ОХУ-ын Агын Буриадын тойрогт 1811 онд байгуулагдсан "Дэчен Лхундублинг” дацан нь Агын буриадын ард зоны оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн үе үеийн буриад түмний буддын шашны сүсэг бишрэл, зан заншил, ёс уламжлалын бэлгэдэл болсон түүх соёлын дурсгалт өв юм. Уг дацаны гол шүтээн болох 1886 онд баригдсан Цогчен дуган 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гал түймэрт автан бүрэн шатсан бөгөөд 05 дугаар 29-ний өдрөөс эхлэн Цогчен дуганыг сэргээн босгох хандивын аян өрнөж эхэлсэн байна. Энэхүү хандивын аянд ОХУ болон тив дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа буриадууд болон бусад үндэстэн ястнууд нэгдэн одоогийн байдлаар сэргээн босголтын зардлын 10 гаруй хувийн хөрөнгө сан бүрдүүлжээ. Энэ талаарх мэдээллийг Агын буриадын тойргийн болон Агын дацаны цахим хуудаснаас хүлээн авч танилцана уу. Өвөг дээдсээс уламжилж ирсэн бурхан номын их шүтээнийг сэргээн босгох үйлсэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг, сэтгэлийн өглөг буянаа хайрлахыг Монгол улсын иргэд, сүм хийдүүд, буриад зон олондооУРИАЛЖ байна. ДАНС: ХААН БАНК – 5422158360, Цогчен дуганы сэргээн босголтод зориулсан хандив Жич: Цугларсан хөрөнгийг хандив өргөсөн хүний нэр, мөнгөн дүнгийн жагсаалтын хамт Агын дацаны дансанд рублиэр шилжүүлэн мэдээлэх болно. Холбоо барих утас: 88010338 Дорнод аймаг дахь Дашбалбар, Цагаан-Овоо, Баяндун, Баян-Уул,Чулуунхороот сумдын нутгийн зөвлөл
АГЫН ДАЦАНЫ ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТОВЧ ТҮҮХ Ага найман эцгийн угсаа гарвалууд 1811 онд Агын дацан байгуулах газрыг тогтоох зорилгоор Галсан Мархаев тайшийг урин залж, Булактуй хэмээх газрыг сонгон анх суурийг нь тавьжээ. Дацан барих ажилд оросын чулуучид, дархцуулыг урьж Агын дацаны сүмийг 1816 онд бариулж дуусгасан ба аравнайлах ёслолд Бурятын "Лхундуб Дэчинлинг” хийдийн хамба Ринчин ламыг урьсан байна. Ринчин лам шинээр баригдсан дацаныг амилуулан "Дэчен Лхундублинг” хэмээн нэрлэж, энэ хоёр хийд түүхэндээ байнгын холбоотой болсон ажээ. Агын дацаны анхны хамбаар унзад лам Ригден Пагбаевыг сонгож, уг дацан нь үүссэн цагаас эхлэн хамба /ширээт/ лам зэрэг бүх лам нар оролцон өдөр бүр 4 удаа зохион байгуулдаг Маанийн хурал, Аръяабалын бүтээлээр нэрд гарсан байна. Агын дацан нь сүм хийдийн томоохон цогцолборыг өөртөө агуулж, Цогчен-дуган болон 7 сүмээс бүрддэг байна. Үүнд: Аюши сүм, Дэмчог сүм, Оточи сүм-Мамба дуган, Оточи Гунрик сүм, Абиды сүм, Аръяабала сүм, Майдари сүм Мөн Агын дацаны дэргэд шашны сургууль, хэвлэл байгуулагдаж, 1861 оноос Чойрын дуган-шашны сургууль, 1884 оноос Мамба дуган-түвд эмнэлгийн сургууль зэрэг ажиллаж байна. Ийнхүү XIX-XX зууны үеэс Агын дацан нь Түвд, Монгол, Бурят дахь бусад сүм хийдтэй эн тэнцүү шашин номын үйл ажиллагаа явуулж, дуган сүмүүд олноор баригдан буддын шашин дэлгэрснээр буриад түмний шашин шүтлэг, түүх соёл, зан заншлын илэрхийлэл болж чадсан байна.
XX зууны 30-аад оны сүүлчээр Агын дацанд эмгэнэлт цаг үе ирж, олон лам хуврагууд, дуган хийдүүдэд гай гамшиг тохиолдож байв. Ихэнх барилгууд эвдэрч сүйтгэгдэн, зарим хэсгүүдийг нийтийн зориулалтаар ашиглах болсны дотор Цогчен дуганд олон арван жилийн турш наркологийн, сүрьеэгийн сувилал ажиллаж байжээ. Түүнчлэн бурхан шашны үнэт эд өлгийн зүйлсийг Москва, Ленинградын музейд шилжүүлсэн байдаг. Харин 1946 оноос Агын дацан дахин сэргэж, 1 сүм, 20 орчим лам нартайгаар хурал номоо эхэлсэн байна. Өнөөдөр Агын дацанд Агын Буддын Академи үйл ажиллагаа явуулж, нэр хүнд бүхийбуддын шашны байгууллагуудад суралцаж, өндөр боловсрол эзэмшсэн лам нар олон түмний сайн сайхны төлөө ажиллан, 2000 оноос гэвш Бадма лама тэргүүлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих