Ерөнхий сайдын чуулган дээр хийсэн мэдээлллийн дараагаар сөрөг хүчний бүлэг мэдэгдэл хийсэн юм. Сөрөг хүчний бүлгийн мэдээллийг бүлгийн дарга С.Бямбацогт хийлээ. Харин өвөлжилтийн бэлтгэлтэй хамааралтайгаар сөрөг хүчнийхэн нэлээдгүй хатуу үгсийг чуулган индэр дээрээс Засгийн газар болон Ерөнхий сайдын зүг "чулуулдлаа". Ингээд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хийсэн дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Яг одоо сөрөг хүчний бүлгийн гишүүд сайдууд болон Ерөнхий сайдаас өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой асуултуудад хариулт авч байна.
Г.Лхагва
2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хийсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга,
Эрхэм гишүүд ээ!
Та бид Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулганыхаа нээлтийг хийлээ. Энэхүү нээлт олон улсын ахмадын баярын өдөртэй давхцан тохиолоо. Улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө халуун залуу насаа зориулж, сайн сайхан амьдралыг үр ач бидэндээ өвлүүлэн үлдээж байгаа ачтай буурлууд, ахмад настнууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн энэ долоо хоногт Монголын багш нарын баярын өдөр тохиож байна. Ард түмнийхээ хүүхдийг эрдэм боловсролтой болгох их үйл хэргийн гэгээн хөтөч болж Монгол орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч буй эрхэм багш нартаа, их, дээд сургуулийн эрдэмтэн мэргэддээ Монголын багш нарын баярын мэнд хүргэж, ажил үйлсийн их амжилт хүсч байна.
Баярын энэ мэндчилгээний араас онцлон дурдах бараан мэдээ ч байна. Намрын чуулгантай давхцаад Нийслэл Улаанбаатар хот албан татвартай боллоо. Энэ татвар зөвхөн улаанбаатарчуудад хамаатай биш Улаанбаатараас бараа бүтээгдэхүүн худалдан авч, үйлчлүүлж байгаа хөдөөгийн иргэдэд ч хамаарна. МАН энэ татварыг ард иргэдийн орлого буурсан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон, эдийн засаг хямарсан үед авч болохгүй талаар анхааруулан сануулсаар ирсэн. УИХ-ын энэ танхимд ч, нийслэлийн ИТХ-д ч манай намынхан цөөнх болсон. МАН-ын хямралын үед татвар нэмэхгүй гэсэн энэ байр суурийг ард түмэн "зөв зүйтэй" гэж хүрээлэн дэмжиж байна. Та бүхэн шийдвэр гаргах танхимдаа олонх боллоо. Харин бид ард түмнийхээ дунд олонх боллоо.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы завсарлагааны богино хугацаанд хөдөө орон нутаг, хот суурин газруудад ажиллаж, ард түмнийхээ захиа даалгавар, санал хүсэлт олонтой ирлээ. Энэ бүхнээ нэгтгэн дүгнэж, Ерөнхий сайдын мэдээлэлд өгөх бүлгийн саналтайгаа хамтатган Та бүхэнд сонордуулъя.
Монгол Улсын Ерөнхий сайдаас "2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар” мэдээлэл хийсэнтэй танилцлаа. Засгийн газар, эрх баригчид зөвхөн энэ өвлийн хүндрэл бэрхшээлийг давах талаар л ярьж байна. Харин бид энэ өвлийн хүндрэлээс гадна ирж байгаа эдийн засгийн хямралыг ч давж гарах талаар ярих ёстой гэж бодож байна.
Та бүхэн хаваржин, зунжин, намаржин халаа сэлгээ, улс төр, албан тушаалын томилгоо ярьсан. Дэлгэр налгар хавраар эхлүүлсэн халаа сэлгээгээ хахир хатуу өвөл хаяанд ирчихээд байхад ч үргэлжлүүлж байна. Дөрвөн улирал дараалан ярьсан эцэс төгсгөлгүй халаа сэлгээ, цагаандаа гарсан албан тушаалын тохиролцоо наймаа, томилгоо улс орныг ч, ард түмнийг ч туйлдуулах болсныг Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд бид хатуу шүүмжилж байна. Энэ байдал нь эцэстээ засаглалын хямралд хүргэж, ард түмний төрд итгэх итгэлийг багасгалаа.
Дүн өвөл хаяанд ирлээ. Айлсан бууж буй өвөл цагийн хатууг давж гарах арга хэмжээгээ Засгийн газар одоо болтол авч чадаагүй байна. Ерөнхий сайд мэдээлэлдээ "энэ өвөл халтиргаа гулгаа үүсгэх магадлалтай", "ахиу цас орох таамаглал байна" гэсэн зүйл бичээд УИХ-ын гишүүдэд тарааж, олон түмэндээ хандан уншлаа. Өнөөдрийн мэдээлэл нь Засгийн газар, Ерөнхий сайдын мэдээлэл бус албаны олон тоо баримтад дарагдсан, зовлон бэрхшээл тоочсон, хийх гэж байна, хэрэгжүүлж эхэлнэ, төлөвлөж байна, бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн хуурай хоосон амласан яамд, албан тушаалтны ажлын танилцуулга байна. Ард түмэн эрх баригчдаас шийдвэртэй алхам, тодорхой ажлыг л шаардаж байгаа болохоос хийх зүйлсийн мөрөөдлийн жагсаалт хүсэхгүй.
Өвлийн бэлтгэл хангагджээ гэж дүгнэх баримт, хийж дуусгасан ажил харагдахгүй байна. Энэ жил зуншлага тааруу болж нийт нутгийн 40 гаруй хувь нь гандуу, 10 орчим хувь нь гантай байлаа.
Манай орны газар тариалангийн салбар бүхэлдээ хүндэрлээ. Албан тушаалын тохироо наймаа, авлигчдыг өршөөх сэм хуйвалдаан, тулга тойрсон хэрүүл тэмцэлдээ манарч суух зуур төрийн ажил тэр чигтээ цалгардаж тариаланчдад цаг агаарын мэдээгээ ч зөв өгч чадахгүй болтлоо доройтсон байна. Энэ нь цаг агаарын урьдчилсан мэдээ 100 хувь эсрэг байснаас ургац алдалтад нөлөөлсөн гэж тариалан эрхлэгчид болон салбарын яам дүгнэснээс харагдана.
Тариаланчид нийт ургацынхаа 80 хувийг алдах нь гэж мэдэгдэхэд салбарын сайд нь бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонсон хамтарч асуудлаа шийдэхийн оронд "худал мэдээлэл тарааж үнэ хөөрөгдлөө, энэ жил ургацынхаа 40 хувийг л алдана" гэх мэтээр явган хэрүүлд үнэт цагаа зарцуулж, тэдэнтэйгээ хууль шүүхийн байгууллагын үүдэнд уулзах боллоо. Асуудал хариуцсан сайд нь салбарынхаа бизнес эрхлэгчидтэй зунжин, намаржин шүүхдэлцэж, хэвлэлийн хуудаснаа ажил хийлээ. Хэвлэлийн хуудсанд хэрүүл хийдэг биш газар тариалан, малчны хотод ажил хийдэг сайдтай болмоор байна. Салбарын бизнес эрхлэгчдээ шүүхэд дуудаж дарамталдаг биш дэмжин тэтгэдэг засагтай болмоор байна.
Одоогоос 4 жилийн өмнөх намар монголчууд бид 447 мянган тонн үр тариа, 202 мянган тонн төмс, 99 мянган тонн хүнсний ногоо, 47 мянган тонн гар тэжээл хураан авч "Ургацын баяр"-аа улс даяараа бахдалтайгаар тэмдэглэж байлаа. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй илүү гарснаа хойд, урд айлдаа нийлүүлэхээр ярьсан сайхан цаг дөрвөн намрын өмнө болж байсныг ард түмэн дурсан санаашрах боллоо.
Гэтэл өнөөдөр дөрвөн жилийн өмнөхөөсөө 5 дахин бага үр тариа, 2 дахин бага төмс, 2 дахин бага хүнсний ногоо, 4 дахин бага тэжээл хураан авах тухай Ургацын төв штабаас мэдээлжээ. Мөн есдүгээр сарын сүүлээр нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрснээс багагүй ургац алджээ.
Ардчилсан нам эрх барьсан 3 жилийн дотор Монгол Улсын газар тариалангийн салбар бүрэн уналтад орж, айлаас 100 мянган тн үр тариа гуйх хэрэгтэй болж байна. Энэ бүхний бурууг байгаль цаг уураас биш ажлаа зөв зохион байгуулж чаддаггүй Засгийн газар, салбарын яам, хэрүүл тэмцэл, сандал суудлын дон шүгэлсэн эрх баригч намын бүлэглэл фракцуудаас хайх ёстой.
Ийнхүү идэх гурилаа бид гаднаас импортлох болсон бол дотоодоосоо хэрэгцээгээ бүрэн хангадаг мал аж ахуйн салбарт ч хүндрэл бэрхшээл үүслээ. Манай улс 2015 оны эхний хагас жилийн байдлаар 66.5 сая толгой мал тоолуулсан нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт. Энэ бол халуунд халж, хүйтэнд хөрч яваа хэдэн малчдын минь хөдөлмөрийн үр дүн. Малын тоо толгой өссөнтэй зэрэгцэн "Бичин жилийн зуд” болж болзошгүй гэсэн таамаглалаар малчид малаа их хэмжээгээр борлуулах сонирхолтой болсон нь мах, малын гаралтай бусад түүхий эдийн дотоод зах зээлийн эрэлтийг давж, улмаар үнэ унах, борлогдохгүй байх нөхцөлийг бий болголоо.
Энэ нөхцөл байдлыг Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд урьдчилан харж, анхааруулан сануулж тодорхой санал санаачилга дэвшүүлсэн. Ерөнхий сайдад хандаж наймдугаар сард шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал ч хийсэн. Байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал, бэлчээрийн талхлалттай зэрэгцэж, малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал, махны үнэ ихээхэн буурч байгаатай холбогдуулан малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулан экспортод гаргах, мал, мах экспортлох компаниудын тоог нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, дотоодын зах зээл дэх махны үнийн хэт уналтаас сэргийлэх зэрэг тодорхой саналуудыг уг шаардлагад тусгасан боловч Засгийн газрын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй хугацаа алдсаар байна. Хамгийн сүүлд есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн сайдад тодорхой асуудлаар асуулга тавиад байна.
2014 онд хоёр мянга орчим тонн мах экспортолсон нь Монгол Ардын Нам Засгийн эрхэнд байсан 2011 онтой харьцуулахад 12 дахин буурсан үзүүлэлт юм. 2012 онд хонины нэхий 13000 төгрөг байсан бол өнөөдөр 1000 төгрөг болтлоо огцом уналаа. Мал аж ахуйн салбар ингэж уруудан доройтож, малчид "бичин жилийн зуд" гэсэн айдастай байхад эрх баригчид та бүхэн төрийн өмчит "Монгол мах" корпораци байгуулан ашиг хонжоо хайх болсныг ард түмэн харж байгаа. Энэ бүхний цаана нэгдүгээрт, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олноор байхад тэднийг боож, өрсөлдөөнийг хаах бодлоготой, хоёрдугаарт, малчдын мал, махыг үнэгүйдүүлэн хямд авах, гуравдугаарт, "Монгол мах" корпорациар дамжуулан ашиг хонжоо хайж, зөвхөн өөрсдийн аж ахуйн нэгжүүдэд квот олгож байгаа албан тушаалтнуудын санаархал нуугдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хоёр "энэ намар 1 тэрбум ам.долларын мах гаргана. Юун уул уурхай" хэмээн удаа дараа зарлаж, яриа өгсөн. Энэ үг, популизмынхаа эзэн болохыг УИХ дахь МАН-ын бүлэг анхааруулан сануулж байна. Ийнхүү хөдөө аж ахуйн тулгуур болсон газар тариалан, мал аж ахуйн салбар хоёулаа уналтад орлоо.
МАН-ын Засгийн газрын үед "Атрын III" аян, "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого", "Монгол мал хөтөлбөр", мал сүргийг эрүүлжүүлэх "Таван эрдэнэ" гэсэн хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж газар тариалан, мал аж ахуйн салбар эрчимтэй хөгжсөн. МАН-ын эхлүүлсэн энэ хөтөлбөрүүд Та бүгдийн бодлогоос мартагдсан ч ард түмний, малчдын, тариаланчдын сэтгэлд үгүйлэгдсээр байгааг сануулъя.
Махны үнэ тогтворжуулах 87 тэрбум, гурилын үнэ тогтворжуулах 48.7 тэрбум, агуулахын хэмжээг нэмэгдүүлэхээр олгосон 40 тэрбум төгрөгийн үр нөлөө, зарцуулалт ямар байгааг ард түмэндээ ил тодоор тайлагнахыг шаардаж байна.
2012 оноос эрх баригчид ард түмний нуруун дээр бага багаар ачаа нэмсэн. Тухайлбал, ахуйн хэрэглээний 1 литр цэвэр усны үнийг 71 хувиар, бохир усны үнийг 88 хувиар, цахилгааны үнийг квт тутамдаа 20 гаруй хувиар, цахилгааны суурь хураамжийг 2 дахин, дулааны үнийг 15 хувиар нэмсэн. Энэ бүх нэмэгдлүүд өвлийг өнтэй давах гэсэн ард иргэдийн амьдралыг ихээхэн хүндрүүлсэн том дарамт болох нь гарцаагүй.
Алслагдсан бүс нутгууд өвлийг өнтэй давахад эрчим хүчний асуудалтай хэвээр байна. Баруун бүсийн эрчим хүчний систем жил бүр 8-10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласаар ирлээ. ОХУ-аас авч буй эрчим хүчний үнэ ч өслөө. 2012 онд гэрээ байгуулсан Улаанбаатар хотын V цахилгаан станц одоог хүртэл сураггүй. Дорнод бүсийн Чойбалсан дулааны цахилгаан станцыг 100 МВт-аар өргөтгөх тендер 2013 онд зарлагдсан боловч өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт хийгдсэнгүй. Эрчим хүчний салбарт зөв бодлого, мэргэжлийн зохион байгуулалт алдагдаж байхад Засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадаагүйд анхаарах ёстой.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоонд онцгой анхаарал хандуулан, хариуцлагажуулах шаардлагатай боллоо. Тариа ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх, зам харгуйг засаж тэгшлэх, учирч болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, отрын бүс нутгийн хуваарилалт гээд нүсэр их ажлыг яам, тамгын гар харалгүй орон нутгийн удирдлагын төвшинд амжуулдаг байсан цаг саяхан. Аймаг, сум, оршин суугч иргэдийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэж байх үндсэн үүргээ умартан утгаа алдсан улстөржилт, сандал ширээний төлөөх замбараагүй тэмцэлдээнийг үндсэн ажлаа болгох хандлага гарах боллоо.
Эрх баригч АН-ын удирдлагуудын албан тушаалын зөрчил тэмцэл орон нутаг, анхан шатанд ч үлгэр дууриал "тэргүүн туршлага" болон хүрээгээ тэллээ. Албан тушаалын төлөөх хуйвалдаан, аалзны тор шиг ашиг сонирхол анхан шатанд хүртэл халдварлаж байгаад харамсал илэрхийлье.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Эрх баригчид Та бүхэн зөвхөн байгалийн зуд, бэрхшээлийг даван туулах талаар л ярьж эхлэх гэж байна. Харин бид байгалийн зуднаас гадна "хариуцлагагүйн зуд"-ны талаар ч ярих ёстой гэж бодож байна.
"Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж анх гарч ирсэн Засгийн газар эдийн засгаа элгээр нь хэвтүүллээ. Эдийн засгийг сэргээх ямар ч бодлого явуулсангүй. Монгол Улсын Ерөнхий сайд таныг хэлсэн ярьсан бүхнийхээ эсрэг явдаг хүн гэж ард түмэн ойлгох боллоо. Том төслүүдийг хөдөлгөнө гэсэн. Нам зогсоолоо. УИХ-ын чуулганы энэ танхимд "Би нэг ч татварыг нэмэхгүй гэж амлаж байна" хэмээн ард түмэндээ андгайлан, тангарагласан. Гэтэл та хотын татварыг дэмжиж, эцэстээ бензин шатахууны онцгой албан татварыг нэмэх санаачилга гаргах боллоо. Дэлхийн зах зээл дээр буурч байгаа шатахууны үнийг буулгах гэсэн МАН-ын бүлгийн зарим гишүүдийн саналыг дэмжихгүйн тулд хийж буй таны алхам иргэдийн нуруун дээр бас л ачаа болж очно. Харамсалтай нь онцгой албан татварыг нэмж, шатахууны үнийг буулгах зардлыг хямралдаа зарцуулаад, иргэдийн халааснаас гардаг мөнгийг хэвээр үлдээхийг эрхэм Ерөнхий сайд санаархаж байгааг буруутгаж байна. Сэтгүүл зарахыг зогсоох, компанийн данс нээх гэх мэтээр дүүргийн татварын байцаагчийн ажлыг Монгол Улсын Ерөнхий сайд та хэдий болтол хийх вэ? Таныг улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх тодорхой шийдэл, томоохон бодлогын асуудлыг дэвшүүлэх, хямралын зөв гарцыг олох зангарагтай Ерөнхий сайд байхыг анхааруулан хүсч байна.
Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал улам бүр хүндэрч хямрал гүнзгийрэх шатандаа орлоо. Энэ оны хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 3 хувьтай гарсан бөгөөд оны төгсгөлд 1.8 хувь болох төлөвтэй байна. Төсвийн алдагдал жилийн эцэс гэхэд 1 их наяд төгрөгт хүрэхээр байна. Гадаад худалдаа бүхэлдээ агшиж, эдийн засагт үл итгэсэн байдал, хүлээлтийн уур амьсгал бүрхлээ. Хүмүүс бизнэс эхлүүлэхээс болгоомжлох болов. Банкны чанаргүй зээлийн хэмжээ 14 хувьд хүрч банк, санхүүгийн салбарт гурван улаан гэрэл аслаа. Эдийн засгийн хямралыг дагаад нийгмийн сөрөг үзэгдлүүд ихэсч гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна. Сүүлийн хэдэн жилийн турш өсөлттэй байсан төрөлт буурч хүн амын өсөлт саарч байгаа нь хямрал хүндрэлийн уршиг ямар гүн гүнзгий явагдсаныг нотолно.
Энэ жилийн төсөвт тодотгол хийхдээ төрийн албан хаагчдын тансаглал бүрийг таслан зогсоох ёстой. Учир нь төрийн албан хаагчдын тансаглал, үргүй зардал "Шилэн дансаар" ил болж олон түмний бухимдлыг төрүүлэх боллоо. Ирэх оны төсвөө бид бодитой төлөвлөж, үргүй зардал, нүсэр бүтцээ цомхотгох, урсгал зардлаа танах зохицуулалтыг хийхээс өөр сонголтгүй боллоо. Айсуй жилд бид "Чингис" бондын өрийг төлөх хуримтлалыг бий болгох ёстой. Гэтэл "Чингис" бондоос зээл авсан аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүй дансаа хаалгахад хүрсэн явдал эхнээсээ гарч эхэллээ. Ард түмний нэрээр авсан бондын хөрөнгийн зарцуулалтын асуудал хариултгүй хэвээр байна. Тиймээс энэ асуудлыг их хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэж байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ!
Өнөөдөр 10 дугаар сарын 2-ны өдөр. Энэ өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсан. Энэ хэрэг Та бүхнийг эрх барьж байх үед гарсан. Өнөөдөр Та бүхэн бас эрх барьж байна. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд хууль хүчний бүхий л байгууллага та бүгдийн удирдлагад байна. Тиймээс энэ хэргийн учрыг олж, 17 жилийн турш хэрэгтнийг илрүүлэхийг хүссээр байгаа ард түмэндээ хариу өгөхийг шаардаж байна.
Шударга ёс, ардчилал ярьж гарч ирсэн та бүхнийг улс орныг удирдах хугацаанд шударга ёс алдагдлаа. Ард түмэн шударга ёс гэдэг үгэнд итгэхээ болилоо. Тиймээс чуулганы үлдэж байгаа хугацаанд ард түмний нэхэж байгаа шударга ёсны хүсэмжлэлд тодорхой хариу өгөхийг хүсье.
Бид эв нэгдэлтэй, зөвшилцөж, ойлголцож, хөгжиж дэвжсэн дөрвөн жилийн өмнө Монгол Улсыг хоёр дахь Кувейт болно гэж гадныхан бичдэг байлаа. Харин өнөөдөр хоёр дахь Грек болно хэмээн онцлон бичигддэг боллоо. 2012 оноос хойш засаг төр барьсан эрх баригчдын бодлого улс орны үнэлэмж, харагдах байдлыг ингэж өөрчиллөө. Ийм өөрчлөлтийг ард түмэн хүсээгүй. Бид өнгөрсөн гурван жилийн түүхээс эвдрэлцэл, талцал, буруу бодлого улс орныг богино хугацаанд хямраадаг болохыг хангалттай амслаа. МАН-ын бүлгийн гишүүд бид "хариуцлагагүйн зуд"-ыг ч, хахир өвлийг ч, хямрал хүндрэлийг ч хохирол багатай давах ёстой гэж үзэж байна.
Тиймээс энэ Улсын Их Хурлын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд улс орны өмнө тулгамдсан бүхий л асуудлын зөв гарцыг олж, зөвшилцөж ойлголцон хамтарч шийдвэрлэхийг уриалж байна.
Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
www.zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих