Авлигатай тэмцэх газар Шилэн дансны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Иргэдийн гаргасан гомдлыг хянуулахаар Үндэсний Аудитын газарт зарим компаниудыг шилжүүлсэн байгаа. Тухайлбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар-Төмөр зам нийгэмлэг, Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК зэрэг томоохон компани аж ахуйн нэгжүүд багтаж буй. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг, Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэдээллүүдийг ил тод болгох ажлыг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг холбогдох танилцуулгын хамт 2015 оны аравдугаар сарын 21-ний дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг "Эрдэнэт үйлдвэр” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний Аудитын газрын дэд дарга Б.Баттуяатай ярилцлаа.
-Шилэн дансны хууль хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт хэр байна вэ?
-Үндэсний Аудитын газар нэгдүгээр сарын нэгнээс энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хяналт тавих үйл ажиллагаагаа хэрэгжүүлж зохион байгуулаад явж байгаа. Эхний хагас жилийн байдлаар буюу тавдугаар сарын 30-ны байдлаар Аудитын газраас шилэн дансны үйл ажиллагаанд аудит хийгээд зөвлөмж дүгнэлт гаргаж хүргүүлсэн.
-Эхний хагас жилийн шилэн дансны хэрэгжилтийг ямар байдлаар аудит хийж, үр дүнг нь гаргасан юм бэ?
-5000 гаруй байгууллагын шилэн дансны үйл ажиллагааны хэрэгжилтэнд аудит хийж доторхой хэд хэдэн шийдвэрлэгдээгүй болон хуулийн зүйл заалтаар шийдвэрлэгдэх шаардлагатай асуудлууд байгаа учир шийдэх хэрэгтэй байна гэж үзээд Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яаманд зөвлөмж хүргүүлсэн.
-Тус зөвлөмжинд чухам юуг тусгасан юм бэ?
-Нэгдүгээрт, 5000 гаруй байгууллагад шилэн дансны хэрэгжилтэнд аудит хийж үзэхэд 200-гаад байгууллага шилэн дансны хөтлөлт хийгээгүй байсан. Түүнчлэн аудит хийх явцад 600 орчим байгууллага шилэн дансныхаа зөвлөмжийг хэрэгжүүлээгүй учраас 400 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаадлага хүргүүлсэн.
Хоёрдугаарт, олон улсын гэрээтэй, хувь нийлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын түвшинд ногдол ашгийн шинж чанартай асуудал байгаа учир төсөвт байгууллага,төрийн өмчит орон нутгийн өмчит байгууллагын адилаар шилэн дансанд хамрагддаг шиг шууд хандаж болохгүй байсан. Тэдгээр байгууллагуудад хувь нийлүүлсэн, олон улсын гэх мэт онцлог шинж чанар байгаа учраас Засгийн газрынхаа түвшинд ярьж байж, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тэдгээрийн онцлогийг тусгасан аргачлал, арга зүйг боловсруулж гаргах ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн.
-Сүүлийн үед яригдаад байгаа АТГ болон иргэнээс ирж байгаа гомдлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Зарим иргэд 10-14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэсэн зүйл ярьж байсан?
-Үндэсний аудитын газар нь иргэд болон төрийн бус байгууллагуудтай байнга хамтарч ажилладаг. Тиймээс ч иргэдээс ирж байгаа мэдээллийг тухай бүрт нь шалгаж, мэдээллээ ил тод гаргадаг. Харин иргэдээс төрийн байгууллагуудын талаар ирсэн гомдлыг гомдол өргөдлийг шийдвэрлэх хуулийн дагуу л асуудлыг шийдвэрлэдэг. Тухайлбал иргэдээс ирсэн гомдлыг хуульд зааснаар 30 хоногийн дотор судлаж үзээд шийдвэрлэх ёстой. Харин үнэхээр дахиж судлах шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоног сунгах боломжтой. Ер нь бол 30-90 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж хариу өгдөг.
АТГ-аас ирсэн бичгийн тухайд бол тусгайлсан хэд хэдэн төрийн өмчит хувь нийлүүлсэн байгууллагын тухай бичиг ирсэн нь үнэн. Энэ асуудлыг энэ сарын 30-ны дотор хариу ирүүл гэсэн байсан. Манай байгууллага үүнийхээ дагуу хариу өгсөн.
Эрдэнэт үйлдвэр бизнесийнхээ зарчмаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа
-Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар Төмөр замтай холбоотой асуудал сүүлийн үед яригдах болсон. ОХУ-д ногдол ашгаа өгч чадахгүй байгаа гэх мэдээлэл ч гараад байгаа. Үнэхээр дээрх дүгнэлтэд ийм зүйл дурьдагдсан болов уу?
-Шилэн дансны тухайд хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг зөвлөмж нь Засгийн газарт хүргэгдсэн болохоор тодорхой аргачлал нь гарахаар дээрх газруудын шилэн дансаа хөтлөх боломж нь бүрдэнэ. Харин Эрдэнэт үйлдвэрийн тухайд бид хамтарсан шалгалт хийдэг. Энэ үйлдвэр нь хувь нийлүүлсэн хувьцаагаа тараах тухайд бүртгэлээрээ хувьцааныхаа ногдол ашгийг олгох бүртгэлтэй бизнесийнхээ зарчмаар л явж байгаа үйлдвэр. Харин хувь нийлүүлэгч нь хувьцаа эзэмшигчээ солих саналаа ирүүлсэн албан бичигний дагуу бол хувьцаа эзэмшигчээ солиогүй явж байгаа. Харин хувьцаа эзэмшигчээ сольсныхоо дараа энэ асуудал нь шийдэгдэж, бүртгэл тооцоо дээрээ байгаа мөнгөө өгөх юм. Түүнээс биш хувьцааны ногдол ашиг өгөх, өгөхгүй байсан тухай ярих боломжгүй. Ер нь бол тэр мөнгө нь угаасаа бизнесийн үйл ажиллагаанд орохгүй хадгалагдаад явж байдаг мөнгө биш. Бизнесийн үйл ажиллагаа бол өөрийнхөө эх үүсвэрээр явж байдаг бүртгэл тайланд нь тусгагдсан өгөх ёстой мөнгөний тухай л яригдаж байгаа зүйл.
-Эрдэнэт үйлдвэрийг ОХУ-ын талд зарагдах гэж байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үнэхээр хоёр талын аудитын газрын хийсэн шалгалтын дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм уу?
-ОХУ-ын тал хувьцаа эзэмшигчээ солих талаар мэдэгдлээ ирүүлсэн. Энэ нь гэрээндээ яаж өөрчлөлт оруулах уу гэдэг нь хууль журмынхаа дагуу л хэлэлцэгдээд явагдаж байгаа асуудал. Харин ногдол ашгийн тухайд манайх хувьцаа эзэмшигчээ гэрээний дагуу сольсныхоо дараа л энэ ногдол ашгаа авъя гэсэн бичигтэй учраас бүртгэлээрээ байгаа мөнгөө хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдсэний дараа өгөх ёстой юм. Түүнээс бус Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл биш. Бүртгэлээрээ бол байж л байгаа бизнесийнхээ зарчмаар л эргэлдэж байгаа.
-Ер нь Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн нөхцөл байдал нь хэр байгаа юм бол. Энэ талаар ямар нэгэн аудитын дүгнэлт гаргасан болов уу?
-Аудит хийгээд тайлан нь гарсан. Байнгын хороо, УИХ-д хүргэгдсэн. Энэ асуудлаар бизнесийнхээ хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ногдол ашгийн талаар яриад байгаа сүүлийн үеийн мэдээлэл нь тийм онцгой зүйл биш гэж үзэж байна. Ерөөсөө бизнесийнхээ зарчмаар л явагдаж байгаа зүйл. Хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаа эзэмшигчээ солихыг хүсэж байхад хувьцаа эзэмшигч нь хууль ёс, гэрээгээрээ шийдэгдсний дараа л ногдол ашгаа шилжүүлэх нь зүй ёсны хэрэг биз дээ.
-Иргэд Эрдэнэт зэрэг үйлдвэрийг шилэн дансаа хөтлөөгүй учир арга хэмжээ авах ёстой гэсэн албан бичиг хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулаач?
-Манай байгууллага аливаа байгууллагад аудит хийдэг болохоос шууд арга хэмжээ авах эрх зүйн орчин байхгүй. Харин аудит хийгээд гарсан тайлан дүгнэлтийнхээ хүрээнд холбоглох байгууллагууд руу санал дүгнэлтээ хүргүүлдэг. Тэр ч утгаараа бид холбогдох газруудад нь санал дүгнэлтээ хүргүүлсэн. Дээрх хэлсэнчлэн онцлог бүхий байгууллагуудын шилэн данс хөтлөх арга аргачлалыг Засгийн газраас гаргаад өгвөл шилэн дансаа хөтлөөд явах боломж бүрэн байгаа. Ер нь бол хууль эрх зүйн орчинг нь маш сайн бүрдүүлэх хэрэгтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих