Үүнийг харсан иргэд улсаа удирдаж чадахгүй байгаа улстөрчдийг тэр тусмаа Засгийн газар, УИХ-ыг буруутгаж байна. Мэдээж буруутан тэдний дунд байгаа л байлгүй. Байх ч ёстой юм чинь. УИХ, Засгийн газар улс орныхоо хувь заяагаар "наадаж” байгаа бол Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийн удирдлагууд нийслэлчүүдийн хувь заяагаар "тоглож” гүйцлээ. Татвар төлөгчдийн мөнгөөр даншиг, усан гүүр, урамшуулал нэрийн дор гараа угааж байна. "Засаг ноён" маань худал ярьж, хуурамч амлалт өгч гарч ирсэн нь олны өмнө ил боллоо. Хаана байна тэр нийслэлийн "G” хорооллыг "G” /Gangnam/ дүүрэг болох мөрөөдөл. Аль вэ тэр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж бүгдээрээ газар дээрээ хувийн хаустай болно гэсэн. Хаана байна тэр гэр хороолол руу халуун хүйтэн, бохир цэврийн шугам татна гэсэн. Уран гоё ярьж байсан цагаас нь хойш даруй 3 жил өнгөрлөө. Энэ хугацаанд хийсэн, хэрэгжүүлсэн зүйл гэж нэг ч алга. Гэр хороолол бахь байдгаараа. Утаа, униар нь хөшилдсөн хэвээрээ. Харин "Чингис, Самурай” бондын мөнгөөр хэдэн км зам тавьж, уулзваруудыг өргөтгөж зээлийн мөнгийг үрэн таран хийж, эргэн төлөгдөхгүй салбар руу ургахаас өөр дорвитой зүйл хийсэнгүй. Одоо бас болоогүй бололтой нийтийн тээврээр тоглож эхлэв.
Үүнийх нь гор гарч өчигдөр хахирган өвлийн эхний дохионоор нийслэлчүүд автобус унаагүй болж, явгарлаа. Одоо ч ажил хаялт нь үргэлжилсэн хэвээрээ байна.
Нийтийн тээврийнхэн яагаад ажил хаяж иргэдийг хохироов
Хахирган хүйтэн өвөл айсуйг сануулсан өчигдөр өглөө нийтийн тээврийнхэн нийслэлийн иргэдээ "чангаллаа". Чангалах чангалахдаа тун ч сүрхий чангалсан. Тодруулбал, Улсын компаниудаас бусад бүх хувийн автобусууд өглөөний 06.00 цагт гэнэт ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдэх нь тэр. Ажил хаях болсон шалтгаан нь цахим системд шилжсэнээс хойш алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг ч өгөх боломжгүй болсонтой холбоотой аж. Тиймээс санхүүгийн асуудлыг нэн яаралтай шийдэж өгөхгүй бол үйлчилгээнд гарахгүй гэж мэдэгдэв. Харин нийслэлийн удирдлагууд компаниудын удирдлагуудтай шуурхай хуралдаж ярилцан тохирсоны үндсэн дээр асуудлыг намжааж зарим компанийн автобусууд өглөөний 10.00 цагийн орчимд үйлчилгээнд гарсан.
Иргэд энэ асуудалд нэлээд бухимдалтай хандсан. Ажлын долоо хоногийн эхэнд нийслэлчүүд тун ч олуулаа ажил, хичээлээсээ хоцорсон. Хувийн автобуснууд ажил хаясантай холбогдуулан, улсын автобуснууд ачааллаа дийлэхгүй байна. Тодруулбал, Зарим автобусны смарт карт уншигч нь ачааллаа даахгүй, гацаад картаа уншихгүй. Харин зарим автобусны хүмүүс нь орох хаалгаараа багтахгүй, буух хаалгаараа мөнгө төлөлгүй зорчиж байгаа харагдсан. Нийтийн тээврийнхэн ажил хаях болсон тухайгаа урьдчилан мэдэгдэх ёстой байсан. Энэ нь тэдний алдаа. Гэхдээ өнөөдөр бид ажлыг ямар байдлаар хаясан тухай нь биш ажил яагаад хаях болов гэдгийг ярилцах нь зүйтэй. Шалтгаан нь нөгөө л "шүдний өвчин” болсон нийтийн тээврийн шинэчлэл бас цахим систем. Мэдээж хүндрэлтэй биш байсан бол автобус компанийнхан ийм шийд гаргахгүй нь тодорхой. Ядаж урьдчилан мэдэгдэх боломжтой шүү дээ. Тиймээс санхүүгийн нөхцөл байдал нь үнэхээр их хүндэрсэн болоод л ингэсэн хэрэг. Нөгөө "ишигний зовлонг ухна ойлгохгүй" гэдэг шиг бид яаж мэдэх вэ дээ. Харин иргэд төдийгүй нийтийн тээврийнхэнийг хохироосон "бантанг” хотын дарга Э.Бат-үүл тэргүүтэй нийслэлийнхэн нийтийн тээврийн шинэчлэл нэрээр хутгачихсан байдаг.
Нийтийн тээврийн шинэчлэл нь их хэмжээний зээл байв
Бондуудын "ачаар" өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ирлээ.Монголчууд бондын эргэн төлөлтийг 2017 оноос эхэлж буцаан төлж эхлэх ёстой. Өрийн дарамтад улс орноороо орчихоод байна. Гэтэл биднийг "нийтийн тээврийн шинэчлэл" нэртэй бас нэг их хэмжээний өрөнд оруулчихжээ. Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн ЗГ, Азийн хөгжлийн банк хоорондын байгуулсан "Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан байдаг.
Энэ хөтөлбөр нь 3 үе шаттай бөгөөд 6-8 жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтийн тээврийн шинэчлэлийн хөтөлбөрт Азийн хөгжлийн банкнаас 215 сая ам.долларын хөнгөлттэй зээл авсан. Үүн дээр нэмээд Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар,Засгийн газрын 57 сая ам.долларыг зарцуулахаар баталсан. Уг зээл нь 1.5 хувийн хүүтэй бөгөөд 32 жилийн хугацаатай. Их Хурлаас зөвшөөрлийг нь өгсөн учир эхний шатны арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Өнгөрсөн наймдугаар сараас эхэлж нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй бүх автобусуудыг цахим системд шилжүүлсэн. Мөн автобусны эргэлтийг богино эргэлттэй болгосон юм. Өнгөрсөн жил автобусны маршрутыг богино эргэлтээр явуулж туршиж үзэхэд иргэд таашаагүй. Харин энэ жил уг ажлыг хүчээр шинэчлэлийг хийж орхисон. Гэтэл үр дагавар нь өнөөдөр ажил хаялт болж илэрлээ.
Яагаад заавал Кореа Смарт Карт компани гэж?
2014 оны 9 сард Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх "Мастер гэрээ” байгуулж "Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн өмчийн оролцоотой Монгол Солонгосын хамтарсан "Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулснаар төсөл хэрэгжил эхэлсэн. Төслийн үндсэн хөрөнгө оруулагч, хэрэгжүүлэгчээр "Кореа смарт карт /T-money/” корпораци ажиллаж байгаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр орж ирсэн энэ их мөнгийг дотоодын компанидаа яагаад өгч болсонгүй вэ. Манайд цахим карт хийчих IT компани байхгүй л байлтай.
Нийтийн тээврийг шинэчлэх биш шавартай нь хутгав
Өнөөдөр хүн бүр хуучин нийтийн тээврийн үйлчилгээг санаж байна. Автобусны төлбөрийг цахим болгосноор хэл ам, асуудал нэмэгдэхээс өөр олигтой дэвшилт гарсангүй. Төлбөрийн системийг цахим хэлбэр шилжүүлснээр иргэн Дорж автобусанд суулаа гэхэд төлбөр нь банк руу шилжээд, банкнаас тухайн автобус компани руу нь шилжихээр төлөвлөсөн. Цахим картын тендерт Монгол, Солонгос, Худалдаа хөгжлийн банк, Жи мобайлтай хамтарсан түншлэл ялалт байгуулсан. Тиймээс бүх орлого нь Худалдаа хөгжлийн банкаар дамждаг юм. Автобус компанийнхан ажил хаяж асуудал үүсгэх болсон шалтгаан нь ерөөсөө Худалдаа хөгжлийн банкнаас өдөр бүр тэдний дансанд мөнгө орохгүй байгаа явдал юм. Уг нь өдөр бүр мөнгөн орлогыг нь тухайн компанид шилжүүлнэ гэж тохирсон. Гэтэл тэд өнөөдрийн орлогыг нь 7-15 хоногийн дараа шилжүүлдэг гэх гомдлыг автобус компанийнхан гаргаж байв.
Мөн цахим картаар үйлчилж эхэлснээс хойш иргэд өндөр настангуудын картаар үйлчлүүлэх, мөнгө төлөхгүй байх, 100 төгрөг дунд цаас хуулж хийх, зарим нь бүр мөнгийг канондаж байгаад автобусанд өгсөн тохиолдолч гарчээ. Ерөнхийдөө энэ шинэчлэл гэх сэтэр дор арай ядан тогтож байсан нийтийн тээврийнхэнийг элгээр нь хэвтүүлэх ажиллагаа өрнөж байна. Урд нь тэд өдөртөө олсон орлогоо шууд авдаг байсан бол одоо "Улаанбаатар смарт карт" ХХК нэг өдрийн орлогынх нь 10 хувийг нь авдаг болжээ. Цахим системд шилжснээр 1800 гаруй кондукторууд ажил амьдралгүй боллоо. Тэдний өөр ажилд зуучилж өгнө гэж байсан ч зуучлаагүй байна. Цахим системд шилжээд хувь, хувьсгал гэлтгүй бүх автобус компаниуд санхүүгийн асуудалд орчихсон байгаа. Манайх бол төрийн компани гэдгээрээ үйлчилгээнд гарч байна. Бүгд олон тэрбум төгрөгийн шатахууны өрөнд орчихсон байгаа. Хэрвээ санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол улсын автобуснууд ч гэсэн удахгүй зогсоно. Шинэ системд шилжсэнээр аж ахуй нэгжүүдийн өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг зарчим нь байхгүй болоод өмнө нь олдог байсан орлогоосоо хамаагүй бага орлого олдог болов. Өрсөлдөөний зарчмаар хэвийн үргэлжилж байсан ажилд төр оролцсноор өнөөдрийн энэ таагүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Төлбөрийн систем ухаалаг болсноор өдрийн орлогоос жолооч, кондуктор хумсалдаг байдлыг зогсооно гэж байв. Гэтэл өдөрт 20-30 мянган төгрөг хумсалдаг байсан кондукторуудыг халж хэдэн арван саяар нь хулгайлдаг төвтэй боллоо. Төр үнэхээр муу менежер гэдгээ нийтийн тээврийн салбар дээр дахин нэг нотлон харууллаа.
Г.Лхагва
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих