Ард олноо "Өвгөн Гэсэр лам” хэмээн алдаршсан Жагарын наян нэгэн дөвчингүүдийн нэг, тойн эрдэнэ Цэвээнраашийн Чүлтэмжамц хэмээх зуунаас зуун дамжин түмэн олондоо шүтэгдэж байгаа эгэл бус энэ хүн Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойт Тэрхийн эх Халзанбүргэдэй /Очирхайрхан / уулын өвөр хормойд эрдэнийн бумба мэт товойх "Алтат толгой”-д XIV жарны Баригч хэмээх улаан хулгана жил 1816 онд мэндэлж, ная гаруй насны сүүдэр зэрэгцэн XV жарны Ялгуусан хэмээх хөх морин жил 1894 онд жанч халжээ. Чүлтэмжамц лам өндөр биетэй, алаг нүдтэй, шиврээ сахалтай, гонзгойдуу бор царайтай сайхан залуу байсан гэдэг.
Энэ ер бусын ид шидтэний тухай товч өгүүлбээс "...Чүлтэмжамц хүүг өлгийтэй байхад эцэг нь нас барсан тул бага насандаа төрсөн нутгаа орхин ээжийнхээ ах дүү нарыг бараадан Хөх нуур хэмээх өгөөж баян хангайд суурьшин, зуны цагт нагац нарынхаа мал, идээнд туслалцан, бусад үед нь Тариатын хүрээнд шавилан бурханы номонд шамдан суралцах болсон байна. Тийнхүү Тариатын хүрээнд шавилан сууж байхдаа ер бишийн ид шидтэй болох нь мэдрэгдэж , номын багш нь хүртэл гайхан бишрэх болжээ. Хүрээнд шавьлан сууж байхдаа ном, эрдэмдээ ихээхэн махруу бөгөөд өдөр шөнөгүй суун, ихээхэн шамдан суралцдаг байж.
Гэтэл хамт суралцдаг үеийнхэн нь Чүлтэмхүүг шөнө орой ном уншиж суухад нь айлгах санаатай бөгсөн дээрээ юм зурчихаад хатавчаар нь харуулахад , урдаа байсан гурвалжин будааг аваад хонго руу нь шидэхэд будаа бөхс рүү нь шигдэхэд, нөгөөдүүл нь: " Чүлтэм аллаа, зүү шидчихлээ " гээд орилоход, Чүлтэм гарч очоод үлээхэд будаанууд нь үүрээд унадаг байж гэнэ. Энэ үед Хурлын даа Чүлтэмхүүгийн багшийг нэгэн өглөө дуудаад, "Танай Чүлтэм чинь Сансалаас үхсэн хүн амилуулж, гудамжаар амьтан хүн айлгаад байдаг боллоо, үүнийг нь болиул” гэж гэнэ. Багш нь "Аа бас хачин юм даа, номоо шөнө дөл болтол уншиж байгаад унтаад өгдөг юм. Өнөө шөнө л нэг харъя” гэж гэнэ. Тэр шөнө багш нь нэлээд сэрэмжтэй унтаж байтал, шөнө дундын үед хүрээний ноход шуугилдаад, эмэгтэй хүн хөхрөөд байхаар багш нь "Үгүй юу болоод байна аа, Чүлтэм байна уу” гээд гэрэл гарган хартал эрх нь шажигнаад унтаж байна гэнэ. Өглөө нь багш нь хуралдаа очтол, хурлын даа "Танай Чүлтэм чинь хэд хоногийн өмнө нас барсан залуухан эмэгтэйг босгоод хүзүү, сээрээр нь тэвэрчихсэн, гудамжаар яваад, амьтан хүн айлгаад байхыг манай гэсгүй нар өнөө шөнө үзсэн байна, түүнийг хүрээнээс хөөж явуул” гэжээ. Тэгээд л багш нь өнөө шөнө л сахья гэж бодоод, нэлээд сэрэмжтэй эртхэн унтаад өгч гэнэ. Ид нойрон дунд нь нохой шуугилдаад л хүүхнүүд хөхрөлдөөд унаж гэнэ. Багш нь давхийж сэрээд "Чүлтэм байна уу” гээд гэрэл гаргаад хартал, байх шиг байна гэнэ.
Босч очоод хартал, "Өшиглүүрэндээ дээлээ хийгээд, хүн унтаж байгаа юм шиг тавиад, ханын толгойд эрхээ өлгөсөн нь, эрх нь өөрөө шажигнан эргээд байна” гэнэ. Багш нь суун тусан залбирч "Би ямар заяагаар ийм ид шидтэй хүнтэй учирав аа” гээд, эрхинээс нь адис аваад, орондоо ороод үүр цайтал нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ. Үүр бүдэг бадаг хаяарах үед, үүд сэв гээд, хаалганы оньс мултраад Чүлтэм хүү сэмээрхэн орж ирээд, ор руугаа орчихож гэнэ. Үүр сайхан цайнгуут багш нь босоод галаа түлэх гэтэл Чүлтэм хүү "Багш аа, би түлье, та яах вэ” гэж хэлтэл, багш нь "Үгүй, зүгээр багш нь түлье, өнөөдрөөс эхлээд чи миний багш, би чамд ном заана гэж юу байх вэ. Надад чи адис тавь” гэжээ. Чүлтэм "Яалаа гэж номынхоо багшид адис тавих вэ” гэхэд багш нь "Чиний ид шидийг хэдэн шөнө дагаж, бүгдийг үзэж харлаа. Чи ч замаа хөө, би ч замаа хөөе” гэжээ. Ингээд багшдаа эрхээрээ адис тавьж өгөөд ид шид нь тодорсон хүү шуумаазаа мөрөн дээрээ тавьж номын мөр хөөсөн гэдэг. Тэр цагаас хойш Чүлтэмжамц хүүг " Гэсэр лам” хэмээн нэрлэн хот, саахалтаараа байтугай жалга ус, хотлоороо хүндэтгэн хүрээлж, эрдэм номд сургах, эгэл бусын гайхамшгийг нь хөгжөөн хөхүүлэх болсон байна.
Гэсэр сүмд 1842 онд ” Урт үүлэн” хэмээх Гэсэр цамын хатуу сорыг Манжийн хааны зөвшөөрлөөр анх цүглэсэн бөгөөд энэ үйлсэд Чүлтэмжамц гэвш гол үүрэг гүйцэтгэсэн тул тэрбээр сүсэгтэн олонд улам хүндэтгэгдэж, " Үүл унадаг өвгөн Гэсэр лам” хэмээх алдрыг хүртсэн байна. Гэсэр ламын олон шавь нарын дотроос Дорно дахины анагаах ухааныг өөрийн орны хүн, амьтан, ургамалтай холбон судалж, өөрсдийн онцлогт тохирсон эм, эмчилгээний аргыг боловсруулж, уламжлалт анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн Их эрдэмтэн, Маарамба Лүнрэг Дандар, Аграмба Санжайжав зэрэг олон арван хүн түүхэнд мөнхрөн үлдэж, бүтээлүүд нь Монголдоо төдийгүй Энэтхэг , Түвдэд өргөн дэлгэрч, одоо хүртэл хэрэглэгдэж байна.
Тариатын хүрээнд XIV жарны Огоот баригч хэмээх харагчин хулган жил /1852 онд / Тэжээхүй ухааны Шампинлин хэмээх Манбын буюу Оточийн дуган байгуулж, дацанг хичээллүүлэх болон 1866 онд мөн хүрээнд маарамбын дамжаа барихад Өвгөн Гэсэр лам Лүнрэг Дандар Маарамбад багшийн хувьд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсний сацуу зарим зүйлд өөрөө биечлэн оролцож байжээ.
Өвгөн гэсэр ламын төрийн зарлиг, түмний хүсэлт, олны тусын тулд гүйцэтгэж байсан, одоогийн хүмүүс үнэмшихэд бэрх, бас айдас ч хүрмээр олон үйл хэрэг, нутаг орондоо үлгэр, домог мэт үе дамжин яригдаж байсныг нутгийн иргэдийн ярианд үлджээ.
Гол гатлуулсан нь
Далай ван ноён Богдод мөргөхөөр явахдаа, Гэсэр ламыг бараа бологчийнхоо хамт авч явжээ. Замд гол үерлэн боож, хэд хоног саатах болохуйц ноён Гэсэр ламд "Ид шидтэй юм бол энэ голыг гарга” гэсэн зарлиг буулгажээ. Гэсэр лам ч бараа бологчдод хандан "Та нар хөсгөө ачаалаад хойноос оч” гээд гол руу явжээ. Нэг хартал Гэсэр лам голын цаана гарчихсан явж байна гэнэ. Голын ус дундуураа ярагдан жирийн гүехэн болж, ачаа хөсөг шуудран гол гаталцгааж ноёны зарлигийг биелүүлж байжээ.
Халдварт өвчнийг таньж устгасан нь
Гэсэр лам нэг удаа хэдэн хүн харуулд гаргаж, "Аль нэгтэйгээс ганц үхэр тэрэгтэй хүн гарч ирэхийг харж бай. Хүрээ рүү ойртуулж болохгүй, түргэн хэлээрэй” гэжээ. Үдээс хойхно ганц үхэр тэрэгтэй хүн гол өгсөөд явж байгаа харагдана гэнэ. Гэсэр ламд хэлтэл "Түргэн очоод тэнд нь байлгаж бай. Би одоохон очно” гээд өөрөө ч гарч гэнэ. Үхэр тэрэгтэй хүнтэй очиж уулзвал, үхрийн мах аччихсан, хүрээ оруулж худалдах тухайгаа хэлж гэнэ. Үүнийг сонссон Гэсэр лам бүгдийг авахаар үнэ тохироод дор нь буулгуулж, нөгөөх махны эзнийг тэндээс нь буцаажээ. Өөрөө жодгор барьж ороод, хамт явсан хүмүүсийнхээ хэдийг нь модонд явуулж, нөгөө хэдээр нь гүнзгий газар ухуулан, хээр гал түлж, том тогоонд нөгөө махыг өөрөө эвдэж жижиглээд чанаж гэнэ. "Махыг би эвдэж үйнэ. Та нар гар хүрсний хэрэггүй, болохоор нь надад авчирч өгөөд бай” гэжээ. Ганцхан өдөр бүтэн үхрийн мах ганцаараа идэж, мөнөөх нүхэндээ морь харж шороо чулуугаар дарж булжээ. Тэр нь гоц халдварт өвчнөөр үхсэн үхрийн мах байсан гэдэг.
Жагарын наян нэгэн дөвчингүүдийн нэгтэй уулзсан нь
Нэг хавар дөнгөж ногоо цухуйнгуут хавийнхаа айлуудаар тогоо нэрүүлж, үүгээр нэг охь өгөөрэй гээд айл бүрт нэг өндгөвч /лонх/ өгчээ. Нөгөө охио дахин нэрүүлж арз болгожээ. Тэгээд "Манайханд өнөөдөр нэг л юм ирнэ. Хүн, мал, нохой, шувуу юу ч байж мэднэ. Баянмөнх чи сайн харж байгаад надад хэлээрэй” гэж Гэсэр ламтан айлджээ. Баянмөнх гэдэг хүн нь Мишигийн Мяйханбал гуайн элэнц буюу өвөг эцэг нь байсан ажээ. Аминдаа л нүд салгалгүй харуулдаад байж. Гэтэл Гэсэр ламын уяан дээр урд өмнө ер үзэж хараагүй, нэлээд холоос ирсэн болов уу гэлтэй ихэд гоё эмээл, хазаар, хударга бүхий хилэн хар морь уяатай байх нь тэр. Мань хүн ч сандраад гүйж орвол, хүрэн торгон дээлтэй үл таних хүн ирчихсэн, дундаа цай, идээ, архи тавьчихсан хуучилж сууна гэнэ. Гэсэр лам ч Баянмөнхийг "Энүүгээр эргэлдээд хэрэггүй харь” гээд гаргажээ. Оройхон юу хийж байгааг нь үзмээр санагдаад, түлээ тэврэн оруулж өгдөг хүн болж орохоор дөхөж явтал, дуу нь нэлээд чангарчихсан инээлдэж байна гэнэ. Тэгтэл нөгөө хүн нь "Чамайг Вандансарнайх, намайг Арлозов гэж байхад...” хэмээн өгүүлтэл, Гэсэр лам үгийг нь таслан "Боль, боль. Тээр хөөе, ам нь халах нь” хэмээгээд ихэд хөхүүн ярилцаж байгааг нь сонсоод орж зүрхлэхгүй буцжээ. Нар шингэхийн өмнөхөн нөгөө хүн доод үзүүр тойроод явж байгаа харагджээ. Үүнийг тухайн үедээ Жагарын наян нэгэн дөвчингүүд уулзацгаах шиг боллоо гэж настайчууд хуучилж байсан гэдэг.
Ид шидтэнийг бишрүүлсэн нь
Богдын хүрээний Гандантэгчилин хийдийн гэвш Дашдорж гэж хүрээ даяараа шүтдэг ихэд нэрд гарсан ид шидтэй лам байлаа. Саяхан болтол хүрээ хотлоор элдэв мэдэх мэдэхгүй өвчин тахал, ханиад томуу дэлгэрэхэд Гандан хийдийн өвгөн лам нар Дашдорж гуайн тухай ярьж, дурсаж бай гэдэг байжээ. Далай Чойнхор вангийн хошууны нэг лам Дашдорж гуайтай нэг зиндаа байж, тэрбээр "Чи надтай хамт явж, манай нутагт хөдөөл. Чамд хэдэн юм үзүүлье” гэдэг байж. Олон дахин гуйж байж нэг зун хамт явж гэнэ. Дашдорж нь "Богдын хүрээнээс илүү юу л байв гэж” гээд тоохгүй л байжээ. Тариатын хүрээнд очиж, наян тохой Майдар, ерэн тохой Зонхов бурхадыг үзээд "Богдын хүрээнд байхгүй сайхан шүтээнтэй юм” хэмээн ихэд магтан эргэж мөргөжээ. Тэр үед Гэсэр лам хөдөө байсан учир уулзуулах санаатай элдэв шалтаг заан хэд хонуулж байтал, ирээд хурлаа хурж байгааг дуулаад Дашдоржийгоо дагуулан сүмийн үүдэнд очиж "Миний үзүүлэх гэсэн нэг юм тэр” гэж Гэсэр ламыг заатал Дашдорж нь "ийшаа” гэж хэлээд алгаа хавсран ухарсаар уулзалгүй буцсан гэдэг.
Гэсэр ламын гэрээслэл
Гэсэр лам жанч өөд болохынхоо өмнөхөн "Манай нутаг, усныхан намайг үеийн үед мартахгүй дурсан санаж явбал Шамбалын дайнд мордохдоо намайг сураглаж уулзана биз ээ. Би тэр дайнд Базаррагчаа баатар нэртэй цэргийн жанжин байх юм. Энэ Жавчиг миний морь байх юм” хэмээн айлдаад "Миний цогц шарилыг Хөх нуурын эхний гурван оньсны дундах сэтэрхий дээр нь бунхалж нутаглуулаарай! Би тэнд Улаан албингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр нь сууж байя. Тэгвэл энэ нутаг усныханд аюултай өвчин, тахал, зовлон гачаал тохиохгүй, идэж уухаар элбэг, амар амгалан аж төрнө” гэж гэрээслэл захиасаа хайрласан гэдэг. Гэсэр ламтанг таалал төгсний дараа тав хоноод Жавчиг нь насан өөд болсон ажээ. Жавчиг гэдэг нь Сэрээтэрийн Дисдаабазарын хуланц өвөө нь байсан бөгөөд ан гөрөө хийдэг, монгол оросын хилийн харуулд тохоон томилогдож явсан төрийн хар хүн байжээ.
Шавь нар, нутаг хошууныхан нь Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрханы салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь эрдэм номтой Аграмба Санжжав ламтаныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар, салхи, бороо цасанд гандаж, элэгдээгүй мөнхрөн оршиж байна. Тэр ч бүү хэл 1960, 2000 оны намар гарсан хээрийн түймрийн их гал хоёр ламтны "шарилыг” тохой хүрэхгүй зайтай дугуйран тойрон өнгөрсөн байсныг харсан, сонссон бүхэн гайхан биширч , их ламтны "шарил”-ыг онголсон цэнхэр уулсын зүг Гэсэр ламтныг үе дамжин шүтсээр ирсэн уугуул нутаг, хошууныхан тасралтгүй цувсаар байсан ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12233
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих