Манай хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын Ц.Төрбат, Н.Эрдэнэ-Очир, Д.Батсүх, Г.Энхбаяр нарын судлаачид 2015 оны 8-р сарын 19-нөөс 9-р сарын 1-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ уул, Хэнтий аймгийн Батширээт сумын Эгийн Живхээстэй, Дорнод аймгийн Гурванзагал-Чойбалсан сумын Хөх нуурын дурсгалт газруудад судалгаа хийв.
Энэхүү судалгааг профессор А.Очирын удирдсан "Монголчуудын угсаатны бүрэлдэхүүн болон монголчуудын угсаа гарлын цогц судалгаа” суурь судалгааны төслийн хүрээнд хийсэн болно. Судалгааны зорилго нь өвөг ба түрүү монголчуудын археологийн дурсгалыг илрүүлэн олох, угсаа гарвалын судалгааны эх хэрэглэгдэхүүн бүрдүүлэхэд оршиж байна.
Судалгааны баг Эрдэнэ ууланд 3 дөрвөлжин булш, Хөх нуурт 4 дөрвөлжин болон дугуй булш малтав. Малтлагаас хүн малын яс, болон эд өлгийн зүйлс гарсан болно. Онцлон дурдууштай нь Хөх нуурын 2-р булш бөгөөд өвөрмөц хийцтэй бүтэн шавар сав, мөн өвөрмөц хийцтэй төмөр дөрөө, жижиг төмөр сумч хутга зэрэг гарсан төдийгүй палеогенетикийн судалгааны дээж болохуйц хүний яснууд илэрчээ. Уг булш баруун зүг харуулж оршуулсан бөгөөд содон өвөрмөц хийцтэй эд өлгийн зүйлсээрээ онцгой анхаарал татаж байгаа юм.
Харин Эгийн Живхээстэйн дөрвөлжин булшнуудын ихэнхийг урьд өмнө малтсан байсан төдийгүй сүүлийн үед тоносон шинжтэй байжээ. Энд Түрэгийн үеийн 4 хүн чулуудыг дахин баримтжуулж, тахилын цгцолборын дэвсгэр зургийг хийв.
http://history.mas.ac.mn/Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих