БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Бээжин яваад ирсэн хүмүүс өвөр монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй байх нь тэр бүр үгүй. Түүгээр зогсохгүй "зальдуулчихлаа”, "муу эрлийзүүд”, "өвөр монгол нэртэй хужаа нар” гэж ярина. Харин үүнд миний уур их хүрдэг байв. Адилхан монгол байж тэднийг "хужаа”-гаар нь дуудаж болох уу хэмээн үглэн бухимдана. Гэвч саяхан сэтгүүлч Б.Номинчимэдийн бичсэн нэг тэмдэглэлийг уншаад надад арай өөр бодол орж ирэх болсон юм.
Үнэндээ би Өвөр Монголд яг юу болж байгааг яаж мэдэх билээ. Манайд өвөр монголчуудын өнөөгийн аж байдлын талаар унших юм ховор. Сайндаа л Өвөр Монголын "Одон” телевизээр Хятад дахь монголчууд үндэсний соёл, уламжлалаа хэрхэн сайхан хадгалж байгаа тухай нэвтрүүлэг харна. Энэ оны намар дуучин С.Жавхлангийн "Хамаг Монгол” төслийн шоунд өвөр монгол дуучин оролцож, ар монголчуудын цөсийг хөөргөсөн гэдгийг бас мэднэ.
Харин Хятад явж бараа зөөж, амьдрал залгуулдаг өнөө "муу нэрт” наймаачид бол цагаан гартан мань мэтийн хажууд Эрээн, Хөх хот, Бээжингийн хар бор амьдралыг ёстой биеэрээ туулаад ирсэн хүмүүс юм. Өнөөгийн өвөрлөгчдийн талаар тэднээс, бас оюутан хүүхдүүдээс л хаяа сонсох юм. Харин сэтгүүлч Б.Номинчимэд Хөх хот явж ирээд бичсэн дээрх тэмдэглэлдээ нэг цахар залуугийн өрөвдөлтэй яриаг тэмдэглэжээ.
Цахар залуу "... Ар монголчууд та нар биднийг ямагт хужаа гэж хардаг, боддог нь бидэнд дарамттай байдаг л даа. Гэхдээ яах аргагүй үнэн юм. Яагаад гэвэл бид одоо уусаад дуусаж байна. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, хэзээ нэгэн цагт өмнөд оронд монгол гэдэг нэр л үлдэнэ. Маш олон залуус монголоо мартаж байна, хятадтай сууж байна. Хятадын зүгээс ч хэцүү хэцүү юм их хийж байгаа. Чадалтай монгол залуусыг мөнгөөр хоолойд нь тултал цатгаж, хятадыг дагасан учраас та нар ийм сайхан байгаа юм гэж ойлгуулж байна.
Монгол сургуулиудыг хааж байна. Энэ хүн далай дотор атга будаа шиг цөөхөн бид яаж ч хичээгээд нэмэргүй” гэж хэлсэн юм.
Өвөр монголчууд хятадад уусч, монгол биш болж байгаа гэдэг дээрх яриаг батлах судалгааны албан мэдээ сая Хятадын http://mp.weixin.qq.com сайтад тавигджээ. Тус мэдээнд өгүүлснээр өвөр монголчууд Хятадын 53 цөөнх үндэстнээс хятадуудтай хамгийн их гэр бүл болж буй 10 үндэстний тоонд орсон байна. Энд үнэхээр эмгэнэлтэй тоо харуулжээ. Өвөр монголчуудын 37.5 хувь нь хятадуудтай гэр бүл болж байна. Харин монголчуудтай харьцуулахад уйгар, төвд, казахууд хятадуудтай бараг гэж бүл болдоггүй бөгөөд 53 үндэстний жагсаалтад сүүл мушгижээ.
Сүүлийн жилүүдэд хятадуудын зүгээс Өвөр Монголын монгол малчдыг уугуул нутгаас нь шахан гаргах, хотуудад тархаан суурьшуулах, бэлчээр газрыг нь уурхайн команиудад өгөх бодлого эрчимтэй явуулж байгаа юм. Хэдийгээр өвөр монгол малчид энэ бодлогын эсрэг тэмцэвч амиа алдаад л дуусаж байна. Гэвч ерөнхийдөө Өвөр Монголын хүн амын 80 хувь нь аль хэдийн хятад болсон бөгөөд үлдсэн монголчууд хурдацтайгаар ийнхүү хятаджиж байгаа ажээ.
Одоо Хятадад "Өвөр Монголын хөгжлийн туршлага” гэсэн нэршил бий болоод байна. Бусад өөртөө засах оронтой харьцуулбал Өвөр Монгол нь илүү хөгжиж, илүү тайван замаар хятаджиж байгаа бүс юм. Хятадын засгийн газар Өвөр Монголын туршлагыг Шинжаан, Төвдөд хэрэгжүүлэхээр ид ажиллаж байна. Гэвч уйгар, төвдүүд Өвөр Монголын туршлагыг эрс эсэргүүцэж хятад цагдаа, иргэдийн эсрэг хадлага дайралт үйлдэж, төвд лам нар өөрийгөө шатааж байна. Магадгүй тэд Шинжаан, Төвд нь Өвөр Монголын туршлагыг хэзээ ч давтаж болохгүй, ингэвэл монголчуудын адил мөхнө гэдгийг яс махандаа тултал ойлгосон биз.
Харин "Өвөр Монголын хөгжлийн туршлага” тугсаар тогтносон гэх Ар Монголд илүү хэрэгжих бололцоотой байж магадгүй юм. Ар Монголд дэлхийн монголчуудыг цуглуулах, гадаадын иргэдэд Монголын иргэншил олгох шаардлагыг хөнгөвчлөх хөдөлгөөн өрнөж, хуулийн төсөл хүртэл боловсруулж байгаа гэнэ. Гэхдээ энд нэг эргэлзээтэй зүйл байгаа нь "монгол хүн” гэж чухам хэнийг хэлэх вэ гэдгийг ярихгүй байгаа явдал юм.
Сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалт, зээл тусламж Монголд цутгаж байна. Монгол Улс Хятадаас хэдий чинээ зээл, тусламж авна, төдий тооны хятад ажилчид Монгол нэмж орж ирсээр.
Аагий
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих