-Захирал аа. Таньтай нэг хүн заавал уулзана гээд байх юм. Хуралтай гэсэн чинь явдаггүй. Бараг дөрвөн цаг сууж байна гэж хэлснээ нарийн бичиг хүүхэн гэм хийсэн юм шиг өөдөөс харлаа.
-Хэн гэдэг хүн байна гэвэл
-Батхорол гэсэн байхаа. Таньтай хувийн асуудлаар л уулзана гээд суугаад байх юм.
-Тусламж дэмжлэг л хүссэн хүн юм байлгүй дээ. Олон нийттэй харилцах менежертэй уулзуулчихаач гэтэл
-Үгүй гэсээн. Танаас уучлалт гуйхаар ирсэн гээд байна гэснээ чимээгүй болов.
Өдий олон жил энэ ширээний ард суухдаа хэн нэгэн надаас уучлалт гуйх гэж орж ирж байсныг хэзээ ч харж байсангүй. Өчнөөн л олон хүн энэ хаалгыг татсан. Албатай юм шиг тусламж дэмжлэг нэхэх хурган дарга нар, эсвэл өрөвдүүлэх гэж нүүр царайгаа барайлган мөнгө гуйх иргэд, ажил горилох залуучууд, ая тааруулаад мөнгө салгачих гэсэн хүүхнүүд л байнга орж ирдэг байсныг санав. Тиймээс
-За яах вэ. Оруулчих гэвэл нарийн бичгийн дарга хүүхэн гайхан харсаар хаалгаа хаав.
Хаалга бараг онгойж байгаа эсэх нь мэдэгдсэнгүй. Насаар надтай ойролцоо болов уу гэмээр ядрангуй царайтай хижээл эр орж ирсэн хойноо яахаа мэдэхгүй самгардан үүдэнд зогсчихлоо. Яг л гэм хийсэн хүүхэд шиг нүд нь шалан дээгүүр эргэлдэх тэр хүнийг удаан харлаа. Хэн билээ гэж нэр оноох гэсэн боловч чадсангүй.
-Та наашаа суу л даа. Ямар ажлаар явна гэх зуураа би нүүрнийхээ өмнө бичгийн хавтастай зузаан цаас барьж, тэр хүнийг анзааргүй дүр үзүүлэн, хулгайгаар харж байлаа. Угаасаа л үл таних, бас ямар зорилгоор явааг нь мэдэхгүй хүнтэй уулзахдаа би бичиг цаас нүүрэндээ барьчихдаг юм. Үүднээс миний хурлын ширээ хүртэл яг арван алхам байдаг. Тэр хооронд хэн бэ, яах гэж байгаа юм бол гэдгийг нь би урьдчилан харах гэж хичээдэг байлаа. Хижээл эр яг арав алхаад надаас найман алхмын цаадах сандал дээр чимээгүйхэн суув. Том зөөлөн сандалд суусан хойноо зүүгээр хатгуулж байгаа юм шиг л өндөлзөж, тэгснээ нам суув.
-Таныг хэн гэлээ. Ямар ажлаар явна даа гэвэл
-Батхорол. Би Ховд аймгаас ирсэн хүн. Өөрөөс чинь, үгүй танаас өршөөл хүсэх санаатай л мунгинаж яваа юм гэснээ өврөө уудлав. Тэрбээр олон давхар цаасанд боосон зүйлийг их л удаан задлаж, нэг гэрэл зураг гаргаснаа
-Та энэ хүнийг таних уу гэснээ над руу сарвайв. Би уг нь гадны хүнтэй уулзахдаа ширээнээсээ босох дургүй. Гэвч энэ удаа яалт ч үгүй бослоо. Хижээл эрийн гарт байх хуучны зургийг хайнгадуухан авч харлаа. Гучин жилийн тэртээ сураг алдарсан Жаргалмаагийн инээмсэглэсэн зураг. Хэдийгээр тэр зурагнаас нүдээ салгаж чадахгүй байсан ч гэсэн эргүүлж тойруулж харав. Ард талд нь "Зүрхний хайр хэзээ ч үл дундардаг. Хайрт найз Оршихдоо. 1982 он” гэж хичээнгүйлэн бичсэн байхыг харав. Би үл таних хижээл эр рүү гайхаж байгаагаа илтгэн харвал тэр улам л доош тонгойж
-Та энэ хүнийг таних уу хэмээн бараг сонсогдохгүй шахам хэллээ.
-Танина аа. Миний оюутан цагийн найз гэвэл хижээл эр санаа алдсанаа
-Манай талийгаач эхнэр. Хөөрхий дөө. Мөн ч сайхан хүн байсан даа гэснээ дахиад л доош тонгойв. Тунгалаг талийгаач болчихсон гэдгийг сонсоод би чихэндээ ч итгэсэнгүй. Хижээл эрийг тайвшруулах гэсэн боловч хэлэх үг олдсонгүй. Хий дэмий л өөдөөс нь харсан сандал дээр лагхийтэл суув. Батхорол хэсэг чимээгүй байснаа
-Талийгаач маань сургуулиа төгсөж, манай суманд эмчээр ирсэн юм. Сумын төвийн эрчүүд битгий хэл эхнэр хүүхдүүдийн анхаарлыг татсан сайхан бүсгүй байсан даа. Би тэр үед сумын шуудан холбоонд ажилладаг байсан юм. Тунгалаг байсхийгээд л ирнэ. Захиа ирсэн үү гэж байнга асууна. Захиа явуулах гээд л хүрээд ирнэ. Улаанбаатар хот. Нэгдүгээр эмнэлгийн Их эмч Оршиход гэсэн баахан захидал явуулсан даа гэснээ дуугарсангүй.
-Би Тунгалагаас ганц ч захиа аваагүй... гэвэл Батхорол яг л хүүхэд шиг мэгшсэнээ
-Тэр захидлууд надад байгаа. Би явуулаагүй юм. Бас Тунгалагын захидлуудыг ч явуулаагүй гэснээ гэнэтхэн цурхиртал уйлж эхлэв. Надад хэлэх үг олдсонгүй. Батхорол уйлж, уйлж тайвширсан бололтой.
-Хөөрхий дөө. Мөн ч их захидал хүлээсэн дээ. Тэр үед цаг хэцүү. Улсын ажил хаяад явж чадах биш дээ. Харилцаа холбоо ч өнөөдрийнх шиг хөгжсөн байсан биш дээ. Долоо хоногт ганц удаа сумын шуудан ирнэ. Долоо хоног бүр л ороод ирнэ. Захиа ирсэн үү гэж л байнга асуудагсан. Бараг хоёр жилийн дараа хот руу амралтаа аваад явсан юм. Шууданд суугаад хот явах тэр өдөр нь би "Тунгалагын барааг сүүлийн удаа харж байна даа” гэж бодож байсан. Бас өөдгүй хулчгар амьтан сумын шуудангийн захидал устгаж байсныг минь хүн мэдчих вий " гэж л санаа зовж байсан хэрэг. Арваад хоногийн дараа нэг их гунигтай хүн нутагтаа ирж билээ. Өөрийг чинь эхнэр авсан гэж ярьж байсан. Дараа жил нь бид хоёр гэрлэсэн дээ.
-Би Тунгалагаас захиа хүлээгээд л байдаг байсан. Нутагтаа очоод л таг болчихсон доо гэвэл
-Хөөрхий минь. Тэр хүнд буруу байгаагүй юм шүү. Хайртайдаа л түүнийгээ харамлаж байна гэж бодож байсан миний л буруу шүү дээ. Сайхан хүний буянд би сайхан амьдарсаан. Гэхдээ л сэтгэлийнх нь гүнд байгаа тэр л шархыг хорь гаруй жил хамт амьдрахдаа нөхөж чадаагүй байхаа гэж боддог юм гэснээ Батхорол дахиад л санаа алдав.
-Тэр хүн намайг захидал бичиж байсныг мэдсэн болов уу гэвэл
-Үгүй дээ. Мэдээгүй. Энэ миний хувьд хэзээ ч дэлгэж болохгүй нууц байсан юм. Хөөрхий минь гурван жилийн өмнө авто ослоор өөд болсон. Хэзээ нэгэн цагт түүндээ хэлнэ. Уучлалт гуйна гэж боддог байлаа. Би даанч өөдгүй, хулчгар эр хэлж чадаагүй. Залуу байхад намайг хаяад явчих вий гэж айдаг байж. Дараа нь үр хүүхэдтэй болоод нас ахисан хойноо өнгөрсөн баларсан үеийн дэмий юм сөхөөд яахав гэж өөрөө өөрийгөө цайруулсаар 30 жил болчихсон байна гэснээ дуугаа хураачихлаа.
Тунгалаг гэж жаргалтайгаар тас тас инээдэг, тунгалаг хар нүдтэй гоолиг нуруутай тэр охиныг ямар их санадаг байснаа эргэн дурслаа. Хацарт нь уруулаа наахад л жингэнэтэл инээдэг, чиний эхнэр болохоороо гэж ярьдаг байсан тэр бүсгүй эргэж ирээгүй. Түүнийг санаж, бас хүлээж, шаналж, шантарч, бухимддаг байсан. Жил гаруй л хүлээсэн байх. Тэгээд л хамт ажилладаг бүсгүйтэйгээ гэрлэж билээ. Харин Тунгалаг намайг үгүйлж, бас л санаж, шаналж байж гэж бодохоор цээж хөндүүрлээд л ирлээ. Гэхдээ үнэнээ хэлээд, уучлалт гуйх гээд хаа холоос зүтгээд ирсэн буурал өвгөнийг буруутгаад харааж, загнаад байх хүсэл, бас тэнхэл ч байсангүй. Батхорол хэсэг чимээгүй сууж байснаа
-Таныг хаана яваа, юу хийж байгааг би үргэлж л хүмүүсээс асуудаг байсан юм. Ялангуяа түүнийгээ өөд болсноос хойш. Хэрвээ би тэр захидлуудыг дундаас нь аваагүй бол, бас хайрлаж байна гэж хөөрхий түүнийхээ сэтгэлийг шархлуулаагүй бол, үгүйдээ л хүний унаанд хөл дайгдаж явахааргүй арчаатай амьдарсан бол тэр минь өдийд амьд л байх байсан даа гэж бодохоор хэлэх ч үг олдохгүй юм. Намайг өршөөж, нүглийг минь хэлтрүүлэхийг бодоорой гэснээ тэр явахаар бослоо.
-Өнгөрсөн цаг хугацааг эргүүлж болох биш дээ. Жаахан суу л даа гэвэл тэр эр гараад явчихаж чадахгүй байгаа нь илт. Би яахаа мэдэхгүй сандарч байгаа эрийг хараад гэнэтхэн өрөвдөв. Ханын хөргөгчнөөс архи авч хундгалаад түүний хажууд суулаа. Албаны баригдмал байдал, ажил хэрэгч дүр нэг л мэдэхэд нүүрнээс хуулран унажээ. Сэтгэл ч гэгэлзээд ирлээ.Өмнөх хундагатай архиа авч
-За ганц ганц татчих уу гэвэл
-Тэгье гэснээ хөнтөрч орхилоо. Би ч гэсэн нэг хундага татаж орхилоо. Толгой халуу дүүгэж, амьсгал давчдана.
-Жаргалмаа сайхан охин байж билээ. Оюутны хэдэн жилийг бид хамт өнгөрөөсөн. Ний нуугүй үнэнийг хэлэхэд түүнд хайртай байсаан гэхдээ... гэнэтхэн үл таних энэ эрд учиргүй уурлаж байгаагаа мэдрэв. Хулгайч, хүний сэтгэлийн хулгайч гэж хашгирмаар санагдаж, саяхан л түүнийг өрөвдөж байсан цагаахан бодол гэнэтхэн хийсэн ариллаа. Батхоролын уруул дахин өмөлзсөнөө
-Би тэр сайхан хүнийг сайхан амьдруулж чадаагүй. Хэрвээ тэр маань таньтай суусан бол жаргах л байх байсан даа. Үнэндээ хөдөөний цөлх бүдүүн баараг хүн болохоор түүнийгээ сайхан хувцаслаж, сайхан амьдруулж, бас хайртай гэдэг үгийг ч олон хэлж чадаагүй. Цаг хугацааг буцааж болдогсон бол би таньд түүнийгээ буцааж өгчихөөд сэтгэлдээ л хайрлаад явж байхсан. Даанч тэгэх боломж алга даа гэснээ санаа алдав. Эр хүний харуусал, хагацлийн нулимс хацрыг нь зүсэн, үрчлээтсэн уруулыг нь давав. Саяхан л түүнд гомдсон, уурласан бухимдсан тэр гомдлыг минь тэр залгичих шиг л санагдахад надад хэлэх ч үг олдсонгүй. Тиймээ. Цаг хугацааг буцааж болдог бол...гэсэн ганцхан бодол л тархинд асуулт нэхэн эргэлдэж байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих