Монголын түүх, монголчуудын оршин байх нөхцөл, ирээдүйн талаар ухамсарт амьдралынхаа судалгаа, шинжилгээний бүхий л ажлаа төгс зориулсан оросын цорын ганц гэж болох их эрдэмтэн, газар зүйч, угсаатны зүйч, түүхч, дэлхийн суут онолчдын нэг Лев Николаевич Гумилев ОХУ-ын хойд нийслэл гэгдэх Санкт-Петербург хотын ойролцоох алдарт Царское Селод сэхээтний гэр бүлд 1912 онд төржээ.
Түүний эцэг цэргийн дарга байсан бол ээж нь оросын төдийгүй дэлхийн яруу найргийн цуутай урчуудын нэг агуу их яруу найрагч Анна Андреевна Ахматова байлаа. Л.Н.Гумилевийн намтар тун ч адармаатай. Хүүхэд насаа эмээгийнхээ дэргэд Тверь мужийн Бежецкий суурины Слепнево гацаанд өнгөрүүлсэн залуу Гумилевийг амьдралын амаргүй хувь заяа тосч 1933, 1935, 1938, 1949 онд улстөрийн хилс хэргээр шоронд хоригджээ. 1930 онд их сургуульд элсэх өргөдөл гаргасан ч үзэл суртлын хувьд тэнцүүлсэнгүй, хотын трамбайны удирдах газарт ажиллаж байсан тэрбээр 1932 оноос Памирын судалгааны хэсэгт шинжилгээний ажилтнаар орж, удалгүй Дангарын аж ахуйд ажиллаж, зав чөлөөндөө перс, араб, тажик хэлийг бие даан судалжээ. 1933 онд Крымд Г.А.Бон-Осмоловскийн экспедицид багтаж, Аджи-Каб дахь палеолитын бууцанд малтлага хийх үеэр Лев Гумилев анх удаа баривчлагдсан ч тэгсхийгээд суллагдсан байдаг. Ленинградад ирж Геологийн хүрээлэнд хэсэг ажиллаж байтал нь археологич их эрдэмтэн Бон-Осмоловский багш нь баривчлагдаж Гумилев ч хүрээлэнгээс шалтгаангүй халагджээ.
1934 онд Ленинградын их сургуульд тэнцэж, түүхийн факультетэд суралцаж байхад нь Зөвлөлтийн эсрэг үзэлтэй гэх шалтгаанаар хоёр дахь удаагаа шоронд суулгажээ. Хөөрхий эх нь нэр нүүрээрээ их удирдагч Сталинд өргөдөл бичсэнээр шоронгоос суллагдсан ч их сургуулиасаа хөөгджээ. Гэвч эрдмийн ажлаа орхисонгүй. Ленинградын Дорно дахины хүрээлэнд байнга очиж, эртний түрэгүүдийн түүхэн сурвалжуудыг судлаж, Ленинградын Шинжлэх ухааны академийн салбар хуралдаанд "ҮI-ҮIII зууны үеийн түрэгийн засаг захиргааны тогтолцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ.
Хоёр жилийн дараа суралцах эрхийг нь сэргээсэн ч дараа хавар нь "Оюутны эсэргүү байгууллагын удирдагч" хэмээн баривчилжээ. Ийнхүү Л.Гумилев оюутан байхдаа гурван ч удаа шоронд оржээ. Ленинградын цэргийн шүүхээс Л.Гумилевт 10 жилийн хорих ял оноожээ. Өөрийн багш Жамсрангийн Цэвээнтэйгээ шоронгийн зэргэлдээ өрөөнд хоригдоно гэж залуу оюутан зүүдлээ ч үгүй явсан биз. Удалгүй багшийг нь Оренбургт цаазалсан байдаг. Ежовын үед Гумилевын ялыг улам хүндрүүлж хугацааг нь сунгажээ. Үндсэндээ цаазын ялд тулж очсон түүнийг аз дайрч Цагаан тэнгис Балтийн сувгаас Ленинградын шоронд шилжүүлэх үед Ежов ажлаасаа халагджээ. Шинэ прокурор хэргийг нь хянаж, ялыг хөнгөлөн Норильскийн шоронд илгээв.
1943 онд ээж нь хөөцөлдсөний үр дүнд Л.Гумилев шоронгоос суллагдаж, тэндээ геологичоор ажиллав. Бараканд амьдарч байхдаа Л.Гумилев хасаг,татаруудтай хөрш болсноор тэдний хэлийг ч хурдан сурч, түрэг хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ фронтод явах өргөдөл гаргажээ.Белоруссын нэгдүгээр фронтын бүрэлдэхүүнд багтаж, Брест-Литовекийгаас Берлин хүртэл зенит, их бууны ангид нэр төртэй тулалдсан юм.
1946 онд сургуульдаа суралцахын зэрэгцээ аспирантурт давхар суралцах шалгалтад тэнцсэн ч эсэргүүний хүүхэд гэсэн шалтгаанаар хасагджээ. 1947 онд хотын мэдрэлийн эмнэлэгт номын санчаар ажиллаж, түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. 1948 оны хавар Алтай дахь Пазырык хөндийн булшинд малтлага хийсэн экспедицид ажиллаж байгаад ямар ч шалтгаангүйгээр баривчлагдан 10 жилийн ялаар шийтгүүлж, Чурбай нуур хэмээх Карагандын чанга дэглэмтэй шоронд илгээгдэн тэндээсээ Омскийн ойролцоох Саяаны шоронд хоригдож байгаад 1956 онд хэлмэгдсэн хэмээн цагаатгагджээ.
Л.Гумилев шоронд байхдаа "Хүн гүрний түүх”-ийг бичиж, 1960 онд ном болгон хэвлүүлжээ. Л.Гумилев эрдмийн ажлаа шуурхай цэгцэлж, 1959 оноос "ҮI-ҮIII зууны эртний түрэг” сэдвээр бүтээлээ бичиж, эртний танил Эрмитажийн захирал М.И.Артомоновын дэмжлэгээр Эрмитажийн номын санд ажиллаж, докторын зэрэг хамгаалсан түүнийг Ленинградын их сургуулийн ректор А.Д.Апександров сургуулийнхаа дэргэдэх Газар зүйн төвд урьж, Л.Гумилев 1986 онд тэтгэвэрт гарах хүртлээ тэнд ажиллажээ.
Л.Гумилев 1974 онд хоёр дахь докторын зэргээ хамгаалсан боловч "Доктороос хэтийдсэн докторын бус ажил байна” хэмээн үзсэнээс батлагдаагүй аж. Өнөөгийн орос гүрний суурийг хэрхэн бий болгосон талаар бичсэн "Зохиомол хаант улсын эрэлд” номоо 1970 онд хэвлүүлсэн нь буруутаж, бүтээл хэвлүүлэх эрхийг нь 15 жилийн турш хорьж байжээ.
Л.Н.Гумилев МЭӨ III- ХҮ зууны үеийн нүүдэлчдийн түүхэнд цоо шинэ гаргалгаа гаргаж, тухайн үеийн бүс нутгийн түүхэнд газар зүй, уур амьсгалын өөрчлөлт Дундад Ази дахь Палеэтнографийн хийгээд Түвд болон Памирын мянганы түүхэнд шинэ онол дэвшүүлжээ. Энэ бол 1965 оны хавар байлаа. Ингээд тэрбээр угсаатан бүрэлдэх "Оргиллын онол”- ыг боловсруулж, энэ тухайгаа билгүүн номч Б.Ринченд бичиж, сэтгэгдлээ хуваалцсан байдаг. Л.Н.Гумилев энэхүү Оргиллын онол хийгээд байгалийн ухаан хэрхэн угсаатантай холбогдох шалтгааныг цэгцэлжээ.
Тэрбээр уг онолоо Евро-Азийн олон угсаатан үүсч мөхсөн түүхэнд тулгуурлан нээсэн гэвэл монголчуудын түүх, түүхэн үүрэг гол үндэслэл нь болжээ. Түүх, амь судлал, газар зүй гэсэн гурван ухааны солбицол дээр хийсэн түүний гарамгай нээлтийг эрдэмтэд нэгэн дуугаар зөвшөөрсөн юм. Энэ онол, нээлтийн дараа монголчуудын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн асар их үүрэг, шинэ санаа хөгжлиин хөшүүрэг нь дэлхийн хөгжилд жинтэй хувь нэмэр болсныг аажим аажмаар хүлээн зөвшөөрч эхэлсэн билээ. ОХУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч, "Гумилев” сангийн дэд ерөнхийлөгч С.Б.Лавров "Евро Азийн номлол нь Лев Николаевич Гумилевийн бүтээлч амьдралын амьд шим” гэсэн байдаг. Л.Гумилев угсаатан судлалд бүхэл бүтэн үгсийн санг бий болгож, шинэ нэр томъёо үүсгэжээ.
Бүхий л амьдралынхаа туршид Монголыг хамгаалсан Л.Гумилев "Монголчуудыг би өмөөрөөгүй. Тэд чинь угаасаа хүнээр өмөөрүүлэхээр ч түүхтэй улс биш” хэмээн өчсөн удаа бий. Эзлэгдсэн орнууд монголчуудыг харгис, бүдүүлэг нурааж талдаг, аллага дээрмээр гол зогоодог нүүдэлчин мангасууд” гэснийг Л.Гумилев сөргөн "Монголын эзэнт гүрэн өндөр соёлжсон, хүн ам, цэрэг, зэвсгийн хувьд шалгарсан улс” байсныг нотолжээ.
1975 онд зохиолч Д.Цэмбэл Москва хотод Л.Н.Гумилевтэй уулзсан тухайгаа бичсэн байдаг. "Б.Ян бол Чингис, Бат хааны байлдан дагуулалтыг дутуу ухаарснаас "Догшин зуун” гэсэн харалган ном бичиж, түүхийг гуйвуулсан. Баатруудыг төрүүлдэг тусгай зуун гэж үгүй. Түүхийн хүчит шуурга байсан цагт их хүн төрсөөр л байдаг. Тэд нүд ирмэх зуурт гялс хийгээд өнгөрдөг сүүлт од биш Монголчууд түүхийн чавхдасаа үе үе доргиохгүй бол сайндаа л 500 жил болно, тэгээд л мөхнө.
Ард түмэн хувь хүнтэй адил төрж, нөгчдөг жамтай. Монголд зочлоё гэж бодож байлаа. Даанч нас даржээ. Ойрхи Дорнодод Чингисийг талархдаг бол мусульманчууд нэрийг нь сонсонгуут цочдог. Дорныхон ялангуяа монголчууд элчийг зочин гэж хүндэтгэдэг. Гэтэл зочныг барьж алдаг улс гэж байх уу? Хорезмын шах Мухаммед Чингисийн дургүйг ингэж хүргэсэн. Харин Доголон Төмөр бол дээрмийн дайн хийсэн. Бат хааны тухайд половчуудтай тулалдах үедээ Рязань, Владимирын вант улсын арваад хотыг л эвдэн сүйтгэсэн, 300 гаруй том хот байсан ч Монголчууд тэдгээрийг огт хөндөөгүй, алба гувчуур ч аваагүй.
Монголын цэрэг половчуудтай тулалдахад оросын вангууд половчуудыг хамгаалах гэж үзжээ. Монголчууд оросуудтай эвтэй байя гэж элч илгээхэд тэднийг барьж алсан. Энэ нь юунд хүргэснийг түүх гэрчилнэ. Баруун европынхон өөрт нь хэзээ ч халдаагүй Чингисийг хагас мянганы турш гай таригч, цөлмөн хоослогч мэтээр ярьж, үзэн ядсаар буй нь арьсны үзлийн хэлбэр. Учир нь Чингис хэзээ ч соёлыг устгагч байгаагүй бөгөөд хүчирхэг, түрэмгий хөршүүдээсээ ард түмнээ хамгаалж байсан. Дэлхийг байлдан дагуулахуйц хэмжээний цэрэг ч түүнд байгаагүй. Гэвч Чингисийн баатрууд шөнөөр дайрч, тэднийг номхотгон дараагүй бол Монгол өөрөө мөхөх байлаа. Чулуу бол эсгийнээс бөх ч эвдэрч нурах нь амархан. Дундаа тулгатай, нүүж суухад авсаархан монгол гэр одоо ч байсаар л байна. Чингис хааны их өргөөнд 500 хүн багтан
найрладаг байсан гэдэг.
Ер нь Бодончар төрсөн үед л монгол төржээ. Урд нь тархай, бутархай овог отгууд л байж. Миний бодлоор монгол мянгаад жил насалжээ. Хөдөөгийн Пэрлээ 988 онд монгол мэндэлсэн гэсэн санааг дэвшүүлсэн. Тийм болохоор монгол үндэстэн нас сүүдрийнхээ гуравны хоёр хувийг элээгээд байна. Одоо таван зуугаад жил насална. Би уул нь монгол бичгээр уншиж бичдэг байв. Шоронд тарчилж байхдаа мартжээ. Гарын үсэгтэй үлдсэн минь яамай. Аливааг мартах амархан ч эх түүхээ хэзээ ч мартаж үл болно" хэмээн Л.Н.Гумилевын ярьсныг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэмбэл абгай тэмдэглэн үлдээжээ.
Л.Н.Гумилев таалал төгсөхийнхөө өмнөхөн Оросын Шинжлэх ухааны академийн багш Байгалийн ухааны академийн академич болсон билээ. Түүний бичсэн "Ландшафт ба Этнос” номыг нийгэм, үзэл сурталд харш хэмээн ЗХУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн хүсэлтийн дагуу хураасан аж. Л.Н.Гүмилев ЗХУ-ын төрөөс шагнал, эрхэм алдар цолыг хүртээгүй юм. Л.Н.Гумилев Монголын
эрдэмтдэд хүндэтгэлтэи хандаж, их эрдэмтэд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба нартай байнга холбоотой байж, санаа бодлоо солилцдог байв. Эхнэрийнх нь дурдатгалд "Бид урьдын адил туйлын муу оромжинд суусаар л байлаа. 1973 оны сүүлчээр Монголын их эрдэмтэн, академич Бямбын Ринчен Мажараас буцахдаа Ленинградад түр буудаллаж, манай гэрт зочилсон юм. Цэх шулуун нуруутай, урт буурал сахалтай, үндэсний чамин хувцастай энэ ганган өвгөн эрдэмтний гадаад төрх нь гайхамшигтай сэтгэгдэл төрүүлж байв. Тэгээд ч Ленинградад түүний явсан газар бүр анзаарагдахгүй байж чадсангүй.
Түүнийг манайд зочилсоны дараахан дээд удирдлагууд санаа нь зовсон уу, бидний сууцыг томсгож үнийн зөрүүг төлөх хэрэггүй гэж билээ” хэмээн өгүүлсэн нь бий.
Л.Н.Гумилевтэй гэрт нь уулзсан сүүлчийн монгол хүмүүс нь манай үеийн сэтгүүлчид байсан юм. Монголын утга зохиолын мөнгөн үеийн нэрт яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, сэтгүүлч Х.Бүрэнтогтох, одоо УИХ-ын гишүүн, тэр үеийн Ленинградын их сургуулийн оюутан Л.Энх-Амгалан нар 1989 оны хавар гэрт нь очиж уулзахад Л.Н.Гумилев шүлэгч залуусыг чалчигч биш хэмээн ихэд тоон удтал хөөрөлдсөн, юу ярьж байсан талаар зуны амралтаар Москвад тааралдсан Ж.Болд-Эрдэнэ надад ихэд бахдалтайгаар ярьсан юмдаг. "Тэр алдартай гээд байгаа "Игорийн хорооны цэрэглэсэн тууж”-ийг чинь IX зуунд биш оросууд Монголын нөлөөнд орсон ХIҮ зууны үед зохиосон юм шүү дээ. Уг зохиолд сумын зэвэнд хор шингээж харвасан тухай өгүүлсэн байдаг. Үүнийг зөвхөн Донын Звнен ногайчууд, монголчууд л мэддэг байсан.
Нууц товчоонд ч гардаг даа. Танай Ц.Дамдинсүрэнг сайн мэднэ, эхнэртэй нь нэг дор ажиллаж байлаа. Харин Б.Ринчен бол гайхалтай хүн. Тэр монголоор бус дэлхийгээр овоглох ёстой суутан. Д.Майдар гэж эрдэмтэн сэтэртэй өлөн дарга манайхаар дайрахдаа нэг чухал номыг минь аваад сураггүй болох шив” хэмээн Л.Н.Гумилев өгүүлж суусан нь сонин юм. Л.Н.Гумилевын бичиж туурвисан Чингис хааны тухай бүтээл олон оронд хэвлэгдсэн бөгөөд эхний хуудсанд нь "Монголын ард түмэнд зориулав” гэсэн бичээс бий.
Гэтэл уг алдарт ном нь манай улсад хэвлэгдээгүйд их эрдэмтэн "Би үүнд гомдохгүй. Монголчууд намайг мартаж болно. Харин Чингисээ мартана гэж байдаг аа” гэжээ. Тэрбээр Монголын түүхийгнасаараасудалсанатлаа манай оронд ирж чадаагүй юм, харамсалтай яа! Урьсан бол их эрдэмтэн ихэд баярлаж, Чингис хааны нутгаар морь, тэмээ хөлөглөн олон зуун бээр газар туулах байсан гэж ам алдсан нь буй. Өөрчлөн байгуулалтын эхэн үед Л.Н.Гумилевийн эцэг, эхийг цагаатган тэдний гэр музейг байгуулжээ. Хамгийн алдартайд тооцогдох "Орос ба их тал” номыг нь хэвлэгдэхэд нутаг нэгтнүүд нь хэнийг шоронд хорьж байсандаа эрх биш харамссан гэдэг.
"Эртний орос ба агуу уудам тал нутаг”, Хар домог”, үлгэрүүд”, "Хүннү гүрэн”, "Эртний түрэгүүд”, "Зохиомол хаант улсын эрэлд”, "Эртний Түвд”, "Русиас Орос хүртэл”, "Газар дэлхийн удам угшил хийгээд шим мандал”, "Хазарыг нээсэн нь”, "Хүн гүрний түүх”, "Төгсгөл дахиад эхлэл”, "Каспын эргэнд мянган жил”, "XIII зууны монголчууд хийгээд мэргэдүүд” гээд түүний гайхам содон сонин бүтээлүүд жагсана. Санкт Петербург дэх Гумилевийн нэрэмжит Оросын фонд түүний бичиж үлдээсэн үнэт өвийг хариуцан хүн төрөлхтөний хүртээл болгосоор байна.
Магадгүй тэр номуудад дэлхийн нас уртасгах ид шид нуугдаж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Л.Н.Гумилев 1992 оны зун Санкт Петербург хотноо тэнгэрт хальжээ. Түүний ажиллаж, амьдарч байсан байшингийн хананд Татарууд гэрэлт самбар залж, Казань хотноо цээж барималыг нь сүндэрлүүлжээ. "Евро Азийн /эмнэлүүд” гэдэг гайхалтай бүтээл нь эзнээсээ хойш хэвлэгдэж, орос болон өрнө дахинд шуугиан тарьсан билээ. Монголын түүхэн сурвалжийг цоо шинэ байр сууринаас дүгнэсэн бүтээлүүдээс нь Г.Аким, Ж.Роозон нар "Хар домог”, "Цэцэлсэн шаштир" зэргийг эх хэлнээ орчуулсан билээ.
П.Батнайрамдал
Эх сурвалж "Соёмбо" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих