Ц.Юндэн, Ц.Лхамсүрэн нар үр хүүхэд, танил нөхдийнхөө хамт наадам үзэхээр явах гэж буй нь.
"Хичээнгүй сайд” хэмээн олноо алдаршсан Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн удмынхан ямар хүмүүс байдаг бол хэмээн сонирхдог байлаа. Удтал гуйлгасны эцэст түүний ач охин Ю.Эрдэнэтуяа, Ю.Навчаа нартай уулзлаа. Ю.Эрдэнэтуяа "Хичээнгүй сайд” сангийн тэргүүнээр ажилладаг. Б.Цэрэндорж гуай ганц хүүтэй хүн байжээ. "Ганцаас газар дүүрнэ” гэдэгчлэн ганц хүү Юндэн нь найман хүүхдийн аав болжээ. Ордны ойролцоох хуучны нэгэн байранд Ю.Эрдэнэтуяа нөхөр болон Тузик нэртэй хар пудель нохойтойгоо гурвуул амьдардаг. Даруухан мөртлөө нэг л эрхэмсэг аж төрдөг хүмүүс аж. Гэрийн эзэд Москвагийн их сургуулийн нэг ангийн хоёр, хоёулаа сэтгүүлч гэнэ. Ц.Бат-Орших гуай "Улаан од” сонины сэтгүүлч явсан. Сүүлд Монголын сэтгүүлчдийн холбоог тэргүүлж байсан хүн. Ю.Эрдэнэтуяа 1980-аад онд Мэдээлэл, Радио Телевизийн улсын хорооны орлогч даргаар ажиллаж, Монгол телевизийг удирдаж явсан хүн. Ерээд оноос Засгийн газар, УИХ-ын судалгааны төвд судлаачаар ажиллахын зэрэгцээ МУИС-д олон жил багшилсан доктор юм. Багаас сурлага сайтай, нягт нямбай охин байжээ. Аав нь нэг удаа 23-р сургуулийн эцэг, эхийн хуралд суугаад ирэхдээ "Манай шар Жууяа чинь мундаг онц сурдаг юм байна. Би ч Д.Бавуу генералынхаа дэргэд маадгар сууж байгаад ирлээ” гэж ихэд сэтгэл хангалуун хэлжээ. Д.Бавуу генералын охин нь бас тэдний анги байсан аж. Ц.Юндэн гуай орой шугамын радиогоор төрийн сүлд дуулал эгшиглэж дуусахтай зэрэг цэргийн пилотка малгайгаа авч тавиад, унтахаар явдаг зуршилтай байжээ. Мөн Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийг тогтмол сонсдог, захидал хүртэл бичдэг байсныг охин нь дурслаа. Хичээнгүй сайдын ганц хүү Юндэн, Сүхбаатар жанжны хүүтэй найз нөхөд явсныг олон хүн ярьдаг. "С.Галсан хурандаа болчихоод байхад намайг болгохгүй байна” гээд гомдоллож явсан удаатай гэнэ. "Цэргийн дээд сургууль төгсөөгүй юм чинь та яаж хурандаа болох юм бэ” гэж охин нь хэлжээ. Уг нь хичээнгүй сайдын хүүг сургуульд явуулах гэсэн юм билээ. Гэтэл Ц.Юндэн маршал Х.Чойбалсан дээр давхиж ороод "Авгай хүүхэдтэй маань хамт явуулахгүй бол явахгүй” гэж томорчээ. Тухайн үед түүний дураар гэр бүлээр нь явуулж сургах боломжгүй байсан болов уу.
Х.Чойбалсангийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан П.Шагдарсүрэн "Миний мэдэх Чойбалсан” номондоо Х.Чойбалсан гуайнхаар өөрийнх нь болон Гүндэгмаа гуайн төрөл садан, хүүхдүүд, танил садан их ирнэ. Богдын донир байсан өвгөн Жамбал, хичээнгүй сайдын хүү Юндэн нар тэднийхээр орж гардагсан” хэмээн дурссан байдаг. Үнэндээ хичээнгүй сайдын ганц хүүг Х.Чойбалсан хүлээж авдагт гайхах зүйлгүй ч өөр нэг нарийн холбоо тэдэнд бий. Маршалын анхных нь гэргий Бортолгой бүсгүй Юндэн гуайн эхнэрийн төрсөн эгч нь учир тэр хоёр базууд байсан аж.
Ю.Эрдэнэтуяа эгч гал тогоондоо эргэлдэнэ. Ширээ дүүргэж, төмсний нухаштай зайдас, пирожки зэрэг орос маягийн хоол хийх зуураа амттай яриагаар дайлав. "Эхээс наймуулаа. Таван хүүхэн, гурван хүүтэй айл” гэнэ. Аав Юндэн нь цэргийн хүн, дэд хурандаа цолтой эр явжээ. Ээж Ц.Лхамсүрэн нь насаараа сүүтэй цай уусан бол аав нь байхуу цай л уудаг байж. Аав нь пүүшиг татаж ээж нь ороосон тамхийг илүүд үзнэ. Хэдийгээр цай, тамхины сонголт нь өөр ч эвсэг, халуун дулаан гэр бүл байлаа. "Ээж, аавыг муудалцаж байхыг сонсоогүй. Ээж дуугарна гэж үгүй. Хөлөө ачиж суугаад тамхиа татдаг хүн байсан” хэмээн охин нь дурсав. Юндэн гуай 14 настайдаа ардын хувьсгалтай золгосон учраас хувьсгалын анхны жилүүдэд байгуулагдаж байсан банк, холбоо, гал команд, кино үйлдвэр зэрэг газарт ажиллаж явсан анхны хэмээх тодотгол олонтой хүн. Бас Автономит монголын анхны сургуулийн сурагч байж. Гэхдээ багаасаа л машин техник сонирхдог хүн байснаас жолооч, механикчаар олон жил ажилласан, тэр бүү хэл хичээнгүй сайд аавынхаа тэргийг ч барьж байсан удаатай гэнэ. Юндэн гуайн гурван хүү Гаалан, Гамшир, Шижир нар ч аавыгаа дуурайсан техникийн сонирхолтой байснаас төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн салбарт хүчин зүтгэжээ. Харин Надя (Навчаа), Вера (Итгэл), Эрдэнэцэцэг, Эрдэнэтуяа, Энхтүвшин охид нь эмч, орчуулагч, сэтгүүлч, багш, оюуны өмчийн мэргэжилтэй, хоёр нь доктор. Хичээнгүй сайдын том ач охин нь болох Навчаа эгч бялуу барьсаар дүүгийндээ зочилж ирсэн юм. Ц.Юндэнгийнх эхэн үедээ хүүхэд харж, гэрийн ажилд тусалдаг хүнтэй байсан ч сүүлдээ дүү нараа харж хандах, ариун цэвэр сахиулах үүрэг том охинд шилжсэн гэнэ. Зусланд гарсан хойно том охиныг гараад ирэх зуур гэрт дэг журам алдагдах нь цөөнгүй.
-Би хааяа хот ороод ирэхээр гэснээ Навчаа эгч алга хавсран залбирав "Гэр буулгаад хаясан байна. Ээж гадаа тамхиа татаад сууж байна. "Хавийн хүүхдүүд бужигнаад, гэр буулгачихаж. Та хэлэхэд яадаг юм бэ” гэхээр ээж "За яахав дээ” гэнэ. Ю.Эрдэнэтуяа эгч пирожки хайрангаа ярианд оролцож "Дүү бид гурвыг гадаа гаргахгүй. Цонхон дээрээ болжмор шиг суугаад гадаа тоглож байгаа хүүхдүүдийг харж атаархдаг байсан” гэв. Хааяа гадаа гарах "виз” өгөхөөрөө эгч нь хамт гараад цаг харж байгаад оруулдаг байсан гэнэ. Хичээнгүй сайдын ач охид өөр хоорондоо их төстэй юм. Навчаа эгч Ленинградад анагаахын сургуульд сурч, цэргийн эмчээр ажиллажээ. Бэлтгэл хошууч цолтой гэнэ шүү. Навчаа өдгөө Австри улсад хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Хичээнгүй сайдын ач хөвгүүд нь өөд болж, өдгөө дөрвөн ач охин нь л үлдсэн гэнэ. Ю.Эрдэнэтуяа эгчийг УИХ-ын тамгын газарт ажиллаж байхад нь л "Удам судрынхаа тухай ярьж өгөөч” гэж хүссэн. "За” гэсэн мөртлөө завгүй гээд хойшлуулаад байдаг хүн. Тэтгэвэрт гарчихаад яагаад завгүй явдаг юм бол гэж гайхдаг байлаа. Харин тэр өөртөө маш их ажил бий болгожээ. Ю.Эрдэнэтуяа эгч гурван ном бичиж байгаа гэнэ. Түүхч С.Туяатай хамтарч хичээнгүй сайдын тухай намтарчилсан том ном бичиж эхэлжээ. Гадаад, дотоодын номын сан, архивт сууж баримт сэлт цуглуулсан гэв. Бас аав, ээжийнхээ тухай ном бичиж байна. Ю.Эрдэнэтуяа эгч ганц хүүтэй. Хоёр ач охинтой юм. Гадаадад сууж байгаа ач нартаа зориулж, эмээ, өвөө нь ямар хүмүүс байсан тухай бичжээ
Хичээнгүй сайд Б.Цэрэндорж байнга тэмдэглэл хөтөлдөг зантай хүн байв. Ганц хүү Ц.Юндэн ч аав шигээ тэмдэглэл хөтөлдөг зуршилтай байжээ. Гэр бүлийн энэ мэт уламжлалыг Ю.Эрдэнэтуяа өвлөсөн бололтой.
"Манай аав нямбай хүн байсан. Тэмдэглэл хөтөлдөг, хуучин монголоор жирийтэл бичдэг хүн байлаа. Бүх тэмдэглэлийг нь хадгалдаг. Жолооны үнэмлэх, мотоцикльчний үнэмлэх, 1938 оны гадаад паспорт ч байна хэмээн Ю.Эрдэнэтуяа сонирхуулав. "Ааваасаа юм хадгалахыг сурсан юм. Ээж аавтай хамт амьдарч байсан отгон дүү маань гал голомтоо сахиж үлдсэн. Өвөө хаант оросоос авчирсан ханын цаг, манай ээжийн алдарт эхийн нэгдүгээр одон, М.Дүгэрсүрэн гуайн аавд бэлэглэсэн швейцарь бугуйн цаг ч бий. Аав цаг засдаг хоббитой байсан. Цаг засварын хэрэгслийг нь манай нөхөр өвлөсөн. Хүүхэд бүрийн шүдний ором гарсан дурсгалтай аяга нь ч бас үлдсэн. "Миний бүх хүүхдийн шүдний ором орсон мөнгөн аяга гэж ээж хэлдэг байсан” гэв.
"Элдэв очир” кино театр буюу одоогийнхоор бол Хөрөнгийн биржийн ар талын байранд Ц.Юндэнгийнх хэмээх өнөр бүл амьдарч байжээ. "Ю.Цэдэнбал дарга аавд өгсөн байр. Энэ байрандаа аав нас барсан. Аав тэтгэвэрт гарчихаад Хувьсгалын музейн архивт эрдэм шинжилгээний ажилтантай нь хамтарч, дээр үеийн хүмүүсийн зураг таних ажил хийж байсан. Их ойтой, нэг харсан хүнээ андахгүй. Сайн дурын ажил байсан даа гэж охин нь дурсав. Ц.Бат Орших гуай энэ үеэр ярианд оролцож, хадам аавынхаа тухай дурсамжид хошуу нэмлээ. "Ийш тийшээ явж амьтан хүнтэй уулзах дуртай хүн байлаа.Партизан Дашзэвэг гуайтай уулзана. Долоо хоногт хоёр, гурван удаа тойрог хийнэ шүү дээ. Чойбалсан гуайн гэргий Гүндэгмаа гуайнхаар орно. Сүхбаатарын Галсан гуай дээр очно. Ширэндэв гуайнхаар орно. Хичээнгүй сайд аавынхаа жолооч байсан. Хичээнгүй сайд "Би улсын ажил хийж байна. Хүү маань миний тэргийг барих нь зохимжгүй” гэсэн байдаг. Тэгээд аавыг П.Гэндэн гуайн жолооч болгожээ” гэв. Харин хичээнгүй сайдынх Улаанбаатар зочид буудлын ард орос маягийн байшинд амьдардаг байжээ. Унгарын зурагчин Гелетагийн авсан Ерөнхий сайдын байшин, гэрийн дотоод байдал, түүнийг оршуулах ёслолыг харуулсан гэрэл зургийн цомгийг эднийх нандигнан хадгалдаг аж. Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн 1928 онд авахуулсан зургийг заагаад "Хацар дээрх мэнгэ нь өмөн үү болоод өвдөж байсан үеийнх нь зураг” гэж ач охин нь тайлбарлав. Туслах нь гарын үсэг зуруулах гэж ороход хацраас нь цус дусалж байсан гэдэг. Н.П.Шастин эмч өвгөнийг үзээд, гадаадад явж эмчлүүлэх хэрэгтэй гэхэд "Үхэх нь болсон хөгшин өвгөнд хатиг гарлаа гээд улсын сан хөмрөгийг хохироож болохгүй” гэж татгалзсан тухай хичээнгүй сайдын гарын нарийн бичгийн дарга явсан М.Ядамсүрэн дурсамжийн номондоо өгүүлсэн юм. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж 61-тэй нас баржээ. Б.Цэрэндоржийн гэргий Дэлэгжид гэж эмэгтэй байлаа.Түүний садан төрлийнхөн Амгаланбаатар хотноо суудаг, зайсан гаралтай бичгийн хүмүүс ажээ.
Ю.Эрдэнэтуяа эгчийнд цэцэглээд 24 цаг болоод үхдэг кактус байдаг.
-Энэ цэцгийг манай аав цонхон дээрээ тавиад "Зуун жилд нэг удаа цэцэглэдэг гэнэ лээ” гээд хүлээгээд байсан. Аавыг нас барснаас хойш нэлээд сүүлд цэцэглэж эхэлсэн дээ. Энэ кактусыг цэцэглэх болгонд бид тэмдэглэдэг. Бүх өрхөд энэ цэцэг байгаа гэж тэр ярив.
Ю.Навчаа эгчтэй баахан хуучлав.
-Өвөөгийнхөө тухай та юу сонсч байв?
-Би тэр талаар нэг их сонсоогүй. Аавын хэлснийг л мэднэ. Дуугүй, бараг уурлахыг мэдэхгүй. Нэг үг дуугарвал сүрхий жинтэй үг хэлдэг. Хэзээ ч хүнийг хуурч худлаа хэлж болохгүй. Зарчимч байх ёстой гэж хэлдэг гэж ах бид хоёрыг үймүүлээд, шийтгүүлэхэд аав ярина шүү дээ. Тийм учраас та нар би энийг ингэчихлээ гээд хэлж байх хэрэгтэй. Хүн рүү буруугаа тохож болохгүй гэнэ. Хичээнгүй сайдыг хүүхдээ эрдэм номтой хүн болгоход их анхаарч, надад гэрийн багшаар монгол бичиг, орос, хятад хэл заалгаж байсан гэж ярьдаг байлаа.
-Ээжийнхээ тухай яриач?
-Манай ээж Богдын сойвон Цэвээнжалавын таван охины нэг. Ээж дороосоо хоёр дахь нь байсан. Ээжийн дүү Нямаахүүгийн хоёр хүүхэд нь бидэнтэй хамт өссөн юм. Ээж анхны бага сургуульд сурч анхны пионер байсан гэдэг.
Хичээнгүй сайд уг нь бэрээ болгох гэж Тамжав гэж хүүхнийг манай аавд ёсолж авсан юм билээ. Тэгээд манай аав суухгүй гэж давхисан тухай садангийн Бадамханд эмээ ярьж байсан. Ёсолж авсан Тамжавыгаа яв гэж хөөгөөд, гэр тойруулж хөөгөөд ч гэх шиг манай аав дүрсгүй нөхөр байсан шиг байгаа юм. Тэгээд Цэвээнжалав сойвонгийн охинтой суусан гэж ярьсан байдаг. 1921 онд Гуравдугаар сургууль байгуулагдахад хамт анхных нь сурагчид байсан юм билээ. Аав ээжээс жаахан ах. Ээж 1911 онд төрсөн. Аав бол 1907 оны хүн. Автономитын бага сургуульд хэрхэн сурсан тухай аавын дурсамж байдаг. Боорцог өгдөг. Таван хэл, физик, тоо бодлого, дэлхийн түүх үздэг байсан гэдэг. Анх А заалгаж байсан хүүхдийг бодвол бичиг үсэгтэй. Тэгээд аав 1921 онд байгуулагдсан анхны бага сургуульд ороод өөрөө мэддэг байсан учраас хоёр жил сураад сургуулиа орхисон. Тэр хоорондоо манай ээжийг хараад өөрийнхөө авгайг хөөж явуулаад манай ээжтэй суусан гэдэг.
-Маршал таныг өргөж авах гэж байсан гэв үү?
-Гал команд гэж байгаагийн орчимд манайх, Бортолгой эгчийнх, Нямаахүү эгчийнхтэй хамар хашаа байсан. Маршал Бортолгой эгч дээр байнга ирдэг. Маршалыг ирэхэд Долгор эгчийн охин анжаа том тогоонд түүний дуртай хярамцаг хийнэ. Бид гэртээ цай уухгүй. Эгч дээрээ орж цай ууна. Хэдэн хүүхдэд том том мөнгөн аяганд будаа хийгээд тавилчихна. Манай хоёр ах, би, Гарийгаа бид хэд тэнд л иднэ. Эгч дээр хөдөө гадаанаас хүн их ирнэ. Цагаан идээ янз бүрийн юм авчирж өгнө. Манай эгч өөрөө гурван том улаан үнээтэй. Бага тэнгэрийн ам, Арцатын аманд зусланд гарна. Үнээ саадаг хүнтэй. Үнээ саагаад модон аяганд саасан сүүгээ аягалаад "Уу, уу” гэдэг сэн. Би маршалын өвөр дээр гараад суучихна. Сахлыг нь оролдоно. Их л сайхан хүн санагддаг. Намайг хүү байсан бол маршалынх өргөж авна гэдэг байж. Ээж хүүхэн ч гарсан өгчихдөг юм билүү, хөөрхий минь гэж бодсон гэнэ лээ. Тэгсэн Бортолгой эгч "Хэрэггүй, хүүхнээ битгий өг, чи хоёр хүүтэй, хүүхнээ үлдээ. Дараа нь хүү гарвал өг” гэж хэлсэн юм билээ.
-Хичээнгүй сайдын ганц хүү эрх давилуун байсан болов уу?
-Залуудаа эрх танхи байсан гэж байгаа юм. Манай ээж "Энэ цамаан байсан шүү” гэж ярьж байсан. Хутга, сэрээ барьж хооллодог байсан даа. Аавтай сүүлийн гурав дөрвөн жил Улиастайн цэргийн бригадад хамт ажиллаж байлаа. Аав хуягт танкийн инженер хийгээд, би эмнэлгийн албаны дарга байлаа. Хичээл номонд сууна. Сайдын шалгалт гээд буудлаганд явна. "Танай аав чинь 29-өөс доошоо бууддаггүй, онц буудагч шүү. Охин нь ямар болохыг харна даа” гэсэн. Шалгалтын үеэр тэмцээнд ороод 29 буудчихсан. Ж.Лхагвасүрэн генерал Батлан хамгаалахын сайд байв. "Би дээр үед аавыг чинь онц буудахад цагаа өгч байсан юм. Одоо энэ цагаа охинд нь өгье” гээд Лхагвасүрэн генерал бугуйн цагаа бэлэглэж байлаа. С.Янжмаа гуайн ууж байсан мөнгөн аягыг манай том охины нэг насны ойгоор Галсан гуай бас өгч байсан юм гэв.
Хичээнгүй сайд сангаас удам залгах эрэгтэй хүүхдүүддээ батламж гардуулдаг уламжлалтай. Ю.Шижирийн ач хүү Алтангэрэлийн Тэмүүлд гардуулсан батламжид "Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Цэрэндоржийн тав дахь үеийн хүү болохыг батламжлав” гэж бичжээ. Гурван нас хүрэхээр нь батламж гардуулдаг. Сангаас хичээнгүй сайдын төрсөн нутаг Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааныхантай байнгын холбоотой ажилладаг гэнэ.
Ц.Юндэнгийнх хүргэн, бэр сайтай улс гэдэг. Эдний хүргэн ҮХЦ-ийн дарга, академич Ж.Амарсанаа, хүү, дипломатч Төмөрийн хамт хичээнгүй сайдын бүтээлийн тухай ном эмхэтгэн гаргасан байна лээ. Бас Итгэл эгчийн нөхөр Монгол Улсын гавьяат барилгачин, архитекторч Б.Дамбийням гуай хичээнгүй сайдын хөшөөг урласан аж. Бэр Л.Долгорсүрэн, Л.Хишигт нар нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн дархан бэрүүд. Тэдний хүүхдүүд дунд Монгол Улс, ОХУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Энхболд болон Г.Сонсголон, Г.Сэргэлэн, Ш.Гэрэлт-Од, Г.Амгалан нарын инженерүүд бий. Түүнчлэн багш, нисгэгч, орчуулагч, эмч, өмгөөлөгч, эдийн засагч гээд олон мэргэжлийн үр ачтай. Хичээнгүй сайдын удмынхан гадаадын олон оронд сурч, ажиллаж амьдарч буй.
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих