2009 оноос эхлэн Монгол улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн (хуучнаар) , Япон улсын Кюүшүгийн Их Сургуультай хамтран "Эртний Монгол хүн” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд Монголын хүрэл зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булш, шоргоолжин булшны малтлага судалгааг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Дарам уул, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Тэвш уул, Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Орог нуурын хойд эрэгт орших Бор овоо хэмээх газруудад хийсэн. Төслийн зорилго нь: Дорнод Монголын хээр талаас, Говь болон Алтайн уулархаг бүс нутгийн Хүрэл зэвсгийн үеийн (МЭӨ III мянганаас МЭӨ YII зуун) эртний нүүдэлчидийн угсаа гарвал, дурсгалуудын хоорондын холбоо хамаарал, антропологийн хэв шинж, тэдний нүүдэл, суурьшил, эрхлэх аж ахуй, хамаарах он цаг зэргийг илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан гаргаж ирэхэд чиглэнэ.
2015 онд тус төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Хяр хараач хэмээх газарт байрлах хүрэл зэвсгийн үед холбогдох цогцолбор дурсгалуудаас 4 тооны дурсгал сонгон малтахаар төлөвлөж, малтлага судалгааг 2015 оны 8-р сарын 10-наас 26 хүртэл нийт 16 хоногын хугацаатай хийж гүйцэтгэлээ. Хээрийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд: Монголын талаас тус хүрээлэнгийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан докторант, Ц.Амгалантөгс, доктор, Н.Батболд, докторант, Л.Дэлгэрмаа, магистр, Э.Амарболд, Японы талаас Кюүшүгийн Их Сургуулийн доктор, профессор К.Мяамото тэргүүтэй 4 судалаач, туслах ажилтан, жолооч, тогооч гэсэн нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаа.
Говь-Алтай аймгийн нутаг нь эрт үеэс хүн оршин амьдарч ирсэнийг гэрчилэх археологийн дурсгалаар нэн баялаг бөгөөд судалгаанд ямар нэг хэмжээгээр хамрагдсан дурсгалуудаас дурьдахад: Бигэр сумын нутаг Бичигт хадны зураг, Баян-Уул сумын нутаг Доогийн ханан, Бигэр сумын нутаг Молор толгойн хадны зураг, Наран сумын Цагаан гол, Тонхил сумын нутаг Бага усны буган ба хүн чулуу, Бугат сумын Дунд нуурын буган хөшөө, Тонхил сумын нутаг Зүйлийн огтрогын хүн чулуу, Жаргалант сумын Сүмийн дэнгийн хүн чулуу, Бугат сумын Тамчийн бэлчирийн хүн чулуу, Жаргалант сумын Тоосгон дэнгийн хүн чулууд, Цогт сумын нутаг Хиргист хоолойн Хүннүгийн үеийн булш зэргийг дурдаж болно.
2015 оны хээрийн судалгааны ажлын хүрээнд малтлага судалгаанаас гадна дурсгалуудын 3D зураглал хийж, мөн цогцолбор дурсгалуудын дэвсгэр зургийг нарийвчлан хийлээ. Малтлага судалгаагаар дөрвөн буландаа хөшөө чулуутай хиргисүүрийн соёлд хамаарах булш 2, дөрвөлжин дараастай, тойроод хөшөө чулуутай тахилын зориулттай чулуун байгууламж нэгийг малтсан бөгөөд малтлага судалгааны үр дүнд дээрх 2 булшнаас баруун хойд зүг хандуулан тавьсан оршуулга илэрсэн. Тахилын байгууламжаас гал түлж тахил үйлдэж байсан ул мөр болох шатсан хөрсний давхарга болон уг давхаргаас бог малын шатсан ясны үлдэгдэл цөөн тоогоор гарсан. Малтлагаас илэрсэн хүн болон малын яснаас дээж авч Япон улсын Кюүшүгийн Их Сургуулийн лабораторид илгээн холбогдох он цаг болон бусад нарийвчилсан судалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн тус төслийн гэрээний хугацаа 2015 онд дууссантай уялдан, төслийн хугацааг 2015-2018 он хүртэл үргэлжлүүлэн ажилуулахаар Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун, Япон улсын Кюүшүгийн Их сургуулийн Азийн археологийн нарийвчилсан судалгааны төвийн дэд ерөнхийлөгч, Казуо Мияамото нар 2015 оны 8 дугаар сарын 28 ны өдөр гэрээнд гарын үсэг зурлаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих