Дорнод аймгийн Гаалийн байцаагч нар оны эхний 3 улирлын байдлаар хил гаалиар гаргахыг хориглосон 15 нэрийн 4,2 сая төгрөгийн бараа хураажээ. Үүнд зэс, гууль, үхрийн мах, чонын соёо, хярсны болон чонын арьс, архи, вино зэрэг бараа багтаж байна. Тэд дээрх хугацаанд Гаалийн тухай хууль зөрчсөн 77 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан хүмүүсийг 3,1 сая төгрөгөөр торгов. Зөрчлийн хамгийн их буюу 37,7 хувийг Хавиргын боомтод илрүүлж, нийт зөрчлийн 66,2 хувь нь тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан үйлдэл эзэлж байна. Энэ төрлийн хэрэг төдийлөн буурахгүй байгаа нь мөрдөгдөж буй хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан заавар журмыг хилээр нэвтрэх зорчигч, иргэдэд сурталчлах соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатайг байцаагчид ярьж байв.
Дашрамд дуулгахад, тус газар эхний 3 улирлын байдлаар улсын төсөвт 16,0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс гүйцэтгэл 90 орчим хувьтай явна. Тус аймгийн Гаалийн газрын хувьд экспорт, импортын бүрдүүлэлт өссөн дүнтэй гарч, экспортын барааны дийлэнх хувийг түүхий нефть эзэлж байна.
Б.Туяа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12155
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих