Хөөрхийг
өхөөрдөөд Ашиг сонирхлын тухай хууль гэж хочилдог байсан юм. Яахав дээ,
талийгаачийн Гүрсоронзонпалбийгомбо гэдэг нэрийг бид Гүрээ эсвэл Гомбоо
ч гэдэг юмуу товчлоод нэрлэчихдэг ш дээ. Яг тэрэн шиг.
Уг
нь хөөрхий минь амь тавихаасаа өмнө УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,
Б.Бат-Эрдэнэ хоёрыг нэгдсэн чуулган дээрээс хөтлөлцүүлээд хөөгөөд гаргаж
байсан эр бяр эд хаваа гайхуулсан гайхамшигтай сайхан цаг үе байсан уу
гэвэл байсаан байсан, хөөрхий минь.
Гэтэл
яав "давхар дээл” гэдэг аймшигтай муухай хоронд хорлогдоод амь
тавьчихлаа даа. Пээ ямар муухай үзээрийн балиар хор вэ, тэр нь. Хөөрхий
энэ муу "хууль” маань зайлуул хор хийж явдаг "давхар дээл”-тэй 17 хүнийг
УИХ-ын танхимд оруулахгүй, улмаар өөрсдийнхөө төлөө санал өгүүлэхгүй
гэж их гүрийсэн юм. Даанч тэссэнгүй, даасангүй дээ. Явчихлаа. Ум мани
бадь ми хум.
Монгол
ахан дүүс болсон юм хойно ард түмэн амь тавьсан хуулийн "алтан
хайрцаг”-ийг нь Ганданд очиж нээлгэтэл, ээ бүү үзэгд бурхан минь ёстой
урт урт юм айлдлаа.
"Алтан хайрцагт” нь ингэсэн байна:
Талийгаачийн
"алтан хайрцагт” их олон хүн багтжээ, зайлуул. Увсаас ирсэн хүүхэн
нэртэй залуу байна. Тэрэнд их гомджээ. За тэр хүүхэн нэртэй залуу чинь
аавыг нь их оролддог гэнэ ээ, бас. Яагаав өнөөх Үндсэн хууль гэж
нэрлэдэг, дээр нь мөнх хөх тэнгэрээс өөр юм байдаггүй "эцэг" хуулийн
амар заяаг нь үзүүлдэггүй юм гэнэ. Сонгинохайрханаас Тэр юу ч биш давна
гэдэг нэртэй өндөр шар хүнд үнэхээр их гомдож. Яс бариад л гүйгээд
байдаг нэг хүүхэн ч ёстой тоох юмгүй ясыг нь барьсан гэж гарсан байна.
Баян горхины далайн дээрэмчин нөхөр бол мөн ч их хорлонтой хандаж. Бүүр
жишим ч үгүй дээгүүр нь алхаад гарсан байна. Удаан гэгч нь үйлчилгээтэй
эмийн сав барьсан нэг авгайд их хоргоджээ, зайлуул. Уг нь амь аврах нь
битгий хэл даралтыг нь үзчих ч сэтгэл байгаагүйд ихээхэн туньжээ. Бас
нэг хүнээс их цочжээ, хөөрхий. Арзгар сарзгар нэвсийсэн хувцастай,
тулганд байнга шахуу гал түлж шөнө болохоор хэнгэрэг бөмбөр нүдэж,
өвчтэй галзуу нь мэдэгдэхгүй хашгирч орилдог нэгнээс болж ганцхан энэ
"хууль” битгий хэл олон хуулийн "сүнс” нь зайлсан байна гэж "алтан
хайрцаг"-т буужээ.
Хамгийн
аймаар их гомдож, тэр бүү хэл "сүнс" нь хоргодсон” этгээд бол нэг багш
байна гэнэ ээ. Багшдаа их л гомдож зайлуул. Уг нь хорвоод анх мэндлэхэд
нь "эх барьж авсан” гэнэ лээ. Тэгсэн мөнөөх моньд "хоолойг нь хэрчих”-д
овоо хувь нэмэр оруулчихаж, муу золиг чинь.
Хөөрхий
муу талийгаачийн эх орноо гэсэн, элдэв шалдав ашиг сонирхлоос
тусгаарлаж, авлига, хээл хахууль, адармаатай хор найруулахгүй гэсэн
тууштай зорилт, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй зан Монголын ард
түмний сэтгэлд үүрд хоногшин үлдэнэ.
Монголчууд
бид Ашиг сонирхлын хуулийнхаа төлөө 9*9=81 хоног Ганданд ном уншуулж,
Хун тайж Даваанямаар цагаан азарга тахиулж, Аргогийн Дахиг айл бүхэн
залах аваас эргэн бидэндээ мэндлэх бөгөөд эс тэгвээс эргэж ирэхээргүй
сүнс нь тэнэж одох нигууртай байгаа аж.
Энэ
пүрэв гаригт их эзэн Чингис хааны талбайд талийгаачийн буяны ажилд
зориулсан ард олны цуглаан болж дургүйцлээ илэрхийлэх бөгөөд хойдын замд
нь буян үйлдэж хэсэг лам нар хүртэл ном уншина гэсэн байна.
Үүний
дараа бас нэг хуулийн бие нь их тааруу, чилээрхэж байгаа гэнэ ээ,
хөөрхий минь. Яагаав нөгөө УИХ-ын дэгийн тухай хууль гээд нэг сайхан
хууль байдаг даа. За тэрний чинь бие муудаад хэвтэрт орсон гэнэ.
Жартайсан нүдтэй намхан нөхөр ерөнхийд нь амьсгалыг нь боогоод дээр нь
сандайлаад суучихсан байгаа гэнэ. Энэ пүрэв гаригт бас л хойдохоо
уншуулчих гээд байгаа гэнэ.
Монголын
энэ олон сайхан 400 гаруй хууль эгнэн жагсаад эх орноо хамгаалж, элдэв
асуудлыг зохицуулж, ард түмнээ гар газар хөл хөсөр жаргаагаасай хэмээн
хүсэх авч эхнээсээ ийнхүү амь тавиад эхэллээ.
Юутай ч харж л сууя даа.
Ч.Самурай
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих