л дагаж мөрдөнө.
Ураны ашигт малтмалын тухайд Дорнодын бодлого, хандлага бие даасан үг яриа байхгүй, байх ч учиргүй гэдгийг хэлье. Газрын тосны тухай шинэчилсэн хуулиар тухайн аймаг орон нутагт орлогын 10 хувь ноогдохоор давуу байдлаар хуульчлагдаж байна. Одоогийн олборлолтыг хамгийн багаар тооцоход 1.5-2 тэрбум төгрөг орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдаж, энэ нь аймгийн хөгжилд багагүй хувь нэмэр болох нь дамжиггүй. Тэгэхээр газрын тосны олборлолт өсөх тусам Дорнодчуудад ногдох хувь хэмжээ төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг.
-Бүрэн эрхийнхээ хугацаанд таны хийж амжуулах хамгийн далайцтай том, Дорнодчуудад өгөөжтэй ажил юу байх вэ. Би Засаг дарга байхдаа энэ ажлыг хийсэн юм гэж хэдэн жилийн дараа бардам хэлэхээр ямар ажлыг зориглон барьж авах гэж байна?
-Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гарсан. Үүнийг л бүрэн хэрэгжүүлнэ. Энэ дотор бүтээн байгуулалтын ажлууд бий. Тухайлбал Чойбалсан хотын доторх замыг бүхэлд нь асфальтаар хучиж дуусгахын зэрэгцээ гэр хороолол руу чиглэлсэн босоо чиглэлийн замуудыг 4-5 урсгалаар барьж байгуулна.
Мөн гэр хороолол дундуур хөндлөн чиглэлийн 3.5-5 км-ийн өргөн зам төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бид дугуйгаа унах ёстой. Тийм боломжийг нь бид бүрдүүлж өгнө. Замаа дагаад явган хүний зам, дугуйн зам, замын гэрэлтүүлгийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн байгуулж өгнө. Чойбалсан хотыг "Ногоо хот” болгоно.
Өмнөх засаг дарга Ц.Жанлав гадна дотнын олон хүмүүс саатан цуглардаг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Тэгвэл бид Хэрлэн голын хөвөөнд жишиг болохуйц "Соёл амралтын хүрээлэн” байгуулахаар зорьж байна. Манай хотын нөхдүүд энэ талын зураг төсөл нэлээд хийсэн юм билээ. Гэр хороолллын дахин төлөвлөлтийг хийж, гэр хорооллын нэлээд хэсэгт халуун дулаан, бохир усны шугам инженерийн сүлжээ оруулна.
Төрийн албанд намчирхан талцдаг буруу зуршлыг өөрчлөж, төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц гаргана. Төрийн албан хаагчдыг сургаж дадлагажуулах, төрийн үйлчилгээг иргэддээ чирэгдэлгүй шуурхай, шударга улам илүү ил тод нээлттэй бодитой болгох, тэдгээрт Засгийн газрын болон Засгийн газрын бус байгууллага, Олон улсын төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг татан оролцуулахад санаачилгатай ажиллана
-Өнөөдөр аймгийн хэмжээнд хэчнээн тооны мал хаваржиж байна. Хаваржилт аль хэр байгаа вэ. 2014 онд хэчнээн төл хүлээн авах бол. Дорнод аймаг тэмээгээ олшруулах талаар ямар бодлого барьж байна вэ?
-Энэ жил өнтэй сайхан өвөл боллоо. Хүн ардын ялангуяа малчин ардын маань сэтгэл тэнүүн, малын зоо тэнэгэр тарган тавтай өвөлжиж, урин хавартайгаа золголоо. Бид жилийн эцсийн мал тооллогоор 1.2 саяыг тоолуулж, малын тоо толгой өссөн дүнтэй байна Хаврын төл хүлээн авах бэлтгэл хангагдаж, энэ жил 500 мянга орчим төл хүлээн авна. Аюулгүй ажиллагааны нөөцийн өвс тэжээл зохих журмын дагуу нөөцлөгдөж байршсан байгаа.
Харин харамсалтай нь тэмээний тоо толгой цөөрлөө. Тэмээн сүрэг маань зөвхөн хэрэглээнд, товчхондоо бол "буузан”-д л явчихлаа. 2012 оны 5000 тэмээ энэ жил 200 гаруйгаар хорогдлоо гэсэн үг. Тэмээн сүргийн өсөлтийг хангах талаар бодлогын чанартай дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээрээ тэмээ дэд хөтөлбөрийг боловсруулж баталлаа. Засаг даргын зөвлөлийн хурлаар хөрөнгө зардлыг ярьж ботгонд урамшуулал,"бонус” өгөхөөр тогтож байна. Тэмээн сүргээ өсгөсөн шилдэг тэргүүний тэмээчдийг урамшуулж шагнана. Сэргэлэн сумынхан тэмээний соёл нэртэй арга хэмжээ зохион байгуулна. Баянтүмэн суманд тэмээний баяр хийнэ. Тэмээн жин, ердийн хөсгөө хэрэглэж хэвшүүлэх, сурталчлах ажлыг зохионо. Тэмээтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг дэмжинэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих