ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ Сирийн эрх барих дэглэмд давуу талыг олгож, иргэний дайныг зогсооход дэмжлэг үзүүлэх шаардлага гарвал Сирид агаарын цэргийн ажиллагааг эрчимжүүлж, хамгийн орчин үеийн зэвсэг техникээ ашиглахад бэлэн гэдгийг мэдэгдлээ. ОХУ-ын ерөнхийлөгч төрийн мэдлийн телевизэд өгсөн ярилцлагадаа, "Засгийн газар нь Сирийн хууль ёсны засгийн газрыг хамгаалах, Сирийн иргэний дайнд улс төрийн харилцан буулт хийлгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байгаа" гэдгийг ч цохон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ ОХУ орчин үеийн дэвшилтэт зэвсгийн нөөцтэй, хэрвээ цаашид Оросын ашиг сонирхолд нөлөөлөхүйц үйл явдал болбол дэвшилтэт зэвсгээ ашиглах боломжтой, гэхдээ Сирид хуурай замын цэргийн ажиллагаанд Оросын зэвсэгт хүчнийг оролцуулах боломжийг Кремлийн тэргүүн няцаасан байна. Цаашид ОХУ Сири дэх агаарын цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь Сирийн зэвсэгт хүчин ямар байдлаар тэмцэл хийхээс шалтгаалах аж. Өөрөөр хэлбэл Сирийн төр засаг улс орныхоо булаан эзлэгдсэн газар нутгийг салан тусгаарлагчид, алан хядагчдаас эргүүлэн авах хүртэл ОХУ агаарын цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.
ОХУ Сирийн засгийн газрын хүсэлтээр есдүгээр сарын 30-наас хойш Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг Су-25, Су-24Эм, Су-34 зэрэг бөмбөгдөгч онгоцуудаар агаарын цохилт өгч байгаа. Агаарын ажиллагааны явцад Исламын улс бүлэглэлийн цэргийн бааз, зэвсгийн агуулах, командын байр зэрэг чухал байршлуудыг усгасан байна. Гэхдээ АНУ тэргүүтэй Өрнөдийн улс орнууд ОХУ-ын агаарын цэргийн ажиллагааг олон талаас нь шүүмжилсэн хэвээр байна.
Мөн Их Британид төвтэй хүний эрхийн байгууллага ОХУ-ыг Сирид кластер тэсрэх бөмбөг ашигласан гэж буруутгаж байгаа юм. Тус байгууллага энэ сарын 4-ний өдөр Сирийн Алеппо хотоос ОХУ-д үйлдвэрлэсэн кластер бөмбөг олдсон болохыг нотолж, тайлан мэдээ гаргажээ. Энгийн тэсрэх бөмбөгнөөс хор хөнөөл нь хэд дахин их байдаг кластер тэсрэх бөмбөгийг дайны үед хэрэглэхийг 2010 оноос хойш олон улсын гэрээгээр хориглосон. Гэвч одоогоор энэхүү гэрээнд ОХУ, Сирийн аль аль нь нэгдэж ороогүй байгаа юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих