Малын тэжээл үйлдвэрлэл 25 дахин буурчээ
"Онгоцоор лимузин үхэр ачиж ирээд л бүх зүйл болно гэж бодож байлаа. Гэтэл тэр махны "машины” түлшийг нь дийлсэнгүй” гэж нэгэн фермер халаглав. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Хэнтий аймагт 300 гаруй үнээтэй аж ахуй байгуулжээ. Гэвч өндөр ашиг шимт үхрүүдийн ихэнх нь хэдхэн жилийн дотор үхжээ. Шинэ "зочид” нь идсэн хүнснийхээ хэмжээгээр сүү юүлдгийг мартсанаас тамир тэнхээ нь сульдаж, тал нутагт маань дасан зохицоогүй байна. Энэ гашуун түүх эрчимжсэн мал аж ахуй их хэмжээний тэжээл шаарддагийг баталж буй. Мөн тэжээл нь мал аж ахуйн үндэс болохыг давхар нотлов.
Тэгвэл нүүдэлчин монголчууд 2006 оноос хойш дахин эрчимжсэн аж ахуйн талаар идэвхтэй ярьж, хилийн чанадаас мал зөөж эхэлсэн. Гэсэн ч өнөө хэр нь өндөр ашиг шим хүртэж буй нь цөөн.
60 сая давсан малтай ч бидэнд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх шаардлага бий. Гэхдээ "Монгол малаас 5-10 дахин ашиг шимтэй лимузин, ангуст тэргүүтнүүд төдий хэмжээний халамж, хөрөнгө нэхдэгийг санах ёстой” гэж шинжлэх ухааны доктор, дэд профессор Д.Ринчиндорж зөвлөсөн. Саяхнаас л фермерүүд үнээний сүү хөхөндөө биш хоол тэжээлдээ байдгийг ойлгож байна гэж тэрбээр хэлсэн.
Бид нийт тэжээлийнхээ 70 хувийг байгалийн хадлан хэлбэрээр бэлтгэдэг. Харин үлдсэн 30 хувь нь сүрэл, гар аргаар бэлтгэсэн тэжээл, дарш, үйлдвэрийн тэжээл эзэлдэг байна. Энэ гучин хувийн дийлэнхийг буюу 70 орчмыг (түүхий эд) хилийн чанадаас импортолж байна. Өнгөрсөн онд гэхэд 6.7 сая ам.долларыг малын тэжээл, дайвар бүтээгдэхүүнд зарцуулжээ. Гэтэл бидэнд малын тэжээл импортлох нь бүү хэл хил дамнан худалдаж байсан түүх бий. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед манай улсын 180 орчим үйлдвэр, цех 255 мянган тонн тэжээл бэлтгэж байжээ. Гэтэл өдгөө энэ тоо 25 дахин буураад байна.
Тэгвэл нэг литр сүүний өртгийн 70 хувийг тэжээлд зарцуулдаг гэж тооцвол импортын тэжээл фермүүдийн хаалгаа барих гол шалтгаан болж буй нь тодорхой. Томоохон гурилын үйлдвэрүүд хивэг зэргээр малын тэжээл үйлдвэрлэдэг. Үүнээс өөр төрлийн тэжээл үйлдвэрлэл бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин саяхнаас энэ чиглэлд бяцхан ахиц гарчээ.
Үнээний сүү хөхөндөө биш хоол тэжээлдээ байдгийг фермерүүд саяхнаас л ойлгож байна
Монгол эрдэмтэд манайд ургадаг ургамлаар тэжээлийн жор зохион, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж эхэлжээ. Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, Японы Киотогийн их сургуулийн магистрант Д.Бямба тосны ургамал буюу рапсаар малын тэжээл хийх жор зохиожээ. Үүнийгээ "Mind tech” компанид борлуулж, "Хүчит тэжээл” нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Уургийн өндөр агууламжтай энэ шахдас импортын бүтээгдэхүүнээс хоёр дахин хямд үнэтэй гэж "Тайширийн хүлэг” компанийн захирал О.Амарцэнгэл хэлсэн. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын малчин Н.Ядмаа энэ тэжээлийг "шоколад” хэмээн нэрлэдэг байна.
Ер нь малын тэжээлийг гурилын үйлдвэрүүд бэлтгэдэг. Харин гахай, тахианы туслах аж ахуйнууд тэжээлийнхээ 90 хувийг хил дамнан худалдаж авдаг байна. "Зургаан хошуу” гахайн аж ахуй л гэхэд урд хөршөөс авсан түүхий эдээрээ бүтээгдэхүүн бэлтгэдэг. Харин "Түмэн шувуут” компани бага хэмжээний тэжээл үйлдвэрлэж байна. Тэрчлэн "Мон таримал” компани рапсаар шувууны тэжээл бүтээхээр ажиллаж байгаа. Энэ мэт дотоодын компаниуд түүхий эдээ ашиглан тэжээл үйлдвэрлэж эхэлжээ. Мөн монгол эрдэмтэн шарилж, луулийг тэжээл бэлтгэхэд ашиглахаар судалж буй билээ.
Томоохон аж ахуйнууд өөрсдийн үндсэн түүхий эдээс үлдсэн дайвар бүтээгдэхүүнээр тэжээл үйлдвэрлэж буй. Дээр дурдсан ургамлын тосны "Mind tech” компани тосноос үлдсэн шаараар шахдас үйлдвэрлэж байна. Гэхдээ тэжээл үйлдвэрлэл төдийлөн эрчимтэй хөгжихгүй л байна. Өөрөөр хэлбэл, тэжээлийн үйлдвэрлэл нь хавсарсан хэлбэрээр хөгжиж буй нь удаашрах нэг шалтгаан гэж салбарынхан дүгнэсэн.
Харин гадаадын орнуудад малын тэжээлийн үйлдвэрлэл бие даан хөгжжээ. Тиймээс үйл ажиллагааны үндсэн чиглэл нь болдог тул эрчимтэй хөгждөг байна. Тэрчлэн тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, үрийн шинэчлэл хийх, дарш бэлтгэх технологийг сайжруулах шаардлагатай гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн.
Мөн тэжээл тариалж бэлтгэсэн аж ахуйн нэгжид урамшуулал олгох, "Тэжээлийн хөтөлбөр” боловсруулах шаардлагатай гэж салбарынхан дүгнэж байна.
Г.Байгал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих