Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонсон тус улсын шоронд хоригдож буй Л.Байгалмааг эх оронд авчрахаар холбогдох байгууллагуудын зүгээс ажиллаж байсан. Түүнийг ялтан солилцох гэрээний дагуу авчирна хэмээн БНХАУ-ын хууль хяналтын байгууллагуудтай холбогдон ажиллаж байсан юм. Гэвч тус улсын зүгээс Л.Байгалмааг ялтан солилцох гэрээгээр явуулах боломжгүй гэсэн хариуг манай талд мэдэгджээ. Тодруулбал, хоёр улсын хуулийн зөрүүнээс болж ийнхүү татгалзсан хариу өгсөн байна.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдоос тодрууллаа.
-БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон Л.Байгалмааг шилжүүлэхээс татгалзсан хариу өгчээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Бид Л.Байгалмааг ялтан солилцох гэрээгээр шилжүүлэн авах хүсэлтээ БНХАУ-ын талд хүргүүлсэн. Гэвч тус улсын зүгээс "Танай монголын холбогдох хуулинд манай оноосон ялтай дүйцэх ял алга. Тиймээс шилжүүлж өгөх боломжгүй байна гээд шилжүүлж өгөхөөс татгалзсан. Үүнд 2 орны хуулийн зөрүү гарч ирж байна. БНХАУ-д хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүст нэлээн чанга ял оноодог. Цаазаар авах ял хүртэл оноодог. Харин манай улсад хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүст цаазын ял оноодоггүй. Тийм заалт байхгүй.
-Уг нь цаазын ялыг нь бүх насаар нь хорих ялаар сольсон гэх мэдээлэл цацагдаж байсан?
-Одоогоор цаазаар авах ялыг нь хойшлуулсан байгаа. Манай талаас БНХАУ-ын талтай холбогдон ажиллаж байна. Тодорхой хугацааны дараа цаазаар авах ялыг хугацаагүй хорих ял болгон өөрчлөх асуудлыг ярина. Өмнө ч ийм тохиолдол гарч байсан. Манай улсын иргэн н.Дамдинд БНХАУ-ын шүүхээс цаазын ял оноосныг бид хөөцөлдөж, Ерөнхийлөгчийн зүгээс хүртэл БНХАУ-ын талд хүсэлт явуулсанаар цаазын ялыг хугацаагүй хорих ялаар сольж байсан. Хэсэг хугацааны дараа дахин ярьж хугацаагүй хорих ялыг нь хугацаатай болгон өөрчлөх талаар ярих боломжтой байна.
-Хэрэв хугацаатай хорих ялаар соливол шилжүүлэн авчрах боломж бүрдэх үү?
-Тийм. Хугацаатай хорих ял болгон өөрчилвөл бид Л.Байгалмааг шилжүүлэх хүсэлтийг дахин тавих төлөвлөгөөтэй байна.
-Ар гэрийнхэн нь очиж уулзаж байгаа юу. Ер нь уулзах боломж бий юу?
-Уулзсан. Ер нь гадаадад хоригдож буй иргэдтэй ар гэрийнхэн нь очиж уулзах бол хүсэлтээ бидэнд хүргүүлж болно. Тэгвэл бид Элчин сайдын яамаараа дамжуулан хоригдож байгаа газарт нь хүсэлт тавьж тодорхой цаг тохирсны үндсэнд очиж уулзуулах боломж нээлттэй байгаа. Ер нь уулзах, утсаар яриулах, мөнгө төгрөг шилжүүлэх асуудалд анхаарч ажилладаг.
Хэргийг сануулахад, Л.Байгалмаа нь 2009 оны зургадугаар сарын 28-нд "СА-972" нислэгээр Бээжинд буухдаа хар тамхины үрэл 149 ширхэгийг чемодандаа нууж, 52 ширхэгийг залгиж хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан билээ. Улмаар БНХАУ-ын Ардын шүүхээс Л.Байгалмаад цаазын ял, түүний хамсаатан гэгдэх Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт 12 жил, Д.Оюун-Эрдэнэ, Г.Алтансүх нарт зургаан жил хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Л.Байгальмаа яагаад хар тамхи зөөх болов
Л.Байгальмаа нь 1969 онд төрсөн. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Толгойтод амьдардаг байв. Тэрээр урьд нь Толгойт дахь "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын Хүүхэд хөгжлийн төвийн ажилтнаар ажиллаж байсан гэдэг. Тэр үед Л.Байгальмаа 108 мянган төгрөгийн цалин авдаг байжээ.
Болсон явдлын тухайд Л.Байгальмаагийн нөхөр Г.Батсуурь "н.Оюунбилэг гэгч эмэгтэй манай хүнийг гадагшаа өндөр цалинтай ажил хийлгэе" хэмээн ажлаас нь гаргаж, зардал хөлс, бүх юмыг нь даасан" гэж хэвлэлд ярилцлага өгч байв. Тодруулбал, Л.Байгалмаагийн ар гэрийнхэн Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар гэмгүй байсан хүнийг учир мэдэхгүйгээр нь далимдуулж хар тамхины хэрэгт унагасан гэж буруутгадаг юм. Гэвч ЭЦГ-ынхан Л.Байгальмааг тус улсад баригдахын өмнө Бангладеш, Филиппин, Малайз зэрэг орнуудаар хар тамхи зөөвөрлөж байсныг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн талаар мэдээлж байв. Тэрбээр хоёр жилийн турш мансууруулах бодис гадаадын улс орон руу тээвэрлэсэн гэдэг.
Гурван иргэнээ ялтан солилцох гэрээгээр авчиржээ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Казахстан Улсын Алматы хотод хар тамхины хэргээр ял эдэлж байсан гэр бүлийн хоёр болох Б.Билгүүн, С.Оюунзаяа нарыг эх оронд нь авчирсан юм. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 14-нд БНХАУ-ын Жозиан мужийн Ханжоу хотын олон улсын шоронд ял эдэлж байсан Монгол Улсын иргэн Д.Э-г ялтан шилжүүлэх шугамаар эх оронд нь авчирсан. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Нэгдсэн хорих 401 дүгээр ангид авчирч, энд ирсэн даруйд нь эмнэлгийн үзлэгт хамруулсан байдаг.
Б.Чимэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих