НҮБХХ-өөс хэрэгжүүлж буй төслийн үр шимийг хүртэгч Улз голын Сав газрын сумдын бүлэг, нөхөрлөлүүд харилцан туршлага солилцох, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор Дорнод аймгийн Баян-Уул суманд "Нөхөрлөлийн хөгжил” наадам, "Намрын ногоон өдрүүд-2015” өдөрлөг маргааш буюу 10 дугаар сарын 5-наас эхлэн хоёр өдөр үргэжилнэ.
Энэхүү наадам, өдөрлөгт Монгол орны баруун хязгаар нутгаас Увс аймгийн сумдын /Увс нуур-Тэс голын захиргаа/ төслийн зохицуулагчид, нийслэлээс "Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн ажилтнууд тус суманд өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Энэ удаагийн "Нөхөрлөлийн хөгжил” наадам, "Намрын ногоон өдрүүд-2015” өдөрлөгт Хэнтий аймгийн Батноров, Норовлин, Баян-Адарга, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал сумын бүлэг, нөхөрлөлийн гишүүд ирж өөрсдийн хийж, хэрэгжүүлж буй ажил, үйлс, бүтээгдэхүүнээ таниулан, сурталчилж, харилцан туршлага солилцох юм.
Тэд орон нутагтаа байгалийн нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл болон дасан зохицох, байгальд ээлтэй амьжиргааны эх үүсвэрийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж ажлын байртай болохын зэрэгцээ амьдрал, ахуйгаа дээшлүүлж байна. Тухайлбал, хүнсний ногоо тариалах, шахмал түлш үйлдвэрлэхээс эхлээд олон төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус наадам, өдөрлөгийн нээлт маргааш албан ёсоор эхэлнэ.
Дашрамд дуулгахад, Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг шуурхай, эрчимтэй авч хэрэгжүүлэхгүй бол экосистемийн үйлчилгээтэй холбоотой сөрөг нөлөөллийг хурдасгах төдийгүй хөдөөгийн хүн амын эмзэг, өртөмтгий байдал улам нэмэгдэхэд хүргэж болзошгүй байна. Иймд, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах замаар уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй усны сав газруудыг усаар хангах үйлчилгээг сайжруулах нь хүн амын амьжиргаа болон үндэсний нийгэм, эдийн засагт онц ач холбогдолтой байгаа. Улз голын сав газраас хийж буй сурвалжлагаа үргэлжлүүлэн хүргэх болно.
Баян-Уул сумаас Д.Өлзий
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих